Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 хороо, 4 хороолол Жалханц хутагт Дамдинбазарын 57-69 тоотод оршин суух, /РД:ХЖ71050673/ Даржаа овогтой Бямбаагийн Балдоогийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо Рапид харш хороолол 4 дүгээр байр 26 тоотод оршин суух, /РД:УХ67072219/ Дархад овогтой Бямбаагийн Болдаа,

Хариуцагч: Төв аймаг, Мөнгөн морьт сум, Жаргалант баг, /РД:ЧК50080811/ Гөрөөчсартуул овогтой Дашцэрэнгийн Гэрэл,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 4а байр, 45 тоотод оршин суух, /РД:ЧР52041768/ Гөрөөчсартуул овогтой Даваажавын Гэрэл,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 хороо, Рашаантын 19-34 тоотод оршин суух, /РД:ТЕ58010477/ Сартуул овогтой Даваажавын Эрдэнэчулуун,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 хороо, 19 хороолол, 25 байр, 50 тоотод оршин суух, /РД:УХ60050807/ Гөрөөчин овогтой Даваажавын Сэлэнгэ,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, 9б байр, 24 тоотод оршин суух, /РД:ХЖ70021577/ Боржигин овогтой Бямбаагийн Болдням нарт холбогдох,

 

- Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 57 дугаар байр, 69 тоот 3 өрөө орон сууцнаас талийгаач ээж К.Чимэдцэрэнгийн хууль ёсны өвлөгч болох, орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, өвлүүлэгчид оногдох хэсгийг бусад өвлөгч өвлөхөөс татгалзсанд тооцуулах тухай үндсэн,

- орон сууцны өмчлөгч ээж К.Чимэдцэрэнд оногдох хэсгийг түүний 7 хүүхдэд хувь тэнцүүлэн хувиарлан олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Балдоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч Б.Болдаа, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Даш.Гэрэл, нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би ээж К.Чимэдцэрэн, ах Б.Болдаа, эхнэр, хүүхдийн хамт БГД-ийн 19 хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 57 байр, 69 тоот орон сууцанд сүүлийн 8-9 жил амьдарч байна. Энэ байрыг анх миний хамгийн том ах Д.Гэрэл нь оросуудыг гарахад авсан ба байрандаа суулгаж байгаад хожим ээжид өгч ээж, ах Болдаа нар хууль ёсны өмчлөгч болсон. Би хамт амьдарч байсан ах Б.Болдаатай таарамжгүй байсны улмаас би гэр бүлтэйгээ аргагүйн эрхэнд хадмынх руугаа явсан. Гэхдээ би ээжтэйгээ байнга холбоотой байж, өөрийн хэрээр тусалдаг байсан. 2007 онд ээж минь “ах Болдаа чинь тусдаа гарсан. Миний хүү одоо ээжийгээ харах болсон, орон гэрээ өөдөн татаж ав” гэж би гэр бүлээрээ нүүн ирж, байранд засвар хийж тохижуулаад, ах эгч нарын хөндий хүйтэн харьцааг өөрчлөх, эв найртай, халуун дулаан уур амьсгалтай, сайхан харьцаатай байлгах гэж өөрийн хэрэндээ зүтгэж баяр ёслолыг далимдуулан тэднийг ээж дээр урьж цуглуулж найр тавьдаг байсан. Ээж маань ч үүнд их баярладаг байсан. Би гэр бүлийн хамт 2007 оноос хойш ээж бурхан болох 2013 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл амьдарсан. Болдаа нь байрны гэрчилгээ, иргэний үнэмлэхний бүртгэл дээр л бүртгэлтэйгээс энэ байранд бидэнтэй хамт амьдардаггүй, 2007 оноос тусдаа гарч, одоо ХУД-ийн 15 хороо, Рапид харш хороолол, 4 байр 26 тоотод амьдардаг. Ээжийг оршуулах ажил явдлын дараа ах, эгч манайд цуглаж том ах Д.Гэрэл энэ байранд отгон дүү намайг байлгана гэхэд тэд бүгд зөвшөөрсөн, эхнэр Д.Байгальд ээжийг минь харж асарч байсанд баярлалаа гэж байсан. Одоо би эхнэр, охины хамт ээжийн байранд амьдарч байна. Ээж бурхан болоод жил өнгөрсний дараа би ээжийнхээ өвийг залгамжлах эрхийн гэрчилгээг авахаар нотариатад очиход ах, эгч нар өв залгамжлах хүсэлт гаргаагүй байсан. Иймд тэднийг өв залгамжлахаас татгалзсан юм байна гэж би ойлгож байна. Хуулиар ч тусдаа амьдарч байсан өвлөгч нар өв нээгдснээс хойш 1 жилийн дотор өв залгамжлах хүсэлт нотариатад гаргаагүй бол өв залгамжлахаас татгалзсан, өвлөх эрхээ алдсан гэж хуульчилсан. Ах Болдаа нь 2007 оноос хойш энэ байранд амьдарч байгаагүй, эзэмдэн авч эрхлэн удирдаагүй тул Иргэний хуульд зааснаар 1 жилийн хугацаанд хүсэлтээ нотариатад гаргах ёстой байсан. Гэтэл ах ээжтэй хамтран өмчилдөг байрныхаа ээжид ноогдох хэсгийг өвлөх хүсэлтээ нотариатад гаргаагүй байсан тул ээжид оногдох хэсгээс татгалзсан гэж үзэж Б.Болдаад холбогдуулан өөрийн төрсөн ээжийн өв хөрөнгө ах хамтран өмчилдөг байсан орон сууцны ээжид оногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох, ахтай хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, ээжийг нас барснаас хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өвийг хүлээн авах талаар өргөдөл гаргаагүй, өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад хандаж гаргаагүй үндэслэлээр орон сууцны ээж Чимэдцэрэнд ноогдох хэсгийг хууль ёсны өвлөгч Б.Болдаа, Дашцэрэнгийн Гэрэл, Даваажавын Гэрэл, Д.Эрдэнэчулуун, Д.Сэлэнгэ, Б.Болдням нар нь өвлөхөөс татгалзсанд тооцуулах нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Б.Болдаагаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ээжтэйгээ БГД, 19 хороо 4 хороолол, 57 байр, 69 тоотод 2009 оныг хүртэл хамт амьдарсан. Дүүгийн эхнэр ээжтэй минь муудалцаад эхнэрээ өмөөрч тангараг тасарлаа гээд 1996 онд явж, 2007 онд ирснийг манай хамаатан, ах, дүү бүгд мэднэ. Тэжээн тэтгэж байгаагүй, би хэрэгцээтэй зүйлээр тусалсан. Ээжийн ажил явдлын дараа бид цуглаж Балдоог энэ байранд амьдруулах талаар ах дүүгээрээ ярьж, өмчлөлийн асуудал дээр би ганцаар байх ёстой гэдгийг ярьж тохирсон. Би өөрөө лизингийн 1 өрөө байранд амьдардаг. Ээжийг минь амьдралынх нь сүүлийн 1 сар бие, сэтгэлийн дарамт дор ядруухан байлгаж насан өөд болгосонд үнэхээр их гомдолтой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гаргахдаа хуульд хэдийгээр хамт амьдарч байсан гэж байгаа ч ээжийг минь хүн ёсоор харж, хандан асарч байсан, ээж минь энэ байрыг хөнд өгөхийг хүсэж байсан, тэр хүний сэтгэл зэргийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БГД-ийн 19 хороо, 57 байр, 69 тоот байр нь ээж К.Чимидцэрэн, дүү Болдаа нарын өмчлөлд байдаг нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр нотлогдоно. Бидний ээж 2013 оны 12 сарын 31-ий өдөр 86 насандаа өөд болсноос хойш бид цуглаад гэр бүлийн хурал хийж, том ахын хувьд би, бүгдэд нь нийцэх шийдвэр гаргаж, энэ байр бол бид бүгдийн өмч учраас өмчлөлийн асуудал шинээр яригдах ёсгүй, ядарсан нэг нь ирж амьдраад орон байртай болоод гардаг журмаа хадгалах, байрны эзэмшигчээр ээжийн хүссэнээр Болдаагийн нэр дээр байх, одоо амьдарч байгаа Балдоо амьдарч байгаад боломжтой байртай болоод тусдаа гарахаар хэлэлцэн тохирсон. Энэ тохироог дүү нарын хэн нь ч зөрчөөгүй, өмчлөгч болох хүсэлт гаргаагүйг далимдуулан Балдоо нь хуулийн хугацаа дуусахыг чимээгүй хүлээж байгаад асуудлыг гаргаж тавьсан нь урдаас төлөвлөж хэний ч санаанд оромгүй сэдлээр өмч хөрөнгө буй болгоход ямар ч хувь нэмэр оруулаагүй хүн ээжийг өөд болсны дараа байрны эзэн суух зорилгоор гуйж хамт амьдарсан болох нь ойлгомжтой боллоо. Ээж минь Балдоотой хамт байх боломжгүй болж амьдралынхаа сүүлийн жил том охин Гэрэлээр асруулж, настай хүний зөн совингоор нас барахаасаа сарын өмнө өөрийн гэртээ ирсэн. Балдоо ээжийг минь асран халамжилж байгаагүй, харин өөрийг нь гэрээс нь өөр газар амьдруулан өөрсдөө гэрт нь байсан. Ээжийг минь насан өөд болоод жил ч болоогүй байхад Балдоо нь Нотариатчдын танхимаас гэрээслэл байгаа эсэх талаар лавлагаа байсан үйлдэл нь анхнаасаа ээжийг минь гэсэн сэтгэл байгаагүй орон байранд санаархаж байсан нь илт байна. Учир нь ээж минь байраа Болдаадаа гэрээслэж байгаа гэж ярьдаг байсан учраас холбогдох байгууллагаас лавлагаа гаргасан нь ойлгомжтой байна. Балдоо сургуулиа төгсөж эхнэр, хүүхдийн хамт ээж болон том дүүгийн хамт амьдарч байгаад эхнэрийг минь загнасан гэж ээжтэй муудалцан, тангараг тасарлаа гээд 1996 онд яваад 2007 онд байранд чинь амьдарья хадмынд хэцүү байна гэж эгч Сэлэнгээр ээжийг ятгуулж эхнэр хүүхдээ дагуулж ирсэн. Ээж надад Балдоо байртай болтлоо тантай түр амьдарья гээд ирлээ яах вэ гэхэд нь зөвшөөрч, наймаачин хүн байртай болоод гарах байлгүй гэснээр Балдоо нь одоо болтол сэтгэл амар, ах, эгч нараасаа ямар ч дарамтгүй амьдарч байгаа. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26.4-т заасны дагуу Балдоо нь гэр бүлийн хамт бүртгүүлж оршин суугч болсон болохоос биш ээжийг асрах зорилгоор болоогүй, тэр үед ээж хүнээр асруулахаар ч байгаагүй, тэнхлүүн байсан. ИХ-ийн 515 дугаар зүйл, 537 дугаар зүйлээр бидний эрх хамгаалагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний ээж, дүү нарын өмчлөлд байдаг байрыг ээжийг нас барснаас хойш Б.Болдаагийн нэр дээр байлгаж, байранд Б.Балдоо болон бидний хэн нэг нь шаардлагатай үедээ ирж амьдарч байхаар ярилцаж, зөвшөөрсөн. Ээж минь амьдралын сүүлийн жилдээ Балдоо, түүний эхнэрийн зан аашаас болж өөрийн гэртээ амьдрах боломжгүй болж өөрийн охин Гэрэлээр асруулан гэрт нь амьдарч, эмнэлэг, сувилалд хэвтэхдээ ч охинтойгоо хэвтдэг байсан. Ээж нас барахаасаа 10-аад хоногийн өөрийн гэртээ очмоор байна гэхэд Балдоо эхнэртэйгээ өрөөнд чинь бараа хураасан байгаа байзнаж байгаад ир гэж байсан. Ээж минь гэртээ хариад 10-д хонохдоо хоол унд муутай, сэтгэлийн дарамттай байж байгаад насан өөд болсонд үр хүүхдүүд бид харамсаж, Балдоод гомдож явдаг. Ээжийн минь гэрт охин Гэрэлийг 1 өрөөнд нь амьдарья гэхэд дургуйцсэн хэрнээ хадам ээж, аав, түүний хүүхдүүдтэй шүүхэд өгч байсан тайлбарууддаа Б.Балдоо нь ажил хийдэггүй, ээжийг минь тэтгэврийн зээл авахуулан амьдралдаа хэрэглэж байсан, байрыг удаа банкны зээлийн барьцаанд тавиулж байсан. Нэхэмжлэгч нь ИХ-ийн 528.1-д зааснаар өөрийгөө өв залгамжлагч, биднийг 528.3-т зааснаар хүсэлт гаргаагүй тул ээжийн байрыг өвлөх боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ээж минь амьдралынхаа сүүлийн нэг жил Б.Балдоотой биш охин Д.Гэрэлтэйгээ амьдарч, асаруулж байсан нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдоно. Жилийн 365 хоногийн 350-иад хоногт нь охинтойгоо, 10 хоногт өөрийн гэртээ сэтгэлийн дарамттай амьдарч байгаад насан өөд болсон учраас хамт амьдарч, асарч байсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч ээжийн минь амьдралын сүүлийн 1 жил цуг амьдарч байгаагүй, ИХ-ийн 528.3-т зааснаар өв хүлээн авах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул байрыг өвлөж авах боломжгүй юм. Б.Балдоо нь ажил төрөл эрхэлдэггүй, наймаа хийдэг ч байнга шүүхээр өр, зээлийн асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа, Балдоо ээжийн минь байрны өмчлөгчөөр тогтоолгох гол зорилго нь байрыг зарж өр төлөх явдал юм. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26,4 заасны дагуу Балдоо нь эхнэр, хүүхдийн бүртгүүлж оршин суугч болсон болохоос биш ээжийгээ асрах зорилгоор оршин суугч болоогүй. Иймд БГД-ийн 19 хороо, 4 хороолол, 57 байр, 69 тоот 3 өрөө байрны өмчлөгч ээж К.Чимидцэрэнд ноогдох хэсгийг түүний 7 хүүхдэд хувь тэнцүүлэн хувиарлан олгуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид бүгдээрээ нэг эхээс төрж өссөн учраас хууль ёсны өв залгамжлагчид гэдэг нь тодорхой. Ээж маань нас барснаар түүний өвлөгдөх эд хөрөнгөд ИХ-ийн 518.1-д зааснаар өв нээгдсэн, орон сууцны хамтран өмчлөгч Б.Болдаа ах тухайн байранд амьдардаггүй, бусад ах, эгч маань тус тусдаа өрх тусгаарласан, би айлын отгон хүү ээжийнхээ гал голомтыг сахиж авч үлдэх ёстой гэдэг үүднээс хандсан. Ээж маань амьд сэрүүн байхдаа гал голомтоо сахиж үлдэх хүн нь чи гэдэг байсан. Би ээжийнхээ өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авч, арчилж хамгаалж, ашиглалтын зардал, төлбөр тооцоог төлж ирсэн. Ээж маань эцэг ондоо ч төрүүлж өсгөсөн 8 хүүхэд бид бүгд ИХ-ийн 520.1-д зааснаар хууль ёсны өвлөгч бөгөөд бусад өвлөгч нараас тэргүүн ээлжинд өвлөх эрхтэйг заасан. Хариуцагч ах, эгч, дүү нар маань маргаан бүхий орон сууцанд намайг орон сууцны гэрчилгээнд нэрээ оруулья гэж гуйхад эсэргүүцэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх гэж шүүхэд хандсан. Хариуцагч ах, эгч, өргөмөл дүү нар маань орон сууцны өвлүүлэгч ээж Чимэдцэрэнд ноогдох хэсгийг өвлөж авах талаар хуульд заасан хугацаанд зохих байгууллагад өргөдөл гаргаж хандаагүй, өвийг хүлээн аваагүй нь өвлөх эрхээ алдсанд тооцогддог тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Балдоо нь хариуцагч Б.Болдаад холбогдуулан эх К.Чимэдцэрэнгээс хуулийн дагуу өвлөгдөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ хангуулах, ногдох хэсгийн хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Дашцэрэнгийн Гэрэл, Даваажавын Гэрэл, Д.Эрдэнэчулуун, Д.Сэлэнгэ, Б.Болдаа, Б.Болдням нарын хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцуулж, тэдгээр нь өмчлөгч эх К.Чимэдцэрэнгийн өмчлөлийн хэсгийг хууль ёсны өв залгамжлагч нарт хувь тэнцүүлэн хувиарлан олгуулах тухай бие даасан шаардлага гаргасан ба гуравдагч этгээдүүдийг нэхэмжлэгч нь хариуцагчаар татсан, бие даасан шаардлагыг сөрөг нэхэмжлэлээр гаргана гэж тайлбарласан тул хүлээн авахаас татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ээж К.Чимэдцэрэнгийн хууль ёсны өвлөгч болох, орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэж өөрчилж, өвлүүлэгчид ноогдох хэсгийг өвлөхөөс татгалзсанд тооцуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн, хариуцагч нар нь орон сууцны өмчлөгч ээж К.Чимэдцэрэнд оногдох хэсгийг түүний 7 хүүхдэд хувь тэнцүүлэн хувиарлан олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

 Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 528.1-д зааснаар

өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарсан тул хууль ёсны өвлөгч болохыг болон орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгоно, ах, эгч нар ээжтэй хамт амьдраагүй, эзэмдэн авч эрхлэн удирдаагүй, өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд хүсэлтээ 528.3-т зааснаар нотариатад гаргаагүй тул хариуцагч нарыг эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсанд тооцуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нар нь ээж амьдралынхаа сүүлийн 1 жил охин Д.Гэрэлтэйгээ амьдарч, асруулж байсан, бидний эрх Иргэний хуулийн 515.1, 537.1-д зааснаар хамгаалагдсан байгаа, бид цуглаад энэ байр бид бүгдийн өмч тул өмчлөлийн асуудал яригдахгүй, ядарсан нь орон байртай болтлоо амьдрах журмаа хадгалах, байр Болдаагийн нэр дээр байх, Балдоо байртай болоод тусдаа гарахаар тохирсныг хэн нь ч зөрчөөгүй, хүсэлт гаргаагүйг далимдуулж байх тул 7 хүүхдэд хувь тэнцүүлэн хувиарлан олгуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргав. 

 

Өвлүүлэгч К.Чимэдцэрэн нь 7 хүүхэд төрүүлж өсгөсөн байх бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нас барсан болох нь Нас барсны гэрчилгээ, Төрөл садангийн Лавлагаагаар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр зохицуулсан ба К.Чимэдцэрэн нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006219 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 19 хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 57 байр, 69 тоотод орон сууцыг хүү Б.Болдаагийн хамтран өмчилж байсан байна.

 

Энэхүү үл хөдлөх хөрөнгийн К.Чимэдцэрэнд оногдох хувь нь өвлөгдөх эд хөрөнгө байх бөгөөд түүний хүүхдүүд болох Дашцэрэнгийн Гэрэл, Даваажавын Гэрэл, Даваажавын Эрдэнэчулуун, Даваажавын Сэлэнгэ, Бямбаагийн Болдаа, Бямбаагийн Болдням, Бямбаагийн Балдоо нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өв залгамжлагч бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзах тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол өв хүлээн авсан гэх бөгөөд нэхэмжлэгч Б.Балдоо өвлүүлэгчтэй 2007 оноос хойш хамт амьдарсан, өв хүлээн авахаас татгалзах талаар хүсэлтээ гаргаагүй болох нь зохигчийн тайлбар, хорооны тодорхойлолт, Хүн амын бүртгэлийн дэвтэр, Монголын нотариатчдын танхимын 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 13 тоот албан бичиг зэргийн баримтуудаар нотлогдож байх тул түүнийг өв хүлээн авсан гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Балдоог Баянгол дүүрэг 19 хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 57 байр, 69 тоот орон сууцны К.Чимэдцэрэнд оногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 96 дугаар 96.2-т өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжинэ гэж заасан ба нэхэмжлэгч Б.Балдоог хууль ёсны өвлөгчөөр тогтоосноор өвлүүлэгч К.Чимэдцэрэнгийн орон сууцыг хамтран өмчлөх эрх нь өвлөгчид шилжиж, Б.Балдоо нь дээрх орон сууцыг Б.Болдаатай хамтран өмчлөх эрхтэй болох нь тогтоогдлоо. 

 

Харин бусад хууль ёсны өвлөгчид нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариатад буюу Засаг даргад өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзнэ гэжээ.

 

Тухайн тохиолдолд бусад хууль ёсны өвлөгч болох Даш.Гэрэл, Дав.Гэрэл, Д.Эрдэнэчулуун, Д.Сэлэнгэ, Б.Болдаа, Б.Болдням нар дээрх хугацаанд эд хөрөнгийг эзэмдэн авсан эсхүл эрх бүхий этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй буюу өөрөөр хэлбэл хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзалтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд өвлөгч гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзана” гэж заасан тул хууль ёсны өвлөгч Даш.Гэрэл, Дав.Гэрэл, Д.Эрдэнэчулуун, Д.Сэлэнгэ, Б.Болдням, Б.Болдаа нар нь үл хөдлөх хөрөнгийн К.Чимэдцэрэнд оногдох хэсгийг өвлөхөөс татгалзсанд тооцуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар хэдийгээр Иргэний хуулийн 537 дугаар зүйлийн 537.1-д зааснаар бидний эрх хамгаалагдсан гэж тайлбарлах ч уг заалтаар өв нээгдсэн газар өвлөгч байхгүй тохиолдолд өв нээгдсэн газрын нотариат, хэрэв нотариат байхгүй нөхцөлд Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгчийн ашиг сонирхлын үүднээс, эсхүл өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчийн ашиг сонирхлын үүднээс, эсхүл төрийн ашиг сонирхлын үүднээс эзэнгүй өвлөгдөх эрх хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах зохицуулалт нь энэхүү маргаанд хамааралгүй байна.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвөлчид шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Учир нь хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн өв хүлээн авах хугацааг сунгах талаар хүсэлтийг шүүхэд гаргаагүйг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн тул орон сууцыг Б.Болдаатай хамтран өмчлөгч К.Чимэдцэрэнд оногдох хэсгийг түүний 7 хүүхдэд хувь тэнцүүлэн хувиарлан олгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.3-д зааснаар /РД:ХЖ71050673/ Даржаа овогтой Бямбаагийн Балдоог Баянгол дүүрэг 19 хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 57 байр, 69 тоот орон сууцны өвлүүлэгч К.Чимэдцэрэнд оногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг болон орон сууцыг Б.Болдаатай хамтран өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоож, бусад хууль ёсны өвлөгч болох Даш.Гэрэл, Дав.Гэрэл, Д.Эрдэнэчулуун, Д.Сэлэнгэ, Б.Болдаа, Б.Болдням нарыг өвлүүлэгчид оногдох хэсгийг өвлөхөөс татгалзсанд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 52.2, 528.3-т заасныг баримтлан хариуцагч /РД:УХ67072219/ Дархад овогтой Бямбаагийн Болдаа, /РД:ЧК50080811/ Гөрөөчсартуул овогтой Дашцэрэнгийн Гэрэл, /РД:ЧР52041768/ Гөрөөчсартуул овогтой Даваажавын Гэрэл, /РД:ТЕ58010477/ Сартуул овогтой Даваажавын Эрдэнэчулуун, /РД:УХ60050807/ Гөрөөчин овогтой Даваажавын Сэлэнгэ, /РД:ХЖ70021577/ Боржигин овогтой Бямбаагийн Болдням нарын орон сууцнаас өмчлөгч ээж К.Чимэдцэрэнд оногдох хэсгийг түүний 7 хүүхдэд хувь тэнцүүлэн хувиарлан олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ