| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0129/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/134 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Цагдааийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д. Тт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 07-р сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Т нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4.а, 12.1, 12.3, 23.9.а-д заасан заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.Б, Т.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 5 сарын 13-ны өдөр Хатанбулагаас Сайншанд руу гарсан. 17 цагийн үед Доншены зам дээр нэг юм тас хийгээд шарвахаар нь жолоогоо хариулсан,өөр арга хэмжээ авч чадаагүй. Энэ бүгд маш богино хугацаандд болж өнгөрсөн. Нэг мэдэхэд хажуу талын овоолсон элсийг мөргөөд машин эргэж дөрвөн дугуйн дээрээ зогссон......Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Цаашид гарах хохирлыг төлнө. Оногдуулах ялыг багасгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “... Э:Бгийн биед зүүн бугалганы зөрөөтэй далд хугарал, баруун чамархай, баруун хацрын цус хуралт, дух, баруун хацар, баруун чамархай, дагз орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Бгийн биед учирсан зүүн бугалганы зөрөөтэй далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун чамархай, баруун хацрын цус хуралт, дух, баруун хацар, баруун чамархай, дагз орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэсэн 02/0264 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/
“...Т.Тын биед хүзүүний 6-р нугалам, сээрний 11-р нугалам, зүүн 1, 8,9,10-р хавирга, зүүн дал ясны хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0336 дугаартай дүгнэлт / хх-ийн 56-57 дугаар хуудас/
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч С.Батцэнгэлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “...УАЗ 31514 маркийн .... улсын дугаартай автомашины жолооч Д.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /жолоочийн үүрэг/ 3.4.а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана, 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/ 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23-р бүлэг 23.9.а-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. .... улсын дугаартай автомашины жолооч Д.Т нь тээврийн хэрэгслийн зогсоох арга хэмжээ аваагүй байх бөгөөд хэргийн газарт тоормозны мөр байхгүй байна. УАЗ 31514 маркийн .... улсын дугаартай автомашины жолооч Д.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 3.4.а, 12.1, 12.3, 23.9.а-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна...” гэсэн 29 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-99 дүгээр хуудас/ Хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр аймаг ажлаар явах хэрэгтэй болоод суман дээгүүр унаа хайтал аймаг явдаг шуудангийн машинууд бүгд гараад явчихсан, унаа байхгүй байсан. Хүнээс сурж байтал Хаан банкны хүмүүс Д.Тыг машинтай аймаг явна гэдгийг сонсоод би хамт аймаг явахаар болсон. Бид нар 13 цагийн үед шиг санаж байна Хатанбулаг сумаас Сайншанд сумруу Д.Тын эзэмшлийн .... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинтай явсан. Би машины ард талд өөрийн 6 настай хүү болох Ариун-Үйлсийг өвөр дээрээ аваад суусан. Замдаа унтаад явж байтал гэнэт машин замаас гарах шиг болоод осол гарсан. Би тухайн үед унтаж байсан болохоор юунаас болж осол гарсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 13 цаг 20 минутын үед манай эрхлэгчийн нөхөр болох Т нь өөрийн .... улсын дугаартай 69 маркийн саарал өнгийн машинтай эхнэр Отгонжаргал 2 хүүхдийн хамтаар манай гэрт ирж намайг авсан би машины хойд суудал дээр баруун тал руу шахаж суусан. Тэгээд ажлын хүмүүсийг авахаар гэр гэрт нь очиж авсан. Тэгээд колонкоос бензин авахад машинд Т гэх эгч, хүүхдийн хамтаар, З, Батсайхан, Батсайханы өвөр дээр нэг танихгүй хүү байсан нийт 10-уулаа автомашинтай хөдөлсөн. Тэгээд Доншен уурхайн шороон замаар явж байтал 17 цагийн үед байх би унтаад явж байтал гэнэт хүмүүс болон хүүхдүүд орилоод байсан. Тэгээд хартал машин онхолдож нэг хөрвөөгөөд 4 дугуйн дээр зогссон. Тэгээд бид автомашины урд хаалгаар цувж гарсан. Тэгээд автомашинаас гарахад миний гар өвдөж эхэлсэн... Сайншанд сумын эмнэлэг дээр ирээд өөрийн гарыг хугарсаныг мэдсэн. Би нилээн ядарсан байсан болохоор унтаж явсан. Хэдэн км цагийн хурдтай явсныг хараагүй... Согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Хол явж байгаа юм чинь архи уугаагүй байх гэж бодож байна... Надад гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ангийн хүүхэд Тыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хатанбулаг сумаас Сайншанд сум руу явна гэж сонсож байсан... Т нь тус өдрийн 13 цагийн үед залгаж намайг манай гэрт ирж авсан. Т өөрийн УАЗ-31514 маркийн .... улсын дугаартай саарал өнгийн автомашинд нь өөрийн эхнэр Отгонжаргал, мөн өөрийн хүүхэд Нандинжаргал, Ариунжаргал болон Хатанбулаг сумын Хаан банкны ажилчид болох З, Т нь өөрийн хүүхэд Орчлон, бага насны хүүхэд А нар суусан байсан. Намайг орж суухад надтай нийлээд том хүн, хүүхэд нийлсэн 10 хүн байсан... 17 цагийн үед замдаа Дорноговь аймагт байрлах Доншен газрын тосны хавьд явж байгаад гэнэт бид нарын сууж явсан автомашин замын хажуу руу ороод хажуу тийшээ унасан ямар ч гэсэн автомашин нэг бүтэн хөлбөрөөд дөрвөн дугуйн дээрээ дээшээ хараад зогссон. Тэгээд бид нар буух гэтэл арын 2 хаалга онгойхгүй байсан бүгд урд талын жолоочийн талын хаалгаар цувж автомашинаас гарсан... Жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртээгүй... 70-80 км цагийн хурдтай явж байсан байхаа би миллийг нь хараагүй... Жолооч зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн гэнэт л замын хажуу талын хэсэг рүү ороод автомашин осолдсон... Надад гэмтэл шарх байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч Х.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай Хаан банкны эрхлэгч Д.Отгонжаргалын нөхөр болох Тын хамтаар өөрийнх нь УАЗ 31514 маркийн .... улсын дугаартай саарал өнгийн автомашинтай 10 хүн буюу Батсайхан, Т, Б, жолооч Отгонжаргал, би нийлээд 6 том хүн мөн 4 хүүхэд Ариунжаргал, Нандинжаргал, А, Орших нарын хамт Хатанбулаг сумаас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Сайншанд сум руу хөдөлсөн. Тэгээд замдаа Дорноговь аймагт байрлах Доншен газрын тосны хавьд явж байгаад гэнэт сууж явсан автомашин замын хажуу руу ороод хажуу тийшээ унасан ямар ч гэсэн автомашин нэг бүтэн хөлбөрөөд 4 дугуйн дээрээ дээшээ хараад зогссон... Жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртээгүй... 70-80 км цагийн хурдтай явж байсан байхаа би миллийг нь хараагүй... жолооч зогсоох арга хэмжээ авч чадаагүй юу, юугүй л замын хажуу руу ороод автомашин осолдсон... Надад гэмтэл шарх байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хөдөө гэртээ байж байгаад Сайншанд суманд болсон Хутагтын хурд морины уралдаанд Ган-Од ахын хурдны морийг унахаар зам дээрээс машин тосож Д.Т ахын машинд сууж явсан. Намайг зам дээрээс машинд сууж байхад олон хүмүүс машинд сууж явсан. Би тэр хүмүүсийг танихгүй, би машинд суугаад унтаад явж байтал машин осолд орсон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 118 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4.а-д”энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана”, 12.1-т жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.9.а-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж хохирогч Э.Б, Т.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.1,12.3,23.9.а-д заасан журмыг биелүүлж чадаагүй байна. Шүүгдэгч Д.Т нь аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах,зогсоох арга хэмжээ авч зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй, замын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүй, хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй байна. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байдаг учир түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгон явах үүрэгтэй юм.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Д.Тт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Шүүгдэгч Д.Тт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгч Д.Тыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1800000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын эд хөрөнгө болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д. Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1800000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлого болгохоор тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 / арван таван / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч Т.Т, Э.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН