Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2014/0362

 

Иргэн Г.У-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Г.У-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1360 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, мөн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөлт хийлгэж өгнө үү” гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Багануур дүүргийн бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.Н, улсын бүртгэгч Г.У нар нь садан төрлийн холбоотой болох нь тогтоогдсон. Эдгээр нь нэг хэлтэст ажиллаж байсан нь Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд болон Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн. ...Үүний дагуу тус газрын даргын 2013 оны 1360 дугаар тушаалаар Г.Уянгыг төрийн албанаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

 

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 312 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.2-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1360 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Уг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.334.184 (Гурван сая гурван зуун гучин дөрвөн мянга нэг зуун наян дөрвөн) төгрөгөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг суутган тооцож, үлдэх олговрыг Г.У-д олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө давж заалдах гомдолдоо: “Г.У нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Багануур дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр 2012 оны 04 дүгээр сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. Г.У нь тус хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.Н-тэй садан төрлийн холбоотой, ажил үүргийн хувь шууд хяналт тавьж ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай нөхцөл байдал үүсээд байгаа, цаашид хэрхэх тухай тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэндсайханаас албан бичиг ирүүлсэн.

Үүний дагуу Г.У болон Т.Н нар нь төрөл садны холбоотой эсэх талаар Улсын бүртгэлийн төв архивын газраас лавлагаа, Т.Н, Г.У нараас холбогдох тайлбар мэдэгдлийг бичгээр авсан бөгөөд төрөл, садны холбоотой болох нь тогтоогдсон.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу тус газрын даргын 2013 оны 1360 дугаар тушаалаар Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Уг ажлаас чөлөөлсөн.

Гэтэл шүүхийн шийдвэрээр тус газрын даргын 2013 оны 1360 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Уг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх

 

 

олговрыг зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг суутган тооцож, үлдэх олговрыг Г.Уд олгохыг хариуцагчид даалгасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Г.Уг 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 271 дугаар тушаалаар анх Багануур дүүргийн бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр томилохдоо “уг хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Нэргүйтэй садан төрлийн холбоотой” гэдгийг мэдээгүйгээс Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садны хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж томилсон байна. Энэ талаар төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах хүсэлт гаргасан иргэн мэдүүлээгүй бол түүнийг томилох эрх бүхий этгээд мэдэх боломжгүй бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар садны хүн буюу авга эгчийг заавал мэдүүлэхийг үүрэг болгосон заалт байгаагүй тул хариуцагч болон нэхэмжлэгч Г.У-г хэн алиныг буруутгах үндэслэлгүй байна” хэмээн хуулийг илтэд буруу тайлбарласан.

Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Тухайн үед Багануур дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргаар Т.Н, улсын бүртгэгчээр Г.У нар ажиллаж нэг нь нөгөөдөө шууд захирагдаж байсан. Дээрх албан хаагчид дурдсан хуулийн 8.2-т заасны дагуу ашиг сонирхлыг зөрчил үүсэх нөхцөл байдлын талаар албан ёсоор бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хуулийг ноцтой зөрчиж төрийн байгууллагыг хууран мэхэлсэн. Дашрамд дурдахад дээр    дурдсан хууль 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байтал 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн мэтээр шүүхийн шийдвэрт буруу тайлбарласан. Энэ нь 2013 оны 05 дугаар сар хүртэл Т.Н, Г.У нар нь хуулийн заалтыг хэрэгжүүлэх шаардлагагүй байсан мэтээр ойлгогдохоор байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах. ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан "... ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх үүрэгтэй” гэж заасны дагуу Г.У-г төрийн албанаас шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж дурдсан байна.”

Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчил үүссэн албан хаагчдын хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх нь тухайн албан хаагчийн ажлаас чөлөөлөх үндэслэл юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүд байхгүй байна” хэмээн дурдсан байна.

Маргаантай байгаа захиргааны актыг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4 дэх хэсгийг үндэслэсэн болно. Тодруулбал дээрх заалтаар агентлагийн дарга албан хаагчийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай заасан байдаг.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Г.Угийн гаргасан Нийтийн албанд нийтийн болон хувийн 7 ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх ...” хэмээн Г.Уг ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нөхцөл байдалтай, хуулийг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэр нь эргүүлэн эрхэлж байсан албан тушаалд нь томилохыг даалгасан нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан Г.У-г төрийн

 

албанаас чөлөөлсөн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1360 дугаар тушаал хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Г.Уг хариуцагч албан тушаалаас нь чөлөөлсөн үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3/16.2 Төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг дараах тохиолдолд хориглоно. 16.2.3 хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садны хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй/, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.4 /Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах/ заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

Хэдийгээр Монгол Улс даяар 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдсөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг нэхэмжлэгч Г.У зөрчиж мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч энэ түүнийг төрийн албанаас захиргааны санаачилгаар чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна. Тодруулбал, тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-д хуулийн 8.2-д заасан үүргээ биелүүлээгүй бол албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах шийтгэл хүлээлгэхээр зааснаас гадна Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдэд дээрх үндэслэл заагдаагүй байна.

Үүнээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Г.У-г ёс зүйн буюу Төрийн албан тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан зөрчил

 

гаргасан гэж үзсэн бол тухайн зөрчлийг эрх бүхий хороогоор хянан шалгуулж, дүгнэлт гаргуулсны эцэст мөн хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах байтал тийнхүү шийдвэр гаргалгүй, тухайн гаргасан гэх зөрчлөө төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болгосон нь буруу болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ садан төрлийн холбоотой талаараа мэдүүлээгүй гэх боловч уг мэдүүлгээр мэдүүлэх ёстой этгээд буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д заасан “хамаарал бүхий этгээд”, “нэгдмэл сонирхолтой этгээд" гэдэгт төрөл садны хүнийг хамааруулаагүйн зэрэгцээ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан мэдүүлгийн маягтад энэ талаар заагаагүй байна. Тиймээс нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй.

Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг маргаан бүхий захиргааны актад дурдсан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халах боломжгүй учраас У хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах замаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасан үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь заалтыг зөрчихгүй байх боломжтой байжээ.Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэж гаргасан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5

дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.