| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0581/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/581 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 12.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/581
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан;
-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0401 40512 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Б.П нь Монгол Улсын иргэн, .........ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс шийтгэх тогтоолы биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан (РД:.................).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Б.П нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “555” нэртэй зочид буудлын 3 давхрын өрөөнд насанд хүрээгүй Т.Гоёчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан; -мөн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “555” нэртэй зочид буудлын 3 давхрын өрөөнд Т.Гоёчимэгийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 21-ний шөнө “555” нэртэй зочид буудалд Алтаншагай, Билгүүн, Нармандах, Гоёчимэг, Буяндэлгэр нарын хамт орж хоёр өрөө авсан. 3 давхарт нь ууж байгаад Алтаншагай, Нармандах хоёр доошоо бууж унтахаар явсан. Буяндэлгэр, Билгүүн, Гоёчимэг бид дөрөв үлдээд ууж байгаад хоорондоо хэрэлдсэн. Гоёчимэг зиндаархуу, ядуу гэх зэрэг сонин сонин юм яриад манай хоёр найз болон надтай хэрэлдээд байхаар нь би түүнийг хоёр удаа алгадсан. Надад түүнийг хүчиндэхийг завдсан зүйл байхгүй. Тэгээд Алтаншагай, Нармандах нар орж ирээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0401 40512 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Т.Гоёчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Намуун караокед найз Нармандахын хамт байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Нармандахын найз Алтаншагайгийн төрсөн өдөр нь байгаа гэж хэлээд намайг дагуулан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг нэрийг нь мэдэхгүй караокед ирсэн. Тэгээд Алтаншагайгийн найзууд гэх Баадай буюу Б.Б.П, Буянаа, Бэкү гэх хүүхдүүд байсан. Бид нар караокед пиво ууж байгаад би Баадай, Буянаа, Билгүүнээ, Нармандах, Алтаншагай нарын хамт зочид буудалд орж амрахаар болсон. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “555” нэртэй зочид буудлын 2 давхар 3 давхарт тус тус 2 өрөө аваад орсон. Тэгээд би “555” зочид буудлын 3 давхарт Баадайтай хамт орсон. Тэгээд байж байтал Буянаа, Билгүүн нар хоёр давхар руу бууж Алтаншагай, Нармандах хоёр руу очлоо гээд явсан. Би буудлын орон дээр унтаж байсан чинь буудлын өрөөнд хамт байсан Баадай миний дээр гараад миний дотоожийг тайлах гээд оролдохоор нь би чи яаж байгаа юм бэ гэж хэлээд Баадайг цааш түлхсэн чинь баруун гараараа миний зүүн нүдэнд 2 удаа маш хүчтэй цохисон. Тэгээд би хэсэг зуур ухаан балартсан. Намайг ухаан балартсаны дараа дахиж миний дотоожийг тайлах гээд дайрсан. Тэгэхээр нь би цааш түлхээд өөрөө орон дээрээс боссон. Миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгтэл 2 давхараас Алтаншагай гүйж ирээд юу болоод байгаа юм бэ гэж хэлээд ороод ирсэн. Би Алтаншагай, Баадай, Буянаа, Нармандах, Билгүүн нарын хамт Гэмтлийн эмнэлэг рүү үзүүлэхээр явсан. Би Баадай гэх хүнийг таньж мэдэхгүй, түүнтэй ямар ч харилцаа холбоо байхгүй. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Нармандахын найз Алтаншагайгийн төрсөн өдөр дээр танилцсан. Алтаншагайгийн найз Баадай гэх залуу миний дотоожийг тайлах гэж дайраад намайг хүчиндэх гээд байхаар нь би чи яах байгаа юм бэ гэж хэлээд цааш түлхсэн. Тэгтэл Баадай гэх залуу баруун гараараа миний зүүн нүдэнд маш хүчтэй 2 удаа цохисон. Тэгээд намайг хэсэг зуур ухаан балартсаны дараа дахиж миний дотоожийг тайлах гэж байхаар нь би сэрээд дахин цааш Баадайг түлхэхэд намайг дахиж хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн 10358 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүдийг Баадай намайг гараараа цохиж учруулсан. Намайг Баадай ганцаараа зодож миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед Баадай надтай бэлгийн ажил хийх гэхээр нь би эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд уурандаа намайг зодсон байх гэж бодож байна. Би Баадай гэх залуутай бэлгийн харьцаанд ороогүй. Тухайн үед Баадай надтай бэлгийн харьцаанд орох гээд байсан. Тэгээд миний хувцасыг тайлах гээд байсан. Баадай миний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж миний эрх чөлөөнд халдаж миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед Алтаншагай, Билгүүн, Нармандах, Буянаа нар буудлын 2 давхарын өрөөнд хамт байсан. Баадай бид хоёроос өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Намайг зодсон Баадайд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
2. Гэрч Б.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би найз Буяндэлгэр, Б.Б.П нарын хамт 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол ЭСАР караокед байж байсан чинь зүс таних Нармандах гэдэг охин над руу залгаад “хаана байгаа юм бэ, би гадуур архи ууж байна, хүрээд ир” гэхээр нь “би бас найз нартайгаа явж байна чи өөрөө хүрээд ир” гэсэн чинь Гоёчимэгийн хамт ирсэн. Удаагүй манай найз Б.Б.П танил найз Билгүүн гэх охиныг дуудсан. Билгүүн ирсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эсар” караокед дуу дуулж байгаад 2018 оны 8 дугаар сарын 23-ны шөнийн 03 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “555 “ зочид буудалд 2 өрөө авсан. Зочид буудлын ресепшнээс хоёр зэргэлдээ өрөө байна уу гэж асуухад байхгүй сул хүнгүй өрөө 2 болон 3 давхарт байгаа гэхээр нь би найз Нармандахын хамт буудлын 2 давхарт, манай найзууд буудлын 3 давхрын өрөөнд хоносон. Өглөөний 09 цагийн үед манай найз Буяндэлгэр, Билгүүнээ хоёр манай өрөөнд орж ирээд найзаа нөгөө хоёр чинь хоорондоо зодолдоод байна чи хурдан оч гэхээр нь би яваад очиход Гоёчимэг орон дээр хамраас нь цус гарсан байдалтай уйлаад сууж байсан. Харин найз Б.Б.П Гоёчимэгийг чи намайг эхэлж цохисон биз дээ гэж хэлээд бас хажууд нь маргалдаад сууж байсан. Тэгээд Гоёчимэгийг чиний нүд хавдсан байна, гэмтлийн эмнэлэг орж үзүүлэх үү гэсэн. Манай найз Б.Б.П 555 зочид буудлын 3 давхарт Буяндэлгэр, Гоёчимэг, Билгүүн нарын хамт хоносон. Манай найз Б.Б.П Гоёчимэгийг зодсон. Өрөөнд нь ороход Гоёчимэгийн хамраас цус гарсан, зүүн нүд нь хавдсан уйлаад орон дээр сууж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18- 19 дүгээр тал/,
3. Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна найз Гоёчимэгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг нэрийг нь санахгүй караокед найз Алтаншагайгийн төрсөн өдөр болж байна гэхээр нь очсон. Тэгээд караокед Алтаншагайн найз Баадай буюу Б.Б.П, Билгүүн, Буяндэлгэр нартай танилцсан. Алтаншагай, Б.Б.П хоёр зочид буудал орж бүгдээрээ амрах уу гэж хэлээд бид хэдийг дагуулан явсан. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “555” нэртэй зочид буудалд хоёр давхарт нэг өрөө, гурван давхарт нэг өрөө аваад би найз Алтаншагайгийн хамт тус буудлын 2 давхарын өрөөнд орсон. Б.Б.П, Гоёчимэг, Билгүүн, Буяндэлгэр нар буудлын 3 давхарт авсан өрөөнд орсон. Шөнө 02 цагийн үед санагдаж байна Билгүүн, Буяндэлгэр хоёр Алтаншагай бид хоёрын орсон өрөөнд ирээд Б.Б.П, Гоёчимэг хоёр хоорондоо хэрэлдээд Б.Б.П, Гоёчимэгийн нүүр рүү нь цохиод хамраас нь цус гарсан гэж хэлсэн. Алтаншагай шууд гараад Б.Б.П, Гоёчимэг хоёрын байсан өрөөнд очсон. Би араас нь хувцсаа өмсөөд өрөөнд ороод найз Гоёчимэгээс юу болсон талаар асуухад “Б.Б.П намайг оролдоод байхаар нь би эсэргүүцсэн чинь нүүр рүү гараараа цохисон” гэж хэлсэн. Түүний хамраас цус гарсан уйлаад байж байсан. Тэгээд шууд Гоёчимэгийг дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү дагуулан очоод эмчид үзүүлсэн. Удаагүй Гоёчимэгийн ээж нь ирээд Гоёчимэгийг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар тал/ ,
4. Гэрч У.Цэвэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед манай охин Гоёчимэг над руу залгаад “ээжээ би хүнд зодуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний охин хаана байгаа юм бэ, хэнд зодуулсан юм бэ” гэж асуухад охин “ээжээ би Гэмтлийн эмнэлэг дээр байна” гэхээр нь шууд Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Миний охин ганцаараа Гэмтлийн эмнэлгийн коридорт сууж байсан. Би охинтойгоо хамт эмнэлгээр явж байгаад эмчид үзүүлж дуусаад дараа нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан. Тухайн үед намайг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очих үед миний охины зүүн нүд нь улайж хавдсан, хөхөрсөн, хамраас нь цус гарсан уйлсан байдалтай байсан. Би охиноосоо юу болсон талаар асуухад “би хэдэн найзуудтайгаа зочид буудалд хонож байсан чинь нэг найзыг нь дагаж ирсэн залуу хүчиндэх гээд оролдоод байхаар нь эсэргүүцээд зодуулсан” гэж байсан. Тухайн үед миний охин Гоёчимэг хүнд зодуулсныхаа дараа компьютер томографийн зураг авахуулсан, өвчин намдаах эм авсан. Тухайн үед баримтыг нь аваагүй. Би охин Гоёчимэгийн эмчилгээний зардалтай холбогдуулан нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дугаар тал/,
5. Гэрч О.Болорчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагаас 22-ны өдрийн 12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “555” нэртэй зочид буудалд ажилтай байсан. Би 2018 оны 4 дүгээр сараас эхлэн одоог хүртэл ресепшнээр ажиллаж байна. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагаас 22-ны өдрийг хүртэл үйлчлүүлсэн хүмүүсийн бүртгэл нь байна. Тэр өдөр 3 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүс хамт явж байгаад өглөөний 09 цагийн үед гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,
6. Шүүгдэгч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд: 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр найз Алтаншагайн төрсөн өдрийг тэмдэглээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед найз Буянаа, Шаагаа, Билгүүн нарын хамт байж байхад Алтаншагайгийн найз Нармандахыг дагаад нэг охин ирсэн, өөрийгөө Гоёчимэг гэж танилцуулсан. Бид архи, пиво ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “555” нэртэй зочид буудалд 3 давхарт хоёр ортой өрөө аваад тэндээ архи, пиво ууж байсан чинь манай найз Алтаншагай Нармандах хоёр өөр тусдаа өрөө авсан. Тус буудлын 2 давхар руу буусан. Тэгээд буудлын 2 давхарт би, Гоёчимэг, Буянаа, Билгүүн нартай үлдээд архи, пиво ууж байгаад Гоёчимэгтэй маргалдаж, зүүн шанаанд нь нэг удаа баруун гараараа алгадсан. Тэгтэл Гоёчимэгийн хамраас цус гараад байсан. Буянаа, Билгүүн хоёр намайг салгаад найз Алтаншагайг хоёр давхраас дуудаад буудлын 2 давхарт юм ярилцаж байгаад Гоёчимэгийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр болсон. Тухайн үед Гоёчимэгийн зүүн нүдний шанааны дээд хэсэгт улайж хавдсан байсан. Удаагүй Гоёчимэгийн ээж ирсэн. Би Гоёчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүчиндэхийг завдаж хүч хэрэглэсэн үйлдэл огт хийгээгүй. Миний үгийг мушгиж, надаас хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би цохисон юм. Гоёчимэгийн зүүн шанаанд 1-2 удаа өөрийнхөө баруун гараараа цохисон. Гоёчимэгийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, гайморовын хөндийн цөмөрсөн, хоншоор ясны их бие, хоншоор ясны духны сэртэн, хамар ясны нийлмэл хугаралууд, баруун хөх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаа, эрүүний зүүн хажуу хэсэг, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон гэмтлүүдийг Гоёчимэгийн биед би гараараа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10358 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Баруун хөхний дээр 5х5 см, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаа, эрүүгийн зүүн хажуу хэсэг нэлэнхүйдээ хавдартай, улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн нүд анигдсан, баруун шууны гадна доор 3х3 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. “Натур эмнэлэг”-ийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны толгойн компьютер томографийн шинжилгээнд: Зүүн талын нүдний ухархайн дотор хананд зөрүүтэй, ухархайн доод хана 1х2 см өргөн хэсэгт доош гайморовын хөндий рүү 0.4 см гүн хэмжээтэй цөмөрсөн тус тус хугаралуудтай, мөн хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд хананд зөрүүтэй, арын хананд 1.0 см орчим өргөн хэсэгт 0.4 см гүн цөмөрсөн, хоншоор ясны духны сэртэнд зөрүүгүй тус тус хугаралуудтай. Үүний улмаас зүүн талын этмойд хөндий болон 2 талын гайморовын хөндийд +66HU нягтралтай шингэнтэй ба агааржилт буурсан. ...Хамар ясны зүүн хажуу хана зөрүүтэй хугаралтай, салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш мурийлттай. Зүүн нүд хацар болон шанаа орчмын зөөлөн эдэд хаван хавдартай бөгөөд хий тодорхойлогдоно. /эмч С.Мөнхбаатар/ ДҮГНЭЛТ: -Т.Гоёчимэгийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, гайморовын хөндийн цөмөрсөн, хоншоор ясны их бие, хоншоор ясны духны сэртэн, хамар ясны нийлмэл хугаралууд, баруун хөх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаа, эрүүний зүүн хажуу хэсэг, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч Н.Туяа/...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26- 27 дугаар тал/,
8. “555” зочид буудлын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тооцооны хуудсын хуулбар /хавтаст хэргийн 94 дүгээр тал/,
9.Хохирогч Т.Гоёчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дугаар тал/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр тал/, хохирогч Т.Гоёчимэгийн “эмчилгээний зардалтай холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй, санал гомдол байхгүй” гэх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 95 дугаар тал/,
10. Шүүгдэгч Б.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, түүний нэр дээр нь тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 37 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, түүний урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
1. Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ ”...шүүгдэгч Б.П хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ зөвшөөрч, харин хүчиндэхийг завдсан гэх үйлдлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч насанд хүрээгүй хохирогч Т.Гоёчимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, хохирогчид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүнийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцож гаргасан дүгнэлтдээ “би хохирогчийг хүчиндэх гэж оролдоогүй. Харин түүнийг цохисон нь үнэн” гэж мэтгэлцэв. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Пын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: 2018 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө шүүгдэгч, хохирогч нар нь бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар тэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “555” нэртэй зочид буудалд орж үргэлжлүүлэн согтууруулах ундаа хэрэглэсэн, шүүгдэгч Б.П, хохирогч Т.Гоёчимэг нар нь нэг өрөөнд орсон байх ба, шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ арван найман насанд хүрээгүй хохирогч Т.Гоёчимэгийг унтаж байхад хохирогчийн дээр гарч, өмдийг нь тайлах гэж оролдсон буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан; -мөн хүчиндэхийг завдах явцдаа хохирогчийн эсэргүүцлийг дарах зорилгоор Т.Гоёчимэгийн нүүрэн тус газар гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хана, гайморовын хөндийн цөмөрсөн, хоншоор ясны их бие, хоншоор ясны духны сэртэн, хамар ясны нийлмэл хугаралууд, баруун хөх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаа, эрүүний зүүн хажуу хэсэг, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан болох нь: -хохирогч Т.Гоёчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “555” нэртэй зочид буудлын 2 давхар 3 давхарт тус тус 2 өрөө аваад орсон. ...би зочид буудлын 3 давхарт Баадайтай хамт орсон. ...Би буудлын орон дээр унтаж байсан чинь буудлын өрөөнд хамт байсан Баадай миний дээр гараад миний дотоожийг тайлах гээд оролдохоор нь би чи яаж байгаа юм бэ гэж хэлээд Баадайг цааш түлхсэн чинь баруун гараараа миний зүүн нүдэнд 2 удаа маш хүчтэй цохисон. Тэгээд би хэсэг зуур ухаан балартсан. Намайг ухаан балартсаны дараа дахиж миний дотоожийг тайлах гээд дайрсан. Тэгэхээр нь би цааш түлхээд өөрөө орон дээрээс боссон. Миний хамраас цус гараад тогтохгүй байсан. ...Баадай гэх залуу миний дотоожийг тайлах гэж дайраад намайг хүчиндэх гээд байхаар нь би чи яах байгаа юм бэ гэж хэлээд цааш түлхсэн. ...дахиж миний дотоожийг тайлах гэж байхаар нь би сэрээд дахин цааш Баадайг түлхэхэд намайг дахиж хэдэн удаа цохисон. ...гэмтлүүдийг Баадай намайг гараараа цохиж учруулсан. ...Тухайн үед Баадай надтай бэлгийн ажил хийх гэхээр нь би эсэргүүцэл үзүүлсэн. ...Тухайн үед Баадай надтай бэлгийн харьцаанд орох гээд байсан. Тэгээд миний хувцасыг тайлах гээд байсан. Баадай миний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж миний эрх чөлөөнд халдаж миний биед гэмтэл учруулсан. ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, -гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “555” нэртэй зочид буудалд хоёр давхарт нэг өрөө, гурван давхарт нэг өрөө аваад би найз Алтаншагайгийн хамт тус буудлын 2 давхарын өрөөнд орсон. Б.Б.П, Гоёчимэг, Билгүүн, Буяндэлгэр нар буудлын 3 давхарт авсан өрөөнд орсон. Шөнө 02 цагийн үед Билгүүн, Буяндэлгэр хоёр Алтаншагай бид хоёрын өрөөнд ирээд Б.Б.П, Гоёчимэг хоёр хоорондоо хэрэлдээд Б.Б.П, Гоёчимэгийн нүүр рүү нь цохиод хамраас нь цус гарсан гэж хэлсэн. ...өрөөнд нь ороод найз Гоёчимэгээс юу болсон талаар асуухад “Б.Б.П намайг оролдоод байхаар нь би эсэргүүцсэн чинь нүүр рүү гараараа цохисон” гэж хэлсэн. Түүний хамраас цус гарсан уйлаад байж байсан. ...Удаагүй Гоёчимэгийн ээж нь ирээд Гоёчимэгийг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар тал/ ,
-гэрч У.Цэвэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед манай охин Гоёчимэг над руу залгаад “ээжээ би хүнд зодуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний охин хаана байгаа юм бэ, хэнд зодуулсан юм бэ” гэж асуухад охин “ээжээ би Гэмтлийн эмнэлэг дээр байна” гэхээр нь очсон. ...Тухайн үед намайг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очих үед миний охины зүүн нүд нь улайж хавдсан, хөхөрсөн, хамраас нь цус гарсан уйлсан байдалтай байсан. Би охиноосоо юу болсон талаар асуухад “би хэдэн найзуудтайгаа зочид буудалд хонож байсан чинь нэг найзыг нь дагаж ирсэн залуу хүчиндэх гээд оролдоод байхаар нь эсэргүүцээд зодуулсан” гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дугаар тал/, -гэрч Б.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “555 “ зочид буудалд 2 өрөө авсан. Өглөөний 09 цагийн үед манай найз Буяндэлгэр, Билгүүнээ хоёр манай өрөөнд орж ирээд найзаа нөгөө хоёр чинь хоорондоо зодолдоод байна чи хурдан оч гэхээр нь би яваад очиход Гоёчимэг орон дээр хамраас нь цус гарсан байдалтай уйлаад сууж байсан. Гоёчимэгт нүд чинь хавдсан байна, гэмтлийн эмнэлэг орж үзүүлэх үү гэсэн. ...Манай найз Б.Б.П Гоёчимэгийг зодсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/, -Шүүгдэгч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр найз Алтаншагайн төрсөн өдрийг тэмдэглээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед найз Буянаа, Шаагаа, Билгүүн нарын хамт байж байхад Алтаншагайгийн найз Нармандахыг дагаад нэг охин ирсэн, өөрийгөө Гоёчимэг гэж танилцуулсан. Бид архи, пиво ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “555” нэртэй зочид буудалд 3 давхарт хоёр ортой өрөө аваад тэндээ архи, пиво ууж байсан чинь манай найз Алтаншагай Нармандах хоёр өөр тусдаа өрөө авсан. ...буудлын 2 давхарт би, Гоёчимэг, Буянаа, Билгүүн нартай үлдээд архи, пиво ууж байгаад Гоёчимэгтэй маргалдаж, зүүн шанаанд нь нэг удаа баруун гараараа алгадсан. Тэгтэл Гоёчимэгийн хамраас цус гараад байсан. ...Тухайн үед Гоёчимэгийн зүүн нүдний шанааны дээд хэсэгт улайж хавдсан байсан. Удаагүй Гоёчимэгийн ээж ирсэн. Гоёчимэгийн биед гэмтэл тогтоогдсон гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10358 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/, хохирогч Т.Гоёчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дугаар тал/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгч Б.П нь хохирогч Т.Гоёчимэгийн хүчиндэхийг завдах үйлдэл хийгээгүй гэж маргах боловч шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, нөгөө талаас шүүгдэгч нь маргаж буй үндэслэлийг нотолсон баримтгүй, түүний мэдүүлэг хэрэгт цугларсан бусад баримтаар үгүйсгэгдэж байна. Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр хурьцал үйлдэхийг хэлэх ба, хүч хэрэглэж хурьцал үйлдэх нь хохирогчийн биед гэмтэл учруулах, боох, цохих, зодох гэх мэт бусад арга хэлбэрийг ойлгох бөгөөд тус гэмт хэргийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал юм. Тус хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.П нь хохирогч Т.Гоёчимэгийн нүүрэнд цохих зэргээр хүч хэрэглэж хүчиндэхийг завдаж, уг хүч хэрэглэсэн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь, гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатай үйлдлээр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хохирогч Т.Гоёчимэг нь 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 17 нас 10 сар 11 хоногтой байсан буюу арван найман насанд хүрээгүй байсан байна. Түүнчлэн шүүгдэгч Б.П нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтучруулсан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Иймд улсын ялллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Пыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан; мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Т.Гоёчимэг нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэгт ирүүлсэн хүсэлт /хавтаст хэргийн 95 дугаар тал/-дээ эмчилгээний зардалтай холбогдуулан нэхэмжлэл гаргахгүй, санал гомдол байхгүй” гэснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, 75 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж түүний биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэлэх санал байхгүй гэх тайлбарыг гаргасан. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.П нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс шийтгэх тогтоолы биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялаар, хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.П нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй. Мөн хохирогч Т.Гоёчимэгт шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэхэд оролцохгүй гэж мэдэгдсэнийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б.Пыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан; -мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял; -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Пын биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 (нэг) жил 2 (хоёр) сар 15 (арван тав) хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пт оногдуулсан 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Т.Гоёчимэг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Пт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА