Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

Улсын яллагч Р.Батнасан,

Хохирогч А.Тэмүүжин,

            Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн /ҮД:1043/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Зав овогт Бат-Өлзийгийн Мөнх-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020055 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 16-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. 21 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, экскаватрын операторчин, засвар ашиглалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60-35 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Зав овгийн Бат-Өлзийгийн Мөнх-Эрдэнэ \регистрийн дугаар ЙО95101615\,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.М нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мигма” хэвлэлийн үйлдвэрийн гадна байрлах шатнаас бэхэлж байрлуулсан иргэн А.Тэмүүжингийн "Кона" брендийн унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хулгайлж 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Мд шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн үед 1617-д хүргэлтийн ажилд орсон. 3 өдөр ажиллаад байж байхад надтай хамт ажиллаж байсан залуучуудыг ажлаа сайн болон муу хийсэн ч халаад байсан тэгээд би өөрөө ажлаасаа гарсан. Тэгээд гэр бүлийн байдал муу байсан тул 3 хоног ажилласан болохоор тэр дугуйг цалингийн оронд авсан. Интернэтээр харахад үнэ 4.0 сая гаруй төгрөгийн үнэтэй байсан. Би айгаад өнгийг нь өөрчилсөн. Тэр хүнтэй интернэтээр ярилцаад талбай дээр уулзахаар болоод очоод эзэнд нь баригдсан. Тухайн үед авсан дугуй өөр хүний дугуй байсан. Тэгээд надаас 3.0 сая төгрөг нэхэмжилсэн. Надад мөнгө цуглуулах гээд боломж олдоогүй. Ааваас хөөргийг нь гуйгаад авсан. Хохирогчтой тохиролцох гэсэн боловч тохиролцоогүй. Нэмж хэлэх зүйлгүй...гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… би 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хулгай хийхээр шийдээд гэрээсээ төмөр тасдагч цүнхэлж гараад “Мигма” барилгын гадна ирсэн юм. Гадна нь ирэхэд “Мигма” барилгын үүдний шатнаас нэг цэнхэр өнгийн унадаг дугуйг тусгай дугуй бэхлэгчээр бэхэлж байрлуулсан байсан. Тэгэхээр нь би очоод цүнхнээсээ тасдагчаа гаргаж ирээд бэхэлгээг нь тасдаж тэр газарт нь хаяад унадаг дугуйг хулгайлж, өөрөө унаад явсан юм. Би унадаг дугуйг унаад гэртээ ирсэн юм. ...гэртээ байхдаа би унадаг дугуйг улбар шар өнгийн шүршдэг будгаар будаж өнгийг нь өөрчилсөн юм. ...тэгээд би унадаг дугуйгаа хүнд үзүүлэх гэж яваад эзэнд нь баригдсан юм....” гэсэн мэдүүлэг /хх-34/,

 

Хохирогч А.Тэмүүжингийн “…2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 20 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн “Кона” брендийн унадаг дугуй унаж ирээд “Туушин” зочид буудлын ард байрлах “Мигма” нэртэй хэвлэлийн компанийн гадна шатнаас өөрийн унадаг дугуйгаа тусгай бэхэлгээгээр цоожилж бэхэлж үлдээсэн юм. Манай сургууль уг газартай ойрхон учраас би байнга тэнд дугуйгаа тавьчхаад сургууль руугаа ордог юм. Тэгээд би сургууль дээрээ байж байгаад 16 цаг 50 минутын үед гарч ирээд дугуйгаа авах гэтэл миний дугуй байсан байрандаа байхгүй болчихсон байсан. Дугуй байсан газар миний дугуйны бэхэлгээг тасдаад газар хаяад үлдээчихсэн байсан …” гэсэн мэдүүлэг /хх-20-22/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-6, 8/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-56/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7, 13, 14, 19/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл \хх-н 12-14\, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-41-51, 53-54, 57/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-66-76/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-90-91/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.М нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мигма” хэвлэлийн үйлдвэрийн гадна байрлах шатнаас бэхэлж байрлуулсан иргэн А.Тэмүүжингийн "Кона" брендийн унадаг дугуйны бэхэлгээг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж хулгайлан 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч А.Тэмүүжингийн мэдүүлгээс гадна эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.Тэмүүжинд 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар, мөн хохирогч нь өөрийн эд зүйл болох “Кона” брендийн унадаг дугуйг буцаан авсан болох нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч Б.М нь дээрх “Кона” брендийн унадаг дугуйн их биеийг өнгийг нь өөрчилж будсан байх бөгөөд уг “Кона” брендийн унадаг дугуйн их бие нь 2.800.000 төгрөгийн үнэтэй болох нь хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мэс 2.600.000 төгрөгийг гаргуулж  хохирогч А.Тэмүүжинд олгож нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.

Мөн шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн диск 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр тасдагч багаж 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1.Шүүгдэгч Зав овгийн Бат-Өлзийгийн Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Бат-Өлзийгийн Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Б.Мд оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мэс 2.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Тэмүүжинд олгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр тасдагч багаж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Мд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх баривчлах ялыг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР