| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/01562/И |
| Дугаар | 183/ШШ2017/00643 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2017/00643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, 20а байр, 49 тоотод оршин суух, Монгол овогтой Аюушийн Отгонбаатарын /РД:ФД87060718/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 хороо, Яармагийн 8 гудамж 213 тоотод оршин суух, Тайчууд овогтой Буянбатын Урангоод /РД:УЗ89082589/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Б.Урангоо, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нармандах, гэрч Б.Уянга, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б.Урангоотой 2013.8.03-ны өдөр 8 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, хүүг сар бүр 8 хувь буюу 200.000 төгрөг байхаар тохиролцон 2.500.000 төгрөгийг зээлдүүлсэн. Хариуцагч Б.Урангоо нь 2014.01.03-ны өдөр 300.000, 2013.10.05, 2014.02.04, 2014.3.04-ний өдөр тус бүр 200.000, нийт 900.000 төгрөгийг зээлийн гэрээний хүүнд төлснөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2015 оны 10 сард Б.Урангоотой уулзан, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардсан боловч төлөөгүй. Түүнтэй зээлийн гэрээний үлдэгдлийн талаар тооцоо нийлж, 2015.10.31-ний өдөр “Төлбөр төлөх хэлцэл”-ээр 2015.11.10-ний өдөр 5.100.000 төгрөгийг А.Отгонбаатарт төлөхөөр харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулсан боловч үүргээ биелүүлэхгүй байх тул Б.Урангоогоос 4.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 8 сарын 03-ны өдөр 2.500.000 төгрөгийн зээлийг А.Отгонбаатараас авч эгч Уянгадаа өгсөн. Урангоо гарын үсэг зурсан боловч мөнгийг аваагүй, Б.Уянга авсан. Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийг хариуцагчийн дансанд шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Хүү, зээлийн төлбөрт Уянга, Урангоо нар нь 2.6 сая төгрөг төлсөн. Төлбөр төлөх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Отгонбаатар нь хариуцагч Б.Урангоод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Зээлийн гэрээ, Төлбөр төлөх хэлцлийн дагуу шаардлагаа хангуулна гэж, хариуцагч нь зээлийг эгч Уянгад өгсөн, бид төлбөрийг барагдуулсан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч А.Отгонбаатар нь 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 8 сарын хугацаатай, сар бүр 8 хувийн хүү төлөхөөр тохиролцон, Б.Урангоотой зээлийн гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгийг зээлдүүлжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр зохицуулсан байна.
Зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээнд /гэрээний 6 дахь заалт/ заасан ХААН банкин дахь 5063059353 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон боловч Б.Урангоогийн хүсэлтээр түүний нөхрийн 5079023918 тоот дансанд шилжүүлсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр зээлийг хариуцагчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа нь нэхэмжлэгчээс зээлийг шилжүүлсэн данс хариуцагчийн нөхрийнх болох, нөхрийн данснаас мөнгийг авч, өөрийн эгчид өгсөн гэх зохигчийн тайлбар зэрэг хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэж байх тул А.Отгонбаатарыг гэрээгээр хүлээсэн мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэв.
Хариуцагч Б.Урангоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сар бүр 200.000 төгрөгөөр зээлийн хүүнд 1.600.000 төгрөгийг А.Отгонбаатарт төлөх үүргийг хүлээсэн ба 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200.000, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 200.000, 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 300.000, 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 200.000, 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 200.000, нийт 1.100.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хүүний төлбөрт төлсөн байна.
Нэхэмжлэгч нь Б.Уянгатай ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаагүй тул А.Отгонбаатарын дансанд Б.Уянгаас 2014 оны 2 дугаар сарын 04, 6 дугаар сарын 29, 7 дугаар сарын 03, 8 дугаар сарын 03, 9 дүгээр сарын 17-ны өдөр тус бүр 200.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг шилжүүлснийг Б.Урангоогийн зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийн дагуу төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
Хариуцагч Б.Урангоогийн зээлийн гэрээний хугацаанд хүүний төлбөр төлөх үүргээс 2013 оны 9 болон 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү төлөөгүй байна.
Иймд дээрх байдлаар талуудын байгуулсан гэрээний дагуу Б.Урангоогийн төлсөн хүүг тооцоход 1.600.000 төгрөг хүүнд төлөх үүргээс хугацаандаа 1.200.000 төгрөг төлсөн, 400.000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн байна.
Б.Урангоогийн үндсэн зээлийг 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүүгийн хамт төлөх үүргээс 2014 оны 6, 7, 8, 9 дүгээр сард Б.Уянгаас нийт 5 удаагийн төлөлтөөр төлсөн 1.000.000 төгрөгийг үндсэн зээл болох 2.500.000 төгрөгөөс хасч тооцон, хариуцагч зээлийн гэрээний дагуу 1.500.000 төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрх үүсжээ.
Зохигч гэрээний 3 дахь заалтаар зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байна.
Талууд зээлийн үлдэгдлийн талаар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, “Төлбөр төлөх хэлцэл”-ээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5.100.000 төгрөгийг Б.Урангоо нь А.Отгонбаатарт төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний 3 дахь заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хугацаандаа төлөөгүй үндсэн зээл 2.500.000 төгрөгөөс тооцох нь зүйтэй.
2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй
тул үндсэн зээлээс сар бүр хийсэн төлөлтийг хасч, 2014 оны 6 сар хүртэл /2.500.000х0.5%=12.500х60/ 750.000 төгрөг, 7 сар хүртэл /2.300.00х0.5%=11.500х30/ 345.000 төгрөг, 8 сар хүртэл /2.100.000х0.5%=10.500х30/ 315.000 төгрөг, 9 сарын 17 хүртэл 43 хоногт /1.900.000х0.5%=9.500х43/ 408.500 төгрөг, 9 сарын 26 хүртэл 9 хоногт /1.700.000х0.5%=8.500х9/ 76.500 төгрөг буюу алдангид нийт 1.895.000 төлөх байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн үндсэн зээл 2.500.000 төгрөгийн 50 хувь болох 1.250.000 төгрөгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Б.Урангоогоос зээлийн үлдэгдэл 1.500.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөг, нийт 2.750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Отгонбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчид энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх тайлбар гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 93.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 58.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч /РД:УЗ89082589/ Тайчууд овогтой Буянбатын Урангоогоос зээлийн гэрээний үүрэгт 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Монгол овогтой Аюушийн Отгонбаатарт /РД:ФД87060718/ олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 93.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 58.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ