МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд
-улсын яллагчаар Э.Билгүүн
-хохирогч Г.Бадамсүрэн, М.Отгонжаргал,
-иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэрмаагийн өмгөөлөгч Г.Гантуяа
-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
-шүүгдэгч С.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Онд холбогдох эрүүгийн 1934005650107 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч С.О нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явсан асфальтан зам дээр 78-33 УБВ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, мөн дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 95-55 УБП улсын дугаартай Волксвагни Товрейг маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Бадамсүрэн, М.Отгонжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч М.Амин-Эрдэний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч М.Отгонжаргал мэдүүлэхдээ: “7 сарын 10-ны өглөө би өөрийн машинтай Өвөрхангай явсан. Тэгээд энэ осол болсон. Баруун хөлний тулгуур яс хугарсан. Толгой цус хуралттай, одоо миний бие хэвийн, ажлаа хийж байна” гэв.
Хохирогч Г.Бадамсүрэн мэдүүлэхдээ: “7 сарын 10-ны орой 4-5 цагийн хооронд Улаанбаатар хотоос гарсан. Ослын үед юу болсныг санахгүй байна. С.О хурдан явж байсан...хохирол төлөх талаар гэрээ байгуулсан байгаа. Тэрийгээ биелүүлчихвэл гомдолгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-17 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-23 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Янжиндуламын мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, хохирогч Г.Бадамсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, хохирогч Б.Мөнхгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, хохирогч М.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-ийн 39 тал/, гэрч М.Батцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 48 тал/, гэрч Б.Аргамжингийн мэдүүлэг /хх-ийн 49 тал/, гэрч Б.Нямтайваны мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/, шинжээчийн №526 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54 тал/, шинжээчийн №523 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 тал/, шинжээчийн №571 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 тал/, шинжээчийн №528 дугаартай дүгнэлт /хх-ийн 65 тал/, шинжээчийн №107 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 тал/, Хас үнэлгээ үнэлгээний 328 дугаартай үнэлгээ /хх-ийн 80-81 тал/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 16459000 дугаартай үнэлгээ /хх-ийн 158-161 тал/, яллагдагч С.Огийн мэдүүлэг /хх-ийн 173 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Сүхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч С.О нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явсан асфальтан зам дээр 78-33 УБВ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, мөн дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 95-55 УБП улсын дугаартай Волксвагни Товрейг маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Бадамсүрэн, М.Отгонжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч М.Амин-Эрдэний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-17 тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23 тал/,
- Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 526 дугаартай “М.Амин-Эрдэний биед тархины хатуу хальсан доорхи цусан хураа, аалзан хальсан доорх цусан хуруу гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 тал/,
- Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаартай “Г.Бадамсүрэгийн биед зүүн шилбэ ясны далд хугарал, уруулд шарх, дээд баруун 1, 2, 3-р шүд булгарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-иар алдагдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 тал/,
- Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №571 дугаартай “Б.Мөнхгэрэлийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 59 тал/,
- Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №528 дугаартай “М.Отгонжаргалын биед тархины эдийн няцрал, аалзан бүрхэвчин доорх цусан хураа, тархи доргилт, баруун шагай ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь элгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 65 тал/,
- Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №107 дугаартай “...Дүгнэлтийн 2-т Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 78-33 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн ВЮ89121717 бичиг баримттай С.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв. 78-33 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн ВЮ89121717 бичиг баримттай С.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн дүрмийн 3.4 Жолооч дараахь үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаапах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзэв...’’ гэх дүгнэлт /хх-ийн 69 тал/,
- “Хас үнэлгээ” ХХК-ны шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №328 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-81 тал/
- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Д.Амгалангийн 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №16459000 дугаартай дүгнэлт тайлан /хх- ийн 158-161 тал/,
- Хохирогч М.Амин-Эрдэнэ, М.Отгонжаргал,Б.Мөнхгэрэл, Г.Бадамсүрэн нарын хохирлын баримтууд /хх-ийн 111-136 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 167 тал/
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Янжиндуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би уг хэрэгт ямар учраас өөрийн төрсөн охин М.Амин-Эрдэний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаагаа мэдэж байна.Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар мэдэх зүйлээ бүгдийг нь мэдүүлсэн. Миний охин М.Амин-Эрдэнэ одоогоор эрүүл мэндийн хувьд биедээ тархины хатуу хальсан доорхи цусан хураа, аалзан хальсан доорхи цусан хураа гэх оноштойгоор ГССҮТөвд 4 давхарт хүүхдийн тархины тасагт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 19-ний өдөр хүртэл 8 хоног хэвтэж эмчлүүлсэн, гараад өрхийн эмнэлэгт 10 хоног тариа тариулсан. Өнөөдрийнх хүртэлх хугацаанд Очирсүрэнгийн зүгээс 400 орчим мянган төгрөгний эмчилгээ, зардал гаргаж өгсөн. Очирсүрэн нь хэлэхдээ одоо 1-2 сая төгрөг өгнө гэсэн. Уг мөнгөө өгвөл гомдол санал байхгүй. Одоогийн байдлаар миний охин харьяа дүүргийн эмнэлэгийн хяналтанд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Янжиндуламын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөрийн дүү Мөнхгэрэл нь манай хүүхэд М.Амин-Эрдэнийг аваад Өвөрхангай аймгийн Уянга сумруу замын унаанд суугаад явсан юм. Орой 22 цаг өнгөрч байхад нөхөрийн дүү Мөнхгэрэл нь утсаар яриад Эрдэнэсант сум өнгөрч явж байгаад осолд орсон дүү минь ухаангүй эмнэлэгт байна..., ...Тэгээд би хүүхдээ очиж аваад хотод авчираад гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Одоо манай хүүхэд тархины хүнд гэмтэлтэй гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Манай охин Амин-Эрдэнэ нь 6 настай. Энэ жил сургуульд орно..” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,
- Хохирогч Г.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сумруу явж байх замдаа унтаж сэрээд явсан. Осол болсон талаар мэдэх зүйл байхгүй. Нэг мэдэхэд сууж явсан машинаасаа өөр машинд суугаад явж байсан. Эрдэнэсант сумын хүн эмнэлэг явж байна гэсэн..., ...Зүүн хөл өвдөгний доогуур хугарсан, үүдний 3 шүд хугарч, 1 шүд хөдөлгөөнтэй байгаа, дээд уруул сэтэрсэн, толгой доргин одоо байнга толгой өвддөг эмчилгээ хийлгэж байна..., ...Би приус 30 маркийн хар өнгийн машинд сууж явсан. Тухайн тээврийн хэрэгслийг Очирсүрэн гэх залуу жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
- Хохирогч Б.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай гэр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багт хөдөө байдаг юм. Харин би тухайн үед Хятад улсын Хөх хотод ажил хийж байгаа Улсын баяр наадам болох гэж байсан болохоор амралтаа аваад Улаанбаатар хотоор дамжаад хөдөө гэрлүүгээ явж байсан юм. Би хотоос 78-33 УБВ улсын дугаартай, машинд зардлаа өгөөд суусан. Тэгээд тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад хотоос гараад Төв аймгийн Эрдэнэсант сум дөнгөж өнгөрч явахад миний сууж явсан машин урдаа явсан машины араас 22 цаг өнгөрч байхад мөргөж осол гаргасан. Би тухайн үөд жолоочийн эсрэг талын суудлын арын суудал дээр сууж явсан. Тэр ослоос болж миний хамрын яс хугарсан. Зүүн мөр бага зэрэг гэмтэлтэй байсан. Тэгээд эмчилгээ хийлгээд одоо бол бие зүгээр болсон байгаа..., ...Тухайн үед эмнэлэгт хэвтээд хамрын ясаа эмчлүүлсэн. Бас бага зэрэг эмчилгээ хийлгэсэн..., ...Эмчилгээний зардалд 300.000-400.000 орчим зардал гарсан байх, тухайн мөнгийг миний сууж явсан машины жолооч өгсөн болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
- Хохирогч М.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Улаанбаатар хотоос нөхөр Очирсүрэн жолоо бариад Мөнхгэрэл гэх хүүхдийг жаахан дүүгийнх нь хамт аваад Бадамсүрэн бид хэд гараад явсан юм. Уг хэрэг гарахад юу болсон талаар мэдэхгүй унтаад явж байсан, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт байсан. Тэр үед осолд орсонгоо мэдсэн..., ... Очирсүрэн нь миний нөхөр бид хоёрын данс нэг бусад хохирсон хүмүүсийн эмчилгээний зардалд зохих хэмжээний зардал гаргасан, миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 тал/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчим, Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд Архангай аймгийн чиглэлрүү 10 орчим км яваад гүдгэр дээр гарч ирэхэд 150-200 орчим метр зайд гэрлийн үзүүрт 2-3 тооны үхэр замын урд талаас хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгээд машиныхаа хурдыг хасаад эхний үхэр зам гараад дараагийн үхрийн ардуур нь гарах санаатай машины хурд 10-20 км цаг орчим явж байхад араас хүчтэй юм мөргөөд бид нар машин дотор урд байгаа зүйлүүдээ мөргөөд машин маань ослын унтралт хийгээд унтарсан, мөргүүлсэн хүчиндээ машин өнхөрөөд явж байхад нь манай нөхөр Нямтайван машинаа зогсоо гэсэн. Тэгээд би зогсоосон. Тухайн үед хамгийн сүүлийн үхэр зам гарч байсан, ингээд машинаасаа буугаад харахад хар өнгийн машин харагдаж байсан. Тэгээд хүмүүсээ замын унаанд суулгаад Улаанбаатар хот явуулсан..., ... Миний машины гэрэлтүүлэг бүрэн бүтэн байсан мөн осол гарсанаас 2-3 хоногийн өмнө хөдөө явах гээд машиндаа бүрэн үйлчилгээ хийлгэж оношлогоонд оруулсан, баримт нь байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,
- Гэрч М.Батцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим Би өөрийн охин Нямхишиг, Аргамжин, хүү Нямтайван, бэр Дэлгэрмаа, ач хүү Энхтүвшин нарын хамт Архангай аймгаар аялахаар хөдөлсөн. Тэгээд Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд 10 км орчим явж байхад 22 цагийн орчим явж байхад зам дээр хоёр үхэр байсан. Тэгээд бид нар үхэрийг замын цагдаа байна. Наад үхрээ гараад хөдлөе гээд сайн хэлж мэдэхгүй байна, 40-50 км цагийн хуртай явж байхад араас түс гээд мөргөсөн. Тэгээд манай хүүхдүүд намайг машинаас буулгасан. Миний ухаан орж гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,
- Гэрч Б.Аргамжингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед би ээж Батцэрэн, эгч Нямхишиг, ах Нямтайван, Бэр эгч Дэлгэрмээ, Ах Нямтайвны хүү Энхтүвшин бид Архангай, Өвөрхангай аймгаар аялахаар хөдөлсөн. Тэгээд Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд явж байхад зам дээр хоёр үхэр байсан. Тэгээд бид нар үхэрийг замын цагдаа байна зөөлөн зөөлөн гээд хурдны хэмжээг мэдэхгүй байна зөөлөн явж байсан үхэр гаргах гээд тэгтэл машины араас нэг юм хүчтэй мөргөсөн. Би дотроо үхэр мөргөлөө гэж бодсон. Тэгээд бид нар машинаас буухад хойноос хар өнгийн машин мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,
- Гэрч Б.Нямтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед байх Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрч байгаад миний машины араас приус 30 маркийн машин мөргөсөн. Тухайн үед манай машиныг манай эхнэр Дэлгэрмаа барьж явсан.Би эхнэрийн хажуу талд суусан. Юм яриад явж байтал машины гэрэлд гурван тооны үхэр харагдаад манай эхнэр хурдаа хасаад аваарын шараа дараад зогсох гэж байхад араас машин мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,
- Шүүгдэгч С.Огийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Хийсэн уг хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг маань хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 173 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.О нь 78-33 УБВ улсын дугаартай приус-30 тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, мөн дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.
Шүүгдэгч С.Ог автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Ог хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч С.О нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч С.Ог автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэнд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.Отгонжаргал, Б.Мөнхгэрэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Янжиндулам нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бадамсүрэн нь 4.920.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа эд хөрөнгийн хохиролд 4.523.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч С.О нь хохирогч Г.Бадамсүрэнд 2.920.000 төгрөгийг төлсөн байна.
Шүүх шүүгдэгч С.Огээс нийт 6.523.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Бадамсүрэнд 2.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэрмаад 4.523.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Харин Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар энэ гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан насанд хүрээгүй хохирогч М.Амин-Эрдэнэ цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагч Э.Билгүүн “Шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн “С.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдалын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг боломжоороо төлж байгаа, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл заалтыг хэрэглэн тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч С.Огийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол тодорхой хэмжээгээр төлсөн, төлөхөө илэрхийлж хохирогч Г.Бадамсүрэнтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан зэрэг хувийн байдалыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч С.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч С.Од үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу С.Ог тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Од Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч С.Онг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчисөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч С.Онг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч С.Од үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.О нь хохирогч Г.Бадамсүрэнд хохиролын 2.920.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч С.Огээс нийт 6.523.000 төгрөгийг, хохирогчид Г.Бадамсүрэнд 2.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэрмаад 4.523.000 төгрөгийг тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч М.Амин-Эрдэнэ цаашид гарах эмчилгээний зардалыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА