Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 7

 

Ө.А-, А.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

166/2018/0377/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд

Прокурор                                        Б.Батсүх

Өсвөр насны шүүгдэгч                  Ө.А-, А.Э-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Баярмаа, Л.Оюунсувд

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолтой Ө-ын А-, А-ын Э- нарт холбогдох 1818004660362 дугаартай эрүүгийн хэргийг өсвөр насны шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, урьд:

-2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан ********** регистрийн дугаартай Ж- овогт Ө-ын А-.

2. Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Б- овогт А-ын Э-.

Өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нар нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 2-87 тоотод оршин суух иргэн Д.Ж-ын байшингийн цонхоор нэвтрэн 26 нэр төрлийн эд зүйл хулгайлж, 3.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор:

-Өсвөр насны шүүгдэгч Ж- овогт Ө-ын А-, Б- овогт А-ын Э- нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.270.000 /гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, хорих ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 3.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.А-д Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2.т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч А.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих, өсвөр насны шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.А-гийн энэ хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор... шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

“...Өсвөр насны шүүгдэгч А.Э- нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн

шинэчилсэн хэлэлцүүлгийн үед үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатнаас сайн дураараа нөхөн төлсөн байдаг учраас хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй байна.

Анхан шатны шүүх ялыг хуульд заасан хэмжээгээр багасгаж оногдуулсан хэдий ч өсвөр насны хүүхдэд ял шийтгэл оногдуулж байгаагаа анхааран үзсэнгүй. Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг ч өсвөр насны хүүхдүүдийн хувьд хүлээлгэх хариуцлага нь тэдний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, тухайн хүүхдийн хувийн байдалд тохирсон байх, өсвөр насны хүүхдийг нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэсэн байх ёстой гэж үзэж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1.11.д хүүхдийн эрх ашгийг төр хамгаална гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн 8.6.1.д Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэж тус тус заасан байх ба энэ заалтыг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. А.Э- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ бага насны буюу өсвөр насны хүн байсан, үйлдсэн хэргийнхээ учир холбогдол үр дагаварыг бүрэн ойлгож чадаагүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон, цаашид засарч хүмүүжин мэргэжил эзэмшиж ажил хөдөлмөр хийгээд зөв хүмүүжилтэй иргэн болж төлөвших боломжтой хүүхэд учраас итгэл найдварыг өгөх нь зүйтэй юм.

Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзээд нийгэмд өөрийн байр суурийг олоход нь тусалж хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

...Давж заалдах гомдлоо дмжиж байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

...Давж заалдах гомдлыг дэмжиж байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч А.Э- тайлбартаа:

...Тайлбар байхгүй... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Ө.А- тайлбартаа:

...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд цагдан хоригдсон хугацаанд маш их зүйл ойлгож байгаа учраас надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

...Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэх тул прокурорын зүгээс саналгүй... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нарыг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 2-87 тоотод оршин суух иргэн Д.Ж-ын байшингийн цонхоор нэвтрэн орж, 26 нэр төрлийн эд зүйл хулгайлж, 3.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.270.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.т зааснаар 2 дахин багасгаж, хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 3.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.А-д Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоож, өсвөр насны шүүгдэгч А.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих, өсвөр насны шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ө.А-гийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, өсвөр насны шүүгдэгч А.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн өсвөр насны шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу иргэн Д.Ж-ын амьдардаг байшингийн цонхыг чулуугаар хагалан нэвтрэн орж 26 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3.270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би 2018 оны 06 сарын 01-ний шөнө Хөвсгөл аймаг руу ажлаар явсан. Тэр үед эхнэр маань хот руу бараандаа явсан байсан. Хөвсгөлөөс гэртээ иртэл хулгай орсон байхаар нь цагдаа дуудсан. Хулгайд алдсан бүх эд зүйлсээ авсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Ө.А-, А.Э- нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ өөрсдөө хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хулгайлсан эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаалж мөнгө авч байсан болох нь иргэний нэхэмжлэгч Г.Оргил, Н.Цогзолбоо, Б.Түвшинтөгс, гэрч Ч.Чулуун-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, болсон үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Гэхдээ өсвөр насны шүүгдэгч А.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, өсвөр насны хүн зэрэг хувийн байдал, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1., 8.6 дугаар зүйлийн 1.т заасныг баримтлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж, түүнд гадуур дэмий сэлгүүцэхгүй, бусдын эд зүйлсийг хулгайлахгүй, дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, муу зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх зэрэг үүргүүдийг хүлээлгэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулах боломжтой байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Харин өсвөр насны шүүгдэгч Ө.А- нь урьд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн ба түүнд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр урдах Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хор уршгийн шинж чанарт тохирчээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан өсвөр насны шүүгдэгч А.Э-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг:

 ...5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2.т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч А.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, өсвөр насны шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй... гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5.д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Э-д гадуур дэмий сэлгүүцэхгүй, бусдын эд зүйлсийг хулгайлахгүй, дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, муу зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх зэрэг үүргүүдийг хүлээлгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3.т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Э- нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай.

4.  Өсвөр насны шүүгдэгч А.Э-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

5. Өсвөр насны шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан   давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

6. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                      ШҮҮГЧИД                                   Ц.ТУЯА

                                                                                                          Ц.АМАРЖАРГАЛ