Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0363

 

“А б б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагч Н.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, гуравдагч этгээд Ж.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч И.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “А б б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64, захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 186 дугаар захирамжаар * дүгээр баг замын хэсэгт оршин суугч Ж.Цд 50 га, * дүгээр баг 22 айлын хэсэгт оршин суугч Б.Шаравжамц нарт 15 жилийн хугацаатай тухайн газрыг эзэмшүүлсэн билээ. Засаг даргын захирамж нь хуульд нийцүүлэн гардаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Ш, Ж.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Т нь 64 дүгээр захирамжийг 2014 оны 05 дугаар

 

 

 

 

 

 

 

 

сарын 01-ний өдөр мэдсэн гэдэг нь худал. Манай орон нутгийн засаг захиргаанд 2011, 2012, 2013 онуудад зохих журмаар нь мэдээ тайлангаа өгөөгүй. Мөн цаг хугацаанд нь татвараа төлөөгүй. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 186 дугаар захирамжуудыг хуулийн хүрээнд үнэн зөв гаргасан гэж үзэж байна.186 дугаар захирамжаар бидний эзэмшил болсон тул хаврын тариалалтад бэлтгэж 2014 оны 04 дүгээр сарын 05-нд хортон, мэрэгч амьтны хор хийсэн зэрэг     зардал гаргасан болно.” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг баримтлан Хонгор сумын Засаг даргын Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн А б ХХК-д холбогдох хэсэг, 186 дугаартай " Газар эзэмшүүлэх тухай " захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А б ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Хуульчдын холбооны I              гишүүн хуульч, В.Батжаргал би "А б" ХХК -ийн өмгөөлөгчөөр

ажиллаж байгаатай холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүхийн 2014 оны 07-р сарын 01-ний өдрийн 39 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. "А б" ХХК нь Хонгор сумын Засаг даргын 2010 оны 5-р сарын 18-ны өдрийн 154 дугаар захирамжаар Хонгор сумын 3-р багт 100 га газар эзэмших эрх нээгдэж, газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1 дахь хэсэгт зааснаар 2011 оны 3-р сарын 15-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг сумын газрын даамалтай байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Гэтэл Хонгор сумын Засаг даргын 2013 оны 5-р сарын 2-ны өдрийн 64 дугаартай захирамжаар газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Дээрх захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг газрын тухай хуулийн аль хэсэгт заасан үндэслэлээр цуцсан нь тодорхойгүй байх тул захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээр байна. Дээрх дурдсан үндэслэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болох харагдаж байх тул хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

  1. "Арвин баялаг буудай" ХХК нь газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсоноос хойш газрын төлбөрийг төлж байсан. Тус компани нь 2012 оны газрын төлбөрийг 2013 оны 2-р сарын 28-ны өдөр, 2013 оны газрын төлбөрийг 2013 оны 3- р сарын 23-ны өдөр төлсөн бөгөөд төлбөр төлсөн баримтуудыг нотлох баримтаар хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдаан дээр "...захирамж авснаас хойш төлсөн төлбөрийг бид мэдэхгүй, 2013 оны 5-р сарын 1-ээс хойш төлсөн бол бид энэ төлбөрийг төлсөн гэж үзэхгүй..." тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч хугацаандаа газрын төлбөрөө төлсөн болох нь харагдаж байгаа бөгөөд Хонгор сумын засаг даргын 2013 оны 64 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

  1. Талуудын байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3-р зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл биш бөгөөд харин алданги тооцох хариуцлагын арга хэмжээ авах үндэслэл болохоор тохиролцсон байна.

/                        Хариуцагчаас газар эзэмшүүлэх гэрээний 4-р зүйлийн 4.4 дэх хэсэгт

зааснаар газар эзэмших гэрээг дүгнэх үүргээ хэрэгжүүлээ атлаа 2012 оны газрын төлбөр 2012 оны 2-р сарын 28-ны өдөр төлөгдсөний дараа нэхэмжлэгч талд мэдэхгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

  1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31- р зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 5-р сарын 20-ны өдөр 2/124 дугаартай албан бичгээр Хонгор сумын Татварын байцаагчид хандаж нэхэмжлэгч компанийн төлсөн төлбөрийг гаргуулахыг хүссэн боловч тухайн ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Харин компанийн зүгээс 2013 онд газар эзэмших гэрээгээ дүгнүүлэхээр Хонгор сумын татварын байцаагчид шалгуулж, аливаа хэлбэрээр тооцоогүй болохыг тодорхойлсон баримтыг үзүүлж, хэлсэн боловч анхаарч үзээгүй юм. Энэхүү нөхцөл нь захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхэд хүрч байна.
  2. Гуравдагч этгээдийн этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны үед бие даасан шаардлага гаргасан талаар тайлбарласан байдаг. Гэтэл тухайн бие даасан шаардлага нь ямар шаардлага болох тодорхойгүйн зэрэгцээ хуульд зааснаар аливаа ажиллагаа явагдаагүй байдаг. Түүнчлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс газрыг төлбөр төлөөгүй нь газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл биш харин алданги тооцох үндэслэл болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүхийн 2014 оны 07-р сарын 01- ний өдрийн 39 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 -т зааснаар хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлээгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаар захирамж нь нэхэмжлэгч хуулийн этгээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 -г зөрчиж, 2012 оны газрын төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр гарсан байна.

Нэхэмжлэгч “А б б” ХХК нь 2012 оны газрын төлбөрийг маргаан бүхий 64 дүгээр захирамж гаргахаас өмнө төлсөн байсан боловч, хариуцагч нэгэнт гэрээнд заасан хугацааг хожимдуулж төлсөн учир газрын төлбөр төлсөнд тооцохгүй гэж маргажээ.

Гэтэл нэхэмжлэгч “А б б” ХХК нь газар эзэмших эрх үүссэнээс хойш газрыг зориулалтын дагуу ашиглаж газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрийг төлж ирсэн тухайлбал, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох үед буюу 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн өргүй байсан нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээд 2011 онд гэрээ байгуулж эзэмшиж эхэлснээс газрын төлбөр төлж эхлэх талаар зөв дүгнэсэн боловч, 2012 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч дээрх үндэслэлээр захирамж гаргах үед нэхэмжлэгч газрын төлбөрөө төлсөн, өргүй байсныг анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үйлдэл нь удаа дараалан үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч хугацаа хожимдуулах болсон шалтгаанаа гэрээнд заасан дансны дугаар өөрчлөгдсөн гэх мэт үндэслэлээр

 

 

тайлбарласан, газар эзэмшигч газрыг зориулалтын дагуу эзэмшиж ирсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзахгүйгээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй

болжээ.

Улмаар өмнөх газар эзэмшигчийн эрх хөндөгдсөнтэй холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй байхад хариуцагч уг газрыг иргэн Б.Шаравжамц, Ж.Ц нарт хуваан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дах заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.5, 61 дүгээр зүйлийн 61,1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаар захирамжийн “А б б” ХХК-д холбогдох хэсэг болон 2013 оны 11 дүгээр сарын 07-ны 186 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.