Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2014/0360

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтуяа, хариуцагч Ч.Цолмонбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Баттуяа, Ч.Цолмонбаяр нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 061146 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Тухайн шалгалтыг явуулахдаа анхан шатны баримтуудыг үзэхэд 124 сая төгрөгийн л баримт байсан. Өөрөөр хэлбэл 138 сая төгрөгөөс 124 сая төгрөгийг нь төлсөн байдаг. Гэхдээ тухайн падаан бүхэлдээ хуурамч гэдгээр нь нийт худалдан авалтад нь акт тавьсан.

“Э” ХХК-д бараа материалын худалдан авалт бол хийгдсэн. Харин нэмэгдсэн өртгийн албан татвартай, нэмэгдсэн өртгийн албан татваргүй газраас авсан гэдэг дээр л маргадаг. Тухайн актыг тавихдаа Татварын ерөнхий газрын албан бичгийг үндэслэсэн бөгөөд гол нь бараа материал худалдан авсан үнийн бичилтийг хуурамчаар бичүүлсэн гэдгээр энэ актыг тавьсан. Цаад компани нь ч барилгын материал борлуулж байгаагүй гэдэг.

Анхан шатны баримтаар 138 сая төгрөг төлөхөөс 124 саяыг төлж 14 сая төгрөгийн баримт нь байдаггүй. Энэхүү “14 саяыг нь төлөөгүй байгаа, өглөгөөр тусгасан” гэж шалгалтын үед “Э” ХХК-ийн захирал Ц.Энхээ хэлж байсан боловч тухайн компанийн санхүүгийн баримтаар 14 сая төгрөгийн өглөг байхгүй, төлснөөр харагдаж байна. Өөрөөр хэлбэл өглөг нь багассан 702.400 төгрөг болсон харагдаж байна” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 061146 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхээ давж заалдах гомдолдоо: “... “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл байна. Үүнд:

Татварын улсын байцаагч нар “Э” ХХК-ийн 2012 оны санхүүгийн үйл ажиллагааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ажлын ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын даргын 26/898 дугаар албан бичгийн дагуу хяналт шалгалт хийх явцдаа 2012 онд 5364736 дугаар регистрийн дугаартай “Д” ХХК-ийн 12975165 дугаар падаанаар 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 125454,5 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, зарлагын баримтаар бараа материалын худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн мэтээр бүрдүүлж төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварын хасаж тооцохгүй” гэсэн заалтын дагуу 12545,5 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн татвар, 3763,7 мянган төгрөгийн торгууль, 701,7 мянган төгрөгийн алданги нийт 17010,9 мянган төгрөгийн акт тавьсан.

 

 

 

 

Манай компани 2012 онд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай барилгын материалаа ченж н.Төмөрсүхээс худалдан авч “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн падааны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж ажилласан. Тухайн үед “Д” ХХК нь татварын байгууллагад албан ёсны бүртгэлтэй, цахим сүлжээнд орсон бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар татварын тайлан гаргаж өгөхөд татварын цахим санд ямар нэг саадгүй бүртгэгдэж байсан бөгөөд тухайн компанитай холбоотой зөрчил илрээгүй, тайлан тооцоо хийгдсээр байсан тул тухайн компанийг албан ёсны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж үзэж байсан. Жирийн иргэн, татвар төлөгч аливаа компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар бус, хууль бус компани гэдгийг тодорхойлох боломжгүй байдаг.

Хожим “Д” ХХК нь хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглаж иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хохироож байсан нь тогтоогдож эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд манай компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаагүй гэж мэдэгдсэн байдаг. Гэвч уг компанийн тамга, тэмдэг, нэр регистртэй падааныг н.Төмөрсүх бидэнд өгсөн. Бид түүний дагуу холбогдох татварыг төлсөн бөгөөд тухайн компани тамга, тэмдэг бүгд бичигдсэн байгаа нь “Д” ХХК-ийн падаан болохыг нотолдог. Иймд нэгэнт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг дахин төлүүлэхээр гаргасан татварын улсын байцаагч нарын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Одоо залилангийн хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа “Д” ХХК-ийн удирдлагуудын “Э” ХХК-д бараа материал нийлүүлээгүй” гэсэн мэдүүлэг үндэслэлтэй нотлох баримт болохгүй гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч нар “Э” ХХК-д шалгалт хийх явцад нийт 138 сая төгрөгийн худалдан авалт хийснээс 124 сая төгрөгийн худалдан авалт нь холбогдох баримтаар нотлогдож байгааг хүлээн зөвшөөрдөг. “Э” ХХК-ийн захирал Ц.Энхээ дээрх 138 сая төгрөгийн 124 сая төгрөгийг холбогдох компанид шилжүүлсэн. Уг дүнд тооцогдсон нэмэгдсэн өртгийн албан татвар орсон байгаа. Харин үлдсэн 14 сая төгрөгийг төлөөгүй тайланд өглөгөөр тусгасан гэж Ц.Энхээ мэдэгдсэн, санхүүгийн баримтаар 14 сая төгрөгийн өглөг 2012 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан боловч 2013 оны эхний улирлын байдлаар төлснөөр тусгагдсан буюу өглөг багассан байгаа.

Гэхдээ 14 сая төгрөгийг төлсөн тухай баримт байхгүй байна. Ц.Энхээ нь авто машины ослын улмаас тархины хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 80 хүртэл хувиар алдсан. Болсон үйл явдлыг санахгүй байх явдал их байгаа. Тиймээс дээ^х 14 сая төгрөгийг төлөөгүй гэх боловч тайланд өглөгөөр тусгаагүй шалтгаанаа тайлбарлаж чаддаггүй. Тэгэхээр татварын улсын байцаагч нарын 138 сая төгрөгт

 

нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхээр акт бичсэн нь үндэслэлгүй. Бид 124 сая төгрөгийг төлөхдөө нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулж төлсөн. Харин өглөгөөр үлдэх ёстой 14 сая төгрөгийн өглөгт нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох нь үндэслэлтэй байсан. Иймд “Э” ХХК-ийн нийт худалдан авалтын дүнд буюу 138 сая төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхээр тусгаж, “Э” ХХК-ийн өмнө төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг дахин төлүүлэхээр гаргасан татварын улсын байцаагчийн 061146 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Э” ХХК-ийн 2010-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтад хяналт шалгалт хийгээд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 061146 дугаар актаар “Д” ХХК-иас 2012 онд хуурамч бичилт хийлгэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан 125454.5 мянган төгрөгийн зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татвар 12545.5 мянган төгрөг, 3763.7 мянган төгрөгийн торгууль, 701.7 мянган төгрөгийн алданги, нийт 17010.9 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч компани тайландаа 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Д” ХХК-иас 125454.5 мянган төгрөгийн барилгын бараа материал худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татвар 12545.5 мянган төгрөгийн хамт нийт 138.0 сая төгрөгийг төлснөөр тусган, нэмэгдсэн өртгийн татварын хасалт хийсэн боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хасалт хийх үндэслэл болгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падааны эх хувийг шалгах явцад “Д” ХХК-тай дээрх борлуулалтыг хийгээгүйгээс гадна борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн 138.0 сая төгрөгийг бус 124.0 сая төгрөг шилжүүлсэн баримтыг анхан шатны баримтаар бүрдүүлсэн зэрэг нь нэмэгдсэн өртгийн албан татварын 12545.5 мянган төгрөгийг төлөөгүй гэх үндэслэл болно.

Аж ахуйн үйл ажиллагаа явуулж орлого болж байгаа татвар төлөгчийн хувьд “Э” ХХК-ийн санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал,

 

бодит тоо, мэдээнд үндэслэх” зарчимд нийцсэн байхын зэрэгцээ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д зааснаар “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх үүрэгтэй байна.

Тиймээс тухайн компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүх “Э” ХХК “Д” ХХК-тай бус ч 125454.4 мянган төгрөгийн худалдан авалтыг бодит байдал дээр хийсэн “Д” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 00112975165 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч эсэхийг тухайн үед мэдэх боломжгүй байсан зэргийг харгалзан улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрөөс алданги, торгуульд холбогдох хэсгийг хасах, үүнтэй холбогдуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.3ахиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 061146 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 061146 дугаар актаар ногдуулсан 17010.9 мянган төгрөгийн төлбөрийг торгуулийн 3763.7 мянга, алдангийн 701.7 мянга, нийт 4465.4 мянган төгрөгөөр багасгасугай.“ гэж,

 

 

 

 

 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж “Э” ХХК-д буцаан олгосугай.

 

 

 

 

           
 
     
 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.