Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0011/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1918005390535 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн ..... сумын ..... багийн ..... гэх газарт 00-00 СЭЗ улсын дугаартай “YINGANG” загварын мотоцикл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1а, 7а, 12 дугаар бүлгийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Т.Бнын эрүүл мэндэд баруун тавхайн 4, 5 дугаар хурууны ил хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Бы өгсөн: Хохирогчтой олон жил уулзаагүй. Тэгээд 2.5 литрийн шар айраг 2-ыг уусан. Хохирогч хүн амьтантай уулзмаар байна, гар утасны сүлжээтэй газар хүргээд өг гээд гуйхаар нь түүнийг дөхүүлж өгөх санаатай явж байгаад ийм байдалд хүрсэн. Хохирогч надаас эмчилгээний зардал нэхэмжлээгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Т.Бнын өгсөн: ...Б бид 2 нэг шар айраг хувааж уугаад унтах гэж байхад Б “ийшээ яваад гар утсандаа сүлжээ оруулаад утсаар ярьчхаад ирье” гэхээр нь би мотоциклынх нь ард суугаад хамт явсан. Уулын орой дээр гараад Б утсаар ярьчхаад “төв ороод найзтайгаа уулзъя, хоёулаа цуг явъя” гэхээр нь би дагаад явсан. Тэгээд уулнаас маш хурдтай уруудаад явж байгаад онхолдсон гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Г.Гын өгсөн: ...С гэх хүний “манай гэрийн хажууд мотоцикл осолдчихлоо” гэх дуудлагын дагуу Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн эмч болон жолоочийн хамт осол болсон газарт очсон. Тэгтэл осол болсон гэх уулын доод хэсэгт 20 орчим насны нэг залуу ухаангүй, нэлээн их согтолттой, хажууд нь мотоцикл байсан. Түүний дээд хэсэгт бас нэг залуу хөлөө бариад “өвдөж байна” гэж орилж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч Б.Өын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, ахмад Г “Мотоциклтой хүн осолдсон гэх дуудлага ирлээ. Хамт очъё” гэж мэдээлээд ослын газарт хамт очсон. Ослын газарт очиход Бн гэх залуу газарт суучихсан, хөл нь бэртсэн бололтой доголсон, Б гэх залуу нь цаана нь хэвтээд унтсан байдалтай байсан. Бнд анхны тусламж үзүүлж, хөлийн эрхий хурууны завсар язарсан байдалтай байсанд нь боолт хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч С.Сийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гадаа унтаж байхад манай гэрийн баруун талын хадтай ууланд мотоцикл хүчтэй унах чимээ гараад гэрэл ассан. 10 минутын дараа хүн туслаарай гэмтчихлээ гэх дуу гарахаар нь манай эхнэр очиж харсан. Мотоциклоос унасан залуу “хөл хугарчихлаа туслаач” гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

...Осол болсон газар нь уулын толгод байх ба зүүн тал руугаа огцом эрэгтэй, уг эргийн дор гол хэсэгт улаан өнгийн “YINGANG” загварын 00-00 СЭЗ улсын дугаартай мотоцикл зүүн зүг рүү харсан байдалтай онхолдсон байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/,

...Үзлэгээр холбогдогч Б.Баар осол болсон газрыг заалгаж очиход уг газар мотоциклын явагч эд ангийн мөр байх уг мөр нь газрын хөрсний өгөн хэсгийг хуулж явсан мөр байсныг илүүлсэн... гэх хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 13-17/,

Шүүгдэгч Б.Бы осол гарах үед жолоодож явсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/,

Шүүгдэгч Б.Б нь осол гарах үед 0.41 хувийн согтолттой байсан гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 34/,

Жолооч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00-00 СЭЗ улсын дугаартай “YINGANG” загварын мотоцикл жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл /хх-ийн 35/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36/,

Т.Бнын IV, V хуруунууд III үеэр хурууны угаар ил хугаралтай, өвдөгт эмзэглэлтэй ил шархтай гэх хүний их эмч Ө.Өлзийбаатарын тодорхойлолт /хх-ийн 38/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 640 дугаартай “Т.Бнын биед баруун тавхайн 4, 5-р хурууны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Б.Бы жолоодож явсан “YINGANG” загварын 00-00 СЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, ямар нэг эд ангийн эвдрэлгүй, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад Х.Мөнхбатын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Жолооч Б.Б нь монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12 дугаар бүлгийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл бүхий бичиг баримттай байна” гэж зааснаар Б.Б нь мотоцикл жолоодох эрхийн А үнэмлэхгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.     

Шүүгдэгч Б.Бы согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Хаалгат гэх газарт 00-00 СЭЗ улсын дугаартай “YINGANG” загварын мотоцикл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1а, 3.7а, 12 дугаар бүлгийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь хохирогч Т.Бнын эрүүл мэндэд учирсан баруун тавхайн 4, 5 дугаар хурууны ил хугарал бүхий хүндэвтэр хохиролтой шууд шалтгаант холбоотой бөгөөд Б.Бы үйлдэл нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бнын эрүүл мэндэд баруун тавхайн 4, 5 дугаар хурууны ил хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан мөрдөгч Т.Ууганбатын хохирогч Т.Бнтай 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 88/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Б.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 5, эцэг Я.Б нь хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай, байнгын асаргаанд байдаг зэрэг хувийн байдал нь багийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 62 дугаартай албан бичиг /хх-ийн 78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-83/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Б.Бд тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР