Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2017/00005/И |
Дугаар | 183/ШШ2017/00684 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2017/00684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 хороо, 5 хороолол, ХД 37 байр 75 тоотод оршин суух, Элжигэн овогтой Цэрэндоржийн Чингүнбатын /РД:ХВ71072123/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 хороо, Номин юнайтед их дэлгүүр 5 давхар, “Номинтрейдинг” ХХК-д /РД:5213339/ холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлснийг хүлээн зөвшөөрүүлж, гэрээний харилцаа дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Чингүнбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Зулзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа: Чингүнбат нь 2014 оны 9 сард орон сууцандаа хэрэглэхээр зарим нэр төрлийн цахилгаан барааг Номин их дэлгүүрийн хөргөгчийн тасгаас, Япон Улсад үйлдвэрлэсэн Хитачи маркийн хүрэн өнгийн хөргөгчийг сонгож, худалдан авахаар тохиролцон захиалга өгч, хөргөгчийнхөө хэмжээ, өнгөнд тааруулан гал тогооны өрөөний тавилгын өнгө болон хэмжээг захиалан хийлгэсэн. Ингэснээр Ц.Чингүнбат, “Номин трейдинг” ХХК, түүнийг төлөөлөн худалдааны менежер нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгджээ. Нэхэмжлэгч худалдан авахаар тохиролцсон хөргөгчний үнийг төлөхөөр 2014 оны 9 сарын 22-ны өдрийн өглөө Номин их дэлгүүрийн хөргөгчийн тасагт очиж төлбөрийн нэхэмжлэхээ өгөхийг хүссэн ч тасгийн менежер нь “манай ня-бо алга, тантай эргэж холбогдоод төлбөр авах дансыг өгье” гэсэн ба тэр өдөртөө менежерийн 99780700 дугаар руу ярьж, төлбөрийг хийх дансны дугаарыг явуулахыг хүссэнээр нэхэмжлэгчийн дугаарт дансны дугаар болон хүрэн өнгийн хөргөгчний үнэ 5.299.990-аас хямдраад 4.899.990 төгрөг болсон мессеж ирүүлжээ. Дансны эзэмшигч нь “Номин трейдинг” ХХК биш иргэний нэр дээрх данс байсан учир менежер залуутай утсаар дахин ярьж тодруулахад “манай Номин их дэлгүүрийн ерөнхий менежерийн данс, бид борлуулалтыг нь хариуцдаг учир төлбөрийг нь мөн хариуцна” гэсэн тул Голомт банкны 2719230667 дугаар Цэрэнчимэдийн Эрдэнэбат-Очирын данс руу 4.899.990 төгрөгийг шилжүүлж, энэ тухайгаа менежерт утсаар ярьж мэдэгдээд хөргөгчийг хүргүүлэхээр Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянголын амны “Найрсаг” хотхонд байрлах хаягаа илгээсэн. Хариуцагч “Номин трейдинг” ХХК-ийн хүргэлтийн ажилтнууд хөргөгчийг хүргэж өгсөн ч хажуу талдаа хонхойж цөмөрсөн, хөдөлгүүр нь дуу чимээ ихтэй, чичиргээтэй байсан тул буцааж даруй сольж өгөхийг менежер залуугаас шаардсанаар сольж өгөх болсон ч хэсэг хугацааны дараа хүрэн өнгийн хөргөгч байхгүй, эвдрэлтэй хөргөгчөө авахыг ятгаж урамшуулалд нь будаа агшаагч өгөхийг санал болгосон. Гэвч нэхэмжлэгчийн хувьд авахаар тохирсон хүрэн өнгийн хөргөгчийн өнгө, хэмжээнд тааруулан тавилга захиалан хийлгэсэн учир өөр өнгийн хөргөгч авахаас татгалзаж, сонгосонтой ижил хөргөгчийг Япон улсын үйлдвэрлэгчээс захиж авчрах боломжтой эсэхийг гадаад харилцааны ажилтан бүсгүй тодруулж, үйлдвэрлэгч хүрэн үйлдвэрлэхээ больсон тул өгч чадахгүй, ижил маркийн хар хөргөгч байгааг утсаар мэдэгдэж, хөргөгчийн хэмжээнд тааруулан хийлгэсэн тавилга өөрчлөх боломжгүй тул хар хөргөгчийг хүргүүлэн авчээ. Гэтэл “Номин трейдинг” ХХК-иас 2015 оны 2-3-р сарын үед хуулийн хэлтсийн дарга хөргөгчийн мөнгө төлөөгүй гэж доромжилсон байдалтай ярихаар нь “төлбөрийг худалдааны менежерийн хэлсэн дансанд төлсөн, очиж уулзья, холбогдох ажилтнууд болон менежер залууг байлцуул” гэсэн ч эргэж яриагүй, дэлгүүрийн ажилтнаас авсан захирал Алтанхундагын 99115675 дугаарын утсаар холбогдон, хэлтсийн даргатай ярьсан асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэхээ хэлэхэд эргээд холбогдьё гээд яриагүй. Гэтэл 2016 оны 10 сарын 20-нд 99143586 утаснаас өмгөөлөгч Гомбо гэж хүн төлбөрийг төлөөгүйг нэхэмжилж ярьсан. Хариуцагч тал нэхэмжлэгчийг чирэгдүүлж нааш цааш явуулсан, хүлээлгэж цаг алдуулсан, захиалснаас өөр хөргөгч авахаас өөр аргагүй байдалд хүргэж, сэтгэл дундуур үлдээсэн хирнээ төлбөрийг төлсөн хөргөгчийн үнийг дахин төлөхийг шаардаж утсаар доромжилж, хариуцлагагүй, бүдүүлэг, будлиунаас нь болж чирэгдэл, бухимдлыг үүсгэж байх тул гэрээний дагуу төлбөр төлж үүргээ биелүүлснээр гэрээний харилцаа дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014 оны 11 сарын 15-нд УИД-ийн электрон барааны тасгаас 04RFНТС620 кодтой 4.899.990 төгрөгийн үнэтэй Hitachi маркийн R-С6200S/ХК/ загварын хөргөгчийг худалдан авсан ба захиалгын дагуу түгээлтийн салбар худалдан авагчийн СХД, 1 хороо, Баянголын ам, Найрсаг хотхонд хүргэж өгсөн. Иргэний хуулийн 248 зүйлд зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан, дансанд төлбөр төлөгдөөгүй байсан тул худалдан авагчтай холбогдон төлбөр төлөхийг шаардахад танай ажилчдад өгсөн гэсэн. Худалдан авагч нь авч байгаа бараа бүтээгдэхүүний үнийг биечлэн ирсэн бол кассанд бичүүлж авах, дансаар төлбөр тооцоо хийхээр бол албан ёсны тамга тэмдэгтэй нэхэмжлэхийн дагуу төлбөр хийх ёстой. Ц.Чингүнбат нь хувь хүний дансыг мэдсээр байж төлбөр шилжүүлсэн ба манайд төлбөр төлөгдөөгүй. Нэхэмжлэгчийн төлсөн гэх Эрдэнэбат-Очирын Цэрэнчимэд нь электрон барааны тасагт бараа хүргэлт өргөгчөөр 2013-2014 онд ажилласан, худалдан авагчаас бэлнээр, дансаар мөнгө авах эрх бүхий ажилтан биш тул компани хариуцлага хүлээх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Чингүнбат нь хариуцагч “Номинтрейдинг” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ менежерийн явуулсан Голомт банкны 2719230667 дугаар данс руу 4.899.990 төгрөгийг шилжүүлж, хөргөгчийг хүлээн авсан гэрээний харилцаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь бараа хүргэлт өргөгч нь худалдан авагчаас бэлнээр, дансаар мөнгө авах эрх бүхий ажилтан биш тул компани хариуцлага хүлээхгүй гэж маргалаа.
Нэхэмжлэгч 2014 оны УИД-ийн электрон барааны тасгаас 04RFНТС620 кодтой, 4.899.990 төгрөгийн үнэтэй Hitachi маркийн R-С6200S/ХК/ загварын хөргөгчийг худалдан авсан, хариуцагч нь захиалагчийн гэрийн хаягаар хүргүүлж, Ц.Чингүнбат барааг хүлээн авсан ба хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаар талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Гэрээний дагуу худалдагч тал барааг хаягт хүргэн, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн ба худалдан авагч нь үнийг төлөөгүй гэж маргаж байгаа боловч хариуцагч байгууллагад менежерээр ажиллаж байсан Б.Бямбацогтын утсаар илгээсэн Голомт банкны 2719230667 дугаар данс руу 4.899.990 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэргийн баримт, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Дээрх данс нь “Номинтрейдинг” ХХК-ийн Номин их дэлгүүрийн электрон барааны тасагт бараа хүргэлт, өргөгчөөр ажиллаж байсан Цэрэнчимэдийн Эрдэнэбат-Очирынх байсан бөгөөд тухайн үед хямдрал өгөх боломжтой гэж танилцуулж, түүний хэлснээр дансыг худалдан авагчид өгсөн, Э.Цэрэнчимэдийн хэлсний дагуу гэрийн хаягаар хүргүүлсэн гэж гэрчийн мэдүүлж байх тул нэхэмжлэгч Ц.Чингүнбатыг худалдан авсан барааны үнийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Учир нь хариуцагч байгууллагын дэлгүүрийн менежерийн явуулсан тухайн байгууллагын ажилтны эзэмшдэг дансанд төлбөр шилжүүлсэнд нэхэмжлэгч буруугүй байна.
Хариуцагч тал хэдийгээр хүргэлт өргөгч нь худалдан авагчаас бэлнээр, дансаар мөнгө авах эрх бүхий ажилтан биш тул компани хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргах ч төлбөр төлөгдөөгүй байхад худалдан авагчийн өмчлөлд барааг шилжүүлсэн байдлаа нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэж заасан ба нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу хөргөгчийн үнийг төлөөлөгчийн хэлсэн дансанд бүрэн төлж, хөргөгчийг хүлээн авч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн байх тул Ц.Чингүнбат, Номинтрейдинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсныг тогтоолгохоор нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 93.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 93.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх
хэсэгт заасныг баримтлан Элжигэн овогтой Цэрэндоржийн Чингүнбат /РД:ХВ71072123/, “Номинтрейдинг” ХХК-ийн /РД:5213339/ хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 93.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 93.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ