Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 57

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

улсын яллагч Д.Ганчимэг

хохирогч Э.Одонтунгалаг

иргэний нэхэмжлэгч Н.Энхбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Хүдэрчулуун,

иргэний хариуцагч Б.Цэрэнбат,

шүүгдэгч Г.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Н.Бүдханд, түүний өмгөөлөгч Э.Мандахнаран,

шүүгдэгч Б.Цэцэгмаа, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цэцэгмаа, Н.Бүдханд, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Наранбаатар нарт холбогдох  201508000213 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1985 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2-р хэсэг 15-901 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан  мэдрэл бүрэн, хэрэг хариуцах  чадвартай гэх  Боржигон овогт Ганболдын Наранбаатар РД: СЮ 85092233

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1987 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4-6-93 тоотод оршин суух хаягтай, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдарын их эмч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан  мэдрэл бүрэн, хэрэг хариуцах  чадвартай. Авгаст  овогт Наранцэцэгийн Бүдханд РД: ЕЙ 87030701

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1967 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 15-3-40 тоотод  оршин суух хаягтай, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан  мэдрэл бүрэн, хэрэг хариуцах  чадвартай. Боржигон овогт Баттөмөрийн Цэцэгмаа РД: ЕЙ 67081901

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Г.Наранбаатар нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох засмал зам дээр 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17-18 цагийн орчимд Хюндай Соната-5 маркийн 12-81 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т: ...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Н.Энхбаатарын жолоодож явсан Тоёота приус маркийн 71-07 ДГО улсын дугаартай автомашиныг мөргөж Д.Эрдэнэцэцэгийн биемахбодид хүнд гэмтэл, Э.Одонтунгалагийн биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Н.Энхбаатар, Д.Нямгомбо, Э.Одонтунгалаг нарт  18.082.617 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн 1-р жижүүр эмч Б.Цэцэгмаа, 2-р жижүүр эмч Н.Бүдханд нар нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зам тээврийн осолд орсон өвчтөн Д.Эрдэнэцэцэгт учирсан гэмтлийг бүрэн оношлоогүй, өвчтөнд бодит үзлэгийг зохих хэмжээнд хийсэн боловч Эрүүл мэндийн сайдын 2005 оны 109 тоот тушаалаар батлагдсан Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамж-ийн гэмтэл согогийн эмгэгүүд хэсгийн 6 дахь хэсэгт заасны дагуу рентген шинжилгээг хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн Д.Эрдэнэцэцэг Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлийн 276 дугаар галт тэргэнд нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Наранбаатар нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох засмал зам дээр 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17-18 цагийн орчимд Хюндай Соната-5 маркийн 12-81 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т: ...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Н.Энхбаатарын жолоодож явсан Тоёота приус маркийн 71-07 ДГО улсын дугаартай автомашиныг мөргөж Д.Эрдэнэцэцэгийн биемахбодид хүнд гэмтэл, Э.Одонтунгалагийн биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Н.Энхбаатар, Э.Одонтунгалаг нарт 16732617  төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн 2-р жижүүр эмч Н.Бүдханд нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зам тээврийн осолд орсон өвчтөн Д.Эрдэнэцэцэгт учирсан гэмтлийг бүрэн оношлоогүй, рентген шинжилгээг хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн Д.Эрдэнэцэцэг Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлийн 276 дугаар галт тэргэнд нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос ээж, эгч, дүү нарын хамт Чойр руу 17 цагийн үед ирсэн. Цагдаагийн пост өнгөрөөд явж байгаад зүүн гар тал руу эргэх гэтэл зам тээврийн осол болсон. Намайг эргэхэд нилээн зайтай машин ирж байсан. Дохио өгөөд шороон зам руу машины хажуугаар гартал мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа цагдаа, түргэний машин ирсэн. Миний буруутай үйлдлээс болоод зам тээврийн осол гарсан учраас хохирогчоос уучлалт гуйж байна. Талийгаачийн биед учирсан 2, 4, 5 дугаар хавиргын хугарал гэмтлийг авто ослын улмаас үүссэн  гэдэгт маргаан  байхгүй. Хохирогч Э.Одонтунгалаг нь эмчилгээний зардал 395.700 төгрөг, цалин 1.125.000 төгрөг, нийт 1.516.700 төгрөг нэхэмжилдэг. Мөн иргэний нэхэмжлэгчид машины 2.846.000 төгрөг, ачаа тээврийн  хөлс 300.000 төгрөг, нийт 3.146.000 төгрөг төлсөн. Үүнийг нэгтэгвэл 4.666.700 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс миний бие сайн дураараа өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн зардал болох Хаан банкны дансанд 170.000 төгрөг баримтаар шилжүүлж нийт хохирол төлбөрт Э.Одонтунгалагт 4 970 000 төгрөг өгсөн гэв. 

 

2. Шүүгдэгч Н.Бүдханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 10 дугаар сарын 03-нд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт жижүүрийн 2 дугаар эмчээр ажилласан. Талийгаач Эрдэнэцэцэг нь 19 цаг 20 минутын үед эмнэлэгт орж ирсэн. Эрдэнэцэцэгт даралт бууруулах зорилгоор дивозол 10 миллетрээр 1 удаа судсанд, зүрхний пүльс өндөр байсан болохоор атиндол, өвчин намдаах зорилгоор аньлгин судсанд тарьсан. Мөн талийгаач өөрөө ягаан эмийг уувал өвчин намддаг гэсэн болохоор өвчин намдаах эм уулгасан. Ингээд 21 цаг хүртэл үзлэг хийгээд буцаасан. Талийгаач Эрдэнэцэцэг өөрөө бие гайгүй байна. Би зүгээрээ гэсэн учраас энэ үгэнд итгэсэн. Талийгаачид ийм зүйл болсонд харамсаж байна. Шинээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй.  Би хохирол төлбөрт Э.Одонтунгалагт 3 900 000 төгрөг шилжүүлсэн гэв .

 

3. Шүүгдэгч Б.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлчлүүлэгч Эрдэнэцэцэгийн амь нас хохирсонд харамсаж байна. Би 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тасгийн жижүүр эмчээр ажиллаж байсан. Энэ өдөр авто тээврийн ослоор ирсэн Эрдэнэцэцэгийн эмчлэгч эмч нь би байгаагүй. Мөн эмчлэх шийдвэр өгөөгүй учраас өөрийгөө ямар ч буруу байхгүй гэж үзэж байна.  Ер нь чиглэл, чиглэлийн дагуу эмч нар үзлэгээ хийж тухайн өвчтөнг ямөр өвчтэй байгааг нь харж байж чиглэлийн эмч дуудах саналаа өгдөг. Мөн хүнд өвчтөн ирвэл хамтарсан үзлэг хийх саналаа эмчлэгч эмч нар нь гаргадаг. Тэрнээс эмчлэгч эмчийн шийдвэргүйгээр хөндлөнгөөс орох эрх надад байхгүй. Хүнд өвчтэй хүн байвал мэргэжлийн эмч нарыг дууддаг. Би мэс заслын эмч биш. Иймэрхүү өвчтөн ирвэл ялангуяа гэмтэл, дотор, сэхээний эмчийг дууддаг юм.  1 дүгээр эмч эмнэлэгт өдөр тутам бүх тасгуудаар ороод өвчтөнөө эргэнэ, ээлжинд  гарах хүмүүс ирсэн байна уу, хоол хүнс, түргэн тусламжийн дуудлага бэлэн эсэх гэх мэт зохион байгуулалтын асуудлыг хариуцна. Тухайн үед мэс заслын Наранбаатар эмч дуудагдах ёстой байсан. Ер нь рентген зураг авсан бол эцсийн оношийг тодорхойлох боломжтой байсан. Миний бие буруугүй гэж үзэж байгаа учраас хохирол төлбөр төлөөгүй гэв.

 

4. Хохирогч Одонтунгалаг шүүхийн шатанд мэдүүлэхдээ: Миний бие эмчилгээний зардал 391.700 төгрөг, ажилгүй өвчтэй байсан хугацааны цалин 1.125.000 төгрөг, оршуулгын зардал 3.964.470 төгрөг, тээврийн зардал, машин ачилт нь  461.300 төгрөг, тэтгэврийн зээл 7.944.147 төгрөг болон Н.Энхбаатарын машинд учруулсан хохиролд 2.846.000 төгрөг нэхэмжилсэн. Н.Бүдханд эмчийн зүгээс бодит хохирол 3.900.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэхдээ талийгаач аавыг маань эмчлэх боломж байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүн дээр гомдолтой байна. Харин Г.Наранбаатар учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан. Цаашид эмнэлгийн байгууллагаар үзүүлээд авто осолтой холбоотой гэмтэл гарвал эмчилгээний зардлыг төлүүлнэ. Мөн талийгаачийн тэтгэвэрийн зээл 7.944.147 төгрөг байгаа үүнийг нэхэмжилж байна гэв.

 

5. Иргэний нэхэмжлэгч Н.Энхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тэгээд 17 цагийн орчим Говьсүмбэр аймгийн нутгаар дайран өнгөрч явж байхад өөдөөс хар өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл зөрөх гэж байгаа юм байх гэсэн чинь ямар ч дохио өгөлгүй урдуур зүүн гар тийшээ дарсан. Тухайн үед  зогсоох арга хэмжээ авах гэсэн боловч зай нь их ойрхон байсан учир тормос гишгэсэн боловч очиж мөргөсөн. Би өөрийн жолооч талаараа нөгөө машины баруун талын крилон дээрээс авахуулаад хоёр хаалгатай нь хамтад нь түрж манай машин засмал зам дээр зүүн тийшээ харж  зогссон.  Нөгөө машин замаас гарч зогссон. Тэгэхээр нь би чи яасан болгоомжгүй явдаг юм бэ, дохио өгөлгүй яагаад урдуур дарчихваа, би чамайг хажуугаар зөрнө гэж бодсон чинь чи урдуур дараад гарчихлаа, хүмүүс чинь гайгүй юу гэсэн чинь Наранбаатар жолооч би машин доторх хүмүүстэйгээ яриад явж байсан тухайн үед өөдөөс ер машин ирж байгаа ажиглагдаагүй гэсэн. Тэгэхээр нь чи ядаж дохиогоо өгөхгүй яасан юм бэ гэсэн харин тийм ээ гэж байсан. Тэгэд замын цагдаа хоёр жолоочийг байлцуулж байгаад хэмжилт хийсэн. Наранбаатар бид хоёрыг хаана мөргөлдсөнийг заалгаад тэмдэг тавьсан. ...Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэхдээ шороон зам руу ороогүй байхад би хажуунаас нь мөргөсөн. Тэр машин өөдөөс явж байгаад 2 метр орчим зайд гэнэт зүүн гар тийшээ дарсан. Тэр машин дохио өгөлгүй дарсан. Би машинаа 2015 оны 09 сарын 30-ны өдөр Анх ослын газар дээрээ Сонато 5 автомашины жолооч Наранбаатар өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Ослоос хойш Наранбаатарын эгч Пүрэвсүрэн нь манай дүү ярьж чадахгүй байгаа гээд надтай болон манай эхнэртэй хэд хэдэн удаа хохирол барагдуулах талаар холбоотой байсан. Одоо тэгээд би үнэлгээгээр гарсан 2.846.000 төгрөгийг нэхэмжилж байна.

....Тэр эмч орон дээр хэвтүүлээд цээжийг нь дарж үзсэн. Талийгаачийн пудволкыг  сөхөж үзэхэд баруун талын хөхний доогуур хөхөрсөн,  гэдэсний доод хэсгээр хөхөрсөн байсан. Тэгээд эмч дарж үзээд зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж байсан. Талийгаачийн даралтыг эмч үзэхэд их даралттай байна гэж  байсан. Даралтыг нь буулгана гэж байсан. Тэгэхээр нь би цээж нь их зовиуртай байна цээжний зургийг нь авч болдоггүй юм уу гэсэн чинь эмч авах шаардлага байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд билетээ аваад суудалд суугаад вагон хөдлөхөд талийгаачийн нүүр царай нь хөхрөөд дуу нь цаашаа ороод юм ярьж чадахгүй болсон. Тэгээд Айраг дээрээс эмч орж ирж үзээд нас барсан гэж байсан. Манай хадам аав Д.Эрдэнэцэцэгийг нэг эмэгтэй эмч гадаа хүчилтөрөгч өгөөд байн байн гарч ирж үзээд байсан. Тэр эмч пульс нь хэвийн болчихсон байнаа авч явж болно гэсэн гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 55-57-р хуудсанд/

 

6. Иргэний хариуцагч Б.Цэрэнбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэлж ярих зүйл байхгүй. Шүүхээс гарах шийдвэрийг дагаж биелүүлнэ гэв.

7. Гэрч Д.Өлзийбаярын: ...Эрдэнэцэцэг нь Энхбаатар нар жоохон хүүхэдтэй эмнэлэг дээр 19 цаг 20 минутанд ирсэн. Миний үзлэгээр Эрдэнэцэцэгийн баруун хөхний ойролцоо хүйсний баруун талд хөхрөлттэй, бага зэргийн эмзэглэлтэй байсан. Тэгээд Эрдэнэцэцэгийг 1-р жижүүр эмч Цэцэгмаа, 2-р жижүүр эмч Бүдханд нар үзсэн. Тухайн өдөр 2-р жижүүр эмч Н.Бүдханд нь мэс гэмтэл, мэдрэл, дотор, халдварт хариуцан ажиллаж байсан. Миний ажил үүргийн хуваарь нь түргэний дуудлаганд хамгийн түрүүнд цаг алдалгүй очино. Тэгээд эрэмбэлэн ангилалт хийж шаардлагатай хүмүүст анхны тусламж үзүүлнэ. Эмнэлэг рүү тээвэрлэлт хийнэ. Дараагийн шатны эмчид хүнээ хүлээлгэн өгнө. 1-р жижүүр эмч бол тухайн жижүүрийн хугацаанд эмнэлгийн даргыг орлож бүх асуудлыг хариуцаж, шийдвэрлэдэг. 2-р жижүүр эмч нь түргэнээр ирсэн хүмүүст тусламж үзүүлнэ, асуудлыг шийдвэрлэнэ, шийдвэрлэж чадахгүй зүйлийг 1-р эмчид танилцуулан шийдвэрлүүлнэ гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 69-70-р хуудсанд/

 

 8. Гэрч Ч.Батнасангийн: ...Шаардлагатай бол аль ч эмч /1, 2-р жижүүр эмч/ нь нарийн мэргэжлийн эмч, зөвлөх эмч дуудаж ирүүлэх, эмч нарын хамтарсан үзлэг хийж өвчтнөө шийдвэрлүүлэх, шинжилгээ хийлгэх зураг авахуулах, дутагдсан эм тариаг эмийн санчийг дуудаж гаргуулан авах эрхтэй байдаг. Харин 1-р жижүүр эмч нь амралтын өдөр ажлын бус цагаар эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, удирдан зохион байгуулж ажиллана. Яаралтай тусламжийн эмч дуудлагагүй, хүлээн авах дээр байгаа тохиолдолд 1, 2-р эмчтэй хамтран ажиллаж арга хэмжээ авах үүрэгтэй гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 78-79-р хуудсанд/

 

 9. Шинжээч А.Болор-Эрдэнийн: ...Говьсүмбэр аймгийн эмч нарын үзсэн эмнэлгийн хуудсанд эмч нарын үзлэг хангалттай боловч цээжийг гэрэлд харсан бол дээрхи гэмтлүүдийг оношлох боломжтой байсан. Эмнэлгийн үзлэгийн хуудаснаас үзэхэд эмч нар үзлэгийг хангалттай хийсэн боловч цээжийг гэрэлд харуулаагүй нь алдаа болсон байна гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 136-137-р хуудсанд/

                   

10. Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн 2015.10.23-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Жолооч Г.Наранбаатар нь МУ-ын ЗХД-ийн 7.12 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Материалаас үзэхэд жолооч Н.Энхбаатар нь зам тээврийн осолд нөлөөлөх ЗХД-ийн зүйл заалтыг зөрчөөгүй байна. ...Жолооч Г.Наранбаатар нь МУ-ын ЗХД-ийн 7.12 зүйл заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 93-94-р хуудсанд/

 

11. Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн 2015.12.28-ны өдрийн 12 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:...12-81 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Наранбаатар нь МУ-ын ЗХД-ийн 7.12: Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осолд шууд нөлөөлнө. ...Прусс маркийн 71-07 ДГО улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 103-104-р хуудсанд/

 

12. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.10.20-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 389 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Э.Одонтунгалагийн биед баруун эгэм ясны  далд зөрөөтэй хугарал гэмтэл учиржээ. ...Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 86-р хуудсанд/

 

13. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.10.16-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт бүхий 64 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ....Амь хохирогч Д.Эрдэнэцэцэгийн цогцсонд  хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Хавсарсан гэмтэл: цээжний хөндийн битүү гэмтэл, баруун талын 2, 4, 5-р хавирганы далд зөрөөтэй хугарал, баруун уушгины хатгагдсан шарх, уушиг шалчийлт, 2 талын уушгины  эдийн их хэмжээний няцралт, цус хуралт, цээжний хөндий дэх цус хуралдалт, цээжний болон хэвлий, зүүн талын ташаан толгой орчмын их хэмжээний  олон тооны зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 133-134-р хуудсанд/

 

14. Шинжээч Д.Доржпүрэвийн: ...Уг хэргийн материалаас үзэхэд Соната-5 маркийн 12-81 УНУ дугаартай автомашины жолооч Г.Наранбаатар нь өөдөөс чигээрээ явж байгаа Приус маркийн 71-07 ДГО дугаартай автомашинд зам тавьж өгөөгүйн улмаас уг осол гарсан байсан. Уг Приус маркийн автомашин нь инерцээрээ зогсоогүй Соната-5 маркийн автомашиныг мөргөж зогссон учраас осол болохын өмнөх үеийн Приус маркийн автомашины бодит хурдыг тогтоох боломжгүй юм. Энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар болон төв орон нутагт адилхан дүгнэлт гардаг гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 385-р хуудсанд/

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 974 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

а.  Талийгаач Д.Эрдэнэцэцэгт авто ослын үед учирсан баруун талын 2,4,5-р хавирганы далд зөрөөтэй хугарал, баруун уушигны хатгагдсан шарх, уушиг авчилт, хоёр уушигны их хэмжээний няцралт, цус хуралт цээжний хөндий дэх цус хуралдалт нь амь насыг аврах боломжтой гэмтэл. Энэ нь үйлчлүүлэгч гэмтэл аваад шууд буюу богино хугацаанд нас бараагүй, биеийн байдал дунд зэрэг байсан, оношлож эмчилгээ хийх хугацаа, боломж хоёр дугаар шатлалын эмнэлэгт байсан байна.

б. Оношийг хугацаа алдалгүй, зөв тавьж шаардлагатай тусламжийг /өвчин намдаах хориг хийх, цээжний хөндийг хатгах, гуурс тавих зэрэг/ үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан.

в. Д.Өлзийбаяр эмч нь 2015.10.03-ны өдөр Нэгдсэн Эмнэлэгийн хүлээн авах, яаралтай тусламжийн эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа ослын газар очиж гэмтэгсдийг эрэмбэлэн ялгалт хийсэн ба Д.Эрдэнэцэцэг нь Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасагт ирж жижүүрийн эмчид үзүүлжээ.

г. Б.Цэцэгмаа эмч Эх барих-эмэгтэйчүүд, хүүхдийн тасагт 1-р жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхдаа Д.Эрдэнэцэцэгийг үзээгүй, хамтарсан үзлэг хийгээгүй байна. Талийгааач нь цээжний гэмтэлтэй байсан нь мэс засал гэмтлийн тасагт хэвтэж эмнэлэгийн тусламж авах байжээ. Иймээс дээрх хоёр эмчийн үйлдэл, эс үйлдэл нь талийгаачийн үхлийн шалтгаантай холбоогүй байна.

д. Н.Бүдханд эмч нь тухайн өдөр 2-р жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэн мэс засал, мэдрэл, дотор, халдвартын тасгийг хариуцан ажиллаж байхдаа ажил үүргийн хуваарийн дагуу гэмтлийн өвчтөн болох Д.Эрдэнэцэцэгийг үзэж оношлон эмнэлэгийн тусламж үзүүлж, Яаратай тусламжийн хуудас-т бичиж тэмдэглэн ганцаараа гарын үсэг зуржээ. Иймээс Д.Эрдэнэцэцэгийн эмчлэгч эмч буюу үйлчлүүлэгчийн гардан хариуцсан эмч нь байсан байна.

е. Талийгаач Д.Эрдэнэцэцэгийн биеийн байдлыг бодитой үнэлээгүй, үхлийн шалтгаан болсон баруун талын 2, 4, 5-р хавирганы далд зөрөөтэй хугарал, баруун уушигны хатгагдсан шарх, уушиг авчилт, хоёр уушигны их хэмжээний няцралт, цус хуралт, цээжний хөндий дэх цус хуралдалтыг оношлоогүй, оношлох арга хэмжээ аваагүйгээс /рентген шинжилгээ хийх, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хамтарсан үзлэг хийхээр санал гаргах/ өвчтөн нас баржээ гэсэн дүгнэлт /х.х-ийн 588-594 дүгээр хуудас/

 

16. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /ХХ-ийн 7, 12-14-р хуудсанд/

 

17. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. /ХХ-ийн 24-р хуудсанд/

 

  1. Ашид билгүүн Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ний 2015.10.07-ны өдрийн 313 дугаар бүхий автомашин техникийн үнэлгээний тайланд: ...Н.Энхбаатарын эзэмшлийн Тоёота приус 11 маркийн автомашинд 2.846.000 төгрөгийн хохиролтой гэсэн тайлан. /ХХ-ийн 27-р хуудсанд/
  1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /ХХ-ийн 38-39, -р хуудсанд/
  2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 223, 230, 231-р хуудсанд/
  3. Эрүүгийн 201508000213 тоот хэрэгт гаргасан хохирлын тооцоо. /ХХ-ийн 294-296-р хуудсанд/
  4. Баримт бичиг хураан авах тогтоол, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /х.х-ийн 46-47, 375-378-р хуудсанд/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Г.Наранбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Д.Эрдэнэцэцэгийн биемахбодид хүнд гэмтэл, Э.Одонтунгалагийн биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Н.Энхбаатар, Э.Одонтунгалаг нарт  16732617 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар,

 

Шүүгдэгч Н.Бүдхандыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цэцэгмааг 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зам тээврийн осолд орсон өвчтөн Д.Эрдэнэцэцэгт учирсан гэмтлийг бүрэн оношлоогүй, рентген шинжилгээг хийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн Д.Эрдэнэцэцэг нас барсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.Цэцэгмаа нь 1-р жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхдаа талийгаач Д.Эрдэнэцэцэгийг үзээгүй, хамтарсан үзлэг хийгээгүй, талийгаач Д.Эрдэнэцэцэгийг эмчлэгч эмч байгаагүй, талийгаачийн үхлийн шалтгаантай холбоогүй болох нь “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн ...Б.Цэцэгмаа нь Эх барих-эмэгтэйчүүд, хүүхдийн тасагт 1-р жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхдаа Д.Эрдэнэцэцэгийг үзээгүй, хамтарсан үзлэг хийгээгүй байна. Талийгаач нь цээжний гэмтэлтэй байсан нь мэс засал гэмтлийн тасагт хэвтэж эмнэлэгийн тусламж авах байжээ. Иймээс дээрх хоёр эмчийн үйлдэл, эс үйлдэл нь талийгаачийн үхлийн шалтгаантай холбоогүй байна гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Цэцэгмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Э.Одонтунгалаг нь эмчилгээний зардал 391.700 төгрөг, ажилгүй, өвчтэй байсан хугацааны цалин 1.125.000 төгрөг, оршуулгын зардал 3.964.470 төгрөг, тээврийн зардал, машин ачилтын зардалд 461.300 төгрөг, талийгаач Д.Эрдэнэцэцэгийн тэтгэврийн зээл 7.944.147 төгрөг нийт 13.886.617 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Энхбаатар нь автомашины засварын зардал 2.846.000 төгрөг тус тус нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон хохирогч нас барсан, түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэм хор учруулсны төлбөрт хамаарах зардлыг хасч үлдэх тэтгэвэрийн зээл 7.944.147 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь хохирогчийн нэхэмжилж байгаа талийгаачийн тэтгэвэрийн зээл болох 7.944.147 төгрөг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогчид зайлшгүй учирсан зардалд тооцогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Э.Одонтунгалаг, болон иргэний нэхэмжлэгч Н.Энхбаатар нарт шүүгдэгч Г.Наранбаатар нь 4.970.000 төгрөг, шүүгдэгч Н.Бүдханд 3.900.000 төгрөг тус тус төлсөн ба шүүгдэгч Г.Наранбаатарын хохирол төлбөрт илүү төлсөн 146.000 төгрөг болон шүүгдэгч Н.Бүдхандын хохирол төлбөрт дутуу төлсөн 64.470 төгрөгийн талаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар маргаангүй байх тул шүүгдэгч нарыг зайлшгүй болон гэм хорын зардлыг төлж барагдуулсан болохыг дурдаж, хохирогч Э.Одонтунгалаг нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжилнэ гэж байх тул эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Наранбаатар, Б.Цэцэгмаа, Н.Бүдханд нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Наранбаатарын 357170 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст, Н.Бүдхандын 0008540 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлж,  Б.Цэцэгмаагийн 0012108 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Г.Наранбаатар, Н.Бүдханд нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Г.Наранбаатарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Н.Бүдханд нь бага насны хүүхэдтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 291, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цэцэгмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Наранбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  Шүүгдэгч Авгаст  овогт Наранцэцэгийн Бүдхандыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Г.Наранбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүгдэгч Н.Бүдхандыг эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Наранбаатарт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Н.Бүдхандад оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч  Г.Наранбаатар, Н.Бүдханд нарыг зайлшгүй болон гэм хорын зардлыг төлж барагдуулсан хохирол төлбөргүй болохыг дурдаж, нэхэмжлэлээс 7.944.147 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Одонтунгалаг нь цаашид гарч болох гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Наранбаатар, Б.Цэцэгмаа, Н.Бүдханд нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.Наранбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, шүүгдэгч Н.Бүдхандын  эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг  01 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолсугай.

 

8. Шүүгдэгч Г.Наранбаатарын 357170 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасагт, Н.Бүдхандын 0008540 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, шилжүүлж, шүүгдэгч Б.Цэцэгмаагийн 0012108 дугаартай  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Наранбаатарт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 02 /хоёр/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч Н.Бүдхандад оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулж, ял хойшлуулсан хугацаанд түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бүдханд, Г.Наранбаатар нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Цэцэгмаад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА