Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0157

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ё.Э нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 299А дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... “А” ХХК-нд уг газрыг эзэмшүүлэхдээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг тус тус зөрчин хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн газар олголт хийсэн, тус газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд хууль зөрчиж эзэмшүүлсэн газрын эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 418 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн байна.

Иймд “А" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 299А дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: "... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжийн “А” ХХК-нд холбогдох заалтыг хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... захирамжийг ... өөрчлөх буюу хүчингүй болгоно/, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн.

“А” ХХК-ний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх дахин хянан хэлэлцээд 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 299А дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Үүнд:

Нэг. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар захирамж нь дараах үндэслэлээр газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий актаар хүчингүй болгосон болно. Үүнд:

1.1. Сүхбаатар дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчин хотын төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг зөв үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасныг зөрчин “А” ХХК-нд газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байгаа” гэж дүгнэсэн.

Гэвч шүүх энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд “газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэлээр, газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн боломжтой, өөр бусад үндэслэлээр шударга эзэмшлийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна” гэж дүгнэж маргаан бүхий актыг хүчингүй болгон шийдвэрлэснээрээ анхан шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан Засаг даргын өөрийнхөө хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ийг өөрөө хүчингүй болгох эрх хэмжээг үгүйсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  1. Сүхбаатар дүүргийн Засаг дарга “А” ХХК-нд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг зөв үнэлж шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргаас ... 800 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар “А” ХХК-нд эзэмшүүлж шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тус компанид газар эзэмшүүлж, эзэмших эрхийг шинээр баталгаажуулсан байна” гэж дүгнэсэн.

Гэвч шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай” 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамжаараа ... дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр иргэн, хуулийн этгээдэд боломж олгосон атлаа “А” ХХК-ийг дуудлага худалдаа ... явуулаагүй газарт газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна”, “уг журамд нийцсэн нөхцөл болох “А” ХХК-иас газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр тус компанид үүссэн газрын харилцааг дуусгавар болгож байгаа нь буруу болжээ” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай” 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр газар эзэмшсэн иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр бөгөөд “А” ХХК-нд газар эзэмшүүлсэн дүүрэг, Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн дээрх заалтаас гадна мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг зөрчсөн, дүүргийн Засаг даргын шийдвэр хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн болохыг анхан шатны шүүх өөрөө тогтоосон атлаа Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/309 дүгээр шийдвэрийн үйлчлэл “А” ХХК-нд заавал хамаарах ёстой гэж дүгнэж, энэ дүгнэлтээ маргаан бүхий актыг хүчингүй болгох шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч дуудлага худалдааны анхны үнийг түүнд газар эзэмшүүлснээс хойш 3 жилийн дараа төлсөн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмыг зөрчсөн шийдвэрийг зөвтгөсөн үйлдэл биш байтал шүүх “дуудлага худалдааны анхны үнийг төлсөн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр тус компанид үүссэн газрын харилцааг дуусгавар болгож байгаа нь буруу болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

  1. “А” ХХК-нд эзэмшүүлсэн газар нь 2006 оны дүүргийн болон нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгаагүй газар бөгөөд ийнхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлснээрээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг зөрчсөн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий актын энэ үндэслэлийг үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн зүүн талын газарт энд нэхэмжлэгч “А” ХХК-ий эзэмшиж буй газар хамаарна/ 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө шинээр хийгээгүй болох нь Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны ... албан бичгээр нотлогдож байна” гэж дүгнэсэн.

Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг бөгөөд тодорхой байршилд хэсэгчлэн хийгддэг баримт бичиг биш юм.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд энэ зүйлийн 21.5.2, 21.5.3-т зааснаар дүүргийн Засаг даргад хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаас бусад газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах шийдвэр гаргах, ийм газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд төлөвлөх эрх байхгүй.

Тиймээс Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын 2006 оны төлөвлөгөөг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баталсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт биш байна.

Хэрэгт нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн он буюу 2006 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, шийдвэрийн үндэслэх хэсэгт газрыг “А” ХХК-нд “шинээр баталгаажуулсан” гэх 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нотлох баримтаар авагдсан бөгөөд эдгээр төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн орчимд иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй болно.

Иймээс Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар захирамжийн “А” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох бүрэн үндэслэл болж байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа энэ үндэслэлийг шийдвэрийн үндэслэл болгосонгүй.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамж нь дараах үндэслэлээр газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн болно.

Нийслэлийн Засаг дарга нь “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” дээрх захирамжаар нэхэмжлэгч компанид газар эзэмших эрхийг шинээр олгоогүй тул энэ захирамжийг Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар “А” ХХК-нд газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж шийдвэрлэсэн байна” гэж дүгнэж маргаан бүхий актыг хүчингүй болгосон шийдвэрийн үндэслэл болгожээ. “Шинээр баталгаажуулсан” гэдгийг хуулийн үндэслэлээр тайлбарлан ойлгох боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд доод шатны Засаг даргын хууль зөрчиж олгосон газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг баталгаажуулж шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй.

Газар эзэмших эрхийг шинээр олгосон буюу Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд уг газрыг эзэмшүүлсэн гэж дүгнэж байгаа бол мөн хуульд заасан газар эзэмшүүлэх журмыг баримталсан эсэх талаар дүгнэлт өгөх ёстой байсан.

Гэтэл шүүх ийм дүгнэлт хийгээгүй, харин Газрын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргад олгогдоогүй “газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулах” гэдэг эрх хэмжээг хэрэгжүүлэн 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжийг гаргасан гэж маргаан бүхий актыг хүчингүй болгох шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын доод шатны Засаг даргын хууль зөрчиж гаргасан шийдвэрийг “газрын эрхийг баталгаажуулах” нэрээр гаргасан 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамж нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр болно.

Гурав. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 220 дугаар захирамжийн тухай:

Дээрх захирамж нь “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” буюу өөр зориулалтаар газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж , байгууллагад эзэмшил газарт нь газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай шийдвэр юм.

Уг захирамжийн нэг дэх хэсэгт “дараах 27 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газарт нь байршуулан барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газрын зориулалтыг дараах байдлаар өөрчлөн 5 жил хүртэл хугацаанд барилга барихыг зөвшөөрсүгэй” гэж заасан бөгөөд энэ захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг үүсгээгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийслэлийн Засаг даргын ... 220 дугаар захирамжийн дагуу үүссэн “А” ХХК-ний газрын харилцаа хэвээр байгаа нь хууль зүйн факт мөн байна” гэж дүгнэсэн нь эрх зүйн алдаатай байна.

Учир нь “А” ХХК-нд газар эзэмших эрх Сүхбаатар дүүргийн Засаг даргын хууль зөрчсөн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар захирамжаар үүссэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 220 дугаар захирамжаар уг эзэмшил газарт зөвхөн барилга барих зөвшөөрөл олгосон болохоос газрын харилцааг шинээр үүсгэсэн хууль зүйн факт биш юм.

Нэгэнт газар эзэмших эрх дуусгавар болж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд уг эзэмшил газарт барилга барих эрх олгож буй шийдвэрийн үйлчлэл эзэмшил газрын эрхтэй холбоотойгоор дуусгавар болох юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 299А дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан маргаан бүхий захиргааны акт нь “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлгүй байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн" талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл тус бүрийг хянан үзвэл:

  1. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэх тухайд:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар захирамжаар нэхэмжлэгч “А” ХХК-д тус дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн зүүн талд 0.08 га газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 418 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар гэдэгт нь маргаангүй бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар уг газарт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ дүүргийн Засаг даргад олгогдоогүй байна.

Хэдийгээр “А” ХХК-д анх газар эзэмшүүлсэн шийдвэрийг эрх хэмжээ олгогдоогүй дүүргийн Засаг дарга гаргасан боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар уг газрыг эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар дүүргийн Засаг даргын захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох эрх бүхий Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг баталгаажуулж, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлснийг өөрийн шийдвэрээрээ зөвшөөрсөн тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт зөрчигдсөн гэж үзэхгүй ба анхан шатны шүүх “дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмшүүлсэн нь тогтоогдож байгаа ч нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

  1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан гэх тухайд:

Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг дарга 418 дугаар захирамжаар газар олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчөөгүй, газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 14.080.000 төгрөг төлсөн[1], ... дуудлага худалдааны анхны үнийг 2009 оны сүүлээр төлүүлээд 2010 оны 06 дугаар сард 418 дугаар захирамж гарах үндэслэл болсон”[2] гэж, хариуцагч нь “нэхэмжлэгч дуудлага худалдааны анхны үнийг түүнд газар эзэмшүүлснээс хойш 3 жилийн дараа төлсөн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмыг зөрчсөн үйлдлийг зөвтгөсөн үйлдэл биш” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар[3] 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь “Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны нэг удаагийн үнэ”-д 14.080.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд "... дуудлага худалдаагаар олгогдсон эсэх тал дээр судалгаа хийгээгүй, шинэ хууль гарснаас хойш нэлээд их дуудлага худалдаа явсан”[4] гэх бөгөөд үүнээс үзвэл Нийслэлийн Засаг даргын 418 дугаар захирамжаар эрхийг баталгаажуулахтай холбогдуулан нэхэмжлэгч нь дуудлага худалдааны анхны үнийг төлсөн нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэхгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нь захиргааны чиг үүрэг тул энэ асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болж чадахгүй юм.

  1. Сүхбаатар дүүргийн болон Нийслэлийн 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй газрыг эзэмшүүлснээрээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг зөрчсөн гэх тухайд:

“А” ХХК-д газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж 2006 онд гарснаар тус хуулийн этгээдэд газар эзэмших эрх үүссэн тул уг шийдвэрийг баталгаажуулсан гэх Нийслэлийн Засаг даргын 418 дугаар захирамж гарсан 2010 оны биш харин Сүхбаатар дүүргийн 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг эзэмшүүлэхээр тусгагдсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Учир нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн батлах бөгөөд хэдийгээр анх маргаан бүхий газрыг эзэмшүүлэхэд тухайн жилийн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх ёстой байсан ч энэ хэргийн хувьд нэгэнт нэхэмжлэгчид газар эзэмших эрх дүүргийн Засаг даргын захирамжаар 2006 онд үүссэнээс гадна тухайн онд нэгэнт бусдын эзэмшил үүссэн тул 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг тусгах боломжгүй. Иймд 2006 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газар тусгагдсан эсэхийг шалгах ёстойгоос биш хариуцагчийн тайлбарлаж байгаа 2010 оны төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгаж тогтоох нь ач холбогдолгүй.

Шүүх Сүхбаатар дүүргийн 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нотлох баримтаар цуглуулахаар зохих этгээдэд нь хандсан боловч Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2013 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 1463 дугаар албан бичгээр “2006 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө хадгалагдаагүй байна”[5] гэсэн хариуг ирүүлжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх үед уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх нь тогтоогдох боломжгүй, тухайн онд төлөвлөгөө батлагдсан эсэх нь тодорхойгүй байгаа ч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан этгээдэд газар эзэмшүүлэх эсэхийг хуулийн дагуу шийдвэрлэх эрх, үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх ёстой учир тэдний гаргасан шийдвэрт газар эзэмшигчийг буруутгах боломжгүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэл бий болоогүй, газар эзэмшигчийн зүгээс буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад зөвхөн “шийдвэрээ зөвтгөх, хуульд нийцүүлэх” эрх олгогдсон гэдгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, эзэмших эрхийг нь шийдвэрлэхгүйгээр орхигдуулах нь үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 299А дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.