Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00567

 

Ч.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00979 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1274 дүгээр магадлалтай,

Ч.Цгийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэргэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу, 19А дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 177 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 5 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, хууль бус дуудлага худалдаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг НШШГГ зөрчсөн. Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 тоот тогтоол гарсан боловч уг тогтоолоо төлбөр төлөгч, өмчлөгч Ч.Цд албан ёсоор хүргүүлж, мэдэгдээгүй. НШШГГ нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдэл үйлдэж, Ч.Цд хүргүүлсэн гэдэг боловч уг мэдэгдэлдээ Ч.Цгээс 148 300 000 төгрөгийг гаргуулан Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/Ш32017/07896 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдсэн. Дээрх шийдвэр байхгүй бөгөөд огт байхгүй шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж буй үйлдэл нь хууль бус болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заасан. Гэтэл НШШГГ нь Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаараа хэзээ, хаана, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн болох тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримт материал байхгүй. Мөн Ч.Ц нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж хараагүй. НШШГГ нь хуульд заасныг зөрчиж, дуудлага худалдааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэлгүйгээр дуудлага худалдаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол өөрөө зөрчилтэй, заавал тусгах мэдээлэл, түүнд тавигдах шаардлагыг хуульчилж өгсөн. Гэтэл Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 тоот тогтоолд дуудлага худалдаа зохион байгуулах газрын хаягийг тодорхой тусгаагүй. Ч.Ц нь дээр дурдсан албадан дуудлага худалдааны зөрчлийн асуудлаар НШШГГт гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан хариуг ирүүлсэн. Ч.Цгийн гаргасан гомдлыг шүүх хүлээн авч, шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/Ш32019/02666 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/Ш32019/03058 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл НШШГГ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/11 тоот тогтоолын дагуу Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсан байна. Мөн энэ ажиллагааг хууль бус гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу, 19А дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 177 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 5 өрөө үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан, М.Тэргэл нар шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17300905 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ч.Цгийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж 19А байр, 10 тоот хаягт байрлах, 177.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 125/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дугаар сарын 13-ны өдрийн 125/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, шинжээч томилох хүсэлт ирүүлсэн байх тул Шинжээч томилох тухай 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 336 680 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/679 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгчийн үнэлгээтэй холбоотой гомдлыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, барьцаа хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтож, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдэл болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 3/10 дугаар тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгөхөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 19 минутад Туул гэх хүнд Монгол шуудан ХК-аас хүлээлгэн өгсөн байна. Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 168 340 000 төгрөгөөр оруулахад 170 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж эцэслэн шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байх тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00979 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу, 19А дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 177 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 5 өрөө үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1274 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00979 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэргэл хяналтын гомдолдоо: Шийдвэрээр Ч.Цгээс 148.300.000, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449.725 төгрөг, нийт 148.749.725 төгрөгийг гаргуулж “Жи Эс Би Капитал ББСБ” ХХКомпанид олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр авагч “Жи Эс Би Капитал ББСБ” ХХКомпаний барьцаа хөрөнгө болох Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч төлөлт хийгээгүй бөгөөд удаа дараа шүүхэд хандаж шийдвэр хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна. Төлбөр төлөгч нь үнэлгээтэй холбоотой гомдлыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 182/Ш32018/01582 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1166 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1486 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлэн явуулж барьцаа хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулж 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдэл болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 3/10 дугаар тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгөхөөр Ч.Цгийн 99110323 дугаарын утсаар удаа дараа мэдэгдэхэд ирж аваагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын баталгаат шуудангаар хүргүүлж 2019 оны 3 дугаар сарын 05- ны өдрийн 16 цаг 19 минутад Туул гэх хүнд Монгол шуудан ХКомпаниа хүлээлгэн өгсөн байна. Төлбөр төлөгч дахин шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч, төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлээгүй гэх үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00979 дугаар шийдвэрээр анхан болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1274 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид утсаар болон баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн, мөн гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байхад нотлох баримтыг дутуу үнэлж дуудлага худалдааг хүчингүй болгосон байх тул шийдвэр, магадлалыг хянаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хоёр дах албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Ч.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан, ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 4/208 дугаар мэдэгдэх хуудсаар хариу өгсөн тул 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан журмыг зөрчөөгүй байна. /хэргийн 10-12 дугаар тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, анхны болон хоёр дах дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааны тухай төлбөр төлөгчид мэдэгдээгүй, гомдол гаргах эрхээр хангаагүй, анхны дуудлага худалдаа хуульд заасан журмаар явагдаагүй тул хоёр дах албадан дуудлага худалдаа хүчингүй” гэх дүгнэлтийг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Харин шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэр гаргасан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг баримтлаагүй алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв. 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Ч.Ц нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаар шийдвэрээр зээл, улсын тэмдэгтийн хураамж нийт 148 749 725 төгрөгийг  Жи Эс Би капитал ББСБ-д төлөх, үүргээ биелүүлэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Бага тойруу гудамж 19А байх, 10 тоот хаягт байрлах 177,2 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийг хангуулахаар заасан байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсын үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, Ч.Цгийн өмчлөлийн, барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 04-р хороо, Бага тойруу гудамж 19А байр, 10 тоот хаягт байрлах, 177.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 125/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 125/02 дугаар тогтоолоор хураан авсан байна. /хэргийн 38-39, 42, 46-47, 50-51 дүгээр тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, үл хөдлөх эд хөрөнгийг 336 680 000 төгрөгөөр үнэлжээ./хэргийн 68-96 дугаар тал/ Ч.Ц нь  дээрх үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл  гаргасан ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00543 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1166 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/01486 дугаар тогтоолоор тогтоогджээ. /хэргийн 102-103, 108-116 дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.”, мөн 177.3-д “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ.” гэж заажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын дагуу шинжээчийн үнэлгээний 70 хувь буюу 235 676 000 төгрөгөөр тооцон 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулахаар болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3. дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан байна.

Хариуцагч нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг мэдэгдэл дээр шуудангийн тэмдэг дарагдаагүй, хүргүүлсэн нь тогтоогдоогүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ.” гэж, 14.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.” гэж тус тус заасан бөгөөд мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хуульд заасан энэ шаардлагад нийцээгүй байв. Энэ талаар нотлох баримтыг үнэлж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага анхны албадан дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг зөрчсөн тул хүчингүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд үүнээс хамааран хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл байхгүй байна. Хоёр дах дуудлага худалдааг явуулах үед нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2019/ 03058 дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байжээ. /хэргийн 13, 23-24 дүгээр тал/

Иймд дуудлага худалдааг хуулийн дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах” тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1274 дүгээр магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00979 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “122 дугаар зүйлийн 122.5...гэсний дараа 66 дугаар зүйлийн 66.3” гэж нэмж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэргэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                   ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА