Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 14/À

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч С.Галсанчоймбол, Г.Чулуунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

Улсын яллагч Т.Нансалмаа

Шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*** нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, *** аймгийн *** сумын харъяат, *** оны *** дүгээр сарын ***-нд төрсөн, *** настай, эрэгтэй, ***, *** боловсролтой, ам бүл ***, эхнэр *** хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, аминдаа 280 гаруй бог малтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-гийн *** гэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, *** аймгийн *** сумын харъяат, *** оны *** дүгээр сарын ***-нд төрсөн, *** настай, эрэгтэй, ***, *** боловсролтой, ам бүл ***, эхнэр *** хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, а бие эрүүл, ухаан санаа бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-гийн *** гэв.

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *** аймгийн *** сумын нутагт байх *** гэх газарт яллагдагч *** нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж хохирогч *** -ыг ”буудна шүү” гэж айлган буу шагайж байгаад 427.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нарны толийг дээрэмдсэн, яллагдагч *** гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр шунахайн сэдэлтээр өөртөө авсан, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *** аймгийн *** сумын нутагт яллагдагч *** , Б.Шинэтүшиг нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан “*** ” ХХК-ийн өмчлөлийн 1.074.400 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч*** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 19-нд давсанд явах гээд гэрээс гарсан. *** -д очиход давсны хонхор усаар дүүрсэн учир авч чадаагүй. Цаашаа явж Шар сайрын хөтөл дээр гарч байхад нэг үнэг таарч хоёр удаа буудаж алдчихаад урд хөтөл дээр гараад дуран тавьж байхад доор гэрүүд байсан. Нэлээн дурандаж байгаад айлын хойно байсан толийг нь харчихаад аваад ирье гэхэд*** яах юм гэсэн. Би ярьж сууж байгаад дөхөөд очиход гэрээс хүн гараад ирэхээр нь буудна шүү ор гэж хэлчихээд 2 толийг аваад явсан. Би буу үүрчихсэн, надад сум байгаагүй.  Буудна шүү гэж хэлэх нь хэлсэн. *** ирээд замдаа явж байгаад надаас хүн амьтан байна уу гэхээр нь байна би сандрахдаа буудна шүү гэж хэлчихээд авчихлаа гэсэн чинь тэр дороо зогсоод болъё гээд үлдээе маргааш буцааж өгье гээд зогссон газраа үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь сум орчихоод орой нь толийг нь буцааж өгөх гээд ирэхэд толь тавьсан газраасаа өнгөрөөд явчихсан *** тэр унах гэж байгаа гэрийг авчихмаар байна гээд бид нар ачсан. Нөгөө толь тавьсан газраа очиход нэгэнт энд авчирчихсан бензин тос хүрэхгүй, хүйтэн байна сүүлд больё гэхээр нь аваад явчихсан гэв.

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 19-нд гэртээ байж байхад *** доошоо давсны нуур руу давсанд явъя гэж манайд ирээд бид хоёр давсанд миний мотоцикльтой яваад очиход Алаг нуураас давс авах боломжгүй тогоонууд нь дүүрсэн байсан. Тэгээд цаашаа явж байгаад нэг үнэг таарахаар нь хөөсөөр байгаад Шар сайрын хөтөл дээр гаргаж буудаж алдчихаад урд хамар дээр нь гараад дурандаж байтал доод тал руу Алтайн хүдэрийн зам ангийн гэрүүд харагдаж байсан. Дурандаж байхад хүн үзэгдэхгүй байхаар нь *** тэнд нарны толь байна тэрийг би авчихмаар байна гэхээр нь би яахын гэхэд чи байж бай би явчихаад ирье гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа мотоциклио асаагаад уруудахад урдаас толь барьчихсан хүрээд ирсэн. Чи яаж авсан юм хүн байна уу гэхэд байна гээд бид хоёр цаашаа явсан. Явж байгаад яаж авсан юм гээд асуухад наанаас нь очиж байхад хүн гараад ирэхээр нь сандраад буудна шүү цаашаа ор гэж хэлчихээд байгаад авчихлаа гэсэн. Би тэгэхэд нь дэмий юм биш үү энд нь үлдээчихээд сүүлд нь буцаагаад тавъя гээд зогссон газраа хоёр толио үлдээсэн. Тэгээд бид хоёр гэртээ харьж амарчихаад маргааш нь *** толио аваачиж тавъя гээд манайд хүрээд ирсэн. Миний машиныг асааж аваад шөнө очиход нөгөө толиноос хэтрээд явчихсан нөгөө гэрүүд дээр очсон. Тэнд нэг гэр бүр унах гээд салхинд хийсээд байхаар нь надад эсгийний хэрэг байна гээд тэр гэрийг авсан гэв.

Улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч *** -ын мэдүүлэг /хх 81-рт/, гэрч *** ийн мэдүүлэг /хх 82-рт/, гэрч*** -гийн мэдүүлэг /хх 85-рт/, гэрч *** -гийн мэдүүлэг /хх 89-рт/, гэрч *** -ийн мэдүүлэг /хх 90-рт/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-23-рт/, гэр алдагдсан талаар эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-45-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Эд хөрөнгө хураан авсан тогтоол тэмдэглэл /1-р хх 47-49-рт/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 53, 57-59-рт/, хохирогч *** -ын мэдүүлэг /хх 78-рт/, гэрч *** -ийн мэдүүлэг /хх 84-85-рт/, гэрч *** -ын мэдүүлэг /хх 86-87-рт/, гэрч *** гийн мэдүүлэг /хх 90-рт/, гэрч *** -ын мэдүүлэг /хх 95-рт/, шүүгдэгч *** -ийн ял шалгах хуудас /хх 117-рт/, шүүгдэгч *** ын ял шалгах хуудас /хх 127-р/, *** аймгийн *** сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2-р хав 1-рт/, *** аймгийн *** сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2-р хх 2-3рт/, *** аймгийн *** сумын Засаг даргын тодорхойлолт /2-р хх 4-рт/, *** аймгийн *** сумын *** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх 5-рт/, *** аймгийн *** сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2-р хх 6-рт/, *** аймгийн *** сумын Засаг даргын тодорхойлолт /2-рхх 7-рт/, хохирогч “*** ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** -ийн мэдүүлэг /2-р хх 71-рт/, гэрч *** -гийн мэдүүлэг /хх 72-рт/, гэрч *** -гийн мэдүүлэг /хх 73-рт/, шинээр гаргаж өгсөн *** сумын ***  дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, *** сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, шүүгдэгч *** -тэй холбоотой *** аймгийн *** сумын *** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, *** аймгийн *** сумын Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч *** -ийн эхнэр *** -ийн жирэмсэн эмэгтэйн хяналтын дэвтэр зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч *** нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *** аймгийн *** сумын нутагт байх “*** ” гэх газарт байрлах *** ХХК-ны байрны харуул хохирогч *** -ыг “буудна шүү” гэж айлган буу шагайж байгаад 427.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нарны толийг авсан, шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэж олсон дээрх 2 ширхэг нарны толийг өөртөө авч, хадгалсан, шүүгдэгч *** , *** нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *** аймгийн *** сумын нутагт байрлах “*** ХХК-ийн өмчлөлийн 1.074.400 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд зүйлийг байрлах  шүүгдэгч *** -ын *** дугаарын машинаар хулгайлсан гэм буруутай болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.

Шүүгдэгч *** , *** нарт холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс шүүгдэгч *** , *** нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах, шүүгдэгч *** -ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, хадгалах, шүүгдэгч *** -ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч *** -ыг 5 /тав/ сар, 20 /хорь/  хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч *** -Ийг 5/тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** -ийн эд хөрөнгийг хураахгүйгээр, 6/зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** -т холбогдох Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр  авсан, хадгалсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.

Дээрх  гэмт хэрэг  нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний  өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 72  дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул *** -т холбогдох гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр шунахайн сэдэлтээр өөртөө авсан, хадгалсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүгдэгч *** -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  *** нь “хулгайн үйлдлийг хийх замд гарч ирсэн саад бэрхшээлийг арилгах замаар буудна шүү” гэж хэлсэн байдаг. Иймээс зүйлчлэлийг өөрчилж энэ хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж,  ялыг тэнсэж өгнө  үү” гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргаж байгааг шүүх хангах боломжгүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгч *** -ийн  үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа тухайн объектийг харж байсан хамгаалагчийн эсрэг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхитэй үйлдэл болох нь  хавтаст хэргийн 62 дугаар хуудас дахь гэрч *** -ын “…2015 оны 11 дүгээр сарын 19-ний 17 цаг 30 минутын үед намайг орон дээрээ хэвтэж байхад буун дуу гарахаар нь би гэрээс гарч ирэхэд ягаан өнгөтэй континорын буланд зогссон хүн хөдлөөд хэрэггүй буудна шүү гэхээр нь зогсоход цаашаа хар гэхээр нь би эргэж харахад саяных бол сануулга, гэртээ ор гэсэн. Тэгээд би гэртээ орсон. Толины хажууд юм дугараад байхаар нь би гэрийн хаалгыг онгойлгоход орооч, буудна хаалгаа хаа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг,  хавтаст хэргийн 81 дүгээр хуудас дахь гэрч *** -ын "…2015 оны 11 дүгээр сарын 19-ний орой 17 цаг 30 минутын үед хавцалд очиход хамгаалагч *** надад хэлэхдээ над руу хүн хий буудаж гэртээ ор, эхнийх бол сануулга, дараагийн удаа шууд буудна гэхээр нь гэрт ороод 10 минут болоод гараад ирэхэд нарны 2 ширхэг толь байхгүй байсан гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгийг баталж байх тул зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *** , *** нарыг гэмт хэрэг давтан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн  52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

          Шүүх *** улсын дугаартай 2.300.000 төгрөгийн үнэ бүхий машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь *** -гийн нэр дээр байгаа ч шүүгдэгч *** -ын “… мотоцикль, машин хоёр нь миний нэр дээр байдаг. Мотоциклийг 2011 онд, машиныг 2015 оны 07 дугаар сард худалдан авсан, татварыг нь би төлдөг…” гэх мэдүүлэг нь бэлэн мөнгөөр татвар хураасан баримт, хавтас хэргийн 175 дугаар хуудсанд байгаа татварын улсын байцаагчийн тодорхойлолт зэргээр машин, мотоциклийг шүүгдэгч *** -ын өмч болох нь нотлогдож байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** маркын *** улсын дугаартай автомашин, ***  маркын улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***  маркын бууг шүүгдэгч *** миний буу гэх боловч Галт зэвсгийн тухай хуульд зааснаар өмчлөгчөөр бүртгүүлээгүй бөгөөд их бие модыг нь тайрч зориулалтын бус болгосон байх тул устгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт  *** *** нар  67 хоног  тус тус цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.                

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч, гэрч хохирогч нарын мэдүүлэгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг  нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

  Эрүүгий байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***-ийн ***, *** овогт ***-ын *** нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах, шүүгдэгч ***-ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, хадгалах, шүүгдэгч ***-ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 35, 36 дугаар зүйлүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч ***-ыг 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч ***-ийг 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-йн эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн  57 дугаар зүйлийн 57.1  дэх хэсэгт зааснаар ялтан ***-т Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял 5 сарын хугацаагаар баривчлах ялд нь Эрүүгийн хуулийн 155 зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял 1 сарын баривчлах ялыг нь багтаан, биечлэн эдлэх ялыг 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, ялтан ***-т Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял 5 жил 1 сарын хорих ялд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял 4 сарын баривчлах ялыг нь багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5-д зааснаар ялтан ***-т оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т ззааснаар ялтан ***-ын эзэмшлийн *** маркийн *** улсын дугаартай, 2.300.000 төгрөгийн үнэ бүхий машин, *** маркийн улсын дугааргүй, 700.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль зэргийг хурааж улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож ялтан ***-ын 340 мал, ялтан***-ийн 206 малыг тус тус битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *** гол төмрийн дугаартай, *** замагны дугаартай *** маркийн бууг устгасугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан нарын цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
9. Энэ хэрэгт ялтан нар цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, ялтан нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.
10. Ялтан ***, *** нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай, Завхан аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.САРАНТУЯА

                                         ШҮҮГЧИД                            Д.МӨНХТУЯА

                                                                                      Ч.МӨНХТУЯА