Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 96

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Ч******* миний бие Б******* ТӨААТҮГ-т 2012 оны 11 сарын 18-ны өдөр тус байгууллагын Чанар хяналт, шинжилгээний лабораторид шинжээчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Тухайн албан тушаал, ажлын байранд анх үүрэг гүйцэтгэж эхлэх үед хөдөлмөрийн гэрээг байгууллагын хүний нөөц, удирдлагын менежертэй байгуулсан. Улмаар хөдөлмөрийн гэрээг жил бүр шинэчлэн байгуулж ажилласаар ирсэн. Гэтэл 2016 оны 4 сарын 27-ны өдөр Хүний нөөц, удирлагын менежер н.Д******* “...Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технилогич эмч Т.Д******* хүүхэд асрах чөлөө авч байгаа тул чамайг оронд нь ажиллуулахаар боллоо. Тэнд очиж ажилла...” гэсэн тул би тухайн өдрөөс тус цехэд ажиллаж эхэлсэн. Тухайн үед намайг ямар үндэслэл, шалтгаанаар тус цехэд ажиллуулах болсон, энэ талаар байгууллагын удирдлагын тушаал. шийдвэр гарсан эсэх талаарх мэдээлэл өгөөгүй, тухайн ажпын байранд ажиллах хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй. Би тус цехэд ажиллаж байгаад 2016 оны 7 сарын 08-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, ээлжийн амралт 2016 оны 8 сарын эхээр дуусч, 2016 оны 8 сарын 10-ны өдөр ажилдаа очтол цехийн эрхлэгч “...Одоохондоо цех ажилгүй байна. Сул зогсолтын мөнгөө аваад амарч бай. 9 сарын 15-ны өдрөөс ажилдаа ороорой...” гэж хэлсэн. Ингээд миний бие 2016 оны 9 сарын 15-ны өдөр ажилдаа очтол Хүний нөөц, удирлагын менежер н.Д******* “...Т.Д******* ажилдаа орох хүсэлтээ өгсөн тул одоо ажлаа хүлээлгэж өг...” гэж хэлсний дагуу миний бие цехийн технилогич н.Б*******тай ажил хүлээлцсэн. Дараа нь Хүний нөөц, удирлагын менежер н.Д*******тэй уулзаж “...Би ажлаа хүлээлгэж өглөө, одоо яах бэ?” гэхэд “...Чамаас гадна хүмүүс байгаа, та нар нөөцөнд байж бай, үйлдвэрлэл эхлэхээр шийдье, Үйлдвэрлэл, технилогийн албаны дарга Ц.Өлзийтогтох та нарыг ажилд томилно...” гэж хэлсэн. Миний бие н.Д*******г хэзээ ажилдаа ор гэж дуудах бол гэж хүлээж байгаад, хэд хэдэн удаа гар утсаар нь холбогдож “хэзээ ажилдаа орох бэ?” гэж асуухад н.Д******* нь “...хүлээж бай, Та нарыг хааш нь томилох шийдвэр гараагүй байна. Тэгээд ч үйлдвэрлэл эхлээгүй байна...” гэж хэлсэн. Би хамт ажилладаг хүнээсээ үйлдвэрлэл хэзээ эхлэх бэ? гэж асуухад “...Үйлдвэрлэл эхэлчихсэн байгаа...” гэж хэлэхэд би 2016 оны 10 сарын 11-ний өдөр Хүний нөөц, удирлагын менежер н.Д*******, захирлын нарийн бичгийн дарга Н.Уранчимэг нартай утсаар ярихад захирлын нарийн бичгийн дарга н.Уранчимэг “...Чиний халагдах тушаал гарсан...” гэж хэлсэн. н.Д******* нь надад энэ талаар ямар нэг зүйл хэлээгүй. Тэгээд тус өдөр би захирлын нарийн бичигтэй уулзаж Б******* ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 4 сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 9 сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалын хуулбаруудыг авснаар өөрийгөө ажпаас чөлөөлөгдсөнийг мэдсэн. Гэтэл 2016 оны 4 сард намайг Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд ажиллуулахдаа Чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн ажпаас чөлөөлж байгааг мэдэгдээгүй, шинээр томилсон ажлын байранд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан “...талууд харилцан тохирсон...” үндэслэлийг заасан байдаг ч надтай зөвшилцсөн зүйл байхгүй, би ажпаасаа чөлөөлөгдөж байгаагаа ч мэдээгүй. Тухайн үед намайг Чанар хяналт, шинжилгээний лабораторид ажиллаж байхад миний ажпын байранд шинээр ажилтан авсан бөгөөд Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технилогич Т.Д******* хүүхэд асрах чөлөө аваад явмагц намайг тус цехэд шилжүүлж, шинээр орсон ажилтан миний ажлын байранд томилогдсон. 2016 оны 10 сарын 11-ны өдөр би ажлаас чөлөөгдсөнөө мэдээд Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авахаар халагдсан тушаалаа аваад очиход нийгмийн даатгалын ажилтан “...Таны ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт өгөх хугацаа тань дууссан байна...” гэж хэлээд миний материалыг хүлээж аваагүй. Би одоо болтол ажилгүй, байгууллагын нэр бүхий албан тушаалтаны буруутай үйлдлээс болоод ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй байдалд ороод байна. Дээрх нөхцөл байдлын улмаас миний бие Б******* ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 4 сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 9 сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд намайг Б******* ТӨААТҮГ-ын Чанар хяналт. шинжилгээний лабораторид шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 18-ны тушаалаар Чанар хяналт, шинжилгээний лабораторид шинжээчээр түр томилогдож ажилд орж, 2014 оны 2 дугаар сарын 13-нд үндсэн ажлын байранд томилогдсон. Үүнээс хойших тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 6 дугаар сарын 12-нд ажлаас чөлөөлсөн гэж байгаа боловч энэ талаар ойлголцсон гэж бодсон. Мөн 2016 оны 4 сарын 27-нд Чанар хяналт шинжилгээний албанаас Эсрэг ийлдэст томилоход нь би жирэмсний амралттай хүний орон түр ажиллуулж байгаад буцаагаад ажлын байрандаа томилогдоно гэж бодож байсан. Гэтэл түр тушаалтай байсан гээд халж байгааг зөвшөөрөхгүй. Тиймээс 2016 оны 4 сарын 27-ны өдрийн Б/94, Б/95, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалуудыг хүчингүй болгож, намайг эргээд Чанар хяналт шинжилгээний лабораторид шинжээчээр үндсэн ажлын байранд тогтоож өгнө үү гэв.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд, хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлүүдийг гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч М.Ч******* нь анх 2012 оны 11 сарын 18-ны өдөр манай байгууллагын Чанарын хяналт шинжилгээний лабораторт шинжээчээр түр ажиллаж эхэлсэн ба анх л тэрээр жинхэнэ буюу байнгын орон тоон дээр, түр хугацаагаар ажиллаж эхэлсэн юм. Уг тушаалаас харахад М******* овогтой Ч*******ыг 2012 оны 11 сарын 19-ны өдрөөс эхлэн Чанарын хяналт шинжилгээний лабораторт шинжээчээр түр томилон ажиллуулж эхэлсэн байна. Нэгэнт анх байнгын орон тоон дээр, ажлаасаа хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсан хүний оронд түр хугацаагаар ажиллаж эхэлсэн тул М.Ч******* нь тэр хүнийг ажилдаа эргэж орох тохиолдолд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ маш сайн мэдэж байсан.

2.Ийнхүү түр хугацаагаар ажиллаж байхдаа М.Ч******* нь “Би жинхэлмээр байна. Тэгвэл цалин мөнгө нь арай ахиу олгогдоод, миний амьдрал ахуйд бага ч гэсэн тус нэмэр болно. Тэртээ тэргүй би байнгын орон тоон дээр, түр хугацаагаар ажиллаж байгаагаа мэдэж байгаа учраас нөгөө хүн маань эргээд ажилдаа орох тохиолдолд би ямар нэгэн хэл ам хийхгүйгээр ажлаасаа шууд гарах болно” хэмээн удаа дараа байгууллагын удирдлагад санал хүсэлт тавьж байсны дагуу “Б*******” ТӨААТҮГ-ийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Онгоодой овогтой Сэр-Од гэдэг хүн түүнтэй жинхэлсэн орон тоон дээр, түр хугацаагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг 2014 оны 2 сарын 13-ны өдөр байгуулж, захирлын тушаал гаргаж байжээ.

3.Ийнхүү М.Ч******* нь 2012-2016 он хүртэл урьд ажиллаж байсан хүмүүсийн орон тоон дээр түр хугацаагаар ажиллаж байсан ба тухайн ажилтнууд буюу М.Ч*******аас өмнө тухайн орон тоон дээр жинхлэн ажиллаж байсан хүмүүс нь буцаад ажилдаа орохоор болох тохиолдолд ажлын байрыг нь буцаан өгдөг байжээ. Хамгийн сүүлд “Б*******” ТӨААТҮГ-ын захирал Б.О******* нь М.Ч*******ыг урьд нь ажиллаж байсан хүн нь эргэж ажилдаа орохоор болсон тул 2016 оны 9 сарын 13- ны өдрөөр тасалбар болгон М.Ч*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн ажлын байраас чөлөөлсөн байна. /2016/04/27ны өдрийн Б/94 дугаартай, "Б*******” ТӨААТҮГ-ын захирлын тушаалыг хавсаргав.

4.Гэхдээ бас л байгууллагын удирдлагын хувьд М.Ч*******ын амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, “Б*******” ТӨААТҮГ-ийн Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологич ажилтай Т овогтой Д******* гэдэг хүний оронд түр хугацаагаар ажилд авч, мөн өдрөө буюу 2016 оны 5 сарын 04-ний өдөр тушаал гаргаж байжээ. Түр хугацаагаар гэдгийн учир нь Т.Д******* нь тухайн үед жирэмсний амралтаа буюу хүүхэд асрах чөлөө авсан тул энэ ажилтны оронд түр хугацаагаар М.Ч*******ыг ажилд авсан ба тиймээс М.Ч*******тай байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 1 жил хэмээн зааж өгч байсан. /“Б*******” ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 4 сарын 27-ны өдрийн Б/95 дугаартай тушаалыг нотлох баримт болгон шүүхэд гарган өгч байна/

5.Харин М.Ч*******ын түр хугацаагаар ажиллаж байсан орон тоон дээр урьд өмнө жинхлэн ажиллаж байсан Т.Д*******гийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж, тэрээр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул М.Ч*******тай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг 2016 оны 9 сарын 13-ны өдрөөс эхлэн тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /“Б*******” ТӨААТҮГ-ийн захирлын 2016 оны 09 сарын 12-ны өдрйин Б/161 дугаартай тушаалын хуулбарыг хавсаргав/ Ийнхүү нэхэмжлэгч М.Ч******* нь анхнаасаа л буюу 2012 оны 11 сарын 18-нд “Б*******” ТӨААТҮГ-т түр хугацаагаар ажиллахаар тухайн үеийн байгууллагын удирдлагуудтай харилцан тохиролцож, ажилд орж байсан ба 2016 оны 9 сарын 13-ныг хүртэл энэхүү түр хугацаанд тухайн ажил үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. М.Ч*******ыг манай байгууллага байнгын орон тоон дээр ажиллуулж байсан нь үнэн боловч, урт хугацаагаар буюу байнгын ажилтнаар огт авч ажиллуулаагүй, түр хугацаагаар л ажиллуулж байсан юм. Өөрөөр хэлбэл байнгын орон тоон дээр буюу жинхэнэ орон тоон дээр ажиллаж байсан хүмүүс тухайн үед байгууллагаасаа түр чөлөө авсан үед нь тэрхүү түр чөлөө авсан хугацаанд л М.Ч*******ыг тухайн жинхэнэ орон тоон дээр буюу байнгын ажлын байран дээр ажиллуулж байсан юм. Нөгөө талаас авч үзвэл өнөөдөр М.Ч*******ыг ажиллуулахын тулд “Б*******” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаа Б.О******* гэдэг хүн дур мэдэн, шинээр орон тоо гаргаж М.Ч*******ыг ажиллуулах ямар ч боломж байхгүй ба тийм эрх хэмжээ ч үйлдвэрийн газрын захирал Б.О******* гэдэг хүнд огт байхгүй. Өөрөөр хэлбэл “Б*******” ТӨААТҮГ нь Төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд бүх эрх мэдэл МУ-ын төрд өөрт нь байдаг гэсэн үг юм. Манай байгууллагын хувьд төрийг төлөөлж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн төрийн байгууллага нь манай байгууллагыг шууд удирддаг бөгөөд ТӨБЗГазар нь манай байгууллагын бүх ажиллагсдын орон тоо, цалин хөлс, бусад бүх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд “Б*******” ТӨААТҮГ-т дээр хэлсэнчлэн шинээр орон тоо гаргаж ирэх тухайн шинэ орон тоон дээр ажиллах ажилтны цалинг өгөх зэрэг ямар ч эрх байхгүй.

Хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 18-нд манайд Чанар хяналт шинжилгээний лаборатарид шинжээчээр түр томилогдон ажиллаж байгаад өөрөө гуйгаад байсны дагуу 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр үндсэн ажлын байранд томилогдсон, гэвч 2014 оны 6 дугаар сарын 12-ны тушаалаар ажлын байрнаас бэлдмэл хулгай хийсэн тул энэ нь нотлогдоод хөдөлмөрийн гэрээг цуцласан. Гэвч түүний эгч М нь Чанарын хяналтын албаны дарга байсан болохоор М.Ч*******ыг халаагүй, түр хугацаагаар ажиллуулахаар тушаалдаа заасан. Түүнээс хойш түр орон тоон дээр ажиллаж байснаа мэдэж байсан, хөдөлмөрийн гэрээг бас хугацаатай байгуулж байсан. Тиймээс Чанар хяналт шинжилгээний албанаас чөлөөлж Эсрэг ийлдэст шилжүүлэн ажиллуулсан. Өөрөө зөвшөөрөөд ажиллаж байсан, гэвч жирэмсний амралттай хүн нь орсон учраас хөдөлмөрийн гэрээг цуцласан. Би уг нь Ч*******ыг 2012 оноос хойш ажилласан, эндээ ажиллана гэж байгаа залуу хүн болохоор нь эвлэрэхээр санал тавьсан боловч өөрөө зөвшөөрөхгүй байгаа, бид Чанар хяналт шинжилгээний лаборотарид томилох ямар ч боломжгүй байгаа юм, манайх төрийн байгууллага, цаанаасаа бүтцээ баталчихсан байдаг гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ч******* нь хариуцагч “Б*******” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй ба мэдэгдэлгүйгээр Чанар хяналт, шинжилгээний лабораторит шинжээчээр ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологичоор түр томилон ажиллуулсан, мөн үндэслэлгүйгээр Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технологичийн ажлаас чөлөөлсөн тул Чанар, хяналт шинжилгээний лабораторит шинжээчээр эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээний хугацаа дууссан, хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан эргэн орох хүсэлтээ гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

“Б*******” ТӨААТҮГазрын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №Б/94 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн Б******* ТӨААТҮГ-ын Чанар, хяналт шинжилгээний лабораторит шинжээч ажилтай М******* овогтой Ч*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн цуцлаж, ажлын байрнаас чөлөөлж,

“Б*******” ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №Б/95 тоот “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлгийн 6.3 дахь хэсгийн 6.3.6 дахь заалтыг үндэслэн Б******* ТӨААТҮГ-ын Эсрэг ийлдэс үйлдвэрийн цехэд технологич ажилтай Т овогтой Д*******гийн жирэмсний амралттай байх хугацаанд М******* овогтой Ч*******ыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсан байна. /хэргийн 7-8-р хуудас/

Мөн “Б*******” ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны №Б/161 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 2016.8.19-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын протоколыг тус тус үндэслэн “Б*******” ТӨААТҮГ-ын Үйлдвэрлэл технологийн албаны Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологич ажилтай Т овогтой Д*******гийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул технологич ажилтай М******* овогтой Ч*******тай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тасалбар болгон цуцлаж, үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 9-р хуудас/

Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №Б/161 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх /нэг сарын/ хугацааг хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь дээрх 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94, Б/95 болон 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаалуудыг зөвшөөрөхгүй, надад мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй хууль зөрчсөн, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/145 тушаалаар түр ажлын байранд томилсон нь үндэслэлгүй, 2014 оны 2 дугаар сарын 13-ны Б/37 тушаалаар Үндсэн ажлын байранд томилогдон ажиллаж байсан тушаалыг л зөвшөөрнө, бусад тушаалыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч нь 2014 оны 2 дугаар сарын 13-ны Б/37 дугаар тушаалаар Үндсэн ажлын байранд өөрийнх нь гуйснаар томилсон, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/145 тушаалаар ноцтой зөрчил гаргаж, ажлаас халагдсан боловч эгч нь байсан болохоор түр орон тоонд томилсон, М.Ч******* нь түр орон тоон дээр ажиллаж байсан бөгөөд хүмүүс нь хүсэлт гаргасан тул чөлөөлж, өөр ажилд томилж байсан, тухай бүрд нь өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч, мэдэж байсан гэж маргасан.

Нэхэмжлэгч М.Ч******* нь “Б*******” ТӨААТҮГ-ын захирлын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №342 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1, 6.1.6 дахь заалтыг үндэслэн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Чанарын хяналт шинжилгээний лабораторит шинжлэгчээр түр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №Б/37 тоот “Үндсэн ажлын байранд томилох тухай” тушаалаар “Б*******” ТӨААТҮГ-ын Чанарын хяналтын алба, сорилтын лабораторийн шинжлэгчээр үндсэн ажлын байранд томилогдсон болох нь нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилд томилсон тушаалуудаар тус тус нотлогдож байна. /хэргийн 4-5, 25-26-р хуудас/

Мөн “Б*******” ТӨААТҮГ-ын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №Б/145 тоот “Ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заасныг үндэслэн Б******* ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гарган биобэлдмэл хулгайлан үйлдвэрээс гаргах хууль бус үйлдлийг үйлдэх явцдаа ЦЕГ-ын ОНАБ-ыг Хангах Газрын 05 дугаар ангийн 2 дугаар хэсгийн харуулын цагдаад баригдсан, Чанарын хяналтын албаны шинжлэгч М.Ч*******ыг ажлаас халж, Дараагийн албан тушаалтан буюу ажилтан нь М.Ч*******ын ажлыг хүлээн авах хүртэл хугацаанд М.Ч*******ыг Чанарын хяналтын албаны шинжлэгч гэсэн албан тушаалд түр хугацаагаар ажиллуулахаар томилжээ. /хэргийн 27-р хуудас/

Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны Б/145 тоот тушаалыг зөвшөөрөхгүй, ноцтой зөрчил гаргаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, М.Ч*******ыг асуусан тайлбарт гарын үсэг зурж, танилцсан, тушаалыг хууль зөрчсөн, захиргааны шийтгэврийг буруу ногдуулсан, ажлаас буруу халсан талаарх гомдлоо зохих байгууллага албан тушаалтанд гаргаагүй байна. /хэргийн 28-38-р хуудас/

Мөн нэхэмжлэгч М.Ч******* нь хариуцагч “Б*******” ТӨААТҮГ-тай 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс Хөдөлмөрийн №250 тоот гэрээ байгуулан Чанар, хяналт шинжилгээний лабораторид шинжээчээр “түр” хугацаагаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 6 дугаар сарын 12-ны Б/145 тоот тушаал, хөдөлмөрийн №250 тоот гэрээгээр тогтоогдож байх бөгөөд гэрээ байгуулан ажиллаж байсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй боловч нэхэмжлэгч гэрээний хугацааг “түр” гэж байсныг мэдээгүй гэсэн.

Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг хөдөлмөрийн гэрээтэй танилцаж, гарын үсэг зурсан гэж хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулагдсан байна гэж үзэв. /хэргийн 39-41-р хуудас/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болохоор заасан байх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах боловч 23.2.3-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохыг заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн №250 тоот гэрээг хууль зөрчөөгүй байна гэж дүгнэв.

“Б*******” ТӨААТҮГ-ын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/94 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан ажил олгогчийн санаачилгаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэгч М.Ч*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, Чанар хяналт шинжилгээний лабораторит шинжээчийн ажлаас чөлөөлсөн гэсэн боловч нэхэмжлэгч нь надтай харилцан тохиролцоогүй, мэдээгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцласан.

 Мөн “Б*******” ТӨААТҮГ-ын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/95 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.6-д зааснаар Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехэд технологичоор түр томилон ажиллуулсныг зөвшөөрөхгүй, би ажлаас чөлөөлсөн гэж мэдээгүй, түр шилжүүлэн ажиллуулж байгаа гэж ойлгоод яваад байсан тул дээрх Б/94, Б/95 тоот тушаал нь хууль бус, уг тушаалуудыг 2016 оны 10 дугаар сарын 11-нд гардаж авсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Эсрэг ийлдэс үйлдвэрийн цехэд технологичоор ажиллаж, цалин хөлс авч байсан талаараа маргаагүй бөгөөд ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо гомдол гаргах эрх үүссэн үеэс эхлэн буюу өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх боломжтой байсан өдрөөс эхлэн тоолно.

Ажил олгогч тушаалыг ажилтанд гардуулаагүй боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноо тодорхой үйлдлээр илэрхийлж, ажил албан тушаалыг нь гүйцэтгүүлэхгүй, огт өөр ажил үүрэг гүйцэтгэхийг шаардсан, ажилтан өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдэх бодит боломж байсан байхад нэхэмжлэгч нь Чанар хяналт шинжилгээний лаборотарит шинжээчийн ажлаас чөлөөлж, Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цэхэд технологичоор ажиллуулж байгаа талаараа гомдол гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Чанар, хяналт шинжилгээний лабораторийн шинжээчийн ажлаас чөлөөлснийг мэдээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Хариуцагч “Б*******” ТӨААТҮГ нь 2016 оны 4 сарын 27-ны өдрийн Б/95 тоот тушаалаар нэхэмжлэгч М.Ч*******ыг Эсрэг ийлдэс үйлдвэрийн цехэд технологичоор Т.Д*******гийн жирэмсний амралттай байх хугацаанд түр хугацаагаар ажиллуулахаар томилсон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар” тус тус хугацаатай гэрээ байгуулж болох тул Т.Д*******гийн жирэмсний амралттай байх хугацаанд М.Ч*******тай түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” тохиолдолд ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдахаар заасан бөгөөд Т.Д******* нь жирэмсний амралттай байсан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр хариуцагч нь ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа Т.Д*******гийн жирэмсний амралтын хугацаа дуусч, ажилдаа орохоор хүсэлт гаргасан тул түүний оронд хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллаж байсан нэхэмжлэгч М.Ч*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

            Иймд ажил олгогч “Б*******” ТӨААТҮГ-ын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/161 тоот тушаал нь хууль зөрчөөгүй, М.Ч*******ыг урьд эрхэлж байсан Чанар хяналт шинжилгээний лабораторит шинжээчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч М.Ч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн “Б*******” ТӨҮГ-ын захирлын Н.Мтай холбоотой тушаалууд нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хэргийн 85-88-р хуудас/   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

    1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Ч*******ын хариуцагч “Б*******” ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ч******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН