Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00592

 

Г.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01862 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1526 дугаар магадлалтай,

Г.Огийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байрны 902 тоотод байрлах 82.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 136 500 000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ХД-66 дугаар байр, 20 тоотод байрлах 86.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 132 000 000 төгрөгөөр үнэлсэн. Барьцааны 2 байр нь Хан-Уул дүүргийн 1, 11 дүгээр хороо буюу Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээч үл хөдлөхийн м.кв-ын үнийг 1 000 000 төгрөг хүрэхгүй үнээр зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Иймд үл хөдлөхийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 3 шатны шүүхийн шийдвэрээр Г.Огоос 286 325 024 төгрөг гаргуулж ОИ ББСБ ХХК-д олгох, төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчийг удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад талуудын үнэлгээ зөрснөөр ОИ ББСБ ХХК-аас үл хөдлөхийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаснаар манай байгууллага хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнийг тогтоолгосон. Шинжээч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2 өрөө орон сууцыг 132 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувь буюу 92 400 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 3 өрөө орон сууцыг шинжээч 136 500 000 төгрөгөөр үнэлж, 70 хувь 95 550 000 төгрөгөөр тус тус тооцож анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон. Төлбөр төлөгч албадан дуудлага худалдааны үнийг зөвшөөрөхгүй, үл хөдлөх хөрөнгийг өөрөө зарж борлуулах боломжтойгоо бичгээр мэдэгдэх ёстой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОИ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар саналын зөрүү гарсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээч томилсон. Нэхэмжлэгч тал үл хөлдөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тодорхойлсон баримт гаргаж өгдөггүй. Албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгүүд зарагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01862 дугаар шийдвэрээр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96 дугаар байрны 902 тоотод байрлах, Д.Жаргалсайханы өмчлөлийн 82.77 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ХД-66 дугаар байрны 20 тоотод байрлах, Д.Уламбаярын өмчлөлийн 81.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 2 өрөө орон сууцнуудын шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Огийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1526 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хэвээр баталсан магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалаар Г.Огоос 286 325 024 төгрөг гаргуулж ОИ ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Г.О нь уг зээлийг авахдаа Д.Жаргалсайхан, Д.Уламбаяр нараас тус тус итгэмжлэл авч тэдгээрийн өмчлөлийн хоёр орон сууцыг тус тус барьцаанд тавьсан боловч төлөвлөсөн хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулж чадаагүй, улмаар барьцааны хоёр байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа юм. Хэдийгээр дээрх шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагааг хийгдэж байсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан процессийн алдааны улмаас Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, өөр шийдвэр гүйцэтгэгч томилон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулах чиглэл өгөгдсөн. Ингээд 148 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 17250625/02, 17250625/03 дугаар “Эд хөрөнгө хураах тогтоол”-уудаар барьцааны хоёр байрыг тус тус хурааж, “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийг шинжээчээр томилсон байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон Хөрөнгийн үнэлгээний төвөөс гаргасан үнэлгээтэй танилцахад: Барьцааны хөрөнгө болох Д.Жаргалсайханы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11- р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж 96 дугаар байрны 902 тоотод байрлах 82,77 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 136 500 000 төгрөгөөр үнэлж, 70 хувиар буюу 95 550 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2019.3.25-ны өдрийн 4/7408 дугаар албан мэдэгдлээр, Д.Уламбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1-р хороо, ХД-66 дугаар байрны 20 тоотод байрлах 81,5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 132 000 000 төгрөгөөр үнэлж, 70 хувиар буюу 92 400 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2019.3.25-ны өдрийн 4/7407 дугаар албан мэдэгдлээр тус тус мэдэгдсэн юм. Дээрх мэдэгдлийг 2019.3.25-ны өдөр хүлээн авч, үнэлгээтэй танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг үндэслэн хуулийн хугацаанд гомдол гаргасан. Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж төрийн байгууллагын үйл ажиллагааг зөвтгөн дүгнэж төлбөр төлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хангалттай хянаж үзсэнгүй улмаар үнэлгээг зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын аргаар үнэлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Ингэхдээ төлбөр төлөгчийн тухайн үл хөдлөх хөрөнгийг анх худалдаж авсан үнэ, Зайсанд буюу Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд хамаардаг, хотын төвөөс 1 км гаран зайтай, дуу чимээ багатай, цэвэр агаартай үнэлгээ өндөртэй, жил ирэх тусам үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөн нэмэгдэж байхад метр квадратыг нь нэг сая төгрөг хүрэхтэй үгүйтэй үнэлсэн гэсэн гомдлыг үл харгалзан бодитой үнэлсэн гэж дүгнэж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Бидний дээрх нөхцөл байдал харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж 96 дугаар байрны 902 тоотод байрлах 82,77 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 136 500 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 1-р хороо, ХД-66 дугаар байрны 20 тоотод байрлах 81,5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 132 000 000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ий хийсэн үнэлгээг хүчингүй болгож бидний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...үл хөдлөх эд хөрөнгүүд А зэрэглэлийн бүсэд хамаардаг, ...дуу чимээ багатай, цэвэр агаартай...жил ирэх тусам үнэ нь өсөн нэмэгдэж байхад 1 м.кв-ыг 1 000 000 төгрөг хүрэхгүйгээр үнэлсэн...” гэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй үндэслэлээ “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан...” гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Г.Огоос 284 743 357.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОИ ББСБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгэхгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдээс  үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00282 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ. /хх 65-73 дахь тал/

Талууд дуудлага худалдаагаар худалдах 2 үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар харилцан тохиролцоогүй тул НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД 66 дугаар байр, 20 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-0000000000  дугаартай 81.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 132 000 000 төгрөгөөр, Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж 96-р байр, 902 тоот 82.77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 136 500 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-91-107/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргажээ. Д.Уламбаяр нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 135 000 000 төгрөг гэж үнэлэн үнийн санал өгч байсан ба шинжээч 132 000 000 төгрөгөөр үнэлсэн байдлаас үзэхэд зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01862 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1526 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 сарын 19-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА