Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/00707

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Үйлдвэрийн гудамж, 17 байр 2 тоотод оршин суух, /РД:ЖЮ66052312/ Эрх мэргэд овогтой Лувсанцэрэнгийн Зоригтбаатар,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 хороо, 13 хороолол, 12 байр, 13 тоотод оршин суух, /РД:ЦГ69040231/ Хутайц шарайд овогтой Банзрагчийн Цогбадрах нарт холбогдох,

 

Төлбөрт 21.645.390 /хорин нэгэн сая зургаан зуун дөчин таван мянга гурван зуун ер/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Цогбадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: СБД-н Засаг Даргын Санхүүгийн хяналт шалгалтын 2000 оны 4 сарын 28 өдрийн 12 тоот актаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Зоригтбаатар, компьютерийн багш Б.Цогбадрах нарт Бээжин хотоос 1.577.290 төгрөгийн үндсэн хөрөнгө материал худалдаж авсан. 25 ш компьютер нь ашиглалтын хугацааны баталгаа, паспорт байхгүй, 10 ш компьютер хагас дутуу ажиллаж, 15 ш компьютер нь эвдэрхий, үнэ нь зах зээлийн үнээс дээгүүр, дахин засварлан сургалтад ашиглах ямар ч боломжгүй компьютер авчирсан зөрчил шалгалтаар илэрч ширээ сандал 6.589.000 төгрөг, компьютерийн үнэ 12.922.710 төгрөг, 13 тоот актаар дутагдуулсан хөрөнгийн үнэ 1.108.400 төгрөг, 14 тоот актаар тогтоогдсон хөрөнгийн үнэ 788.080 төгрөг, 15 тоот актаар будагны үнэ 237.200 төгрөг, нийт 21.645.390 төгрөгийг 2000 оны 5 сарын 25-ны дотор багтаан барагдуулах ёстой байсан ч төлөөгүй тул барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Зоригтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Компьютерүүдийг төсвийн хөрөнгөөр аваагүй, дугуйлангийн хүүхдийн төлбөрөөр авч, эвдрэлтэй гэх компьютерээр 2004-2005 оны хичээлийн жил дуустал хичээл, дугуйланд ашиглаж байсан. Энэ компьютерүүд 286 үзүүлэлттэй эхэн үеийнх, энэ зохиомол шалгалт зохиомол эзэндээ үр дүнгээ өгч, захирлын ажлаа 2001 оны 1 сарын 25-нд авсан. Түүнээс хойш 15 жил чимээгүй байсан нь ойлгомжтой. СБД-н Засаг Даргын Санхүүгийн хяналт шалгалт хийсэн хүн нь хүүхдээ энэ сургуульд оруулаад явсан. Сургуулийн захирлыг БСШУЯ-ы сайд шууд томилдог, Нийслэлийн өмчийн газар барилга байшин нь харьяалагддаг, зөвхөн хувьсах зардлыг дамжуулан өгдөг нэгж байсан. Төсвийн хөрөнгө зарцуулалтаар 2000 оны сургуулийн захирал миний бие дүүрэгтээ 1 ч зөрчилгүй шалгарч Засаг дарга хурал дээр сайшааж байсан гэжээ.

 

Хариуцагч Б.Цогбадрах шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухайн үед тус сургуульд компьютерийн багш хийдэг байсан. 1999 оны 11 сард захирал Л.Зоригтбаатартай албан ажлаар БНХАУ-ын Бээжин хот явсан. Энэ үед компьютер худалдан авчруулахаар сургуулийн нягтлан бодогч, захиралд компьютер худалдан авах мөнгийг баримтаар өгсөн байсан. Компьютеруудыг зохих журмын дагуу худалдан авчирч нягтлан бодогч, нярав 2-т хүлээлгэн өгсөн. Сургуульд ирсэн 25 ш компьютерийг 3 жил сургуулийн сургалтад ашиглаж байсан. Би компьютеруудыг авчирч л өгсөн болохоос биш өөр бусад асуудлыг мэдэхгүй. Сургуулийн мэдлийн компьютер учир сургуулийн данс бүртгэлд байх ёстой, яагаад сургуулийн данс, балансад бүртгэлгүй талаар данс, балансад бүртгэлгүй байгааг мэдэхгүй. Данс бүртгэлдээ бүртгэх, компьютеруудаа дансжуулж, бүртгэх үүрэг нягтлан бодогч, нярав нарын хийх ёстой ажил байх. Өөрсдөө ажилдаа хариуцлагагүй хандсан байдлаасаа гаргасан алдаа зөрчлөө надад хариуцуулан, хариуцлага тооцуулах гэж байгааг зөвшөөрөхгүй. Намайг энэ асуудлаас болж цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулж, байцаалт өгч байхад компьютеруудыг тоолж, ажиллагаануудыг нь шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүхэд нэхэмжлэл өгснийг зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургууль нь захирлаар ажиллаж байсан Л.Зоригтбаатар, багшаар ажиллаж байсан Б.Цогбадрах нараас үндсэн хөрөнгийн төлбөрт 21.645.390 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ актаар тогтоогдсон гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нар нь компьютерийг төсвийн хөрөнгөөр аваагүй, дугуйлангийн хүүхдийн төлбөрөөр авч, хичээл, дугуйланд ашиглаж байсан, цагдаагийн газар компьютеруудыг тоолж, ажиллагаануудыг нь шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон, Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргав.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Санхүүгийн хяналт шалгалтын тасаг нь Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийн санхүү, үйл ажиллагаанд баримтын шалгалт хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчсөн тул

- 12 тоот актаар захирал Л.Зоригтбаатар, багш Б.Цогбадрах, касс Л.Оюунчимэг нараар үндсэн хөрөнгийн үнэ 19.511.710 төгрөгийг,

- 13 тоот актаар багш Б.Цогбадрах, Уранчимэг, Энхсайхан, номын санч Д.Оюун нараар алдагдсан эд хөрөнгийн үнэ 1.108.400 төгрөгийг,

- 14 тоот актаар захирал Л.Зоригтбаатар, захирлаар ажиллаж байсан М.Ганбат, нягтлан бодогчоор ажиллаж байсан Оюунтөгс нараар тогтоогдсон үндсэн хөрөнгийн үнэ 788.080 төгрөгийг,

- 15 тоот актаар захирал Л.Зоригтбаатар, нягтлан бодогч Д.Эрдэнэцэцэг нараар будагны үнэ 237.200 төгрөгийг 2000 оны 5 сарын 25-ны дотор багтаан төлүүлэхээр тогтоосон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4-т “төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль дэргэдээ бие даасан гарааны компани байгуулахаас бусад тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах саналаа төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж, энэ хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авна” гэж заасан байна.

 

Дээрх актуудаар хариуцагч Л.Зоригтбаатар нь 12 тоот актын дагуу 6.503.903 төгрөг, 14 тоот актын дагуу 262.693 төгрөг, 15 тоот актын дагуу 118.600 төгрөг, нийт 6.885.196 төгрөгийг, хариуцагч Б.Цогбадрах нь 12 тоот актын дагуу 6.503.903 төгрөг, 13 тоот актын дагуу 277.100 төгрөг, нийт 6.781.003 төгрөгийг төлөх байсан байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэжээ.

 

Хариуцагч нар 13.666.199 төгрөгийн төлбөрийг 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөөгүй ба нэхэмжлэгчид энэ өдрөөс төлбөрийг шаардах эрх үүссэн байх тул энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дууссан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт, шаардлага гаргаагүй байна.

 

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан байх тул хариуцагч нараас нийт 21.645.390 төгрөг гаргуулах шаардлагаас 13.666.199 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин бусад этгээдэд актаар тавигдсан 7.979.191 төгрөгийг хариуцагч нар төлөх үндэслэлгүй тул шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

 

Энэ өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, хариуцагч Л.Зоригтбаатар нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч Б.Цогбадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийн нотлох баримтын хүрээнд тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан РД:ЖЮ66052312/ Эрх мэргэд овогтой Лувсанцэрэнгийн Зоригтбаатар, /РД:ЦГ69040231/ Хутайц шарайд овогтой Банзрагчийн Цогбадрах нараас эд хөрөнгийн төлбөрт 21.645.390 төгрөг гаргуулахыг хүссэн Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ