Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/00642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг 1 дүгээр байр, 614 тоотод оршин суух, Алаг боржигон овогтой  Бадарчийн Ундрахын /РД:ЧИ80052264/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 404 дүгээр байрны 38 тоотод оршин суух, Боржигон овогтой Цэнд-Аюушийн Даваасүрэнд /РД:ЧЛ82052415/ холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 448.641.916 /дөрвөн зуун дөчин найман сая зургаан зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай,

 

Ц.Даваасүрэнгийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, 37.000 /гучин долоон мянга/ ам.доллар буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баасанжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч Ц.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанцогт, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ундрах 2013 оны 6 сарын 07-ны өдөр Ц.Даваасүрэнтэй 13/01 дугаар Зээлийн гэрээг байгуулан, 200.000 ам.долларыг жилийн 6 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 6 сарын 07-ны өдөр 50.000, 6 сарын 17-ны өдөр 149.150.80 ам.доллар тус тус шилжүүлэн өгсөн. Ц.Даваасүрэн дээрх зээлийг авахдаа 2013 оны 6 сарын 07-ны өдөр И13/01 дугаар Барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 1 хороо Олимпийн гудамж, 14 байрны зоорийн давхарт байрлах, агуулахын зориулалттай, 132 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203015859 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Тэрээр 2013 онд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2014 оноос эхлэн зээлийн хүү төлөх хуваарийг удаа дараалан зөрчиж эхэлсэн, 2014 оны 6 сарын 10-ны өдөр төлөх байсан үндсэн зээлийн төлбөр 20.000 ам.долларыг 6 сараар хугацаа хоцроон 12 сарын 31-нд төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй тул 2015 оны 6 сарын 30-ны өдөр ДИХАШ-ы 1 дүгээр шүүхэд зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр 188.689 ам.доллар буюу 368.655.201 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 07-ны өдрийн 6688 дугаар шийдвэрээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнөх цуцлах шаардлагыг урьдчилан мэдэгдээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд бодогдсон үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 35.960 ам.доллар буюу 70.338.073 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 07-ны өдрийн 1601 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 2 сарын 16-ны өдрийн 124 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл Ц.Даваасүрэн нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс 1 ч төгрөг төлөөгүй, үндсэн зээлээс 2016 оны 6 сарын 10-ны өдөр төлөх байсан 40.000 ам.доллар болон 2015 оны 9 сарын 15-ны өдрөөс энэ нэхэмжлэлийг гаргах өдрийг хүртэл хугацааны хүүгийн төлбөр төлөөгүй байна. Ц.Даваасүрэнд шүүх болон зээлдүүлэгчээс боломж олгосоор атал зээлийн төлбөрөөс төлөхгүй байгаа нь цаашид гэрээний үүргээ биелүүлэх ямарч сонирхолгүй байгааг харуулж байна. Иргэний хуульд заасан журмын дагуу 2016 оны 3-9 дүгээр сард Ц.Даваасүрэнд гэрээний үүргээ биелүүлж зээл, хүүгийн төлбөрийг төлөхийг урьдчилан сануулж, хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн мэдэгдэл, шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч тавьсан хууль ёсны шаардлага болон байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэнгүй. Иргэний хуулийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсэн заалт, Зээлийн гэрээний 2.7-д “ноцтой зөрчил гэж зээлдэгч зээлийн гэрээний үндсэн өр, хүүгийн төлбөр болон алданги төлөх хугацааг хэтрүүлсэн, зээлийн төлбөрийн хуваарийг 2-оос дээш удаа зөрчсөнийг ойлгоно” гэсэн заалт, гэрээний 8.3.1-д “зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээг цуцална” гэсний дагуу гэрээг цуцалж, үндсэн зээл 150.000 ам.доллар, 2015-09-15-наас 2016-06-10-ны өдөр хүртлэх хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 150.000 ам доллараас, 2016-09-29 хүртэлх хүүг зээлийн үлдэгдэл 110.000 ам доллараас тооцож, зээлийн хүүнд 8759 ам доллар, 2016 оны 9 сарын 29-аас 12 сарын 26-н хүртэл 88 хоногийн хүүнд 1610 ам.доллар буюу 4.008.384 төгрөг, 12 сарын 26-наас 2017 оны 1 сарын 25-н хүртэл 30 хоногийн хүүнд 550 ам.доллар буюу 1.368.339 төгрөг, 2017 оны 3 сарын 06-н хүртэл 43 хоногийн хүүнд 787 ам.доллар буюу 1.955.820 төгрөг, 2015-06-10-ны өдөр төлөх байсан үндсэн зээлийн төлбөр 30.000 ам.долларт ногдох алданги 15.000, 2016-06-10-ны өдөр төлөх байсан үндсэн зээлийн төлбөр 40.000 ам.долларт ногдох 110 хоногийн алданги 20.000 ам.доллар буюу гэрээг цуцлах хүртэл хугацааны алданги 35.000 ам доллар, нийт зээлийн төлбөрт 196.706  ам.доллар буюу 448.641.916 төгрөгийг Ц.Даваасүрэнгээс гаргуулна. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа: Би Япон улсын “Мегатек” корпорацийн захирал Нагао Шигэрү гэдэг хүнээс өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2013 онд 200.000 ам долларын зээл авсан, Б.Ундрахаас зээлээгүй. Тухайн үед дансаар нь дамжуулан зээл авсан нь үнэн. Дансаар шилжүүлэх үед 2 төрлийн гэрээ хийсэн. Гэвч Ундрах нь өөрийн хөрөнгөөс зээл авсан мэтээр удаа дараа зүй бус хандаж ирсэн тул Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдүүлэгч Нагао Шигэрү дараа нь өрөө нэхээд ирэх эрсдэл өндөр байгаа, түүнтэй зээл авснаас хойш огт холбогдож чадахгүй байгаа гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Япон улсын “Мегатек” корпорацийн захирал Нагао Шигэрүтэй 2013 онд Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан менежер Долгормаагаар дамжуулан танилцан өөрсдийн хэрэгжүүлж буй өндөр зэрэглэлийн лаунжийн төслөө танилцуулж, тухайн үеийн ханшаар 200.000 ам долларт дүйцэх зээлийг Японы иенээр жилийн 4 хувийн хүүтэй авахаар тохиролцож барьцаанд өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг тавихаар болсон. Зээлийн гэрээг хэрэгжүүлэх болоход Гранд Такара гэдэг компаниар гэрээ хийхийг Нагао захирал зөвшөөрсөн, гэрээг төлөөлж би хийнэ хэмээн Ундрах хэлсэн бөгөөд энэ бүхэнд эргэлзэлгүйгээр гзрээнд гарын үсэг зурсан ба Гранд Такара компанийн хувьцаа эзэмшигч нь Нагао Шигэрү гэж ойлгон Гранд ХХК-тай 2013 оны 5 сарын 28-ны өдөр 13/01 гэрээ хийж, 50.000 ам долларыг ХХБ-ы дансаар шилжүүлэн авсан. Гэтэл 2013 оны 6 сарын 07-ны өдөр мөн адил 13/01 дугаар бүхий гэрээг өөрийн нэр дээр хийхийг шаардаж, хийхгүй бол үлдэгдэл 150.000 ам долларыг шилжүүлэхгүй гэж үндэслэлгүйгээр гэрээг өөрчлөхийг шахаж шаардсан ба миний хувьд гэрээнд гарын үсэг зурж үлдэгдэл 150,000 ам.долларыг Ундрахын дансаар дамжуулан өөрийн дансанд шилжүүлж авсан. Эцэстээ Ундрах нь өөрийн хөрөнгөнөөсөө зээлсэн мэтээр аашилж төслийн шат дуусгавар болоогүй байхад зээлийн үндсэн төлбөрийг нэхэмжилж шүүхэд маргаан үүсгэж, өөрийн ашиг сонирхолд нийцүүлж миний бизнесийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж ирлээ. Би Япон улсын МЕГА-ТЕК корпорацийн захирал Нагао Шигэрүгээс энэхүү зээлийг авсан ба Ундрахаас зээл хүссэн удаагүй, дансаар нь дамжуулж зээл авсан гэж ойлгож байна. Учир нь Япон улсын МЕГА-ТЕК корпорацийн захирал Нагао Шигэрү-тэй Иргэний хуулийн 43.1.1-д заасны дагуу зээлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохирсон байсан. Иймд 2013 оны 5 сарын 28 өдрийн 13/01 болон 2013 оны 6 сарын 07-ны өдрийн 13/01 тоот ижил утга бүхий 2 гэрээг Иргэний хуулийн 56.1.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 56.5-д зааснаар зээлийн төлбөрт Б.Ундрахын дансанд шилжүүлсэн үндсэн төлбөрт 20.000, хүүнд 17,000, нийт 37.000 ам долларыг Б.Ундрахаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Даваасүрэнд зээлийг өгөх болсон шалтгаан нь миний бизнесийн хамтрагч Япон улсын иргэн Нагао Шигерү Ц.Даваасүрэнг надтай танилцуулж “энэ хүнд туслаарай гэсэн учраас зээлдүүлсэн. Даваасүрэн нь зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаа хуваарийн дагуу төлөөгүй, зээлээ төлөхийг шаардахад утсаа авахгүй, хүн явуулж зээл төлөх мэдэгдэл өгөхөд авахгүй гэж буцаах зэргээр гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир шүүхэд хандсан. Даваасүрэнгээс хугацаандаа төлөөгүй 70.338.073 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 6688 дугаартай шийдвэрийг давах болон хяналтын шатны шүүх хэвээр баталж, хүчин төгөлдөр болжээ. Дээрх шийдвэрүүдээр гэрээ нь хуульд заасан журам, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ гэдэг нь тогтоогдсон тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргийг ИХШХШтХ-ийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа’’ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Ц.Даваасүрэн нь мөнгө зээлдүүлж залилсан гэж Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ундрах нь хариуцагч Ц.Даваасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 441.309.373 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31024 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Даваасүрэнгийн хүсэлтийг хангаж, тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн байна.

 

Ц.Даваасүрэн нь хариуцагч Б.Ундрахад холбогдуулан 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 37.000 ам доллар буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргаж, хариуцагч Б.Ундрахын өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаар шүүгчийн захирамжаар Б.Ундрахын нэхэмжлэлтэй, Ц.Даваасүрэнд холбогдох иргэний хэрэгт нэгтгэж, хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэлд тооцон шийдвэрлэлээ.

 

Б.Ундрах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хүртэл хүүнд 1610 ам доллар буюу 4.008.384 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хүртэл хүүнд 550 ам доллар буюу 1.368.339 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүүнд 787 ам доллар буюу 1.955.820 төгрөг, нийт 2947 ам доллар буюу 7.332543 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагчтай байгуулсан 2013 оны 6 сарын 07-ны өдөр Ц.Даваасүрэнтэй 13/01 дугаар зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр төлөх үүргээ зээлдүүлэгч зөрчсөн тул Иргэний хуулийн 225.1, гэрээний 2.7, 8.3.1-д зааснаар гэрээг цуцалж, зээл, хүү, алданги гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь Нагао Шигэрүтэй тухайн үеийн ханшаар 200.000 ам долларт дүйцэх зээлийг иенээр, жилийн 4 хувийн хүүтэй авахаар тохиролцож, гэрээг би хийнэ гэж Гранд Такара компанийн захирал Ундрахын хэлсэнд эргэлзэлгүй 2013 оны 5 сарын 28-ны өдрийн 13/01 гэрээнд гарын үсэг зурж, Гранд Такара компанийн хувьцаа эзэмшигч Нагао Шигэрү гэж ойлгон, 50.000 ам долларыг дансаар шилжүүлэн авсан, 6 сарын 07-ны өдөр адил 13/01 дугаар гэрээг өөрийн нэр дээр хийхгүй бол үлдэгдэл долларыг шилжүүлэхгүй гэж Ундрах шаардсан тул гарын үсэг зурж, 150.000 ам.долларыг Ундрахын дансаар дамжуулан авсан, Нагао Шигэрүтэй Иргэний хуулийн 43.1.1-д заасны дагуу зээлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохирсон тул ижил утгатай 2 гэрээг Иргэний хуулийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өгснөө буцаан гаргуулна гэж маргалаа.

 

1.    Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Ундрах нь 2013 оны 6 сарын 07-ны өдөр Ц.Даваасүрэнтэй 13/01 дугаар зээлийн гэрээг байгуулан, 200.000 ам долларыг жилийн 6 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсч, гэрээ хүчин төгөлдөр болсон болжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр зохицуулсан байна.

 

Зээлдүүлэгч нь өөрийн данснаас 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 50.000 ам доллар, 6 дугаар сарын 17-ны өдөр 149.150.80 ам долларыг тус тус зээлдэгчийн дансанд шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, Иргэний хуулийн 282.4-т заасанд нийцэж байна гэж үзэв.

 

Ц.Даваасүрэн нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203015859 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 хороо Олимпийн гудамж, 14 байрны зоорийн давхарт байрлах, агуулахын зориулалттай, 132 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2013 оны 6 сарын 07-ны өдөр И13/01 дугаар барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасанд нийцүүлэн байгуулж, 156.2-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6688 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Ундрахын зээлийн гэрээг цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээл, хүүгийн төлбөрт 35.960 ам.доллар буюу 70.338.073 төгрөгийг Ц.Даваасүрэнгээс гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1601 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 124 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Талуудын байгуулсан гэрээ 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд хэрэгжих байсан, хариуцагч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 20.000 ам.доллар төлөх үүргийг 6 сараар хожимдуулан төлсөн, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 25, 5 дугаар сарын 11, 6 дугаар 14, 8 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд мэдэгдэж байсан нь Монгол шуудангийн баримтуудаар тогтоогдлоо.

 

Талууд Зээлийн гэрээний 2.7-д “ноцтой зөрчил гэж зээлдэгч зээлийн гэрээний үндсэн өр, хүүгийн төлбөр болон алданги төлөх хугацааг хэтрүүлсэн, зээлийн төлбөрийн хуваарийг 2-оос дээш удаа зөрчсөнийг ойлгоно” гэж, 8.3.1-д “зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээг цуцална” гэж тохиролцжээ. 

 

Ийнхүү гэрээнд зааснаар хариуцагч Ц.Даваасүрэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дээрх мэдэгдлүүдэд заасан хугацаанд үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч Б.Ундрах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээг цуцлахаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн эргэн төлөх хуваариар хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт

150.000 ам доллар, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны хүүгийн төлбөрт 8526.5 ам доллар, нийт 158.526.5 ам долларыг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигч гэрээний 3.5 дахь заалтаар хүлээсэн үүргийн биелэгдээгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагчийн үндсэн зээлээс төлөх байсан 2015 оны 6 сарын 10-ны өдөр 30.000 ам доллар болон 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 40.000 ам доллараас алдангийг үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд тооцоход үүргээс илүү гарч байгааг 232.4-т заасанд нийцүүлэн /15.000+20.000/ 35.000 ам доллар тооцон төлүүлэхээр нэхэмжлэгч шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрт 150.000 ам доллар, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх 356 хоногийн хүүгийн төлбөрт 8.526,5 ам доллар, алданги 35.000 ам доллар, нийт 193.526,5 ам доллар буюу нэхэмжлэлд хавсаргасан Монгол банкны 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн долларт дүйцэх төгрөгийн ханшийг үндэслэн 1 ам долларыг 2.277.6 төгрөгөөр тооцож, 440.775.956 төгрөгийг хариуцагч Ц.Даваасүрэнгээс гаргуулан, нэхэмжлэгч Б.Ундрахад олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны хүүний төлбөрийг 6688 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн тул 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх 9 хоногийн хугацааны хүүний төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлагыг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан атлаа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хугацааны хүүгийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул тухайн өдрийн ханшийн лавлагааг үндэслэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 1610 ам доллар буюу 4.008.384 төгрөг, 550 ам доллар буюу 1.368.339 төгрөг, 787 ам доллар буюу 1.955.820 төгрөг, 2947 ам доллар буюу 7.332543 төгрөгийг хэрэгсэхгүй гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 193.759 ам доллар буюу 441.309373 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон боловч хавсаргасан ханш болох 2277.6 төгрөгөөр тооцоход 3.875 төгрөгийн зөрүүтэй байгааг болон 9 хоногийн төлбөрт 232.5 ам долларыг 2277.6 төгрөгөөр тооцож 529.542 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2947 ам доллар буюу 7.332.543 төгрөг, нийт 7.865.960 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-т хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй тул хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгах нь зүйтэй юм.

 

2.    Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

“Монгол бридж” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинээр тансаг зэрэглэлийн шөнийн клуб нээхэд зориулж, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1 талаас зээлдүүлэгч “Гранд такара” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Ундрах, нөгөө талаас зээлдэгч “Монгол бридж” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Даваадорж нар харилцан тохиролцож 200.000 ам долларыг 5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэйгээр зээлэхээр 13/01 дугаар Зээлийн гэрээг байгуулж, 2 талын этгээдүүд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

 

Харин 2 дахь гэрээ буюу 1 талаас иргэн Б.Ундрах, нөгөө талаас иргэн Ц.Даваасүрэн нар нь Улсын бүртгэлийн Ү-2203015859 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, өргөжүүлэн тохижуулахад зарцуулах зориулалтаар 200.000 ам долларыг жилийн 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 13/01 дугаар Зээлийн гэрээг, энэхүү хөрөнгийг барьцаалан И13/01 дугаар Барьцааны гэрээг байгуулсан байна.

 

Хариуцагч нь өөрсдийн хэрэгжүүлж буй өндөр зэрэглэлийн лаунжийн төслөө танилцуулж, тухайн үеийн ханшаар 200.000 ам долларт дүйцэх зээлийг иенээр жилийн 4 хувийн хүүтэй авах, барьцаанд өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг тавихаар Япон улсын “Мегатек” корпорацийн захирал Нагао Шигэрүтэй тохиролцож, түүний мөнгийг Б.Ундрахын дансаар шилжүүлэн авсан тул дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зоригоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийг үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болохыг 40.1-д, хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж тооцохыг 40.2-т тодорхойлсон байна.

 

Хүсэл зориг гэдэг нь хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх ба хариуцагч Ц.Даваасүрэнгийн хүсэл зоригийн илэрхийлэл 200.000 ам доллар зээлэхээр гэрээ байгуулсан байх тул зээлдэгч Б.Ундрах өөрийн хөрөнгөөс зээлээгүй, эх сурвалж нь Японы компани байсан гэж тайлбарлаж байгааг хэлцлийг Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан ба 2 гэрээ байгуулагдсан байх, нэг гэрээ буюу халхавчлагдсан хэлцэл хүчин төгөлдөр байж, нөгөө хэлцэл буюу халхавчилж хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхыг ойлгоно.

 

Хүсэл зоригоо илэрхийлэгч талууд бодит байдлаас өөр хэлцлийг хүчингүй мэт дүр эсгэн хийж байгааг халхавчилсан хэлцэл гэж үзэх ба энэ тохиолдолд хэлцэл хийгч талууд тухайн хэлцлийг хийх болон эрх зүйн үр дагаврыг бий болгох хүсэлгүй байхаас гадна талууд харилцан зөвшилцөж гадаад харилцаанд тодорхой агуулгаар хэлцэл хийсэн мэт дүрийг бий болгоно.

Халхавчилсан хэлцлийн ард нуугдаж байгаа талуудын бодитоор хүссэн эрх зүйн үр дагавар үүсгэх тохиролцоог халхавчлагдсан хэлцэл гэнэ. Гэтэл тухайн тохиолдолд 2013 оны 5 дугаар сарын 28-ны болон 6 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний оролцогчид нь өөр буюу нэг нь 2 хуулийн этгээдийн хооронд, нөгөө нь 2 иргэний хооронд байгуулагдсан байх бөгөөд хариуцагч энэхүү 2 гэрээг аль алийг нь халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.     

 

Ийнхүү 2013 оны 5 сарын 28 өдрийн 13/01 болон 2013 оны 6 сарын 07-ны өдрийн 13/01 тоот ижил утга бүхий 2 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 37.000 ам долларыг Б.Ундрахаас буцаан гаргуулахыг хүссэн Ц.Даваасүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Түүнчлэн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Гранд такара” ХХК болон “Монгол бридж” ХХК-ийн хооронд байгуулагдсан 13/01 дугаар гэрээг бодитоор хэрэгжээгүй талаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалд дүгнэснийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2.526.668 төгрөг, хариуцагчаас төлсөн 800.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2.361.849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид илүү төлсөн 220.694 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан 2013 оны 6 сарын 07-ны өдрийн 13/01 дугаар Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч /РД:ЧЛ82052415/ Боржигон овогтой Цэнд-Аюушийн Даваасүрэнгээс 193.526,5 ам доллар буюу 440.775.956 төгрөгийг /дөрвөн зуун дөчин сая долоон зуун далан таван мянга есөн зуун тавин зургаа/ гаргуулан, нэхэмжлэгч Алаг боржигон овогтой  Бадарчийн Ундрахад /РД:ЧИ80052264/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3179,5 ам доллар буюу 7.865.960 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар 2013 оны 5 сарын 28 өдрийн 13/01 болон 2013 оны 6 сарын 07-ны өдрийн 13/01 тоот ижил утга бүхий 2 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 37.000 ам долларыг Б.Ундрахаас буцаан гаргуулахыг хүссэн Ц.Даваасүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-т зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй тул хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2.526.668 төгрөг, хариуцагчаас төлсөн 800.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2.361.849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид илүү төлсөн 220.694 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ