Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч  Г.Билгүүжин,

шүүгдэгч Ж.О-

хохирогч Б.Б- нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос  О-д

холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905014370438 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй,  ... ХХК-ний захирал ажилтай, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр байрны ... тоотод оршин суух,  О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.О- нь 2019 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны орцонд иргэн Б.Б-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О- мэдүүлэхдээ:

Би 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гаднаас гэртээ ирсэн. Манай эхнэр дээрээс бууж ирсэн гэж алдаатай хэлсэн байж магадгүй. Намайг гаднаас орж ирэхэд Б- орцонд сууж байсан. Тэгээд манай эхнэр айсан байдалтай байсан ба надад “энэ залуу хоёр давхарт шээж байхаар нь хэлэхэд над руу дайраад байна” гэж хэлсэн. Манай эхнэр айж сандарсан байсан. Тухайн үед би түүнтэй маргалдаад гаднаас эхнэртээ өгөх гэж байсан пивороо Б-ын мөр хэсэгт цохисон. Мөн нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохисон нь үнэн. Тэгээд маргалдаж байтал орцны жижүүр болон Б-ын очсон айлын хүмүүс гарч ирсэн. Би өөрөө цагдаагийн байгууллагад 23 цаг 10 минутын орчимд дуудлага өгсөн” гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- мэдүүлэхдээ:

“Хэрэг гардаг өдөр ажлаа тарахад ажлын ахын эхнэр хоол ид гээд дуудсан. Тэдний гэр нь автобусны буудлын хажууд байдаг ба гэрт нь орж хоол идэхэд Боогий ах нэг шил Хараа архи гаргаж ирэхээр нь нэг нэг удаа уусан. Боогий ахын нойр булчирхай өвдсөн байсан. Би тэдний гэрээс гараад доошоо шатаар бууж байтал “чи наанаа шээгээд байна уу” гэхээр нь эргээд хартал хүн багаагүй. Тэгээд доошоо бууж байтал О-ын эхнэр тамхи татчихсан “чи орцонд шээгээд байна уу  эмэгтэй хүн болохоор дээрэлхээд байна уу” гэж хэлсэн. Би эмэгтэй хүн дээрэлхэж, хүүхэд нохой айлгадаг хүн биш. Тэгээд байж бай гээд намайг татсан. Удалгүй О- ирээд ямар ч ярилцах боломжгүйгээр намайг шууд цохисон. Тэр орцонд нил цус болсон ба пивоны үнэр үнэртэж байсан. Тэгээд О- болон Боогий ахын эхнэр цагдаа дуудсан. Тэгтэл хоёр цагдаа ирээд бид хоёрын эрүүлжүүлэхэд хийнэ гэхээр нь “би архи уух нь уусан, гэхдээ би эрүүл байна” гэж хэлсэн. Миний хамар амнаас цус гараад тогтохгүй байсан. Би эхнэр, ээж болон ахыгаа утсаар ярьж дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулаад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эмчид үзүүлэхэд маргааш нь тархи толгойны зургаа авхуул гэж хэлсэн. Шүүх эмнэлэг согтолттой хүн оруулдаггүй байна лээ. Надад гомдол гээд байх зүйл байхгүй. Шүдээ янзлуулмаар байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.О- нь хохирогч Б.Б-ыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Б.Б-ын “Би тухайн өдөр 20 цагийн үед ажлын ах болох Боогий /88037080/ ггэх ахындаа очсон. Тэр ахынх Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 61 дүгээр байрны 2 давхарт байдаг юм байна лээ. Тэднийд ороод хоол идээд Хараа нэртэй 0,5 литрийн архинаас 20 грамм уусан. Тэгээд 22 цагийн үед уг айлаас гараад орцонд зогсож байтал нэг үл таних эмэгтэй хүн “чи наанаа шээгээд байгаа юм уу” гэж хэлэхээр нь эргээд хартал хүн байхгүй байсан. Гэтэл удалгүй дээд давхараас нэг үл таних эмэгтэй хүн тамхи татчихсан бууж ирсэн. Тэгэхээр нь би шээгээгүй, шээх битгий хэл тамхи ч татдаггүй гэсэн чинь нөгөө үл таних эмэгтэй хүн “чи эмэгтэй хүн болохоор нь дээрэлхээд байна уу” гээд намайг барьж аваад явуулахгүй байсан.  Тэгсэн чинь удалгүй гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирэхэд нөгөө эмэгтэй тэр эрэгтэйд хандан “хайраа наадахаа зод, наадах чинь намайг дээрэлхээд байна” гэсэн. Тэгсэн чинь залуу гарт байсан лаазтай пивороо нэг удаа нүүр рүү цохисон. Дараа нь гараараа бас нүүр лүү цохисон. Тэгээд миний хамар амнаас цус гараад байж байтал Боогий ахын эхнэр Гантуяа гарч ирээд болиочээ, та нар гээд цагдаа дуудсан. Тэгээд бид нар цагдаагийн газар ирсэн. Намайг цохисон гэх залуутай би хэрүүл маргаан хийгээгүй. Харин эхнэр нь надаас хэрүүл нэхээд намайг шээлээ гэж хэлээд байсан.  ... Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

          “Үл таних Ж.О- нь миний нүүр ам хэсэг рүү эхлээд лаазтай пивороо цохисон. Дараа нь гараараа цохисон. Ачтан эмнэлэгт шүдээ авхуулсан. Тэрний баримт байгаа. Тэгээд баахан шинжилгээ үзлэг хийлгэсэн. Эдгээр эмчилгээний баримт байгаа. Нийт 173.000 төгрөгний баримт байгаа. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Отгон-Оюуны “2019 оны 03 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед би гэртээ байж байхад манай нөхөр ажлаасаа ирж байна гэхээр нь би орцонд хүлээж байгаад дэлгүүр явуулна гэж бодоод байж байсан. Тэгтэл удалгүй манай нөхөр ирээд би нөхөртөө дэлгүүрээс уух юм захисан. Тэгээд гарсан хойно нь би орцонд хүлээж байтал доод давхарт хүн шээж байгаа юм шиг сонсогдсон. Тэгэхээр нь би доод давхар руу буугаад нэг үл таних 30 орчим насны согтуу залуу байхаар нь “чи орцонд шээж болохгүй, чи хаана амьдардаг юм бэ, энүүгээр нь хүүхдүүд явдаг” гэж хэлтэл “энд амьдардаг, гэрээсээ хөөгдчихөөд шээх газар алга байна, чи хэн болоод энгээд байгаан, энэ газрын цэвэрлэгч юмуу эсвэл хоёулаа зодолдъё” гээд над руу дайраад байсан. Тэгээд би айсандаа болоод буцаад дээд давхар луу гартал манай нөхөр уурлаад нөгөө залууг гараараа нүүр лүү нь цохисон. Хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Тэгтэл удалгүй хаалга онгойгоод нэг үл таних эмэгтэй гарч ирээд та нар манай хамаатны дүүг яаж байгаан, ядаж эрүүлжүүлэх байранд хүлээлгээд өгчихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3966 дугаартай:

          “1. Б.Б--н биед зүүн дээд үүдэн 1-р шүд /21/-ний булгарал, баруун доод үүдэн 1-р шүд /11/-ний сулрал, баруун доод 1,2 /41,42/, зүүн доод 1-р /31/-р шүднүүдийн паалангийн эмтрэл, буйлны цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5% нөлөөлнө” дүгнэлт. /хэргийн 13 дугаар хуудас/

 

          Ж.О-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн хүнийг би зүгээр байхад нь зодоогүй. Тэгэхдээ өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмбуруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Ж.О- нь 2019 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны орцонд иргэн Б.Б-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Б- нь эмчилгээ болон шинжилгээний зардалд баримтаар нийт 173.000 төгрөг /хэргийн 46 дугаар хуудас/ нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгчээс уг төлбөрийг төлсөн баримтыг хуралдаанд гарган өгсөн, мөн хохирогч Б.Б- хүлээн авсан тухайгаа мэдүүлж байх тул шүүгдэгч Ж.О-оос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч Б.Б- нь шүдний эмчилгээний төлбөр нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул тэрээр гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.О-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Ж.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Б- гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ