Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/408

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Г.Б- түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан   Б-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905002010440 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо ... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудалд ир гэн Н.М-ийг “эмэгтэй дүүтэйгээ гар утсаар чинь яриад өгье” гэ хэлж, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Н.М-ийн эзэмшлийн Samsung edge 7 маркийн гар утсыг залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Б- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, яллах дүгнэлтэд үнэн зөв  байх тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлосон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч  Н.М-ийн “Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найз Идэржавхлан болон Саруулсайхан нарын хамт ах Хантайжийн ажиллуулдаг караокед 20 цагийн үед очоод ахдаа туслаж байж байгаад бид нар 01 цагийн үед уг караокеноос гараад Баянгол дүүргийн 6 дугаар бичил хорооллын Эрхэс нэртэй зочид буудалд хоёр ортой өрөө хоногоор аваад тэндээ амарцгаасан юм. Тэгээд бид нар маргааш өглөө нь 06 цагийн 50 минутын үед манай найз эмэгтэй Цэцэгбаяр уг буудалд ирээд уг буудлын ресепшингээс гоймон авахаар бид хоёр явж байтал хажуунаас нэг танихгүй залуу “нэг эмэгтэй дүүтэйгээ гар утсаар чинь ярьчихаад өгье” гэхээр нь би гар утсаа гаргаж өгөөд яриулж байгаад ресепшингээс гоймонгийн ус авахаар зогсож байтал ард миний утсаар ярьж байсан залуу алга болчихоор нь ойр хавьд хайж шалгахад алга болчихсон байсан. Тэгээд би өөрийн утас руу найз эмэгтэй Цэцэгбаярын гар утаснаас залгаж ярихад Өргөө дээр эмэгтэй дүүгээ тосож авах гэж байна, удахгүй очоод гар утсыг нь буцаагаад өгчихнө гэхээр нь би араас нь эмэгтэй найз нарын хамт Өргөөгийн буудал дээр очиход байхгүй болчихсон, миний гар утас холбогдохоо больчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм.

          ... Би 2018 оны 05 дугаар сард Теди төвийн 2 дугаар давхарын гар утасны  худалдааны төвөөс 450.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

          Гэрч Э.Зундуйгийн “... найз Б-гийн  хамт би хойшоо бичил хороолол орж “Кастель” нэртэй баарны урд талд байрлах “Мини” нэртэй зочид буудалд нэг ортой өрөө авч амарцгаасан юм. Тэгтэл амарч байх хугацаанд  манай найз Б- нь тамхилчихаад ирье гээд гарч ороод л байсан. Би ч унтаад өглөө нь сэрээд 11 цагийн үед буудлаас цуг гараад Гандангийн автобусны буудал руу алхаад тэндээсээ би микронд сууж гэртээ харьцгаасан юм.

          ... Энэ хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай найз Б- нь миний өвлийн үстэй бор өнгийн куртикыг өмсчихсөн байна. Шөнө нь гарч яваад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

          Гэрч О.Саруулсайханы “... Тийм бид хоёр хамт явж байсан. Тэр өдөр би болон М-, манай найз Идэржавхлан нар хамтдаа явж байгаад хороололд “Эрхэс” нэртэй зочид буудалд хоносон юм. Тухайн үед Цэцэгбаяр буудалд байхад дараа нь ирсэн. Бид гурвыг буудалд байж байхад Цэцэгбаяр ирж байна гэхээр нь М- түүнийг тосох гэж гараад буцаад өрөөнд орж ирэхдээ “утсаар хүн ярьчихаад өгье гээд алга болчихлоо” гэсэн. Тухайн үед М-, Идэржавхлан хоёр тэр залууг тэр хавьд хайсан боловч олдоогүй. Тэгээд Цэцэгбаярын утсаар М-ийн утас руу залгахад “Өргөө дээр байна, хүрч ирээд авчих” гэж хэлсэн гэсэн. Тухайн үед М- өөрөө ярьсан. Тэгээд түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

          Гэрч У.Цэцэгбаярын “Би тухайн өдөр М-тай уулзсан. ... Тухайн үед би буудал руу дөхөж очоод М- руу залгаад буудлын гаднаас тосоод ав гэж хэлсэн. Тэгээд удалгүй би буудлын гадаа ирэхэд М- намайг тосч авсан. Тэгээд бид хамтдаа буудал орсон. Намайг буудалд ороход М- хоёр найзын хамтаар уусан байсан.

          ... Тухайн үед намайг тосч авахад Тайжтай хамт түүний гар утсыг залилж авч явсан залуу буудалд байж байсан. Тэр залуу Тайжтай нэг өрөөнд бол хамт  байгаагүй. Тухайн үед тэр залуу Тайжийн гар утсыг аваад яваад байсан. Тэр залуу Тайжаас утсыг нь гуйж авахдаа “утсаар чинь эмэгтэй дүүтэйгээ ганц ярьчихъя, санаа зовоод байна” гэж хэлээд авсан гэсэн. Намайг буудалд очиход тэр залуу  буудалд байсан. Тэгээд буудалд байж байгаад гэнэт алга болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

          “Самсунг галакси эс-7” гар утсыг 350,000  төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний Үнэлгээний ТХҮ719/004 дугаартай дүгнэлт. /хэргийн 25-26 дугаар хуудас/

         

          Г.Б-гийн яллагдагчаар өгсөн “... Тухайн үед буудлын ресепшин дээр нэг залуу байж байхаар нь утсыг нь гуйгаад хажууд нь яриад байж байсан. Тэгсэн чинь нэг мэдсэн тэр залуу байхгүй болчихсон байхаар нь би утсаар нь яриад гадагшаа гарсан. Тухайн үед гадагшаа гарчихаад эргэж тэр буудал руу ороогүй. Өөрийнхөө орсон буудал руу орж ирээд буудалдаа хоносон. Тухайн үед би тэр залуугийн утсыг өгөхөө мартаад шууд халаасандаа хийгээд өрөөндөө орж амарсан.

          ... Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би дахин ийм зүйл хийхгүй. Шударга байх болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Г.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Н.М-ийн “Н.М- миний бие нь Б-гээс хохирлын хэмжээ 350.000 төгрөгийг хүлээн авч хохирлоо барагдуулсан. Сайн дураар эвлэрсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй тул гомдол санал байхгүй учир шүүхийн шийдвэрийн хариуг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 81 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 705 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 705.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.Б-г 705 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 705.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г.Б- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Г.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ