Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

 

Улсын яллагч П.Даваасүрэн,

 

Хохирогч Д.Энхнаст,

 

Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Г.Саранчимэг /ҮД:1595/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ө.Бт холбогдох 2017 2501 0290 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд 1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 442 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжны 327 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Ховогт Өгийн Б /РД: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

 

Ө.Б нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн захын байранд иргэн Д.Энхнастыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Бийн өгсөн: “… 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шилэн зах дотор Лхагватай маргалдаж байхад Лхагва намайг алгадсан. Тухайн үед хамгаалагч орж ирсэн. Тэгээд хохирогч намайг лифт рүү чирж орсон. Тухайн үед би боолтод ороод ухаан алдсан байсан. Тэгээд би ухаан ороод хохирогчтой

 

маргалдаж байгаад мөргөсөн. Удалгүй доороос хамгаалагч орж ирээд сандал дээр суулгаж байхад цагдаа орж ирээд авч гараад эрүүлжүүлэх рүү оруулсан…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхнастын өгсөн: “… Би шилэн захад ажилладаг байсан. 6-н давхарт нь паб байдаг болохоор архи, пивоор үйлчилдэг. Тухайн өдөр шүүгдэгч 2 найзтайгаа 3-уулаа ууж байхад нь зөөгч бууж ирээд ахаа дээр хүмүүс зодолдоод байна гэхээр нь очиход салгаж дийлээгүй. Харин Лхагва билүү тэрний эхнэр нь гарч ирж нөхрөө авсан. Тэгээд шүүгдэгчийг авч гарах гэхэд үгэнд орохгүй, гарахгүй гээд зууралдсаар байгаад бид 2 лифтэнд суусан. Лифтэнд зүгээр явж байгаад намайг 2, 3 удаа мөргөсөн. Түүнээс биш би шүүгдэгчийг боосон, зодсон асуудал байхгүй. Тэгээд доошоо буугаад намайг зодох гээд дайраад байхаар нь өөрийгөө хамгаалах гэж зууралдсан. Гадаа байдаг хамгаалагч орж ирж бид 2-ыг салгасан. Тэгээд цагдаа нар орж ирсэн. Би тухайн үед малгай өмссөн байсан шүүгдэгч намайг их хүчтэй мөргөхөд миний дух битүү хавдсан. Би энэ хэргээс болж ажлаасаа гарсан, ажлаа хийхгүй байгаа. Өвөл ажилгүй хүнд байсан. Би сэтгэл санаагаар их хохирсон. Би цагдаа дээр байхдаа шүүгдэгчээс 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Би толгойгоо бариачид 10 удаа бариулсан. Ах дүү найз нөхдөөсөө их мөнгө зээлж 2, 3 удаа портер нүүрс авсан. Банкны цалингийн зээлтэй байна. Ажилгүй болохоор өгч чадахгүй байна. Би энэ хэргээс болж ажлаасаа гарсан. Миний нүүрний хавдар буухгүй 15 хоног болсон. Би ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Намайг чи гарвал гар гэхээр нь би гарсан. Би хуулийн талын мэдлэг байхгүй байсан учир хохирлын баримт бүрдүүлээгүй. Намайг гэмтлийн эмнэлэг дээр очиход та тархиныхаа бичлэгийг хийлгэчих гэхээр нь би тархины бичлэг хийдэг газарт нь очиход 125.000 төгрөг гэсэн. Би мөнгөгүй байсан учир орж чадаагүй…” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Энхнастын өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шилэн зах дээр хамгаалагчын үүрэг гүйцэтгэж байсан.Тухайн үед Хараат гэдэг хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан. 6 дугаар давхарт байдаг пабад хоёр залуу архи уучихаад хоорондоо 19 цагийн үед зодолдсон. Би очоод салгасан нэгийг салгаад лифтэнд авч суусан. Тэр залуу над руу уурлаад нөгөө залуутайгаа нийллээ гэж хэлээд миний нүүр лүү намайг 2 удаа мөргөсөн. Тэгээд зууралдсаар байгаад лифтнээс буусан. Миний хамарнаас цус гараад хоёр нүд духтайгаа хавдчихсан. Тэгээд цагдаа дуудаад тэр залууг өгөөд явуулсан. Тухайн залуугийн согтолт гайгүй байсан бүүр хөл дээрээ тогтож чадахгүй зүйл байгаагүй. Би тэр залуугаас больчих гэж зөндөө гуйсан боловч болихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Даваадоржийн өгсөн: “... Би тухайн өдөр Нарантуул захын нүхэн гарцны ард талд байдаг Шилэн захын гадна талын хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Гадна талд байдаг камераар захын доторх талыг харж байхад 20 цагийн орчим санагдаж байна, 1 дүгээр давхарт 2 хүн заамдалцаад байж байгаа нь харагдсан. Би яваад ороход нэг согтуу залуу хамгаалагч Энхнаст хоёр заамдалцсан байж байсан. Би дундуур нь орж салгасан. 1 дүгээр давхарын хүмүүс цагдаад дуудлага өгчихсөн гэж байсан. Энхнастын дух нь бага зэрэг бондойгоод хавдчихсан байсан. Нөгөө залуу нь Энхнасттай хэрэлдээд байхаар нь гаргах гэж татахад намайг заамдаад

 

авсан. Би зөрүүлээд цамцнаас бариад татаад гаргах гэхэд нөгөө залуу эсэргүүцээд байсан. Нөгөө залуугаас салаад хажуу талын сандал дээр суулгасан. Энхнаст явуулахгүй цагдаа дуудна гээд байсан. Цагдаа ирээд тэр залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

 

Мөрдөн байцаалтад Ө.Бийн сэжигтнээр өгсөн: “Би Нарантуул захын хог зардаг газарт 2 сарын өмнөөс гарч зогсож байгаа. Тэнд байдаг хүмүүс намайг гадуурхаад байдаг байсан. Өмнө надтай муудалцаж байсан Лхагва гэх залуу 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед хог зарж байсан газар дээр ирээд ганц юм аваад өг гэхээр нь өө тэгье гэсэн. Тухайн үед учраа олчихъё гэж бодоод хамт захаас гараад дэлгүүрээс Хараа 0,5 литрийн архи аваад Шилэн захын 6 давхарт байрлах хоолны газарт орж Лхагва, Баатар нарын хамт уусан. Дуусгаад Баатарын хамт тэндээс гараад хогон дээрээ ирсэн. Лхагва тус газарт үлдсэн. Баатараа удалгүй явлаа эхнэр дуудаад байна гэж хэлээд яваад өгсөн. Цээгий гэдэг хүүхэн ирээд баяр болж байхад ганц юм авчихаач гээд шордоод байхаар нь 0,33 литрийн Хараа архи авсан. Нөгөө хоолны газар луу Лхагва байгаа гээд Цээгийгийн хамт орсон. Яваад ороход Лхагва байхгүй байсан. Өмнө суусан ширээн дээр архиа задлаад сууж байхад Лхагва гаднаас орж ирсэн. Хажууд суугаад юм ярилцаж уусан. Над руу Лхагва томроод олон юм яриад байхаар нь гэнэт уур хүрээд салаавч Лхагва руу гаргасан. Лхагва босоод намайг цохих гээд дайрсан тэр үед Лхагвагийн эхнэр орж ирээд аваад гарсан. Хоёр хамгаалагч гүйж ирээд намайг барьж аваад чи боль гээд намайг боосон. Тухайн үед Лхагвааг хамгаалагчаар намайг зодуулах гэж байна гэж бодсон. Лифт рүү ороод доошоо буусан нэг давхарт хамгаалагчтай маргалдаж байгаад түүнийг нэг мөргөсөн. Зууралдаад байж байхад хоёр цагдаа орж ирээд намайг аваад захын цагдаагийн камерт хийсэн. Цаг гаран суусан машин ирж аваад намайг дүүргийн цагдаа дээр авч ирж эрүүжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 944 дугаартай:

 

“1. Д.Энхнастын биед тархи доргилт,дух,хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдолоо.

 

  1. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр, бусад зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Батогтохын өгсөн мэдүүлэг /хх.19-20/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад

 

сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Ө.Б нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн захын байранд иргэн Д.Энхнастыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад /хх.17/ хохирогч Д.Энхнастын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Б.Даваадоржийн өгсөн мэдүүлэг /хх.21/, шинжээчийн 944 дугаартай дүгнэлт /хх.24/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Ө.Бийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан торгох ялыг тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон болно.

 

Хохирогч Д.Энхнаст нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн гэм хорын хохиролд нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

 

Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Энхнаст нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэг 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ховогт Өгийн Бийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.536.000 /нэг сая таван зуун гучин зургаан мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
 
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар, торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг Ө.Бт сануулсугай.

 

  1. Ө.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч Д.Энхнаст нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Бт авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР