| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0023/Э/202/2022/0011 |
| Дугаар | 2022/ШЦТ/25 |
| Огноо | 2022-02-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч Б.Э,
гэрч Х.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ат холбогдох эрүүгийн 2... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О.А РД: ..................
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.А нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн .......... тоотод оршин суух У.Бгийн байшингийн цонхоор орж ширээн дээр нь байсан Замбалгарав нэртэй хүрэл бурханыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би бурхан авсан талаар огт санахгүй байсан. Маргааш нь ээжийг байхад бурханыг ширээн дээр гаргаж тавьсан. Би бурханыг авснаа санаад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Комиссын гишүүд санал нэгтэйгээр О.А нь сэтгэцийн хувьд F60.3 буюу бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй болох эмгэг, дэгдэмхий уусгагч бодисын хэрэглээтэй байна
гэсэн оношийг тавьсан. О.А нь одоогоор дэгдэмхий уусгагч бодисын хэрэглээтэй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хүү О.А нь 400,000 төгрөгийн үнэ бүхий бурхан авсан гэх хэргээр яллагдаж байгаа. Миний хүү надад хэлэхдээ “би аваагүй, олсон” гэж хэлсэн. Бурханыг авсан талаар баримт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Миний хүү эрүүл саруул байхдаа хулгай хийдэггүй, хулгай хийгээд байхааргүй сайн хүүхэд. Тухайн үед газ гэх хортой зүйлийг үнэрлэснээс болоод мансуурч явахдаа ийм үйлдэл хийсэн байна гэж бодож байна. Яг хулгай хийсэн эсэхийг нь мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч У.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны орой 21 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан бөгөөд манай гэрт хүн үлдээгүй. Ногоо тарьж байгаа газар дээрээ очиж хоноод маргааш өдөр төв дээр ажлаа хийж өнгөрөөсөн. Орой 20 цагийн үед гэрээсээ багаж авахаар очтол байшингийн баруун талын цонх онгойсон байдалтай байсан. Том өрөө рүү ороод гэрлээ асаатал ширээн дээр байсан Замбалгарав нэртэй бурхан алга болсон байсан. Улаанбаатар хотод бурхан бүтээдэг дархан хүнээр гуулиар бүтээлгэсэн бөгөөд бурханы дүрслэлийн хувьд 4 мутартай, зүүн доод гартаа хулганы дүрслэлтэй, өндөр нь ойролцоогоор гарын алганы хэмжээтэй буюу 10-12 см, өргөн нь 6-7 см урттай шармал өнгөтэй, суурь хэсэг нь луу унасан бурхан байсан. Бурханыг бүтээхэд 1 сая орчим төгрөг болсон, би уг бурханаа 1 сая төгрөгөөр үнэлнэ. ...Анхаа гэдэг хүнийг сэжиглэж байна. Анхаа гэдэг хүн манай хашаанд хэд хэдэн удаа дураараа орж ирж байсан. Манай гэрийг сайн мэддэг залуу байгаа юм. ...Анхбаяр хулгайлсан бурхнаа буцааж өгсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй ... гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 59 дүгээр тал),
Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-921/1769 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),
Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэргийн 30-32 дугаар тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 51 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.А нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын 21-15 тоотод оршин суух У.Бгийн байшингийн цонхоор орж ширээн дээр нь байсан Замбалгарав нэртэй хүрэл бурханыг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар,хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч У.Батаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны орой 21 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан бөгөөд манай гэрт хүн үлдээгүй. Ногоо тарьж байгаа газар дээрээ очиж хоноод маргааш өдөр төв дээр ажлаа хийж өнгөрөөсөн. Орой 20 цагийн үед гэрээсээ багаж авахаар очтол байшингийн баруун талын цонх онгойсон байдалтай байсан. Том өрөө рүү ороод гэрлээ асаатал ширээн дээр байсан Замбалгарав нэртэй бурхан алга болсон байсан.... гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ийн ТХҮ-921/1769 дугаартай дүгнэлт, эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулан тус тус ойлгоно.
Шүүгдэгч О.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Хавтаст хэргийн 61 дүгээр талд яллах дүгнэлтийг гардуулан өгсөн прокурорын тэмдэглэлд 2021 он гээд хүлээлгэн өгсөн сар,өдрийг бичээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...О.Аын сэтгэцийн байдлыг шалгаж хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гарсан боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй байдлыг төрүүлж байна. ...шинжээч нарын учир дутагдалтай хандсан гол үндэслэл нь газын хэрэглээ, хэмжээний талаар О.Аын ээжээс нь асуугаагүй. Иймээс шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь зааснаар тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гарсан гэж үзэж байна. Сэтгэцийн байдлын хувьд тогтворгүй өөрчлөлттэй, хэрэг хариуцах чадвартай гэж байгаа нь эргэлзээ бүхий байдал төрүүлж байна. Газ хэрэглээний хэмжээний талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчээс тодруулахад ийм их хэмжээгээр хэрэглэдэг бол сэтгэцэд нь нөлөөлнө, өөрчлөлт орно, нөхцөл байдал өөрчлөгдөнө гэсэн асуудал ярьж байна. Иймд эргэлзээ бүхий нөхцөл байдал төрж байгаа учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслээд дахин шинжээч томилж өгнө үү гэсэн” хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Эийн өгсөн: Бид Анхбаярыг бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй эмгэгтэй гэж үзэж байгаа. О.Аыг үзээд дэгдэмхий уусгагч бодисын тодорхой хэмжээний хэрэглээтэй, өгүүлэх хам шинжтэй байна гэж үзсэн. Тухайн үеийн хэрэглэлтийн байдал дараагийн шинжээч эмч нарын үзлэгийн байдлаас газ үнэртээд байгаа нь төрх үйлийн эмгэгийн нэг хэлбэр бөгөөд дараагийн шатанд хоёрдогчоор гарч ирсэн өөрчлөлт. О.А нь хүүхэд бага насандаа төлөвшил хүмүүжлийнхээ үед амьдралын таагүй орчин, гэр бүлийн өв тэгш байдал, ар гэрийн хараа хяналтгүй хүмүүжил, таатай бус байдал, ялангуяа хойд эцэг нь ээжийг нь байхгүй хойгуур зоддог зэрэг байдал нь хүүхэд насанд нь сэтгэл зүйн гэмтэл өгснөөс үүдэлтэй тухайн хүүхдийн хөгжлийн явцад бие хүний эмгэг бий болсон гэж үзсэн. Энэ тохиолдолд сэтгэцийн хувьд тогтворгүй, ямар нэгэн ааш авир гаргахдаа хувьсамтгай болдог, ямар нэгэн зүйлийн талаарх үзэл бодол, хэрэгцээ шаардлага, аливаад итгэх итгэл нь тогтворгүй бөгөөд дурын өөрчлөлтүүд огцом гарч ирж байдаг. Шаардлагатай гэж үзвэл аав, ээж гэх зэрэг ойр дотны хүмүүсээс нь мэдээлэл авдаг. Тухайн хүний сэтгэцийн байдлыг тодорхойлох гэж байгаа учраас хөндлөнгийн нөлөөлөл оруулахгүй гэдэг үүднээс хувь хүнээс түлхүү асуумж авдаг юм.Тухайн хүний сэтгэцийн байдлыг үнэлээд асуумж, ярилцлагын явцад орон зай болон бие хүний баримжаа зэргийг үзэж шалгана.” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнээд 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д заасан шинжилгээ хийх болон 27.6-д заасан шинжээчийн дүгнэлт гаргах журамд нийцсэн, хууль зөрчөөгүй байна.
Мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээчийн мэдүүлэг хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн шинжилгээний тухай хуулиуд, холбогдох бусад заавар, журамд тусгайлан заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул тус шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг таамаглан үгүйсгэх боломжгүй болно.
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны 1 сарын 26-ны өдрийн А/39, А/12 тушаалаар Насанд хүрэгчдийн бие хүний зан үйлийн эмгэгүүд/F6/-аас бие хүний өвөрмөц эмгэгт F60.3 буюу Бие хүний сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох эмгэг багтдаг байна.
Ямар нэг зуршил нь хүүхэд гэр бүлээсээ авсан хүмүүжлээсээ шалтгаалж, ямар нэг хүний зөв зүйлийг, эсвэл буруу зуршлыг даган дуурайдаг гэсэн үг. Иймд ар гэрийн хараа хяналтгүй, хүмүүжлийн асуудалтай, өв тэгш бус гэр бүлд өсөж хүмүүжсэн өсвөр насны хүүхдүүд буруу хорт зуршлыг даган дуурайх нь их байдаг. Зарим хүүхэд сэтгэл санааны таагүй байдлаа засах, тайвшрах, муухай дурсамжаа мартах шалтгаанаар хорт бодис хэрэглэх үндэс болдог байна.
Шүүгдэгч нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол болон бусад төлбөрийн талаар:
Хохирогч У.Бгийн хулгайд алдсан гэх Замбалгарав нэртэй хүрэл бурханыг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан хохирогч У.Бгийн ...Анхбаяр нь хулгайлсан бурхнаа буцааж өгсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй ... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тус гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан буюу шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр хуульчилжээ.
Иймээс шүүгдэгч О.А нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Аын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хоригдсон 50 хоногийн хугацааг хорих ялын эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Аыг 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аын цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, т өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН