Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00564

 

Ч.Өийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00607 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1041 дүгээр магадлалтай,

Ч.Өийн нэхэмжлэлтэй

НШШГГ т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0748 дугаар захирамжийн дагуу төлбөр авагч "НБМ Финанс" ББСБ, төлбөр төлөгч Ч.Ө надад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа билээ. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч Ч.Ө миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 3 тоот хаягт орших 1 өрөө байр маань төлбөрт хураагдсан, уг орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Гантуяагийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/8 дугаар тоот тогтоол гарсан. Уг тогтоолд дээрх миний өмчлөлийн орон сууцыг 51 640 000 төгрөгөөр үнэлж, мөн үнэлсэн үнийн дүнгийн 70 хувь буюу 36 148 000 төгрөгөөр дуудлага худалдаанд дуудах үнийг тогтоосон байна. Түүнчлэн дээрх миний өмчлөлийн орон сууцыг тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлбөр барагдуулахаар хураагдсан юм. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилон миний өмчлөлийн орон сууцыг үнэлүүлсэн ба хөрөнгийн үнэлгээний компани нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 51 640 000 төгрөг гэж үнэлсэн байна. Угтаа бол миний бие хөрөнгөө зах зээлийн бодит ханшаар үнэлүүлж, уг хөрөнгийн дуудлага худалдааны төлбөрөөс өр төлбөрөө барагдуулах хүсэлтэй тул хөрөнгөө дахин үнэлүүлэх хүсэлтээ тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн боловч хүсэлтийг хангахаас татгалзсан болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 1 өрөө байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар захирамжаар Ч.Өээс 40 201 265 төгрөгийг гаргуулж, "НБМ Финанс" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гуйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17290753 дугаар тогтоолоор үүсгэж, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17290753/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17290753/04 тоот тогтоолоор хураасан. Талуудаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээтэй, холбоотойгоор нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/0566 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1276 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ 2018/01637 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул 2017 оны 260 дугаар тогтоолоор тогтоолгосон үнэлгээ хүчинтэй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д "Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж заасан. Гэтэл төлбөр авагчаас дахин үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт ирүүлээгүй, төлбөр төлөгч хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг ирүүлсэн боловч хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ тогтоолгох боломжгүй, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдах, борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй" гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00607 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байр, 03 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Өийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №183/Ш32019/01735 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1041 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2019/05197 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ч.Ө давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвжаргал хяналтын гомдолдоо: магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт ...“Шинжээч “Баян модот” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17/0113 тоот дүгнэлтээр орон сууцыг 51 640 000 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээний 70 хувь буюу 36 148 000 төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт болон өмчлөгч нарт мэдэгдсэн, энэ талаар нийтэд мэдээлсэн хариуцагч байгууллагын ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээш й тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна”... гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, 16.3 дахь хэсэгт “...үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шударгаар олж авсан, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ цэнэ үнэлгээ илтэд бууруулан тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулж байгаад үнэхээр их гомдолтой байна. Шүүх зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Баян модот” ХХК нь анх 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17/0113 тоот дугнэлтээр 51 640 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнээс хойш нэг жил хагасын хугацаа өнгөрч улс орны эдийн засгийн өсөлт, маргаан бүхий байр Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, инфляцийн түвшин өссөн, Монгол банкнаас ипотекийн 8%-ийн зээл олгогдох санхүүжилт шийдэгдэж, арилжааны банкууд иргэдэд байрны 8%-ийн зээл олгож эхэлсэн зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмчлөлийн болон зэргэлдээ орон сууцны зах зээлийн үнэ цэнэ 67 000 000 төгрөгөөс 75 000 000 төгрөгийн ханштай болж үнэлгээ өссөн нь Үндэсний статистикийн газрын судалгаа, unegui.mn зарын цахим хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ яагаад ч 51 640 000 төгрөгөөр үнэлэгдэхгүй буюу нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж байна. Энэ нь нөгөө талдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Баян модот” ХХК нь зах зээлийн үнээс багаар үнэлснийг нотлох юм. Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагчид 40 201 265 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой атал орон сууцыг үнэлсэн үнийн дүнгийн 70 хувь буюу 36 148 000 төгрөгөөр дуудлага худалдаанд дуудах үнийг тогтоож байгаа уг орон сууцаас өөр хөрөнгө, мөнгө байхгүй миний хувьд хариуцагчийн төлбөрийг бүрэн төлж чадахгүй байх нөхцөл байдал үүсч байгаа юм. Шүүх дээрх нөхцөл байдлыг онцгойлон анхаарч үзэж, миний өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ үнэ цэнийг илтэд багаар үнэлснийг тогтоож өгнө үү хэмээн хүсч байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч НШШГГт холбогдуулан дуудлага худалдаанд оруулах гэж буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 36 148 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасны дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч НБМ Финанс ББСБ ХХК нь 48 915 941 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн 8 915 941 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Ө 40 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба уг захирамжид гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-22-23/

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17390753/02 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17290753/04 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 27, 30/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч Ч.Ө 85 000 000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр авагч НБМ Финанс ББСБ ХХК зөвшөөрөөгүй, төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баян модот ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Шинжээч Баян модот ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17/0113 тоот дүгнэлтээр орон сууцыг 51 640 000 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээний 70 хувь буюу 36 148 000 төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулах тухай төлбөр төлөгч, төлбөр авагч нарт болон өмчлөгч нарт мэдэгдсэн, дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа үнэлгээ тогтоолгож болно.” гэж заажээ.

Ч.Ө нь хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу хариуцагчид гаргасан боловч хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон талаарх баримтыг хүсэлтдээ хавсаргаж ирүүлээгүй, үнэлгээнд өөрчлөлт орсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба уг ажиллагааг явуулаагүй шийдвэр гүйцэтгэх байгууллагын  ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Үүнээс гадна Ч.Ө нь “үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/0566 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн байв.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00607 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1041 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                   ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА