Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

   Ц.С-ад холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Ариунтуяа,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ж.Я-,

            шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Д.Н-,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны  2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 917 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1808024620575 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Ц.С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гидрогеологич мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл ганцаараа, ........ дүүргийн .. дугаар хороо,.......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......./;

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Ц.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 2018 оны 5 дугаар сарын 20-нд шилжих шөнө өөрийн гэр болох .... дүүргийн ... дугаар хороо, ............  тоотод “архи уулаа” гэх шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж , гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Э-г /талийгаачийн цусанд 4.2, ходоодны шингэнд 1.5, шээсэнд 5.3 промилли спиртийн агууламж илэрсэн/ толгойн тус газар нь гараараа цохисны улмаас гавал тархины зүүн тал бөмбөлгийг хатуу хальсан дээр 110 грамм цочмол, баруун тал бөмбөлгийн чамархай, гавлын дунд хонхрын орчмын хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус хурвалт, баруун зүүн тал бөмбөлгийн суурийн дух, чамархайн тархины эдийн няцрал, зүүн чамархайн яснаас гавлын урд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808024620575 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасныг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.С-ыг хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.С-ыг 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.С-ын цагдан хоригдсон нийт 156 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Ц.С-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.С-аас 6.124.982 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 1.379.018 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Ц.С- давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс надад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Талийгаач нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ хянах, авч явах ямар ч чадваргүй болдог ба энэ тухай гэрч Д.Б, Н.Ц нарт архи уухаас нь өмнө сануулж хэлж байсан. Хэргийг шалгах явцад гэрч Н.Ц нь удаа дараа намайг гүтгэсэн худал мэдүүлгүүдийг тогтворгүйгээр янз бүрээр мэдүүлдэг байсан. Харин надад хэлэхдээ “би одоо мэдүүлгээсээ буцаж, үнэн мэдүүлэг өгөх юм бол өөрөө хэрэгт орох гээд байна” хэмээн тайлбарлаж байсан. Н.Ц-ын “...С гуай нэг удаа цохисон...” гэснийг үндэслэл болгон хуулийн хүнд зүйл, хэсгээр олон жилийн хорих ял шийтгэсэнд маш их гомдолтой байна. Талийгаачийн тархи толгойд үүссэн гэх гэмтлээс үзвэл маш хүчтэй үйлчлэл авсан нь тодорхойлогддог. Өнөөдрийн миний насны болон биеийн байдлаар дүгнэвэл хүнийг 1 удаа цохиод тийм гэмтэл учруулах чадал тэнхээ 70 гарсан надад байх ямар ч боломжгүй юм. Харин ухаан мэдрэлгүй болтлоо согтсон хүн гарч бие засахаар явахдаа онхолдож унаад байснаас юм мөргөх зэргээр дээрх гэмтлийг авсан байх магадлал өндөр байна.

             Гэрч Н.Ц-ын мэдүүлгийг үндэслэн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн зүйлчлэлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Н.Ц-ын дээрх мэдүүлгээс өөрөөр хавтас хэргийн материалд намайг элдвээр согтууран танхайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх ямар ч нотолгоо байхгүй. Хэрэг гарах үед ямар ч хүчирхийлэл үйлдсэн гэх үйл баримт байхгүй байхад байнга тогтворгүй мэдүүлэг өгч, мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөрөөр нотолж чадаагүй байхад Н.Ц-ын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Гэртээ байхад ирж гэмт хэрэг гарах, хүний амь нас эрсдэх байдалд хүргэчихээд эцэст нь худал гүтгэн амьдралын маань сүүлийн мөчүүдийг шоронд өнгөрүүлэх эмгэнэлтэй байдалд хүргэсэн дээрх хүмүүст маш их гомдолтой байна. Үнэн зүйлийг хэлсэн бол тэдэнд юу гэж гомдох билээ.

Нэгэнт хэдэн жил амьдарсан хань маань амь насаа алдчихаад байхад өөрийгөө өмөөрөн гэм зэмгүй мэт аашлах ухамсар надад байхгүй тул маш их харамсан гэмшиж байна. Архинд ороод ах, дүү нар нь ч тоохоо больчихсон ийм л хүн надтай нийлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа юугаар ч дутахгүй, хэнээс ч, юу ч гуйхгүй сайхан л амьдарч байсан. Хөгшрөөд ирэхийн цагт үглэдэг, загнадаг үе байсан. Гэхдээ амь насыг нь хөнөөтлөө хүчирхийлэл үйлдэх дээрээ арай тулаагүй сайн сайхан л байсан. Миний энэ гомдлыг судлан үзэж, хэргийн цорын ганц гэрч Н.Ц-ын удаа дараа өөр өөрөөр өгсөн мэдүүлгүүдийг сайтар нягтлан үзэж, хуулийн энэрэнгүй, шударга зарчмыг баримтлан зөв зүйл, заалтаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Д.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.С-ын өмгөөлөгчөөр хэрэг бүртгэлтийн шатнаас эхэлж оролцсон. Шүүгдэгчийн зүгээс өөрийн хамтран амьдрагчийг цохиж, зодож алаагүй, өөрөө ч гэсэн их хэмжээний согтолттой байсан гэдэг. Тэр нь ч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Амь хохирогч бие засах гэж яваад саван дээр унаж, ширээ эсхүл сандал мөргөсөн гэх мэдүүлгийг өгдөг. Энэ талаар мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, мөн давж заалдах гомдолдоо бичсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцсон. Тийм учраас шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт Ц.С- гомдол гаргасан байсан. Энэ гомдолдоо “…надтай суухдаа энэ хүн архи дарс ууж байгаагүй…” гэсэн байсан. Миний дүү архи, дарс ууж байгаагүй. Ах, дүү нар нь харж ханддаггүй, архи уудаг байсан хүнтэй нийлсэн гэж тайлбарласан. Мөн шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж надад хохирлыг барагдуулж ганц ч төгрөг өгөөгүй. Тийм байж намайг буруутгах талын зүйл ярьж байна. Би энэ хорвоод ганцхан дүүгээ ад үзэж, тоохгүй байсан удаа байхгүй. Надтай цуг амьдарч байгаад газар авна гэж очоод энэ хүнтэй нийлсэн. Эцэс сүүлд нь 10 гаруй жил Ц.С-ад зодуулж, нүүдүүлж байсан. Энэ талаар тэр хавьд байсан хүмүүс ч мэднэ. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-гийн өмгөөлөгч Ж.Я- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ц.С-ыг “…хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж санаатай алсан…” гэх зүйлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэр нь үндэслэлтэй муутай байна гэж үзэж байна. Учир нь, тухайн цаг хугацаанд хохирогч архи ууж согтуурсан болох нь хавтас хэргийн 49 дүгээр талд авагдсан 1128 тоот шинжээчийн дүгнэлтээр “талийгаачийн цусанд 4.2, шээсэнд 5.3 хувийн спиртийн агууламж тогтоогдлоо” гэсэн байна. Тэгэхээр энэ баримтуудаас харахад талийгаач өөрийгөө хамгаалах чадваргүй болох нь тогтоогдож байгаа. Тийм учраас анхан шатны шүүх үндэслэл муутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 917 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан тул түүнд мөн зүйлд заасны дагуу 14 жилийн хорих ял оногдуулсан. Прокуророос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт ганцхан гэрч байгаа биш харин хэргийн гол гэрч Н.Ц юм. Н.Ц нь нийт 3 удаа мэдүүлэг өгсөн. 3 удаагийн мэдүүлэг өгөхдөө талийгаачийн толгойн тус газарт нь 1 удаа маш хүчтэй цохисон, энэ үед хүчтэй пад гэх чимээ гарсан бөгөөд үүний улмаас гулдайж унасан. Гулдайж унаад унтаж амжихааргүй богинохон хугацаанд хурхирах үйлдлийг үзүүлсэн гэдэг. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон. Үүний дээр Б гэх гэрч байдаг. Тухайн гэрч мэдүүлэхдээ “Н.Ц бид хоёрыг 5 дугаар сарын 19-ний өглөө ирэхэд Э гэгчийн нүд нь зөв зүгээр байсан. Харин 5 дугаар сарын 20-ны өглөө босоод харахад нүд нь хөхөрсөн байсан” гэдэг. Энэ нүдний хөхрөлт нь ямар нэгэн цохилтоос юм уу, уналтаас үүсэхгүй. Энэ нь тархинд авсан гэмтэл буюу тархины цусан хураанаас үүсэх гэмтэл гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Шинжээч эмч Сарангэрэл мэдүүлэхдээ ч тархины гэмтлийн улмаас үүссэн цус хуралт гэдэг талаар мэдүүлсэн. Тийм учраас эдгээр баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай няцаагдсан. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгт эхлээд яндан мөргөсөн талаар хэлсэн. Харин сүүлдээ ширээ мөргөсөн болоод эцэст нь гадаа гаргаад унасан байхаа гэж мэдүүлдэг. Эдгээр гэмтэл нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй, тэр нь зөвхөн нүдний хөхрөлт байсан. Тухайн нүдний хөхрөлт нь тархины гэмтлээс улбаалсан гэдэг нь хангалттай тогтоогдсон. Хэдийгээр яллагдагч, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийгөө яллах талыг нотлохгүй ч гэсэн энэ нь хэт худлаа ярьж болно гэсэн эрхтэй биш юм. Энэ нь ч түүний хувийн байдлыг харуулж байна гэж үзэж байна. Мөн Ц.С- нь 2018 оны 1 дүгээр сард Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар талийгаач Энхтуяаг далан тус газарт нь заазуураар зүссэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, шүүхээр ял шийтгүүлж байсан. Тэгээд дараа нь буюу 5 дугаар сард нь түүний амь насыг хохироосон нөхцөл байдал харагддаг. Мөн 71 настай гэдэг нь өндөр настай хүний ял шийтгэлийг хөнгөрүүлнэ, өндөр настай хүн болохоор л хүнд цохиж зодохгүй гэх үйл баримт байхгүй. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.С- нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-338 тоот, өөрийн гэртээ “архи уулаа” гэж хамтран амьдрагч Д.Э-ийн толгой тус газар нь гараараа цохиж гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх 110 гр цочмог, баруун тал бөмбөлгийн чамархай, гавлын дунд хонхрын орчмын хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн суурийн дух, чамархайн тархины эдийн няцрал, зүүн чамархайн яснаас гавлын урд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-7/, цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 8-10/,

“талийгаач нь гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх 110 гр цочмог, баруун тал бөмбөлгийн чамархай, гавлын дунд хонхрын орчмын хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн суурийн дух, чамархайн тархины эдийн няцрал, зүүн чамархайн яснаас гавлын урд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж, дарагдаж нас барсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1128 дугаартай дүгнэлт /1 хх 49-52/, шинжээчийн мэдүүлэг /1 хх 53-55/,

“...тэгээд шөнө 00 цагийн үед гэж санаж байна. С ахын “дарвайсан хар новш чинь алаад хаяачихна шүү“ гэж орилох чимээнээр би сэрсэн юм. Тэгээд би босоод хартал Э эгч орны дэргэд сууж байхад С ах “архинд дуртай новш” гэж хэлээд гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохиход Э эгч саваад газар унасан.”, “...баруун гараараа Т эгчийн толгой руу нь нэг удаа алгадсан. Т эгч баруун талаараа газар унасан. Алгадалт нь их хүчтэй байсан тул Туяа эгч их хүчтэй унасан. Газар унаад удаагүй хурхираад унтах шиг болсон. ...” болсон үйл явдлыг харсан гэрч Н.Ц-ын удаа дараагийн мэдүүлгүүд, түүний мэдүүлгийг газар дээр  нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1 хх 31-33, 34, 168-171/,

“...би сүүлд авсан архинаас нэг татаад л унтчихсан юм. Маргааш өглөө 06 цагийн үед босоход Ц гарч бие засчихаад орж ирэхдээ үүдэнд Э эгч унтаж байна шүү дээ, даардаггүй юм байхдаа гэхэд нь би гарч Э эгчийг тэвэрч оруулсан. С ах тосч аваад урдаа суулгаад цээж, толгойг нь илж эхэлсэн. Тэгээд Ц биед нь хүрсэн чинь хөрчихсөн байна шүү дээ гээд 103-т дуудлага өгсөн” гэсэн гэрч Д.Б-ын мэдүүлэг /1 хх 43-45/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.С-ын дээрх үйлдлийг прокуророос “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэсэн хоёр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх “Ц.С-ын хувьд амь хохирогч Д.Э-г биеэ хамгаалж чадахгүй болсон гэж ухамсарлан ойлгосны үндсэн дээр түүнд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.С- нь урьд энэ хэргийн амь хохирогч, хамтран амьдрагч Д.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхээс ял шийтгүүлж байсан бөгөөд тэд гэр бүлийн баталгаагүй боловч эхнэр нөхрийн хувиар хамтран амьдраад 13 жил болсон байдлыг харгалзан, хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.С-ын хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэргийг бүх ажиллагааг хянах явцад, анхан шатны шүүх шүүгдэгч Ц.С-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг тусад нь эдлүүлэх талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт заалгүй орхигдуулсан байх тул энэ магадлалаар зөвтгөж, түүний Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750.000 төгрөгөөр торгох ялыг дээрх 14 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэх талаарх заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Ц.С- “гэрч Н.Ц-ын удаа дараа намайг гүтгэсэн худал мэдүүлгүүдээс болж, хуулийн хүнд зүйл, хэсгээр олон жилийн хорих ял шийтгүүлсэнд гомдолтой тул хянаж, хөнгөн ял шийтгэл оногдуулах, талийгаач нь ухаан мэдрэлгүй болтлоо согтсон үедээ гарч бие засахаар явахдаа унаад юм мөргөсөн байх магадлал өндөр” тухай давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд болон шинжээчийн “...талийгаач Д.Э-ийн цогцост 20-ны өглөө 08 цаг 50 минутаас 9 цаг 30 минутын хооронд гадна үзлэг хийхэд нас бараад 3-4 цаг болсон байх боломжтой” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.С-, гэрч Н.Ц нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргээр шүүгдэгч Ц.С-ын амь хохирогч Д.Э-ийн нүүрэн тус газар нэг удаа хүчтэй цохисноос уг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, гэрч Н.Ц нь шүүгдэгч Ц.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгсөн,  гүтгэсэн гэж үзэх эргэлзээ бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул шүүгдэгч Ц.С-ын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурьдсан өөрчлөлтийг оруулж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 917 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ