Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/729

 

 

 

 

 

 

      2019          08         26                                      2019/ШЦТ/729

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Г.Б-, М.Б-, Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-, М.Б- нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905001500179 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.М-, .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, .... тоот регистртэй,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны гадна Х.Т-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны гадна Г.Г-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М- нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны гадна Т.Т-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Э.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө 03 цагийн үед өөрийн найз Тэмүүжин, Мөнхтөр нарын хамтаар “+25” нэртэй бааранд орсон. Тэгээд бүжиглэж байгаад баар хаах гээд сүүлийн 3 дуу гэж зарлаад бид 3 гарах гэж байхад Мөнхтөрийг бүжгийн талбай дээр 1 залуу түлхсэн, тэгэхэд Мөнхтөр буцаад уг залууг түлхсэн. ...Тухайн үед би өндөр хар куртиктэй залуутай зууралдаж зодолдсон. Манай 2 найз нөгөө 2 залуутай 2 талд зууралдаад хөөцөлдөөд байсан. Тэмүүжин зугтааж яваад улбар шар куртиктэй залуутай ноцолдож намайг тэр залуу хамар руу 2, 3 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед би өөрийгөө хамгаалж уг залуутай зууралдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 19/,

Хохирогч Х.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд намайг улбар шар куртиктэй залуу зодох гээд байхаар нь би зам руу гараад цагдаа дуудах гээд зогсож байхад Ганзориг, Мөнхтөр 2 нөгөө 2 залуутай замын цаана хөөцөлдөөд зодолдоод байсан. Тэгэхэд улбар шар куртиктэй махлаг залуу ирээд намайг хөөгөөд араас пивоны шил толгой руу шидчихээд яваад өгсөн. Тэгээд би толгойгоо бариад сууж байхад удалгүй цагдаа нар ирээд зодооныг салгаад Мөнхтөрийг нөгөө талаас бас нэг залууг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 15/,

Хохирогч Т.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд тэр залууг цагдаа нар 1 гарыг нь гавлаж байхад гавтай 1 гараараа миний зүүн нүд рүү цохиод авсан. Тухайн үед миний нүднээс цус гарсан. ...Сүүлд нь Заяаг бааранд уг 3 залуугийн 1 нь бөгс рүү нь өшиглөсөн гэсэн. ...Заяагийн бөгс рүү нь 1 залуу ямар ч шалтгаангүй өшиглөснөөс болж зодоон үүссэн... Тухайн үед цагдаа нар ирээд 1 залууг нь гавлах гэж байхад 1 гартаа гав зүүсэн гараараа миний зүүн нүд рүү цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 8/,

Шинжээчийн 810 тоот дүгнэлтэд: “...Г.Г-ийн биед хамар ясны далд хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 1-н 41/,

Шинжээчийн 809 тоот дүгнэлтэд: “...Х.Т--н биед зулайн хуйхны язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 1-н 48/,   

Шинжээчийн 860 тоот дүгнэлтэд: “...Т.Т-гийн биед зүүн доод зовхины шарх, нулимсны сувгийн тасрал, нөхөн сэргээх мэс заслын дараах байдал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алга, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 34/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Мөнхтөр бүжгийн талбай дээр бүжиглэж байгаа урдаа бичигтэй хар бараан цамцтай Батзаяаг жийхэд, Батзаяа зөрүүлээд Мөнхтөрийг өшиглөхөд хар бараан цамцтай бүжиглэж байсан Балжинням түүнийг салгаж холдуулна. Энэ үед Мөнхтөр гартаа барьсан чихтэй ноосон малгайтай Балжиннямтай ярилцах үед түүний араас Батзаяа, Мөнхтөрийг жийж өшиглөхөд Мөнхтөр арагшаа унаад босч ирнэ. Мөнхтөр босч ирээд Батзаяа руу дайран дахин өшиглөхөд баарны хамгаалагч нар түүнийг салган холдуулан дэлгэцийн доод хэсэг рүү гарах ба Батзаяаг Балжинням салгаж холдуулна....” гэжээ. /хх 2-н 20-21/,

Яллагдагчаар Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч Х.Т-гийн эмчилгээний зардал болох 120.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. ...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 101-102/,

Яллагдагчаар М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Г.Г-ийн эмчилгээний зардал болох 260.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 77-78/,

Яллагдагчаар Э.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогч Т.Т-гийн биед учирсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Т.Т-гийн эмчилгээний зардал болох 470.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 82-83/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, Хохирогч нарын өргөдөл /хх 1-н 5, 138/, Хохирлын баримтууд /хх 1-н 55-56/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 99-131, 149-150, 152/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 2-н 18/, хохирогч нарын хүсэлт /хх 2-н 42-44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны гадна Х.Т-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны гадна Г.Г-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М- нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны гадна Т.Т-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Г-ийн: “...Тухайн үед би өндөр хар куртиктэй залуутай зууралдаж зодолдсон. ...Тэмүүжин зугтааж яваад улбар шар куртиктэй залуутай ноцолдож намайг тэр залуу хамар руу 2, 3 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед би өөрийгөө хамгаалж уг залуутай зууралдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 19/, хохирогч Х.Т-гийн: “...улбар шар куртиктэй махлаг залуу ирээд намайг хөөгөөд араас пивоны шил толгой руу шидчихээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 15/, хохирогч Т.Т-гийн: “...Тэгээд тэр залууг цагдаа нар 1 гарыг нь гавлаж байхад гавтай 1 гараараа миний зүүн нүд рүү цохиод авсан. Тухайн үед миний нүднээс цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 8/, шинжээчийн 810, 809, 860 тоот дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”,

-шүүгдэгч Г.Б-, М.Б- нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тус тус тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М- нь хохирогч Т.Т-тай маргалдаж түүний нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Б- нь хохирогч Х.Т-тэй, шүүгдэгч М.Б- нь хохирогч Г.Г-той тус тус маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт / хх 2-н 42-44/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогч нарын хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” шүүгдэгч М.Б-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.М-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Г.Б-, М.Б-нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, М.Б-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нар нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-, М.Б-, Э.М- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР