Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж, шүүгч Д.Баттулга, Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 45 өөрийн байранд байрлах “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”  ТӨХК /Улсын бүртгэлийн дугаар:9012001005, РД:2685221/,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 1 дүгээр баг, Сийрст эмч нарын орон сууцад оршин суух Тайж овогт Хүүгийн Батбаатар /РД:КН68120379/-т холбогдох

            4,091,518 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганбуу, хариуцагч Х.Батбаатар, нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”  ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын жолоочоор ажиллаж байсан Х.Батбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 23 цагт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын Ухаа худаг уурхайгаас урагш 49 км-т компанийн өмчлөлийн 91-73 УНБ улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашиныг жолоодож явахдаа зам засварын шороо мөргөж, замаасаа гаран осол гаргасан. Замын цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн актаар замын цагдаагийн хэсгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч М.Үүрдмандахын тогтоосон дүгнэлтэд Х.Батбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж акт тогтоосон. Иймээс жолооч Х.Батбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б/291 дугаар тушаалаар ажлаас халагдсан ба түүний буруутай үйлдлээс болж компанид тодорхой хэмжээний хохирол учирсан тул унаж явсан УАЗ фургон 91-73 УНБ улсын дугаартай автомашинд гарсан засварын зардал болох 4,907,000 төгрөгөөс тухайн автомашиныг “Бодь даатгал”-д даатгуулсны 812,482 төгрөгийг хасаад 4,091,518 төгрөгийг Х.Батбаатараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

            Хариуцагч Х.Батбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “...”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар нэг төлбөр төлөх үндэслэлгүй гэдэгт доорх тайлбарыг хийж байна. Миний бие ”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн говийн бүсийн салбарт жолоочоор ажиллаж байсан. 2016 оны 07 дугаар сарын 29-ний орой 20-21 цагийн үед “Оюу толгой” ХХК-ийн цахилгаан станцын 6 ажилчдыг хүргэж өгөхөөр Цогтцэций сумаас гарч засмал замаар 48-49 км-т зөрж яваа нүүрс тээвэрлэгч том шаланз машин шөнийн цагт ойрын гэрэл дээр тавиагүй учраас урд зам харагдахгүй болж замын засвар хийж байхдаа тавьсан шороон даланг мөргөж осолдож, хүмүүсийн бие гэмтэж, машинд эвдрэл гарсан. Миний бие хүнд гэмтэж дотуур цус алдаж, дэлүүгээ авахуулсан. Энэ асуудлыг цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн мэргэжилтэн дэслэгч Үүрдмандах шалган эрүүгийн хэргийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон. Замын цагдаагийн байцаагчийн дүгнэлтээр буруу талын арьс урьд талаасаа хонхойж цөмөрсөн, том, жижиг гэрэх хагарсан, урд гупер муруйсан, урд 2 хаалга гажсан гэж дүгнэлт гарсан. Компани хөөцөлдөж даатгалаар 815,482 төгрөг гаргаж өгсөн. Миний бодлоор замын цагдаагийн гаргасан дүгнэлтээр тогтоосон эвдрэл гэмтлийг даатгалаас гаргаж өгсөн мөнгө хангалттай хүрнэ гэж бодож байна. Компанийн машины кабиныг 2,500,000 төгрөгөөр сольсон нь өмнөх кабинаас дордож илүү зардал гаргасан гэж үзэж байна. Энэ талаар тухайн компанийн ажилчид гэрчилнэ. Мөн засвар хийхдээ 100,000 төгрөгийн хөлс авсан нь автомашины урсгал засварын мөнгийг надаар төлүүлнө гэжээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 3 жилийн хугацаанд миний эзэмшиж байсан 91-73 ӨМӨ машинд урсгал засвар хийсэн баримтууд компанийн санхүүд байгаа. Тийм болохоор машин осол гарахад эвдрээгүй харин урсгал засвараар хийгдсэн засвар үйлчилгээг би төлөхгүй. Машины эвдэрсэн кабиныг засварлаад зарахад одоогийн ханшаар 3,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгөөр борлогдоно. Гэтэл уг кабиныг надад эргүүлж өгөхгүй байгаа. Миний бодлоор засвар хийсэн хүмүүс кабиныг авч өөрсдөө зарж ашиг олсон гэж бодож байна. Мөн компани уг машиныг засварлахдаа ажлын хэсэг гаргаж эвдрэлүүдийн зургийг авч баталгаажуулаагүй. Иймд миний эргэлзээг гаргаж, дээр дурдсан зүйлүүдийг хянаж шийдвэрлэж өгнө үү. Мөн албан үүргээ гүйцэтгэж явахдаа эрүүл мэндээрээ хохирсон. Компаниас надад ямар нэг тусламж үзүүлээгүй намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх бодолтой байна.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Жолооч Х.Батбаатарын буруутай үйлдлээс болж компанид тодорхой хэмжээний хохирол учирсан тул унаж явсан УАЗ фургон 91-73 УНБ улсын дугаартай автомашинд гарсан засварын зардал болох 4,907,000 төгрөгөөс тухайн автомашиныг “Бодь даатгал”-д даатгуулсны 815,482 төгрөгийг хасаад 4,091,518 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэв.

   Хариуцагч Х.Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ”...Нэхэмжлэлийн шаардлагыг сонсоод дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Говийн бүсийн салбарын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-нд 2013 оны 09 дүгээр сараас эхлэн жолооочийн ажил үүрэг хийж байлаа. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Оюу толгой” ХХК-ийн цахилгаан станцын ажилчдыг хүргэх ажлаар Цогтцэций сумаас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумаас гарч засмал замаар 48-49 километрт эсрэг урсгалд яваа нүүрс тээвэрлэдэг том шланз машин шөнө гэрлээ шилжүүлээгүйн улмаас урд зам харагдахгүй замын хажууд овоолсон шороог мөргөж хүмүүсийн биед гэмтэл учирч, машинд  эвдрэл үүссэн юм. Компани засвар үйлчилгээ хийхдээ надад мэдэгдэж, харилцан яриагүй дур мэдэн засвар хийж урсгал засварын мөнгөө надаар төлүүлэх гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

            Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан ”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Замын цагдаагийн газрын  зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын схем зураг, говийн бүсийн салбарын УАЗ фургон маркийн 91-73 УБН улсын дугаартай автомашины засварт орсон сэлбэгийн жагсаалт, бараа материалын орлогын баримт, зарлагын баримтууд, эд хөрөнгө бүрэн хариуцлага хүлээх гэрээ, 91-73 УБН улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь хариуцагч  Х.Батбаатарт холбогдуулан зам тээврийн ослоос автомашинд учирсан хохирол 4,091,518 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч Х.Батбаатар нь хохиролд даатгалын компаниас 815,482 төгрөг гаргаж өгсөн, энэ нь тухайн ослын үед 91-73 ӨМӨ улсын дугаартай УАЗ Фургон автомашинд учирсан гэмтлийг засварлахад хангалттай хүрнэ. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан засварын баримт эргэлзээтэй, ослоос учирсан гэмтлийг засварласан гэдгийг баталсан нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

            Хариуцагч Х.Батбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 23 цагт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын Ухаа худаг уурхайгаас урагш 49 км-т компанийн өмчлөлийн 91-73 УНБ улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашиныг жолоодож явахдаа зам засварын шороо мөргөж, замаасаа гаран осол гаргасан болох нь Замын цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн замын цагдаагийн хэсгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч М.Үүрдмандахын тогтоосон дүгнэлт “Х.Батбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж акт тогтоов.”-ээр тогтоогдож байгаа бөгөөд  нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсний дагуу зайлшгүй гарсан бүх зардлыг шаардах эрхтэй байна.

            Хариуцагч Х.Батбаатар нь зам тээврийн осол гаргасан талаараа маргаагүй. Нэхэмжлэгч ”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь 91-73 УНБ улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашиныг засварлахад нийт 4,907,000 төгрөг гарсанаас тухайн автомашиныг “Бодь даатгал”-д даатгуулсны 812,482 төгрөгийг хасаад 4,091,518 төгрөгийг нэхэмжилжээ. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт болгож ”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ахлах нягтлан бодогчийн тооцоо хийсэн “Автомашины засварт орсон сэлбэгийн жагсаалт” /хх-ийн 10 дугаар хуудас/, төлбөрийн баримтууд /хх-ийн 11-17 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт  /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хуралдаан дээр “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, төлбөрийн даалгавар, нэхэмжлэх нийт 5 хуудас баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

            Дээрх төлбөр тооцооны баримтуудаар ”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь автомашины сэлбэг, хэрэгслийг худалдаж авсан болох нь харагдаж байгаа боловч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болсон зам тээврийн ослын улмаас 91-73 УНБ улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашинд дээрх худалдаж авсан сэлбэг, хэрэгслийг зайлшгүй хийгдэх шаардлагатай байсан талаарх эвдрэл, гэмтлийг тогтоож гаргасан нотлох баримт байхгүй, “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

            Иймд “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон 1,000,000 /нэг сая/ төгрөгнөөс “Бодь даатгал”-д даатгуулсны 812,482 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаас 184,518 /нэг зуун наян дөрвөн мянга таван зуун арван найм/ төгрөгийг хангаж, үлдэх 3,907,000 /гурван сая есөн зуун долоон мянга/ төгрөгийн шаардлагыг нотолж чадаагүй, нотлох баримт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогчийн үүргийг “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбогдох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж тодорхойлсноор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6,185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,414 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

         

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х.Батбаатараас 184,518 төгрөг гаргуулж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,907,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 6,185 төгрөгийг гаргуулж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-нд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөгоь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН

 

            ШҮҮГЧ                            Д.БАТТУЛГА

 

                                                       Г.АЛГИРМАА