Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00589

 

ОИ ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01136 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1548 дугаар магадлалтай,

ОИ ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

НШШГГын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар тогтоолоор Л.Батаагаас 509 293 915 төгрөгийг гаргуулан тус банк бус санхүүгийн байгууллагад олгохоор болсон. Л.Батаа нь тогтоолд дурдсан төлбөрийг сайн дураар эс биелүүлсэн тул албадан гүйцэтгэх захирамж, албадан гүйцэтгэх хуудас гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. НШШГГаас Л.Батаагаас төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж Л.Батаагийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай, 437.2 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэн 963 200 000 төгрөг гэж тогтоосон. НШШГГаас зохион байгуулсан 2 шатны албадан дуудлага худалдаагаар Л.Батаагийн барьцаа хөрөнгө нь худалдан борлогдоогүй болно. 2 шатны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн НШШГГын санал болгох комиссын хурлаар Л.Батаагийн барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнээр тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгосон. Энэхүү санал болгох комиссын шийдвэрийг тус банк бус санхүүгийн байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр НШШГГт Л.Батаагийн барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1-д зааснаар тус банк бус санхүүгийн байгууллагад төлбөрт тооцон санал болгоно уу гэж гомдол гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гомдлын хариуг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ...танай гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгдье гэж тус банк бус санхүүгийн байгууллагад ирсэн. Энэхүү гомдлын хариуг тус банк бус санхүүгийн байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гомдлын хариуг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон нь хуульд нийцсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж ирүүлсэн тул танай шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасан. Үүнээс үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.5 бол албадан дуудлага худалдаагаар биш өөр хэлбэрээр худалдан борлуулах гээд худалдан борлогдоогүй бол барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх хуулийн зохицуулалт байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.1-д Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно гэж заасан нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй бол барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг зохицуулсан хуулийн заалт байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.1-д зааснаар тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгох ёстой нь нотлогдож байна. Гэтэл НШШГГ худалдан борлогдоогүй, дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй гэсэн 2 өөр ойлголтыг ялгаж салгаж ойлгож чадахгүй байгаад тус банк бус санхүүгийн байгууллага гомдолтой байна. НШШГГ нь 2 дахь албадан дуудлага худалдаагаар 482 600 000 төгрөгөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагад 965 200 000 төгрөгт тооцон өгч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ... эрхтэй... гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Учир нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн хүлээх хариуцлагыг гэм буруугүй хохирсон этгээдэд хүлээлгэж, төлбөрөө авахдаа төлбөр төлөгчид төлбөр төлөхөөр шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Мөн бидний гаргаж буй гомдолтой адил төрлийн маргааныг шүүхээс НШШГГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-ыг буруу хэрэглэсэн болохыг тогтоосон. НШШГГ нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр санал болгох комиссын хурлаар төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д заасныг баримтлан тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгосон. Энэхүү ажиллагаа нь хууль зөрчсөн болохыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 379 дугаарт магадлалаар тогтоосон. Иймээс НШШГГ урьд нь гаргасан алдаагаа давтахгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1-д заасныг баримтлан барьцаа хөрөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгох ёстой гэж үзэж байна. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн НШШГГын санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож. Л.Батаагийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах Ү-0000000000улсын бүртгэлийн дугаартай, 437.2 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1-д зааснаар тус банк бус санхүүгийн байгууллагад санал болгохыг НШШГГт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4592 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 92 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182 тогтоолоор Лхамсүрэнгийн Батаагаас 509 293 915 төгрөг гаргуулж ОИ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй 437.2 м.кв талбайтай барилгыг битүүмжлэн, хурааж албадан дуудлага худалдааг 2 удаа зохион байгуулахад худалдан борлогдоогүй. Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасны дагуу явуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01136 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5-т заасныг баримтлан НШШГГын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг ОИ ББСБ ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч ОИ ББСБ ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1548 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяр хяналтын гомдолдоо: Магадлалыг доорх байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Магадлалын 5-р нүүрний 4 догол мөрөнд ...Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо хоёр дах албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ болох 963 200 000 төгрөгийн 50 хувь буюу 481 600 000 төгрөгөөр нэхэмжлэгчид санал болгох ёстой гэж тайлбарласан ” гэж дурджээ. Тус ББСБ нь нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо үнэлгээний 50 хувиар тооцон санал болгох ёстой гэж огтхон ч тайлбарлаагүй. Тус ББСБ нь ШШГТХуулийн 73.1-д зааснаар төлбөрийн үнийн дүнд санал болгох ёстой гэж маргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт тус ББСБ нь нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгийг үнэлгээний 50 хувиар тооцон санал болгох ёстой гэж маргасан мэтээр алдаатай болсон гэж гомдолдоо дурдсаар байтал давж заалдах шатны шүүхээс тус ББСБ-ын гаргасан нэхэмжлэл гомдлыг огтхон ч үзэж судлалгүй анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг хэвээр баталж, нэхэмжлэлийн утгыг ойлгоогүй нь хэргийг нухацтай судалж үзээгүйг нотолж байна. 2. Анхан шатны шүүх ШШГТХуулийн 73.1-д “...дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй...” энэ хуулийн 73.5-д “...худалдан борлогдоогүй...” гэж заасан 2томъёололын утгыг тайлбарлалгүй ИХШХШТХуулийн 118.4-т заасныг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс ИХШХШТХуулийн 167.2-т заасныг дахин зөрчиж ШШГТХуулийн 73.1 дэх болон 73.5 дахь заалт нь ямар үед хэрэглэгдэх талаар тайлбар дүгнэлтийг өгөөгүй.Тус ББСБ-ын үзэж байгаагаар ШШГТХуулийн 73.1 дэхь заалт нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг санал болгох харин энэ хуулийн 73.5 дахь заалт нь худалдан борлогдоогүй буюу дуудлага худалдаагаар биш өөрөөр хэлбэрээр худалдан борлогдоогүй хөрөнгийг санал болгох хуулийн зохицуулалт болох нь хуульд хэрэглэгдсэн үгнээс нотлогдож байна. Гэтэл 2 өөр нөхцөл байдлыг шүүх ялгаж салгаж ойлгож чадахгүй байгаад харамсалтай байна. ШШГТХуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтыг ШШГТХуулийн 62 дугаар зүйлд заасан үйл баримт болоод, төлбөр төлөгч өөрөө хөрөнгөө худалдан борлуулж чадаагүй тохиолдолд хэрэглэх ёстой гэж тус ББСБ үзэж байна. 3. Хариуцагч НШШГГ ШШГТХуулийн 73.1дэхь заалтыг ямар үед хэрэглэх талаар Шүүхийн хуралдааны мэтгэлцэх үед тайлбарлаж чадаагүй. Гэтэл шүүх тус ББСБ-ын нэхэмжлэлийг ханган шийдвэрлээгүй нь ИХШХШТХуулийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг зөрсөн байна. 4. Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1-т “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ ”, 4-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж заагдсан өөрийн бүрэн эрхийнхээ дагуу ШШГТХуулийн 73.1 дэх болон 73.5 дах заалт нь ямар нөхцөл байдалд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт болохыг албан ёсоор тайлбар гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ОИ ББСБ ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4592 дугаар шийдвэрээр Л.Батаагаас 506 602 951 төгрөг гаргуулж, ОИ ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Их тойруугийн 49-р байр, 24 тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 92 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. /хх-ийн 14-23 дугаар тал/

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Л.Батаа нь нийт 290 000 000 төгрөгийг төлж, 219 293 915 төгрөгийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө Л.Батаагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/07 тоот хаягт байрлах 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр битүүмжлэх, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хураах ажиллагааг явуулж, дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан боловч талууд тохиролцоогүй, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг 963 200 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46, 53, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 62-68 дугаар тал/

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хоёр дах албадан дуудлага худалдааг тус тус зохион байгуулсан боловч эд хөрөнгө борлогдоогүй байна. /хх-ийн 74-75 дугаар тал/

НШШГГ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт зааснаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлгээ 963 200 000 төгрөгөөр тооцож, төлбөртөө тооцон авах, зөрүү мөнгийг төлөхийг төлбөр авагч ОИ ББСБ ХХК-д санал болгожээ. Төлбөр авагч энэ ажиллагааг маргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний 50 хувь буюу 481 600 000 төгрөгөөр санал болгох ёстой гэж үзсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно.” гэсэн зохицуулалт нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагааг хуульчилсан бөгөөд харин хэрхэн, ямар үнээр тооцож санал болгох журмыг мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дах хэсэгт заасан юм.

Хуульд худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох нэг л төрлийн ажиллагаа байгаа бөгөөд өөр өөр үнээр тооцож санал болгох ялгаатай зохицуулалт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Барьцааны зүйлийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явагдаж байх үед мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт “Төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ.” гэж зааснаас үзвэл хариуцагч НШШГГ шинжээчийн тогтоосон үнэлгээ 963 200 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч ОИ ББСБ ХХК-д санал болгосон нь хууль зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01136 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1548 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА