| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0014/э |
| Дугаар | 2021/ШЦТ/60 |
| Огноо | 2021-02-16 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Т.Эрдэнэбаярын өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч А.Мөнхжаргалын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр, А.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмчүүд овогт Төмөрсүхийн Эрдэнэбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зүүн суваргачин овогт Алтансувдын Мөнхжаргал нарт холбогдох 2021003800439 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын орлогч ажилтай байсан /2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн/, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг Дэрстийн 2-16 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Түмчүүд овогт Төмөрсүхийн Эрдэнэбаяр /РД: ЖБ 88101576/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 62-16 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Зүүн суваргачин овогт Алтансувдын Мөнхжаргал /РД: ЖБ 80052872/.
Шүүгдэгч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын орлогч Т.Эрдэнэбаяр нь тус сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/101 дугаартай захирамжаар “Тус сумын 2, 3, 4 дүгээр багийн нутагт хадлан хадах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ургацын хэмжээ болон хадлан хадах газрын хэмжээг тогтоож төлбөр ногдуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг”-ийн даргаар томилогдон ажиллахдаа иргэн А.Мөнхжаргалын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эхнэр Б.Чулуунчимэгийн ХААН банкны 5422314423 тоот дансаар 500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны 5022402518 тоот дансаар 500.000 төгрөгийн буюу нийт 1.000.000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч А.Мөнхжаргал нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын орлогч “Тус сумын 2, 3, 4 дүгээр багийн нутагт хадлан хадах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ургацын хэмжээ болон хадлан хадах газрын хэмжээг тогтоож төлбөр ногдуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг”-ийн даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэбаярт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Чулуунчимэгийн ХААН банкны 5422314423 тоот дансаар 500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны 5022402518 тоот дансаар 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянтүмэн сумын Засаг даргын захирамжаар хадлан тэжээл бэлтгэх ажлын хэсгийн даргаар томилогдсон. Миний бие 2019 оны 08 дугаар сард ээлжийн амралт авсан байсан. Тиймээс хэнд хэдэн га талбай хадуулахаар зөвшөөрөл олгосон талаар сайн мэдээгүй. 2019 оны 08 дугаар сарын 20-д гарсны дараа сумын Засаг дарга намайг дуудаж “хадлангийн ажлын хэсэг гарсан, та ажилдаа орох уу” гэсний дагуу түр хугацаагаар ажилдаа орохоор болсон. Би ажлын хэсгийг ахалж Засаг даргын Тамгын газрын жолооч Нямаа, газрын даамал Энххэрлэн, байгаль хамгаалагч Алтанцэцэг, багийн Засаг дарга нарын хамт Баянтүмэн сумын 3 дугаар баг руу явсан. Тус хугацаанд сумын Засаг даргын захирамж болон хадлан хадах гэрээний дагуу нэлээд хэдэн зүйлийг шалгасан. Иргэн Мөнхжаргалын хадлангийн газраар явсны дараа илүү талбай хадсан, хадлан хадаж байгаа хүмүүс галын аюулгүй байдлыг сахиж өдөр бүр тэмдэглэл хөтлөөгүй, эргэн тойрны хог маш их хөглөрсөн зэрэг зөрчил гаргасан. Мөн хадлан хадаж эхлээгүй байсан хэд хэдэн хүмүүсийн үйл ажиллагааг галын аюулгүй байдал хангаагүй гэх үндэслэлээр түр зогсоосон. Орой 18 цагийн үеэр буцаж явахад Мөнхжаргалын талбай дээр хадлан хадаж байсан бөгөөд биднийг хараад “наадуулд чинь хамаагүй, Засаг даргад нь хэлчихсэн” гэж үл тоосон. Тэгээд бид нар хадлангийн ажлыг зогсоосон. Сумын төв рүү явах замд сүлжээтэй газраар явахдаа сумын Засаг даргатай холбогдож энэ талаар танилцуулсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа иргэн Ганбүргэд ирж 480 га талбайн төлбөрт 700,000 гаруй төгрөг тушаасан. Дараа нь Мөнхжаргал надтай ирж уулзсан 200 га талбай өөрийнх нь, 150 га талбай нь Ганбүргэдийнх, 130 га талбай нь тухайн багийн малчдынх байсан талаар тайлбарлаж өгсөн. Ажлын хэсгийн шалгалтын үеэр ажилчид нь энэ талаар тайлбарлаж өгөөгүй учраас ажлыг зогсоосон. Хэд хоногийн дараа Мөнхжаргалтай үйлчилгээний төвийн урд таарч 33-55 дугаартай хөх өнгийн Патрол машинд сууж, Хэрлэн зочид буудал руу орж 2 пиво уугаад гарч Стейк хаус руу орж 1 шил архи ууж амьдралын талаар ярилцаж байгаад “надад 1000 боодол өвсний хэрэг байна” гэж хэлэхэд Мөнхжаргал ах “болно, ах нь өөрөөсөө өгнө” гэсэн. 2019 оны 10 дугаар сарын дундуур над руу залгаж “өвсөө хаана буулгах вэ” гэхээр нь “хашаандаа буулгачих, дүү нь хашаагүй” гэж хариулсан. 2019 оны 12 дугаар сард манай ах нас барж, Мөнхжаргал ахаас мөнгө асуухад боломжгүй байна гэсэн. 2020 оны 01 дүгээр сард надад 500,000 төгрөг шилжүүлсэн. Би анх Мөнхжаргал ахаас 1000 боодол өвс хямд аваад, цааш нь зарах бодолтой байсныг буруу ойлгосон байсан. Надад өгсөн 500,000 төгрөгийг өвс өгөөгүй болохоор эр хүн ярьсан тохирсондоо өгч байна гэж бодоод авсан. Сүүлд Чойбалсан суманд байдаг танил ахад өвсний хэрэг гарсан учраас Мөнхжаргал ах руу залгаж өвс авах асуудлын талаар ярилцсан. Түүнээс хойш 2020 оны 05 дугаар сард Мөнхжаргал над руу 500,000 төгрөг шилжүүлж, ах нь 5,000,000 төгрөг өгөх боломжгүй болчихлоо гэсэн. Би танаас 5,000,000 төгрөг авна гэж хэлээгүй гэдгээ хэлж 500,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. 2020 оны 07 дугаар сард Авлигатай тэмцэх газрын комиссар Батмөнх намайг дуудаж “Баянтүмэн сумын хадлангийн ажлын хэсгийг шалгаж байгаа” гэсэн. Надаас яг ямар асуудлын талаар тодруулж байгаагаа тайлбарлаж өгөхгүйгээр шууд мэдүүлэг авсан. Би 2019 оны хадлангийн газар олгоход байгаагүй гэдгээ хэлсэн. Авлигатай тэмцэх газрын комиссар Батмөнх 09 дүгээр сард дахин мэдүүлэг авахдаа надад бүх зүйлийг тулгасан байдлаар мэдүүлэг авсан. Тухайн үед надад өмгөөлөгч авах боломжтой талаар тайлбарлаж өгөөгүй. Сүүлд мэдүүлгээ харахад миний хэлж, ярьсан зүйлийг бичээгүй байсан. Мөнхжаргал 200 га, Ганбүргэд 150 га, малчид 130 га талбай газар хадуулсан талаар тайлбарласан боловч тэр ямар ч хамаагүй гэж загнаж мэдүүлэг авсан. Дараа нь би Галтогтох өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авч хүсэлт бичиж комиссарт өгсөн. Миний гаргасан гол алдаа нь Мөнхжаргал ахтай ууж, идэж өөрийнхөө хэнэггүй, гэнэн, хүнд туслая гэсэн зангаасаа болоод ийм байдалд орсон. Гэхдээ би 500,000 төгрөгийг Мөнхжаргалаас авсан нь үнэн. Намайг албан ажлаа хэрэгжүүлээгүйн хариуд гэж зүйлчилснийг ойлгохгүй байна. Сумын Засаг дарга ажлын хэсэг томилж, намайг ээлжийн амралттай байхад дуудаж, ажилд оруулсан. Энэ ажлыг газрын даамал, ажлын хэсгийн дарга, Засаг даргад танилцуулчихаад байхад “танилцуулаагүй” гэх асуудлыг Засаг дарга ярьсан байсан. Байгаль орчны байцаагчийн дүгнэлтэнд тухайн сумын ажлын хэсгээс хадлан хадах зөвшөөрөл олгоогүй байхад хадлан хадсан бол байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт мэдэгдэж арга хэмжээ авхуулах ёстой. Баянтүмэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хадлангийн газар олгосон учраас үүнийг зөрчил гэж үзэхгүй. Мөнхжаргалын хадсан 480 га талбайн 200 нь өөрийнх нь, 150 га нь Ганбүргэд, 130 га нь тухайн багийн малчдын хадлангийн талбай байсан учраас хүний муу үзээд яахав гэж бодсон. Хэрвээ малчдын зөвшөөрөлтэй талбайн хадлангийн үйл ажиллагааг зогсоосон бол малчид хэцүү байдалд орох байсан. Гэрээг “Дорнод аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврын дагуу тухайн сум 100 тн өвс, 30 тн хивэг тэжээл бэлтгэх ёстой” гэсний дагуу баталдаг. Хадланд гарч байгаа хүмүүстэй гэрээ байгуулж фондны 100 тн өвсөө бүрдүүлж, газрын татварын 70 хувь нь аймагт, 30 хувь нь суманд үлддэг. Хамгийн гол нь төлбөр тооцоог авч, сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлж, сумын 400 гаруй өрхийн нийгмийн баталгааг бий болгохын тулд гэрээг баталсан” гэв.
Шүүгдэгч А.Мөнхжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 онд хадлан хадахаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын захиргаанд өргөдөл өгсөн. Дараа нь тухайн сумын газрын даамал надтай холбогдож танд 200 га газарт өвс хадах зөвшөөрөл олгосон гэж хэлсэн. Тэгээд газрын даамал, багийн дарга нарын хамт газраа хэмжүүлж, хадлангийн ажлаа эхлүүлсэн. Мөн манай хамаатны дүү Ганбүргэд зэргэлдээ талбайд 150 га газарт хадлан хадах зөвшөөрөл авсан байсан. Тухайн сумын хэд хэдэн малчид хадлан хадах тоног төхөөрөмжгүй, танайхаар өвс хадуулж, 50 хувиар нь хувааж авъя гэсэн хүсэлтийг 6-7 малчин гаргасан. Намайг Алтан эмээл рүү сэлбэгэнд явсан хойгуур Баянтүмэн сумын хадлангийн ажлын хэсэг манайд очсон байсан. Манай ажилчин Ганбат над руу залгаж “ажил зогсоочихлоо” гэж хэлсэн. Хадланд хүмүүсийг өдөрт 60,000 төгрөгөөр ажиллуулдаг. Маргааш өдөр нь Ганбүргэдийг сумын захиргаа руу явуулж гэрээгээ байгуулж, газрын төлбөрөө тушаа гэж хэлсэн. Би Алтан эмээлээс ирээд сумын орлогч дарга Эрдэнэбаяртай уулзсан. Тухайн үед Эрдэнэбаяр 1000 боодол өвсний хэрэг байгаа талаар надад хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд өвсөө хаана буулгах талаар асуухад “хашаандаа буулгачих” гэсэн. Дараа нь өвсөө хэзээ авах юм бэ гэхэд “өвс яах вэ, та надад 5,000,000 төгрөг өгчих” гэсэн. Надад 5,000,000 төгрөг өгөх боломж байгаагүй. Өвс зээлээр авсан хүнээс мөнгө орж ирэхээр нь 500,000 төгрөгийг Эрдэнэбаяр руу шилжүүлсэн. Би Эрдэнэбаяр руу “адилхан Баянтүмэн сумын хүн байж битгий нэгнийхээ ажлыг зогсоогоод бай” гэсэн утгатай мессэж бичсэн. Эрдэнэбаяр руу 500,000 төгрөг шилжүүлсэн нь миний буруу. Дараа жил хадлангийн газар өгөхгүй байж магадгүй гэж болгоомжилсон. Би Эрдэнэбаяртай хооолонд орж, Эрдэнэбаярт 1000 боодол өвс өгөхөөр тохиролцсон нь үнэн. Өөрийн буруугаа илчилж Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн” гэв.
Гэрч Х.Энххэрлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А.Мөнхжаргал гэх иргэнтэй Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Шар өндөр” гэх газраас 200 га талбайд хадлан хадах зөвшөөрөл олгогдож гэрээг байгуулсан. Мөнхжаргал нь хуульд заасны дагуу хүсэлтээ өгч, газрын төлбөрөө төлөөд хадлан хадсан. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хадлан хадаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд 2-3 удаа газар дээр нь очиж хяналт шалгалт хийж ажилласан. Үүний дагуу А.Мөнхжаргалын хадаж байгаа газарт очиход зөвшөөрсөн хэмжээнээс илүү талбайд хадлан хадсан байхаар нь учрыг нь тодруулахад мөн 200 га талбайд хадлан хадах зөвшөөрлийг авсан Ганбүргэд гэх иргэн А.Мөнхжаргалын тоног төхөөрөмжийг ашиглан талбайгаа нийлүүлэн цуг өвс хадаж байсан. ...зөвшөөрснөөс илүү талбайд өвс хадаж байхаар нь үйл ажиллагааг нь зогсооно гэж мэдэгдсэн, тэр үед Мөнхжаргал хадлан дээрээ байхгүй байсан. Тэгээд ажлын хэсгийг аймаг руу орж байхад утасны сүлжээ ороход Мөнхжаргал нь Засаг даргын орлогчтой утсаар ярьж байх шиг байсан. Илүү хадсан талбай нь иргэн Г.Ганбүргэдийн 200 га, мөн тус багийн хоёр малчин өрх өөрсдийн зөвшөөрлөө өгөөд хадуулж байгаа гэж хэлээд зогсоогоогүй цааш хадуулсан. ... Би А.Мөнхжаргалыг илүү хадсан газрынхаа төлбөрийг төл гэж бол хэлээгүй. Ямар учраас илүү төлбөр төлснийг мэдэхгүй байна. Харин А.Мөнхжаргал нь хадлан хадахдаа сахал, дэл буюу 200 м газар хадаад 5-6 метр урттай газарт өвс хадалгүй үлдээх ёстой боловч үлдээлгүй хадаж байсан учир дараа жил танд зөвшөөрөл өгөхгүй гэж өөрт нь хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 32-34, 37-38/
Гэрч А.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнгөрсөн жил манай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч амарсан байсан учир хадлангийн үйл ажиллагаанд ажлын хэсэг л хяналт тавьж ажилласан. ...Миний томилсон ажлын хэсгээс 2019 онд хийсэн хяналт шалгалтаар ямар нэг зөрчил илрүүлсэн гэх зэргээр бичгээр болон амаар танилцуулагдаагүй. А.Мөнхжаргал гэх иргэн зөрчил гаргасан, илүү га талбайд өвс хадсан гэх зэрэг зүйл танилцуулагдаагүй. Хэрэв зөрчил илрүүлвэл үйл ажиллагааг нь зогсоогоод надад мэдэгдээд явах ёстой, гэхдээ ийм зүйл надад танилцуулагдаагүй. ...А.Мөнхжаргал нь зөвшөөрснөөс илүү га талбайд өвс хадсан талаар Засаг даргын орлогч Т.Эрдэнэбаяр, газрын даамал Энххэрлэн нар надад огт танилцуулаагүй. Тэр хүмүүс ямар учраас ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 44-45, 46-47/
Гэрч Х.Баттөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны орчим байх /өдрийг нь сайн санахгүй байна/ хяналт шалгалтаар Засаг даргын орлогч Т.Эрдэнэбаяраар ахлуулж газрын даамал Энххэрлэн ... явсан. Бид нар анх хэмжиж өгсөн газруудаас илүү талбайд хадаж байна уу гэдгийг шалгахад А.Мөнхжаргал нь бид нарын олгосон талбайгаас илүү га талбайд хадлан хадсан байсан. Тухайн иргэн нь яг хичнээн га талбайд илүү хадаж байсныг нарийн хэлж мэдэхгүй байна. ...Бид нар тухайн хүмүүст үйл ажиллагаагаа зогсоох шаардлага л тавьсан, түүнээс техник хэрэгслийг нь лацдаж битүүмжилсэн зүйл байхгүй. Ингээд бид нар явцгаасан, би аймгийн төвөөр ажиллаж байгаад 2 хоногийн дараа сумын Засаг даргын Тамгын газарт очиж Засаг даргын орлогч Т.Эрдэнэбаяртай уулзаад “...нөгөө зөрчилтэй хадлан юу болсон бэ...” гэхэд Т.Эрдэнэбаяр нь “...талбайн хэмжээгээ нэмээд гэрээ байгуулсан шүү, болчихсон...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...болж байгаа юм уу...” гэхэд тэрээр “...болноо болно, Мөнхжаргал нь өөрөө ажил дээр ирээд гэрээ байгуулаад явсан...” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 48-50/
Гэрч Б.Чулуунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нөхөр бид хоёрын 100 гаран үхэр Дорнод аймгийн Сэргэлэн суманд нөхрийн хамаатан Батбаяр гэж айлд байдаг юм. Ингээд 2019 оны намар 08, 09 сарын орчимд өвс авах хэрэгтэй болоод нөхөр нэг хүнд 900.000 орчим төгрөг өгсөн байсан. Би өвс авахаар мөнгө өгсөн хүнийг нь мэдэхгүй. Тэгээд 400 орчим мянган төгрөгт нь өвсөө аваад үлдсэн 500.000 төгрөгөндөө өвс аваагүй юм шиг байна лээ. ...Тухайн үед би Улаанбаатар хотод сурч байсан. Надад мөнгөний хэрэг гараад нөхрөөс мөнгө асуухад надад “...нөгөө өвс авах хүнээсээ үлдэгдэл мөнгөө авъя...” гэж хэлсэн. Тэгээд удаагүй 5422314423 тоот дансруу 5421047230 тоот данснаас 500.000 төгрөг шилжиж орсон. ...Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газраас залгаж тодруулахаар нь интернет банк руу орж харахад 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “T.ERDENE BAYART” гэсэн утгатайгаар мөнгө орж ирсэн байсан. Би дээрх мөнгийг хэнээс миний данс руу шилжүүлсэн гэдгийг мэдэхгүй, манай нөхөр өвс авахаар хүнд өгсөн мөнгөний үлдэгдэл гэж надад хэлсэн. Би энэ мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Энэ мөнгөнөөс нөхөртөө өгөөгүй. Би Мөнхжаргал гэж хүнийг танихгүй...” гэжээ. /хх-ийн 63-65/
Гэрч А.Баатарсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянтүмэн сумын нутаг дэвсгэрээс өвс хадлан бэлтгэж буй иргэд, аж ахуйн нэгж нь газар ашигласны төлбөрийг Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 100070255402 тоот дансанд төвлөрүүлдэг. ...Би нэг га талбайн төлбөрийн хэмжээг нарийн мэдэхгүй байна. Манай төрийн сангийн дансны хуулганаас харахад А.Мөнхжаргал нь нийт 528,000 төгрөгийг 2019.09.11-ний өдөр тушаасан байна. Үүнээс 208,000 төгрөг нь буюу 130 га талбайн газрын төлбөр илүү тушаагдсан байна. Уг мөнгийг илүү тушаасан нь ямар учиртай гэдгийг би мэдэхгүй. Харин Засаг даргын орлогч илүү га талбайд хадсан учир нөхөн төлбөрийг нь төлүүлсэн гэж сүүлд ярьж байсан...” гэжээ. /хх-ийн 71-72/
Гэрч С.Төмөрсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өдрийг нь нарийн санахгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны орчим манай хүү үдийн хойно “...ээж би аймаг орчихоод ирье, Мөнхөө ах уулзъя гэж байна...” гээд ганцаараа гарч явсан. Тэгээд нэг их удалгүй буцаж гэртээ ирэхдээ “...Мөнхөө ах үхэр моринд чинь 1000 боодол өвс өгье гэж байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...өө за за тэгвэл болоо болоо, хоёулаа тэгвэл өвстэй болох нь дээ...” гэж хэлсэн. Тэгээд ерөөсөө сураггүй болчихоор нь би 11 дүгээр сард хүүгээсээ “...хүүеээ нөгөө өвсөө яасан бэ...” гэхэд хүү Т.Эрдэнэбаяр нь “...Мөнхөө ахтай утсаар ярьчихлаа, тэр өвсийг нь зараад мөнгийг нь өгье гэж байна...” гэж хэлсэн. Тэгээд оны дараа манай хүү надад “...Мөнхөө ах мөнгө хийе, дансаа явуул гэж байна...” гэхээр нь эхнэр Чулуунчимэгийнхээ дансыг явуулчихлаа гэж байсан. Тухайн данс руу нь хэзээ хэдэн төгрөг шилжүүлсэн гэдгийг би мэдэхгүй байна. ...Мөнхжаргал нь ямар учраас манай хүүд өвс өгөх болсныг би нарийн мэдэхгүй. Миний ойлгосноор хүүгийн хадлан авах га талбайн зөвшөөрлийг нь авч түүнийх нь оронд өвс өгөх гэж байна л гэж би ойлгосон. Харин сүүлд 2020 оны 03 дугаар сард манай хүү надад “...би Мөнхөө ах руу мөнгө хийнээ...” гэж байсан, хэдэн төгрөгийг ямар учраас шилжүүлж байгаа гэдгийг би мэдээгүй, энэ талаар ч гэсэн хүүгээсээ асуугаагүй...” гэжээ. /хх-ийн 73-75/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-8/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/
Авлигатай тэмцэх газарт А.Мөнхжаргалын гаргасан мэдээлэл, иргэний үнэмлэхний хуулбар, утасны мессэжний хуулбар /хх-ийн 17-21/
А.Мөнхжаргалын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/
А.Мөнхжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-31/
Гэрч Х.Энххэрлэнгийн мэдүүлэг /хх-ийн 32-34, 35-36, 39-40/
Гэрч У.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 41-43/
Гэрч А.Энхтүвшингийн мэдүүлэг /хх-ийн 44-45/
Гэрч Х.Баттөрийн мэдүүлэг /хх-ийн 48-50/
Т.Эрдэнэбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-55, 56-58/
Гэрч Э.Нандиннавчийн мэдүүлэг /хх-ийн 61-62/
Гэрч Б.Чулуунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 63-65/
Гэрч Ч.Шинэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 66-67/
Гэрч Г.Ганбүргэдийн мэдүүлэг /хх-ийн 68-70/
Гэрч А.Баатарсүхийн мэдүүлэг /хх-ийн 71-72/
Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 77/
А.Мөнхжаргалын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-84/
Т.Эрдэнэбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90, 91-92/
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай “Т.Эрдэнэбаярыг ажилд түр томилох тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 94/
Засаг даргын орлогчийн албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 95-98/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104, 107/
Банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 108-109/
А.Мөнхжаргал, Б.Чулуунчимэг, Т.Эрдэнэбаяр нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 111-135/
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/101 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 136/
Баянтүмэн сумын 2019 оны хадлангийн ажлын хэсгийн илтгэх хуудас /хх-ийн 137/
Хадлангийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 138-140/
Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах хадлан бэлтгэх гэрээний загвар /хх-ийн 141-144/
А.Мөнхжаргалын Баянтүмэн сумын Засаг даргад хадлан бэлтгэх зөвшөөрөл хүссэн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар /хх-ийн 145/
Баянтүмэн сумын 2019 оны үйлдвэрийн зориулалтаар хадлангийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, иргэдийн судалгаа, байршлын зураглал /хх-ийн 146-148, 149/
Төрийн сангийн 100070255402 тоот дансны орлогын дэлгэрэнгүй хуулбар /хх-ийн 150/
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03, 02 дугаартай тогтоолын хуулбарууд /хх-ийн 160-167/
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хуулбар болон тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 дугаар хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 176-181, 182-184/
Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах хадлан бэлтгэх талаар А.Мөнхжаргал, Г.Ганбүргэд, Б.Шинэбаатар, Э.Зоригтбаатар, Б.Энхбаатар, Ш.Энхсайхан, Х.Батмөнх, О.Соёмбо нартай байгуулсан гэрээнүүд /задгай 16 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Т.Эрдэнэбаяр, А.Мөнхжаргал нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Түмчүүд овогт Төмөрсүхийн Эрдэнэбаяр нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа “Тус сумын 2, 3, 4 дүгээр багийн нутагт хадлан хадах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ургацын хэмжээ болон хадлан хадах газрын хэмжээг тогтоож төлбөр ногдуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг”-ийн даргын үүргийг Баянтүмэн сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/101 дугаартай захирамжаар томилогдон гүйцэтгэхдээ А.Мөнхжаргалын ашиг сонирхлын үүднээс хадлан бэлтгэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, хадлан хадах газрын хэмжээг тогтоож, төлбөр ногдуулах, хадлангийн газрыг гэрээний дагуу зүй зохистой ашиглах, үүрэг даалгавар өгөх ажлыг зохион байгуулах, ажлын хэсгийг удирдах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1000 боодол өвс авахаар тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эхнэр Б.Чулуунчимэгийн ХААН банкны 5422314423 тоот дансаар 500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны 5022402518 тоот дансаар 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийн хахууль авсан авсан гэмт хэргийг,
шүүгдэгч Зүүн суваргачин овогт Алтансувдын Мөнхжаргал нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын орлогч “Тус сумын 2, 3, 4 дүгээр багийн нутагт хадлан хадах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ургацын хэмжээ болон хадлан хадах газрын хэмжээг тогтоож төлбөр ногдуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг”-ийн даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэбаярт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1000 боодол өвс өгөхөөр тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Чулуунчимэгийн ХААН банкны 5422314423 тоот дансаар 500.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны 5022402518 тоот дансаар 500.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Т.Эрдэнэбаяр, А.Мөнхжаргал нарын шүүгдэгч, гэрчээр өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Х.Энххэрлэн, А.Энхтүвшин, Х.Баттөр, Б.Чулуунчимэг, А.Баатарсүх, С.Төмөрсүх нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Авлигатай тэмцэх газарт А.Мөнхжаргалын гаргасан мэдээлэл, иргэний үнэмлэхний хуулбар, утасны мессэжний хуулбар, А.Мөнхжаргалын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай “Т.Эрдэнэбаярыг ажилд түр томилох тухай” захирамжийн хуулбар, Засаг даргын орлогчийн албан тушаалын тодорхойлолт, банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл, А.Мөнхжаргал, Б.Чулуунчимэг, Т.Эрдэнэбаяр нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/101 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн хуулбар, хадлангийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах хадлан бэлтгэх гэрээ, А.Мөнхжаргалын Баянтүмэн сумын Засаг даргад хадлан бэлтгэх зөвшөөрөл хүссэн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Төрийн сангийн 100070255402 тоот дансны орлогын дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан гэж үзэж, шүүгдэгч Т.Эрдэнэбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв. Учир нь:
Нийтийн албан тушаалтан “албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд” гэдэгт албан тушаалтан хууль тогтоомж болон гэрээгээр тогтоосон албан үүргээ зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нийтийн албан тушаалтан буюу Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын орлогч Т.Эрдэнэбаяр нь “Хадлан хадах газрын хэмжээг тогтоож төлбөр ногдуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг”-ийн даргын хувьд хууль буюу гэрээнд зааснаар хадлан бэлтгэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, хадлан хадах газрын хэмжээг тогтоож, төлбөр ногдуулах, хадлангийн газрыг гэрээний дагуу зүй зохистой ашиглах, үүрэг даалгавар өгөх ажлыг зохион байгуулах, ажлын хэсгийг удирдах чиг үүрэгтэй байжээ. Түүний хувьд дээрх албаны чиг үүргээ иргэн А.Мөнхжаргалын хадлан хадаж өвс авах ашиг сонирхлын үүднээс хэрэгжүүлэхийн тулд 1000 боодол өвс авахаар тохиролцож 1.000.000 төгрөгийн хахууль авсан болох нь А.Мөнхжаргалын гэрчээр өгсөн “...би 2-3 хоногийн дараа Баянтүмэн суманд очиж Засаг даргын орлогч Эрдэнэбаярын өрөөнд уулзахад тэрээр “...гэрээ хийгээгүй байна, та зөвшөөрсөн газраас илүү хадсан байна” гэж ярьсан. Би тэгэхээр нь “одоо яах вэ” гэхэд тэрээр “та юу ч гэсэн очоод хадаж бай, надад 1000 боодол өвс өгөөрэй” гэхээр нь би ажлаа явуулахын тулд зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Энххэрлэнгийн “...ажлын хэсгийг аймаг руу орж байхад утасны сүлжээ ороход Мөнхжаргал нь Засаг даргын орлогчтой утсаар ярьж байх шиг байсан. Илүү хадсан талбай нь иргэн Г.Ганбүргэдийн 200 га, мөн тус багийн хоёр малчин өрх өөрсдийн зөвшөөрлөө өгөөд хадуулж байгаа газар гэж хэлээд байсан... сүүлд Мөнхжаргал гэрээ байгуулахаар ирэхдээ иргэдийн өвсийг хадаж өгч байсан гэж тайлбарласан...” гэх, гэрч У.Энхбаатарын “...намайг амраад ажилдаа орсоны дараа хадлан хадсан иргэдээс ямар нэг зөрчил гаргасан талаар сумын удирдлагаас надад мэдэгдээгүй, тиймээс би хэн нэгэнд арга хэмжээ тооцоогүй...” гэх, гэрч Х.Баттөрийн “...бид нар тухайн хүмүүст үйл ажиллагаагаа зогсоох шаардлага л тавьсан, түүнээс техник хэрэгслийг нь лацдаж битүүмжилсэн зүйл байхгүй. Ингээд бид нар явцгаасан, би аймгийн төвөөр ажиллаж байгаад 2 хоногийн дараа сумын Засаг даргын Тамгын газарт очиж Засаг даргын орлогч Т.Эрдэнэбаяртай уулзаад “...нөгөө зөрчилтэй хадлан юу болсон бэ...” гэхэд Т.Эрдэнэбаяр нь “...талбайн хэмжээгээ нэмээд гэрээ байгуулсан шүү, болчихсон...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би болж байгаа юм уу гэхэд тэр болноо болно, Мөнхжаргал нь өөрөө ажил дээр ирээд гэрээ байгуулаад явсан гэж хэлсэн... Мөнхжаргалын гаргасан зөрчилд ямар нэг арга хэмжээ тооцоогүй. Ажлын хэсгийн ахлагч Т.Эрдэнэбаяр нь “Мөнхжаргал талбайгаа нэмж авсан, болсон” гэж хэлсэн учраас би юу ярихав дээ...” гэх мэдүүлгүүд, Авлигатай тэмцэх газарт А.Мөнхжаргалын гаргасан мэдээлэл, утасны мессэжний хуулбар, А.Мөнхжаргал, Б.Чулуунчимэг, Т.Эрдэнэбаяр нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах хадлан бэлтгэх гэрээ зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд Т.Эрдэнэбаярын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/101 дугаартай захирамжаар “Тус сумын 2, 3, 4 дүгээр багийн нутагт хадлан хадах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ургацын хэмжээ болон хадлан хадах газрын хэмжээг тогтоож төлбөр ногдуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг”-ийг байгуулж, шүүгдэгч А.Мөнхжаргал нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Газрын тухай хууль болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Бэлчээр хадлан тэжээлийн талаар баримтлах бодлого”-д заасны дагуу сумын Засаг даргад 250 га газар хадлан бэлтгэх хүсэлт /хх-ийн 145/-ийг гаргасан байх бөгөөд “Хадлангийн ажлын хэсэг”-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хурал /хх-ийн 138-140, 146-148/-аар хадлан бэлтгэх иргэдийн хүсэлтийг хэлэлцэж иргэн А.Мөнхжаргалд 200 га газар үйлдвэрийн зориулалтаар хадлан бэлтгэх зөвшөөрөл олгож, гэрээ байгуулахаар шийдвэрлэж, энэ талаар А.Мөнхжаргалд мэдэгдсэн болох нь газрын даамал Х.Энххэрлэнгийн гэрчээр өгсөн “...Шар өндөр гэх газарт 200 га талбай олгохоор шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/, А.Мөнхжаргалын гэрчээр өгсөн “...би эхлээд суманд өвс хадах хүсэлтээ өгсөн, ...тэгээд дараа нь газрын даамал нь надтай утсаар холбогдож танд 200 га талбай өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэргээр нотлогдож байх ба үүгээр “Хадлангийн ажлын хэсэг” болон А.Мөнхжаргал нарт хадлан бэлтгэх гэрээ байгуулж, төлбөр тогтоож, төлөх, гэрээний хэрэгжилтийг хангах харилцаа бий болжээ.
Мөн А.Мөнхжаргал нь илүү талбайд хадлан хадсан зөрчил гаргасан талаар гэрч Х.Энххэрлэн, Х.Баттөр, мөн шүүгдэгч Т.Эрдэнэбаяр нар нь мэдүүлдэг боловч гэрч А.Энхтүвшингийн “...ер нь бол хадлан хадах иргэд маань эртхэн хадландаа гарах гээд гэрээ байгуулахаас өмнө хадландаа гарчихаад дундуур нь гэрээ байгуулах тохиолдол амьдрал дээр байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Х.Энххэрлэнгийн “...Мөнхжаргалын хадлан дээр очиход 3 дугаар багийн иргэн Зоригтбаатар ах ирээд би өөрийнхөө 20 га газрын зөвшөөрлийг Мөнхжаргалд өгөөд хадуулчихвал болох уу гэж асууж байсан. Гэхдээ яг хадуулсан эсэхийг мэдэхгүй байна. Мөн Ганбүргэд гэж хүний зөвшөөрлийг нийлүүлээд хадаж байгаа гэж Мөнхжаргал сүүлд тайлбар хэлж байсан. ...сүүлд Мөнхжаргал нь гэрээ байгуулахаар ирэхэд нь түүнээс илүү хадсан байна гэж асуухад тэрээр Ганбүргэд Хатанбаатарын Баттулга нарын өөрсдынх нь зөвшөөрлөөр хадаж өгч байсан гэж тайлбарласан... миний ойлгосноор багийн малчин иргэд нь өөрсдийн өрхийн хадлан авах 20 га талбайн зөвшөөрлийг А.Мөнхжаргалд өгч, мөн түлшээ даагаад тэдний техникийг ашиглан өвсөө бэлтгэж байсан. Яг үүнийг зохицуулсан хууль, журам байхгүй учир тэгээд орхисон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Эрдэнэбаярын шүүх хуралдаанд өгсөн “...Мөнхжаргалын хадсан 480 га талбайн 200 га нь өөрийнх нь, 150 га нь Ганбүргэд, 130 га нь тухайн багийн малчдын хадлангийн талбай байсан ... Хэрвээ малчдын зөвшөөрөлтэй талбайн хадлангийн үйл ажиллагааг зогсоосон бол малчид хэцүү байдалд орох байсан...” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч А.Мөнхжаргалын гаргасан мэдүүлэг болон нотлох баримтаар гаргаж өгсөн “Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах хадлан бэлтгэх” талаар А.Мөнхжаргал, Г.Ганбүргэд, Б.Шинэбаатар, Э.Зоригтбаатар, Б.Энхбаатар, Ш.Энхсайхан, Х.Батмөнх, О.Соёмбо нартай байгуулсан гэрээнүүд /задгай 16 хуудас/, хадлан бэлтгэх газрын төлбөрт 208.000 төгрөг төлсөн төрийн сангийн 100070255402 тоот дансны орлогын дэлгэрэнгүй хуулбар /хх-ийн 150/ зэргээс харахад А.Мөнхжаргалын илүү хадсан гэх 130 га газар нь малчид өөрсдөө өөрт ногдох газрын хадлан хадах зөвшөөрлийг А.Мөнхжаргалд өгч харилцан тохиролцсоны үндсэн дээр хадуулж байсан газар болох нь тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Т.Эрдэнэбаяр төлөвлөгөөт хяналт шалгалтаар явахдаа А.Мөнхжаргал нь хадлан бэлтгэх гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй болохыг тогтоож, хадлангийн ажлын хэсгийг даргын хувьд удирдаж, хадлан хадах зөвшөөрөл олгосон иргэдтэй цаг алдалгүй гэрээ байгуулж, газрын төлбөрийг төлүүлж, гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэн А.Мөнхжаргалын хадлан хадаж өвс авах ашиг сонирхлын үүднээс 1000 боодол өвс авахаар тохиролцож 1.000.000 төгрөгийн хахууль авсан байна гэж үзлээ.
Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэрэг юм. Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр нь “...орой 18 цагийн үеэр буцаж явахад Мөнхжаргалын талбай дээр хадлан хадаж байсан бөгөөд биднийг хараад “наадуулд чинь хамаагүй, Засаг даргад нь хэлчихсэн” гэж үл тоосон. Сумын төв рүү явах замдаа сүлжээтэй газар сумын Засаг даргатай холбогдож энэ талаар танилцуулсан. Энэ асуудлыг сумын Засаг дарга мэдэж байгаа мөртлөө надад танилцуулаагүй гэдэг...” гэж сумын Засаг дарга А.Энхтүвшинг дээрх үйл баримттай холбогдуулан мэдүүлдэг бөгөөд энэхүү А.Энхтүвшингийн үйлдэл холбогдолд прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа нь шүүгдэгч Т.Эрдэнэбаярын хахууль авсан, шүүгдэгч А.Мөнхжаргалын хахууль өгсөн хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болно.
Иймд шүүгдэгч Т.Эрдэнэбаяр нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч А.Мөнхжаргал нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр амлаж, шууд болон бусдаар дамжуулж хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Төмөрсүхийн Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Алтансувдын Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, шүүгдэгч А.Мөнхжаргал нь өөрийгөө хахууль өгснийг илчилж, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Мөнхжаргалын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь “шүүгдэгч А.Мөнхжаргалыг аргагүй байдалд орж хахууль өгсөн учраас ялаас чөлөөлөх мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөх” талаар санал хүсэлтийг гаргаж байх боловч шүүгдэгч А.Мөнхжаргалын “...дараа жил хадлангийн газар өгөхгүй байж магадгүй гэж болгоомжилсон ... ажил зогсоогоод байж магадгүй гэж бодсон ... цаашид залуу хүний хувьд давуу байдлаа ашиглахаас сэргийлэх зорилгоор хэргээ илчилсэн...” гэх зэрэг мэдүүлгээс түүнийг бусдын хясан боогдуулсан үйлдлийн улмаас буюу хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд орсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч А.Мөнхжаргалыг ялаас чөлөөлөх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэбаярын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс тоолж эхлэхийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ түүнээс олсон ашиг орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, улсын орлого болгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан тул шүүгдэгч А.Мөнхжаргалаас Т.Эрдэнэбаярт шууд болон бусдаар дамжуулан хахуульд өгсөн 1.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг шүүгдэгч Т.Эрдэнэбаяраас, үлдэгдэл 500.000 төгрөгийг шүүгдэгч А.Мөнхжаргалаас тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Түмчүүд овогт Төмөрсүхийн Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулж хахууль авсан,
шүүгдэгч Зүүн суваргачин овогт Алтансувдын Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр амлаж, шууд болон бусдаар дамжуулж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөрсүхийн Эрдэнэбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Алтансувдын Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Т.Эрдэнэбаярт оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч А.Мөнхжаргалд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэбаяр, А.Мөнхжаргал нараас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 500.000 төгрөгийг тус тус гаргуулан нийт 1000.000 төгрөгийг улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА