| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/03 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч Б.Ариунчимэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ариунчимэгт холбогдох 2032000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1979 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 231 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Ундарга-2 кафед тогооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баатад овогт Батцагааны Ариунчимэг. /РД:ТВ79092868/
Шүүгдэгч Б.Ариунчимэг нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 231 тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр Ц.Энхтөртэй маргалдан түүний баруун дал орчимд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ариунчимэгийн өгсөн …. ... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой нөхөр Ц.Энхтөр ажлаас ирэхдээ согтуу ирээд надаас архи нэхээд шөнө унтуулаагүй. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө босоод гэрийнхээ хашаанд хүний машины эд зүйл гагнаж байсан. Тэгэхдээ тэр хүнтэй архи уусан байсан. Би нөхрийгөө хоол ид гэж дуудсан чинь орж ирэхдээ нилээн согтуу орж ирсэн. Яагаад архи уусан юм гэхэд гадаа гагнуур хийлгэж байгаа хүнтэй уусан гэсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Намайг элдвээр хэлээд байхаар нь мөн над руу гар далайгаад байхаар нь мах мөлжиж байсан хутгаа шидсэн чинь нөхөр цааш хараад сууж байж таараад далных нь тэнд зоогдсон. Тэгээд би гарч гүйгээд хөрш айл Пүрэвсүрэнгийнд орж хэлээд Пүрэвсүрэн гэрт орж ирээд нөхөр Энхтөрийг эмнэлэг авч явсан. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ц.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө надаар гагнуур хийлгэхээр ирсэн хүнтэй би цуг нэг шил архи хувааж уугаад согтчихсон юм. Тэгээд тэр хүнийг явсны дараа гэртээ ороод эхнэртэйгээ хэрэлдсэн. Юунаас болж хэрэлдсэн гэдгийгээ би согтуу байсан учраас сайн санахгүй байна. Тэгээд хэрэлдэж байгаад эхнэр уурандаа миний нуруу руу хутга шидчихсэн. Тэгээд шууд хөрш айлын Пүрэвсүрэн орж ирээд би эмнэлэгт очиж үзүүлсэн.... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Би өөрөө согтуу эхнэртэйгээ хэрүүл хийж байж дээрх асуудал болсон гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/
Гэрч Ж.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Өнөөдөр 12 цагийн орчим байх намайг гэртээ байх үед манай урд талын айлын Ариунчимэг гэрт орж ирээд би нөхөр лүүгээ хутга шидчихлээ гэхээр нь гэр лүү нь цуг ирэхэд нөхөр Энхтөр нь ширээнийхээ урд талд суучихсан ар дал хэсгээс нь цус гарчихсан байдалтай байсан. Би тэгээд Энхтөрийг шууд эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 08 дүгээр сарын 09-ний өдрийн № 206...... Дүгнэлт:
1.Ц.Энхтөрийн биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 18 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-06 дугаар хуудас/
Б.Ариунчимэг нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 32 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын Б.Ариунчимэгийн оршин суух хаягийн тодорхойлолт /Хх-н 33 дугаар хуудас/
Б.Ариунчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 34 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Ариунчимэг нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 231 тоотод байрлах өөрийн гэртээ нөхөр Ц.Энхтөртэй маргалдан түүний баруун дал орчимд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Ариунчимэгийн хохирогч Ц.Энхтөрийн баруун даланд нэг удаа хутгалсан үйлдэл нь архи уулаа гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Ариунчимэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Энхтөр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй 30.2 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Ариунчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Баатад овогт Батцагааны Ариунчимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ариунчимэгийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ариунчимэг нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ариунчимэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй 30.2 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ариунчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ариунчимэгт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.