Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 148/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд

Улсын яллагчаар П.Даваасүрэн

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Дид холбогдох эрүүгийн 1934005410187 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ж.Д нь 2019 оны 07 дугаар сарын 07 ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ар баруун шохойны ам гэх газарт баригдаж байгаа амралтын газарт хохирогч Ж.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Дийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Ж.Д нь 2019 оны 07 дугаар сарын 07 ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ар баруун шохойны ам гэх газарт баригдаж байгаа амралтын газарт хохирогч Ж.Алтангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Хохирогч Ж.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 07-нд Эрдэнэ сумын шинээр баригдаж байгаа аялал жуулчлалын төвийн барилга дээр хяналт шалгалтаа хийж явтал “Классик Вүүдэн” ХХК-н захирал Ж.Д ажлын шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлэн намайг зодож гэмтэл учруулсан ... миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон, зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 тал/
  • Гэрч Б.Амарзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Ж.Алтангэрэл нь өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу ажлын гүйцэтгэл хийж байсан. Ж.Д гэх захирал нь Ж.Алтангэрэлтэй ажлаас болж хоорондоо маргалдаад нүүр лүү нь цохисон. Тэгээд Ж.Алтангэрэлийн хамарнаас цус гараад хавдсан байсан гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 тал/
  • Шүүхийн эмнэлгийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 17 - ны өдрийн 473 дугаартай шинжээч эмч И.Ганболорын гаргасан “Ж.Алтангэрлийн зүүн 5 дугаар шүдний ёзоорын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 5 хувь алдагдуулна ” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Д нь 2020 оны 3 сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 213, 222 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 3 сарын 26-ны өдөр 26 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-227, 234 тал/ 2020 оны 3 сарын 26-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ж.Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

Ж.Дид холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ж.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ж.Дид холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж.Дийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА