Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/00753

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 байр 26 тоотод оршин суух, Их тугч овогтой Цэдэн-Ишийн Ариунтуяагийн /РД:ШБ77052566/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 10 хороо, Буянт-Ухаа-45, “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-д холбогдох,

 

Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, Э.Ренченболд, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “МИАТ” ХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 04Б/05 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан БНСУ-н Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Суудал захиалагч-билет бичигч ажил үүргийг хүлээн авснаас хойш “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” байгуулан Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэрээг байгуулахад ажил олгогчийн төлөөлөгчөөс байнгын ажлын байр болохыг мэдсэн. Ажил олгогчийн Б/07 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 23, 37.1.3, 38.1.3, 43 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д зассан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар заасан боловч гэрээг хугацаатай байгуулах ажлын байранд ажиллаж байсан ажилтан захиргааны чөлөөтэй, жирэмсний амралттай, өвчтэй гэх мэт нөхцөл үүсээгүй байсан. Ажил олгогч гэрээг давуу эрх эдэлж надтай хугацаатай байгуулахыг шаардсан нь Хөдөлмөрийн хуулийн 23.2.1-д заасныг зөрчсөн шаардлага байсан ба би ажилтай байхын тулд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн хуулийн 37.1.3-т гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийг тусгасан боловч цаашид ямар шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон шалтгааныг дурдаагүй. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар зөвхөн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцалдаг. Миний ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа. Мөн хуулийн 40.3-т “Ажил албан нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хедөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хориглоно” гэсэн заалт, хөдөлмөрийн гэрээний 9.3-т гэрээг 40.1-д заасан үндэслэлээр цуцлах гэснийг зөрчсөн тул ажлаас буруу халсан гэж үзэж Хөдөлмөрийн хуулийн 128.1.2-т заасны дагуу “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай “ Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Суудал захиалагч-билет бичигчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үөийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 11 сарын 24-ний өдрийн 20/12 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчийн газруудыг шинэчлэн байгуулж, БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой байхаар баталсан. Зуны нислэгийн давтамж, ачаалал нэмэгдэж байгааг харгалзан гүйцэтгэх захирлын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/305 дугаар тушаалаар тус төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчийн 1 орон тоог түр хугацаагаар нэмэгдүүлэн Ц.Ариунтуяаг томилж, 2 тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл компанийн үндсэн орон тоо биш, ажлын ачаалал, шаардлагаар түр нэмэгдүүлсэн орон тоо ба түүнтэй хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т заасанд нийцэж байгаа. Ариунтуяагийн хөдөлмөрийн гэрээний хугацааг түүний гаргасан хүсэлт болон ачаалал, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, компанийн зорилтот түвшинг биелүүлэх, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор харилцан тохиролцож тухай бүр сунгаж байсан. Ажлын ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалтгалт хийгдэж байгаатай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дээрхи хугацаанд дуусгавар болсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны удирдамжийн дагуу компанийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр 11-ний өдрийн 02/17 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталж, тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Сөүл хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой баталсан. Улмаар гадаадын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бүх хөлсөөр ажиллах болон хөдөлмөрийн хугацаатай түр гэрээтэй ажиллаж байсан ажилтнуудын гэрээний хугацааг дуусгавар болгосон. Зам, тээвэр хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38-07, 09-01/07 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын тайлангийн Гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тогтоолын 3.3-т шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж, орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Нэгэнт компанийн ТУЗ-өөс орон тоо баталсан, салбарын яам хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын ачааллыг нягтруулах, орон тоо бууруулах чиглэл өгсөн тул Ц.Ариунтуяад хөдөлмөрийн түр гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгох мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуудсаар мэдэгдсэн. Ц.Ариунтуяагийн түр орон тоонд ажилласан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Ариунтуяа нь хариуцагч “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, гэрээний 9.3-т заасныг зөрчсөн гэж тайлбарлаж, хариуцагч нь түр орон тоонд ажилласан ажилтны хөдөлмөрийн түр гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж мэтгэлцлээ.

 

Хариуцагч “МИАТ” ХК нь Ц.Ариунтуяатай байгууллагын захирал нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн хэвийн нөхцөлд үндсэн цалингийн 70 хувь буюу 785.000 төгрөгөөр цалинжиж ажиллахаар Д.Хатанбаатартай Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасанд нийцүүлэн байгуулж, Б/58 тушаалын 2 дахь заалтаар түүнийг Төсөл, хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна.

 

“МИАТ” ХК нь Ц.Ариунтуяатай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчийн ажилд сарын 2.800.000 воны цалин олгож ажиллуулахаар Хөдөлмөрийн гэрээг байгуулж, Гүйцэтгэх захирлын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/305 дугаар тушаалаар 1 орон тоог түр хугацаагаар нэмэгдүүлэн томилжээ.

 

Талууд байгуулсан гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулна гэж заасанд нийцэж байх бөгөөд гэрээг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 удаа сунгалт хийж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээг ажлын ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийсэн шалгалтын тайлан, дүгнэлт гарах хүртэл хугацаагаар сунгасан байна.

 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2016 оны 10 дугаар сарын 13-наас 28-ны өдрүүдэд шалгалт хийж Гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тогтоолын 3.3-т шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж, орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргажээ.

 

“МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.3, 43 дугаар зүйл, ажилтанд хүргүүлсэн 2016/39 тоот мэдэгдлийг үндэслэн Ц.Ариунтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ажил олгогч санаачилснаар гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201/39 тоот Мэдэгдэх хуудсыг Сөүл дэх төлөөлөгчийн газрын аэрпорт менежерээр дамжуулан Ц.Ариунтуяад хүлээлгэн өгөх гэсэн боловч гарын үсэг зурж, хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлах ч хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул Ц.Ариунтуяаг урд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрээр түүнд сүүлийн 3 сард олгогдсон цалингийн дунджаар /5.796.000+2.954.000+5.796.000/ цалинг 4.848.667 төгрөг гэж тодорхойлж, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин олговорт 14.546.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогоос буцаан олгож, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 230.680 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч тал түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн, 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан аар Их тугч овогтой Цэдэн-Ишийн Ариунтуяаг /РД:ШБ77052566/ “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Суудал захиалагч-билет бичигчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

          

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14.546.000 /арван дөрвөн сая таван зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулан, Ц.Ариунтуяад олгосугай.

 

3. Хөдөмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогоос буцаан олгож, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 230.680 төгрөг гаргуулж орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.   

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ