Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/420

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Я.А- түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос  А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903001770160 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  А-, 1969 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тахир дутуугийн тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо, .. дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Я.А- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Саппорогийн автобусны буудлын замд Toyota Prius маркийн 76-81 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар  завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч У.Баярцогтыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.А-г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Я.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Я.А- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Саппорогийн автобусны буудлын замд Toyota Prius маркийн 76-81 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар  завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч У.Баярцогтыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэл.т /хэргийн 2-3 дугаар хуудас/

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 7-8 дугаар хуудас/

Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

Хохирогч У.Баярцогтын “2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн автобусны буудлын урд замыг урдаасаа хойшоо явган хүний гарцаар зам гараад явж байтал жижиг суудлын автомашин их л хурдтай ирээд миний баруун өвдөг хэсэг рүү мөргөөд газарт унагаасан юм. Би унахдаа цементэн зам дээр нүүрний зүүн хэсгээрээ харуулдаж унасан юм. Тухайн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түргэний машинаар очиж үзүүлсэн. Гэхдээ эмнэлэгт хэвтээгүй. Гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Энэ ослоос болж миний баруун өвдөгний чагтан холбоо гэмтсэн. Тухайн үед би намайг ямар машин мөргөсөн болон дотор нь ямар хүмүүс сууж явсан талаар мэдээгүй. Харин сүүлд мэдсэн юм. Эмчилгээндээ нийт 900.000 гаран мянган төгрөг гаргаж зарцуулаад байна. Мөргөсөн жолооч одоогоор ямар нэгэн мөнгө төгрөг гаргаж өгөөгүй байгаа.

... Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. Эмчилгээний мөнгөө гаргуулан авсан тохиолдолд гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Эмчилгээнд зарцуулсан баримтаа гаргаж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Ёндонжамцын “... Тэгээд маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 цагийн орчим Улаанбаатар луу орж ирээд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн урд зам дээр замын 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй нэг согтуу залуу гэнэт л том том алхаад гүйгээгээрээ л ороод ирсэн. Жолооч тэр хүнийг тулж хараад л тоормос гишгээд машиныхаа баруун урд гуфер хэсгээр мөргөөд унагаасан юм. Тэгээд машинаас буугаад ирэхэд нөгөө мөргүүлсэн залуу зогсчихсон зогсож байхаар нь хөдөлж болохгүй шүү гээд Я.А- өөрийнхөө утсаар цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. / хэргийн 15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2803 дугаартай:

“1. У.Баярцогт-н биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын ясны хугарал, баруун өвдөгний чагтан холбоосын урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №69 дугаартай:

“1. 7681 УНЧ улсын дугаартай Т.Приус маркийн автомашиын жолооч Ядамрагчаагийн А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар  завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6-д заасан “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан” 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2. Явган зорчигч У.Баярцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн магадлагаа. /хэргийн 36 дугаар хуудас/

 

Я.А-гийн яллагдагчаар өгсөн “ ... Саппорогийн урд талын автобусны буудлын урд замаар 2 дугаар эгнээгээр зорчиж явтал явган хүний гарцаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарч явсан зорчигч эрэгтэй гэнэт урдуур гүйж гарч ирэхээр нь автомашинаа зогсоохоор тоормос гишгэж 1 дүгээр эгнээ рүү буюу буруу тал руугаа дарсан боловч явган зорчигчийн баруун өвдөг рүү автомашины буруу талын гуферын хэсгээр мөргөхөд явган зорчигч газар унахаар нь би машинаасаа бууж очоод миний дүү битгий хөдлөөрэй гэж хэлэхэд мөргүүлсэн гэх залуу босох гэхээр нь суулгатал тэр залуу согтуу байсан. ... Би одоогоор эмчилгээний зардал мөнгө, төгрөг гэж өгөөгүй байгаа. Хохирогчтой утсаар ярьж холбогдох гээд залгахаар утсаар авахгүй байгаа. Би буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Я.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Я.А- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Я.А-гийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас хохирогчийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч У.Баярцогтод эмчилгээ болон шинжилгээний төлбөрт нийт 776950 төгрөг авагдсан байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, харин хохирогч У.Баярцогт цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

         

          Шүүх, шүүгдэгч Я.А-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.А- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Я.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Я.А-гаас 776950 төгрөг гаргуулж хохирогч У.Баярцогтод олгосугай.

7. Хохирогч У.Баярцогт цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  

 

                  

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ