| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/00324/И |
| Дугаар | 183/ШШ2017/00567 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2017/00567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, 1 хороолол, угсармал 4 байр 53 тоотод оршин суух /РД:ДР91061320/ Алаг адуут овогтой Даваанямын Мөнхсувдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 хороо Барилгын 1 гудамж 2 тоот, “Догдлол” ХХК-д /РД5168368/ холбогдох,
Ажилласан хугацааны цалин 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мөнхсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, хариуцагчийн төлөөлөгч М.Үүрийнтуяа, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Шинэ анагаах ухаан дээд сургуулийг уламжлалт анагаах ухааны их эмчийн ангийг 2016 онд төгссөн. 2016 оны 9 дүгээр сарын 07 өдөр эм зүйч авна гэсэн зарын дагуу Хан-уул дүүргийн Номингийн 1 давхарт байрлах эмийн санд “Догдлол” ХХК-ийн салбар хариуцсан эрхлэгчтэй уулзаж, 2016 оны 9 дүгээр сарын 08 өдрөөс ажлын 5 өдрийн 9:30-21:00 цаг хүртэл өдрийн 30.000 төгрөгөөр ажиллахаар тохиролцсоноор ажилласан, энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 12 сарын 01-нд би захирал М. Үүрийнтуяатай уулзаж 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах хүсэлтэйгээ тавьж цаашид ажиллахгүйгээ мэдэгдсэн. Гэвч захирал М. Үүрийнтуяа нь миний сүүлийн 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 20-ний өдрийг хүртэлх цалинг өгөхгүй янз бүрийн шалтаг шалтгаан тоочин намайг хохироож цалингаа авъя гэхээр надад огт хүлээлгэж өгөөгүй талоны машин, тень, шилэн лангуу зэргийг эвдсэн гэсэн шалтгаанаар болон хүн амын орлогын татвар 10 хувийг суутгаад чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Уг эмийн санд ороход надтай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, эд зүйлсээ хүлээлгэж өгөөгүй, ажлаас халсан тушаал гаргаагүй. Иймд ажилласан 2016 оны 12 сарын 20-ноос 2017 оны 1 сарын 25-ныг хүртлэх цалин 810.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 2016 оны 12 дугаар сарын 01-ээс 20-ныг хүртэл ажлын 15 өдрийн цалин 450.000 төгрөгийг “Догдлол” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Мөнхсувдын нэхэмжилсэн 2016 оны 12 сарын 01-нээс 20-ныг хүртэлх ажлын 15 өдрийн цалин болох 450.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнхсувд 2016.09.16-нд Д.Эрдэнэцэцэгийн ангийн охиныг таньдаг, түр хугацаанд ажиллая гээд 9.00-21.30 хүртэл ажлын 5 өдрийн 150.000 ажиллана гээд тохироод орсон. Ингээд сард 600.000 төгрөгийн цалин гэж авсан. 2016.09.16-2016.11.31 хооронд ажилласан гэж цалин нийт 1.500.000 төгрөг бэлнээр ямарч суутгалгүй авсан. 2016.12.01-с Өлзийт хороололд 2017.12.17 хооронд ажиллахдаа амралтын 2 өдөр амарсан, ажлын цаг баримтлаагүй өглөө 09-18 цаг хүртэл ажиллаад хааж байсан. Мөнхсувдад 100.000 төгрөг ав гэхэд дансаар хийгээрэй гээд явсан. Мөнхсувд нь ажлын хариуцлага муу, биеэ өмөөрсөн, багаар ажиллах чадваргүй ажилдаа хойрго, залхуу, үүрэг даалгавар биелүүлээгүй, хүн орж ирэхэд утсаар оролдоод хүнтэй дуугардаггүй, эмээ сайн тайлбарлаж мэддэггүй, ажилдаа муу гэсэн гомдол олон хүмүүсээс ирсэн. Ажиллах хугацаанд хөнгөлтөөр өгдөг эмийг 30.000 төгрөг илүү авсан байж байхад нь хэлж эргүүлэн өгсөн. Д.Мөнхсувд 2016 оны 12 сарын 01-09 хүртэл 10-18 цаг хүртэл ажилласан цалин 8цаг*2700=21.600 төгрөгийг ажилласан 9 өдрөөр тооцоход нийт 194.400 төгрөг, 12 сарын 12-17 хүртэл ажилласан цалин 6 хоног*21.600=129.600 төгрөг, нийт 15 хоног ажилласанд 324.000 төгрөг өгөх ёстой байсан ч хоногт 300-400.000 төгрөгийн тогтмол орлоготой байдаг эмийн санг 100-150.000 орлого хийсэн, ажлын цаг баримтлаагүй, эд зүйл эвдэж гэмтээсэн, тоолж хүлээлгэж өгөөгүй, хугацаат эмийг шалгаагүй хугацаа дуусгасан, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй учир цалинг манай компани хариуцахгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхсувд нь хариуцагч “Догдлол” ХХК-д холбогдуулан цалин олговорт 1.260.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шаардлагаас багасгаж, олгогдоогүй цалин олговорт 450.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ажилласан хугацааны цалинг үндэслэгүйгээр олгохоос татгалзсан гэж, хариуцагч нь ажилласан өдрөөс эрт тарж явсан цагийг тооцоолоход 324.000 төгрөг өгөх ёстой байсныг тогтмол орлоготой байдаг эмийн сангийн орлогыг багасгасан, ажлын цаг баримтлаагүй, эд зүйл эвдэж гэмтээсэн, тоолж хүлээлгэж өгөөгүй, хугацаат эмийг шалгаагүй хугацаа дуусгасан, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй учир ажилгүй байсан хугацааны мөнгийг хариуцахгүй гэж марган мэтгэлцлээ.
Хариуцагч нь Д.Мөнхсувдыг Хан-Уул дүүргийн Номингийн 1 давхарт байрлах “Догдлол” ХХК-ийн салбар эмийн санд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс ажлын 5 өдөрт 9:30-21:00 цаг хүртэл, өдөрт 30.000 төгрөгийн цалин олгохоор тохиролцон түр хугацаагаар ажиллуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын 6 сараас илүүгүй хугацаагаар тус тус хөдөлмөрийн гэрээг байгуулахаар зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин олгох, хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэнэ” гэж тодорхойлсон ба ажил олгогч нь ажилтанд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Хариуцагч нь хөдөлмөрийн дотоод журам байхгүй гэж тайлбарласан ба ийнхүү ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан, ажлаас халсан тушаал гаргаагүйд ажилтанг буруутгахгүй бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилласан хугацааны цалин олговроо шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс мэргэжлээрээ ажиллахаа мэдэгдсэн, хариуцагч нь үүнийг хүлээн зөвшөөрсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.
Хариуцагч нь цалингаас суутгал хийсэн гэж мэтгэлцэж байгаа ч нэхэмжлэгчтэй эд хөрөнгийн хариуцлагын гэрээг байгуулаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн 15 хоногийн хөлс олгогдоогүй гэж тайлбарласныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргаагүй буюу өөрөөр хэлбэл 21.600 төгрөгөөр 9 өдрийн 194.400 төгрөг, 6 өдрийн 129.600 төгрөг, нийт 15 хоног ажилласанд 324.000 төгрөг төлөх ёстой ч цалингаас суутгасан гэж тайлбарлав.
Зохигч Хан-Уул дүүргийн Номингийн 1 давхарт байрлах эмийн санд 30.000 төгрөг гэж тохиролцсон, 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 02-ны өдөр энэ салбарт ажилласан талаар маргаагүй тул 2 өдрийн ажлын хөлсөнд /2х30.000/ 60.000 төгрөг, хариуцагч нь Өлзийт хороололд ажиллахад 1 өдөр 27.000 төгрөг гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь баримтаар няцааж чадаагүй тул 12 дугаар сарын 03-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэлх /амралтын 2 хоногийг хасч/ 14 хоногийн хугацааны /14х27.000/ хөлс 378.000 төгрөг, нийт 438.000 төгрөгийг хариуцагч “Догдлол” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 12.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 13.790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч /РД5168368/ “Догдлол” ХХК-иас 438.000 /дөрвөн зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч /РД:ДР91061320/ Алаг адуут овогтой Даваанямын Мөнхсувдад олгож, шаардлагаас үлдэх 12.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 13.790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ