Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0003

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

2019        01             23                                           03

 

                                                      Б.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батдорж

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дүгээр захирамжтай Б.Чт холбогдох 1838006360315 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Цагаанхуулар овогт Б-н Ч, … оны ... дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .............../.

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд байрлах баярын талбайн хажууд иргэн Г.Отай “ах гэж хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж зүүн нүдийг нь хараагүй болгон эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Цагаан хуулар Б-ийн Ч т холбогдох эрүүгийн 1838006360315 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.С эсэргүүцэлдээ: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн 1838006360315 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч Г.О, яллагдагч Б.Ч нарын дунд бие биенээ ах гэж хүндэлсэнгүй гэх шалтгааны улмаас маргаан үүсэж харилцан зодолдсон нь хохирогч Г.Оын: “... Зоояа намайг чи намайг ах гэсэнгүй гэж агсраад бид хоёр муудалцаад би Зоояаг баруун гараараа хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон юм. Тэгсэн Зоояа больё эвлэрье гэхээр нь эвлэрээд архиа уугаад сууж байсан чинь нөгөө ууж байсан архитай шилээрээ миний зүүн хацар хэсэг рүү гэнэт цохичихсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/ ... зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Яллагдагч Б.Чийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Оын эрүүл мэндэд зүүн нүдний сохрол бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1185 дугаартай шинжээч эмч нарын комиссын дүгнэлтээр тогтоогдсон /XX-ийн 123-124 дугаар хуудас/.

Хохирогч Г.Оын эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас учирсан хор уршгийн талаарх буюу эмчилгээ хийгдсэн төлбөр төлсөн баримтуудыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзаяа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байх ба дээрх нотлох баримтууд нь ноториатаар гэрчлүүлсэн хуулбар хувь байхад шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх прокурор мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчиж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоогоогүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Хэрэг болох үед хохирогч Г.О, яллагдагч Б.Ч нартай хамт байсан гэх Д.Гарьдмагнай, Г.Энхбаяр, Б.Пүрэв-Очир нараас гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд эдгээр гэрч нарын мэдүүлэгт болсон үйл баримтын талаар ямар нэг зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлэг авагдаагүй байхад уг хэрэг үйлдэгдэх үед мөн хамт архи ууж байсан гэх Марчий, Даваахүү нараас мэдүүлэг авах шаардлага үүсээгүй байна.

Яллагдагч Б.Чт холбогдох хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Харин Г.От холбогдох эрүүгийн 1838007200355 хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж шийтгэх тогтоол гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэсэн байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол оролцогч нарт гардуулан өгөх хуулийн хугацаа болоогүй тул шийтгэх тогтоолын хуулбарыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөх боломжтой гэж үзэж байна.

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дугаартай шүүгчийн захирамж нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.12 дугаар хэсэгт заасан “Баримт бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдал болон албан тушаалтны гарын үсгийг тамга, тэмдэг дарж, баталгаажуулна, ... Тамга, тэмдгийг гарын үсэг зурагдсан хэсгийг оролцуулж, тэгш, тод дарна” гэсэн заалтуудыг зөрчсөн албан ёсны гэж үзэх боломжгүй байна.

Иймд Б.Чт холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцаасан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд иргэн Г.Отай “ах гэж хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж, зүүн нүдийг нь хараагүй болгож, эрүүл мэндэд нь “хүнд” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүх шүүгдэгч  Б.Чт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр  буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Ч хохирогчийн нүүрэн тус газар архины шилээр цохисон талаар хохирогч, гэрчүүд мэдүүлсэн байх ба энэ талаар шүүгдэгч маргаагүй байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй  учир тэнд байсан хүн бүрээс мэдүүлэг авах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэргийг “прокуророос шүүхэд  шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх “учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, ...хохирлын баримт бичгийн хуулбарыг хэрэгт хавсаргасан нь хохирлыг хэмжээг тогтоох,  нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 Учир нь хохирогчийн эрүүл мэндэд “хүнд” хохирол учирсан талаар шинжээч нар дүгнэлт гаргасан ба дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн ямар баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа, ямар ажиллагаа хийх шаардлагатай  талаар шүүгчийн захирамжид тодорхой тусгаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир энэ эрхийнхээ хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд зааснаар “шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж ... гардуулан өгөх” бөгөөд бичгээр үйлдсэн тогтоол нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.12-т  заасан “...албан тушаалтны гарын үсгийг тамга, тэмдэг дарж баталгаажуулах” шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл шүүх тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй захирамж аймгийн прокурорын газарт хүргүүлж, дээрх хууль болон заавар зөрчжээ.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хуралдаанд оролцсон прокурор “Г.От холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хуралдааны явцад гаргаж өгөх боломжтой” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                       Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                        Б.СОСОРБАРАМ