Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2017/00275/И |
Дугаар | 212/МА2017/00103 |
Огноо | 2017-09-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 212/МА2017/00103
Ш-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаар шийдвэртэй, Ш-ийн нэхэмжлэлтэй, Ж , Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургууль нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ж болон хамтран хариуцагч Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулиас цахилгаан төгөлдөр хуур буюу үнэ 2299000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ш 2015 оны 01 дүгээр сард сургуулиас 3.600.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа болгон авсан. Тухайн 2015 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод 7 хоногийн сургалтад очиж, тэр үед 2.299.000 төгрөгөөр цахилгаан төгөлдөр хуур, 1.150.000 төгрөгөөр Баян хуур худалдаж авсан. Мөн оны 4 дүгээр сард би өөрийнхөө уран бүтээлийн концертыг 2 удаа аймгийн театрт тоглуулж, 1.700.000 төгрөгийн орлого олж сургуульд тушаасан. Энэ концертыг тоглоход 400.000 төгрөгийг театрт шимтгэлд төлсөн. Урьдчилгаанаас үлдсэн 1.900.000 төгрөгийг өөрийнхөө цалингаасаа суутгуулж хоорондын тооцоог бүрэн барагдуулсан. Ингээд би төгөлдөр хуур хөгжмөө өөрөө тус сургуульд багшилж байхад ангидаа тавьж хичээлдээ хэрэглэж байсан. Дараа нь 2016 оны намраас хичээлгүй болж ажлаас гарсан, миний оронд багш авсан. Нэгэнт ажлаас гарсан хойно хөгжмөө өөртөө авах гэтэл сургуулийн нябо Ж таны хөгжмийг бид захирлын тушаал гаргаж сургуулийн дансанд бүртгэлд авсан гээд өгөөгүй. Сургуулийн захиралтай хоёр удаа орж учир байдлыг хэлэхэд захирал нь би мэдэхгүй та шүүхэд өгч шийдвэрлүүл гэсэн. Ингэж сургуулийн захиргаа бид хоёрын хооронд маргаан үүссэн.
Миний хувийн өмч болох төгөлдөр хуурыг миний зөвшөөрөлгүй гарын үсэг, бичиг баримтгүй орлогод авсан сургуулийн захиргаанаас мөн нябо Ж нараас хөгжмөө эсвэл хөгжмийн үнэ 2.299.000 төгрөгийг гаргуулан өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ж-ын шүүхэд ирүүлсэн тайлбарт: Тухайн үед дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан иргэн Ш нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд цахилгаан төгөлдөр хуурыг хандивлахаар захиралтай харилцан тохиролцож тухайн өдөр захирлын "Хандивласан барааг дансанд хүлээж авах тухай” Б/18 тоот тушаал гаргаж тус тушаалд цахилгаан төгөлдөр хуурыг хүлээн авч үндсэн хөрөнгийн дансанд бүртгэж орлогод авахыг тус сургуулийн нягтлан бодогч надад үүрэг болгосон. Миний бие тус тушаалын дагуу сургуулийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэж авсан. Сургуулийн хөрөнгийн дансанд биечлэн бүртгэж авах, хасалт хийх эрх надад хуулиар олгогдоогүй учир би хариуцагчаар татагдах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлага Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн нягтлан бодогч надад хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хамтран хариуцагч Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирал Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь тухайн эд хөрөнгийн эзэмшлийн буюу бодитоор шууд нөлөөлөх боломж олж авснаар өмчлөх эрх үүсэхээр Иргэний хуульд заасан ба талууд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцож, Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд Цахилгаан төгөлдөр хуурыг хандивлахаар тохиролцсон байдаг. Тухайн өдөр тус сургуулийн захирлын “Хандивласан барааг дансанд хүлээж авах тухай” Б/18 тоот тушаал гарч тус тушаалын дагуу “Үндсэн хөрөнгө дансанд хүлээн авах тухай” маягт үйлдэгдэж сургуулийн эд хөрөнгийн бүртгэлийн дансанд бүртгэгдсэн. Дээрхээс харвал талуудын хүсэл зоригийн давхцал үүсэж тухайн эд хөрөнгийг Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд шилжүүлсэн нь харагдаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч тус заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлийн нэг болох тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх гэсэн шаардлага хангагдахгүй байгаа тул тухайн эд хөрөнгийг өөрт нь шилжүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна. Иймд өмчлөгч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх гэсэн шаардлага хангагдахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулиас цахилгаан төгөлдөр хуруу буюу үнэ 2299000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Ж-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1600 төгрөгийг, хариуцагч Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас 51734 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш-д олгосугай.” шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 440 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг болон тус хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн тус хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д "шүүх өөр хуулийг, эсвэл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн хуулийн шаардлагыг дараах үндэслэлээр Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 440 дугаар шийдвэр зөрчсөн гэж үзэж байна.
Нэг.Шүүх Иргэний хуулийг буруу тайлбарласан тухайд:
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан харилцаа үүссэн гэж дүгнээд хариуцагчийг тухайн эд хөрөнгийг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” замаар олж авсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна гэж үзэж байна. Учир нь: Нэхэмжлэгч хариуцагчид аливаа хөрөнгийг эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлэн өгсөн эсвэл энэхүү үндэслэл нь хүчин төгөлдөр бус дуусгавар болсноороо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-ийн урьдчилсан нөхцөл хангагдаг. Харин бидний хооронд үүссэн харилцаанаас харахад 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр талуудын хүсэл зоригийн илэрхийлэл давхцаж тухайн маргаан бүхий эд хөрөнгийг тус сургуульд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт өгөөгүйгээр нэхэмжлэгч хариуцагчид маргаан бүхий хөрөнгийг эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлэн өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий эд хөрөнгө болох цахилгаан төгөлдөр хуурыг худалдаж авсан болох нь зарлагын падаанаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч өмчлөгч мөн гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна. Учир нь: Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь тухайн эд хөрөнгийн эзэмшлийн буюу бодитоор шууд нөлөөлөх боломж олж авснаар өмчлөх эрх үүсэхээр заасан ба талууд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцож, Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд “Цахилгаан төгөлдөр хуурыг” хандивлахаар тохиролцож өмчлөлд шилжүүлсэн байдаг. Шүүх тухайн тохиолдолд дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгч өмчлөгч мөн байна гэж дүгнэх нь үндэслэлгүй байна.
Хоёр. Нотлох баримтыг үнэлэхдээ холбоотой хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх үүрэгтэй байдаг. Харин тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүх зөвхөн нэг талын шүүхэд бичгээр гаргаж өгөөгүй нотлох баримтуудыг үнэлсэн. Нэхэмжлэгч Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд хөгжмийн багшаар ажиллах хугацаандаа тус сургуулиас 2 удаа хүсэлт гаргаж нийт 5,300,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авч, үүнээс 2,178,294 төгрөгийг нэхэмжлэгчийн цалингаас суутган авч төлүүлсэн гэдгээ манай байгууллагын зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. “Нэхэмжлэгчийн хувийн тайлан тоглолтоос орсон орлого болох 1,700,000 төгрөгийг тухайн сургуулийн орлогод авсан болох нь тус сургуулийн захирал асан С гэрчийн мэдүүлэг болон хариуцагч Ж нарын мэдүүлгээр нотлогдож байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хувийн тайлан тоглолтоос олсон гэх 1,700,000 төгрөгийг манай байгууллагад тушаасан гэх боловч тушаасан гэх санхүүгийн анхан шатны баримт манай сургуулийн санхүүгийн тайланд бүртгэгдээгүй байдаг. Мөн гэрч Б.Бекболатын гэрчийн мэдүүлэг ч тухайн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрсөн ганц үг байдаггүй ба тухайн үеийн хүлээж авсан гэх нярав мэдэж байгаа гэж мэдүүлсэн. Харин хариуцагч Ж-ын бэлэн мөнгө орлогод хүлээн авах эрх бүхий этгээд биш бөгөөд мөн нярав авсан байх гэсэн мэдүүлэг өгсөн.
Мөн түүнчлэн “нэхэмжлэгч Улаанбаатар хотоос 400.000 төгрөгт ном авч ирж хариуцагч байгууллагад тушаасан болох нь зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа” гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Угтаа бол нэхэмжлэгч 400.000 төгрөг биш 364.000 төгрөгт ном авсан гэх тайлбар гаргасан байдаг. Дээрх маргаж байгаа номын дүн нь тухайн маргаанд хамаагүй бөгөөд 2014 онд Т гэх багштай хамт СУИС-иас авч сургуульд тушаасан байдаг. Нэхэмжлэгч өмнө дээрх нотлох баримтыг гаргаж өгөөгүй ба шүүх хуралдааны явцад ярьж шүүх үүнийг нотлох баримтаар үнэлсэн нь хариуцагчийн хариу татгалзал гаргах эрхэд ноцтойгоор халдсан явдал болсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох үүрэг хүлээдэг боловч нэхэмжлэгч нь шүүхэд хэрэгт ач холбогдолтой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн амаар гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж хариуцагч байгууллагын хариу татгалзал гаргах эрхэд ноцтойгоор халдаж эрхийг нь зөрчсөн.
Иймд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд Ховд их сургуулийн салбар сургуулиас өөрийн хувийн өмч болох цахилгаан төгөлдөр хуур хөгжмийг эсвэл үнэ болох 2,299,000 төгрөгийг гаргуулан авах тухай хүсэлт гаргасан билээ. Анхан шатны шүүхээс цахилгаан хөгжмийг миний өмч болохыг нотлох баримтуудаар баталж, Ховд их сургуулиас цахилгаан хөгжим буюу 2,299,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулан өгөх шийдвэр гаргасан. Гэвч хариуцагч буюу тус сургуулийн хуулийн зөвлөх Х нь гарсан шийдвэрийг эс зөвшөөрөн аймгийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан байна. Миний бие гаргасан хүсэлттэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
1.Би 2015 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод 7 хоногийн сургалтанд явахдаа тус сургуулиас 5,300,000 төгрөгийн урьдчилгаа авсан. Дараа нь ирэхдээ Улаанбаатар хотоос 2,299,000 төгрөгөөр төгөлдөр хуур, 1,150,000 төгрөгөөр баян хуур хөгжим худалдан авсан. Аймагт ирсэний дараагаар эдгээр хөгжимүүдийг өөрийн хичээлд ашиглахаар кабинетэд оруулан тавьсан. Хавар хичээл дууссаны дараа баян хуур хөгжмийг 860,000 төгрөгөөр үнэлэн сургуульд өгч мөнгийг нь авсан. Төгөлдөр хуурыг намар ажилдаа ирэхдээ хичээлдээ хэрэглэнэ гэж ангидаа үлдээсэн. Намар ирэхэд “таньд өгөх цаг байхгүй та явж бай. 10 дугаар сард С багш дикритний амралтад явахад түүний оронд ирж 2 сар ажиллаарай” гэсэн. Би 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад гарсан. Гарахдаа хөгжмөө авч явья гэж хэлэхэд нябо Ж нь таны хөгжмийг бид сургуульд хандивласан гэсэн тушаал гаргаад дансанд орлогод авсан гэсэн. Ингээд бидний хооронд маргаан үүссэн. Би сургуулийн захирал Г-д учир байдлыг хэлэхэд та шүүхэд өгч шийдвэр гаргуулан аваарай гэсэн. Ингээд би сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
2.Ховд их сургуулийн салбар сургуулийн хуулийн зөвлөх болох Х нь давж заалдах шүүхэд гаргасан хүсэлтдээ намайг хууль бусаар хөрөнгөжихийг хүссэн гэсэн хүсэлт гаргасан байна.
3.Хариуцагч нь хүсэлтдээ Ш өмчлөгч нь биш гэсэн байна. Би өмчлөгч нь мөн гэдгийг тус хөгжмийг худалдаж авсан падаан, Ш-ээс хандивлан авсан гэсэн захирлын гаргасан тушаал, миний цалингаас 2,178,299 төгрөгийг суутгаж авсан, би өөрийн уран бүтээлийн концерт тоглож 1700000 төгрөгийг сургуулийн няравт тушаасан зэрэг нь хөгжмийг миний өмч болохыг батлаж байна. Харин энэ мөнгийг нябо Ж нь тусгай данс нээгээд орлогод авсан гэж тайлбар өгсөн байгаа. Харин сургуульд авч ирж өгсөн номын үнэ болох 364,000 төгрөгийг тусдаа шилжүүлж өгсөн нь үнэн. Гэхдээ надаас ашгийн татвар гэж 40,000 төгрөгийг нэмж суутгасан. Би концертыг 2 удаа тоглохдоо аймгийн театрт 400,000 төгрөгийн шимтгэл төлсөн болно. Эдгээр нь бүгд миний бодит нотлох баримт мөн.
4.Би тэтгэвэрт гарахын өмнө сургуульдаа бодит бүтээлч зүйл хийж үлдээе гэсэн бодлоор 3,000,000 гаруй төгрөгийн дуу хөгжмийн кабинет байгуулсан. Тус кабинетийн нээлтэд сургуулийн захирал, тэнхмийн эрхэлэгч, багш нар байсан. Дараа нь сургуулийн удирдлага өөрсдөө тохиролцон тус кабинетэд дэмжлэг болгон урьдчилгаанаас үлдсэн 1,000,000 гаруй төгрөгийг уучилж өгсөн. Үүнд би их баярласан. Кабинет одоо бүрэн бүтэн байгаа. Ингээд би сургуульдаа ямар ч тооцоогүй болсон. Би нийтдээ 2,900,000 орчим төгрөгөөр хохирч явна. Би хөгжмийн зохиолч хүн болохоор хөгжмөө авч уран бүтээлээ бичмээр байна.
Давж заалдах шатны шүүх хоёр талын хүсэлтийг үнэн бодитоор нь судлан дүгнэж, шударгаар шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ш нь хариуцагч Ж болон хамтран хариуцагч Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд холбогдуулан цахилгаан төгөлдөр хуур буюу үнэ 2299000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн цахилгаан төгөлдөр хуур худалдаж авсан тухай зарлагын баримтад үндэслэгдсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Хандивласан барааг дансанд хүлээж авах тухай” Б/18 дугаартай тушаал зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй, хариуцагч тал уг цахилгаан төгөлдөр хуурыг бэлэглэсэн талаар нотлох баримтаар нотлож чадаагүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгож, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан Иргэний хуулийг болон нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл тогтоогдоогүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ