Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0228

 

Б.Б, М.Ц Ц.Б-

нарын нэхэмжлэлтэйзахиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.А-, П.А- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г-, Б.Б, М.Ц, Ц.Б- нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г-, Б.Б, М.Ц, Ц.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байрны зүүн талд байрнаас 10 метр орчмын зайд өндөр далан байрлах бөгөөд 1 давхарын айлууд үндсэндээ \подвал\ хасах нэг давхарт амьдардагтай адилхан байдаг. 10 давхар барилга барих тохиолдолд хоёроос дээш давхарын айлууд, байшин бүхэлдээ, тэр дундаа бидний гэр орон гэрэл, нар үзэх боломжгүй болж байгаа юм. Тухайлбал: 59 тоотын хоёр цонх, 58 тоотын 3 цонх, 22 тоотын ... цонх нь барилга барих гэж буй тал руу харсан байрлалтай.

Манай байрны зүүн талаар буюу Ц- зочид буудлын хооронд дулааны магистрал шугам явж өнгөрдөг. Дулааны нэг бус гурван шугам явж өнгөрдөг газар дээр яагаад газар эзэмшүүлэх болсон, дээрхи шугамуудыг хаашаа ч зөөх газаргүй байгааг Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд мэдэж байх учиртай. Гэтэл яагаад шугам сүлжээтэй газар барилга барьж болно гэж зөвшөөрснийг эс зөвшөөрч, шалгаж өгөхийг хүсч байна.

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн Ч.От 1000 м2 газар эзэмших зөвшөөрөл олгосон хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжийн дээрх газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Газрын албаны дэд дарга Э.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаар захирамжаар 1000 м2 газар эзэмших эрхийг Ч.О нь иргэн Ч.П-аас шилжүүлэн авахдаа 2 талын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг бүрдүүлэн өгч, техникийн зөвлөлийн хурлаар орж шийдвэрлүүлсэн байна.

Өмнө нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжаар иргэн Ч.П- нь уг газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх авсан бөгөөд анхны газар эзэмших эрхийг Б дүүргийн Засаг даргын 2010 оны 222 дугаар захирамжаар авсан байна. Газрын кадастрын зургийн мэдээллийн сангаас харахад 16 дугаар байрны эзэмшлийн кадастрын зурагтай иргэн Ч.Оын кадастрын зураг давхцаагүй байна.

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаар захирамжаар иргэн Ч.Оын газар эзэмших эрхийг шилжүүлж авсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Мон-7 төслийн хүрээнд байгуулагдаж Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 42/123/246 тоот хамтарсан тушаалаар орон тоо, бүтэц нь батлагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд 2 жил гаруй болж байна.

Алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахын тулд 2010 оноос хэрэгжиж буй Монгол Улсын Засгийн газрын Гэр орон сууц, нийгмийн асуудал, эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөрийн хүрээнд төвийн алба хаагчдаас гаргасан санал хүсэлтийг үндэслэн орон сууц барихаар Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх иргэн Ч.П-ын худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг түүнтэй харилцан тохиролцож, эрх шилжүүлэх гэрээ байгуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 тоот захирамжаар газар эзэмших эрхийг тус төвийн мэдээллийн менежер, цагдаагийн ахлах дэслэгч Ч.О миний нэр дээр шилжүүлэн авсан юм.

Иймд дээрх захирамжууд нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцаагүй тэдгээрийн хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 13 дугаар зүйлийн 13.5, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Б, Т.Ц, Ц.Б- нарын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952, 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/490 дүгээр захирамжийн иргэн Ч.От холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан иргэн Д.Г-ын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэхдээ захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ:

Дээрхи газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан болох, тухайн газрыг анх иргэн Ч.П-т хэрхэн олгосон болон шилжүүлэн эзэмшүүлсэн зэрэг нь хуульд нийцсэн эсэхээс илүүтэйгээр тухайн газрыг бусдад эзэмшүүлснээр, түүнчлэн уг газарт барилга барьснаар нэхэмжлэгч иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх байдлаар маргааныг хянан шийдвэрлэлээ гэжээ.

Нэхэмжлэгч нар тухайн газар эзэмшигчийн нэр шилжүүлэн бусдад эзэмшүүлснээр, уг газарт барилга барьснаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөх үү? гэх асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, Ч.От 1000 м/кв талбай бүхий газар эзэмшүүлсэн болон уг газрын 600 м/кв талбайд барилга барих зөвшөөрөл олгосон дээрх захирамж буюу маргаан бүхий актууд нь бидний хуулиар эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр тухайн хэрэгт шууд хамааралгүй асуудлыг сайн дураараа дүгнэж, шүүхиин шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 952 дугаар захирамжаар иргэн Ч.От 1000 м.кв газар эзэмших зөвшөөрөлолгохдоо нэхэмжлэгч нарт хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй, тэдэнд мэдэгдэхгүйгээр хотын хөгжлиин болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүй, төлөвлөгдөөгүй газрыг иргэн Ч.От давуу эрхээр эзэмшүүлсэн захирамж нь нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн ... энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим баримтлах

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх,

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д ... 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн ....-д газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар Засгийн Газрын 2003 оны 28 тогтоолоор батлагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам-ын дагуу шийдвэрлэнэ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх-ийг хуульчилсан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д техникийн нөхцөлийн зөвшөөрөл, бүрдэлгүй газар олгох зэрэг зүйл заалтуудыг зөрчиж гарсанаараа Захиргааны акт хуульд үндэслэсэн, бусдын эрхийг хөндөөгүй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэл олгосон, Ч.Оын эзэмшил газарт баригдах Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны эскиз зураг, төлөвлөгөөг тус тус баталсан байх бөгөөд нэгж талбарын 18644311767836 дугаар бүхий Ч.Оын эзэмшил газрын байршил нь 16 дугаар байрны СӨХ-ны ашиглах кадастрын зурагтай давхцалгүй, түүнчлэн Нийслэлийн засаг даргаас 1000 м2 газарт 14.4x42.0 м хэмжээтэй буюу нийт 600 м2-д орон сууц барихыг зөвшөөрсөн нь эзэмшил газрын 60 орчим хувь байх тул энэ нь хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ.

Ийнхүү дүгнэхдээ маргаан бүхий захиргааны акт нь ямар хууль зөрчөөгүй талаар тодорхой заагаагүй, ойлгомжгүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Ч.Оын эзэмшил газарт баригдах Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны эскиз зургаар 10 давхар барилга төлөвлөгдсөн байдаг. Гэтэл шүүхээс Нийслэлийн Засаг дарга 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр А/490 дүгээр захирамжаар дээрх газрын 600 м/кв талбайд барилга барих зөвшөөрөл олгосон нь хууль зөрчөөгүй гэж хийсэн дүгнэлт нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм \БН6Д 30-01-04\-д Барилга барих эдэлбэр газар 9 ба түүнээс дээш давхар барилгад 7 га байна гэх заалтыг зөрчсөн.

Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгч нарын оршин суух 16 дугаар байрны СӨХ-ны эзэмшил, ашиглалтад хамаарах газрын кадастрын зураг байхгүй, ямар нэртэй СӨХолбоонд тухайн байр хамаарах талаар баримт байхгүй, СӨХ-ноос зөвшөөрөл өгөөгүй байхад шүүх нэгж талбарын 18644311767836 дугаар бүхий Ч.Оын эзэмшил газрын байршил нь 16 дугаар байрны СӨХ-ны ашиглах кадастрын зурагтай давхцалгүй гэж хийсвэрээр дүгнэлт хийсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль-ийн 1-д СӨХ дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт хамгаалалтын асуудалд хяналт тавих, шинээр барилга барихад санал зөвшөөрөл өгөх эрхтэй байна заалтыг зөрчсөн.

Хавтаст хэрэгт техникийн нөхцөлийн зөвшөөрөл-ийг Улаанбаатар дулааны сүлжээ ХК-иас олгоогүй байхад барилга барих зөвшөөрөл олгосон нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-дтехникийн нөхцлийн зөвшөөрөл, бүрдэлгүй газар олгохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

Дулааны гол магистрал шугам явж байгаа газарт Мэргэжлийн байгууллагаас буюу Нийслэл хотын Дулааны Эрчим хүчний байгууллагаас дулаанд холбох боломжгүй, Зөвшөөрөхгүй тухай бичгийг албан ёсоор өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан мөн Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчин хамгаалалтын бүсэд газар олгож, улмаар барилга барих зөвшөөрөл олгосон 2 дахь захирамжийг гаргасан.

Маргаан бүхий акт нь дараах хуулиудыг зөрчсөнөөс нэхэмжлэгч нарын эрх хөндөгдсөн асуудалд шүүх огт дүгнээгүй. Үүнд:

Барилгын тухай хуулийн 7.2.2-д барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх,

Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

Мөн хуулийн 12.5-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна.

24.1.4-д инженер-геологийн судалгаа, зураг төсөлгүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, өргөтгөх, шинэчлэх;

24.1.6.инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих заалт зэрэг болно.

Шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчид холбогдох Барилгын норм ба дүрэм, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.1.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу гарч чадаагүй тул шүүхээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус үндэслэлгүй, илтэд зөрүүтэй гарснаас гадна Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгдэж, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй, энэ тухай тэмдэглэл мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтэнд тусгагдаагүй байх тул дээрх Шинжээчийн дүгнэлт нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр гараагүй гэж үзэж байна.

Иймээс дээрх хуулийн хязгаарласан, хориглосон заалтыг илтэд зөрчсөн захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3, 72 дугаар зүйлийн 72.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Б дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны оршин суугч, Д.Г-, Б.Б, М.Ц, Ц.Б- нар нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн Ч.От 1000 м.кв газар эзэмших зөвшөөрөл олгосон хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжийн дээрх газар барилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан бүхий акт Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 12.5, 24.1.2, 24.16, Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн гэх гомдол, тайлбар үндэслэлгүй.

Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм-ийн БНбД 30-01-04-ийн 2.11-д барилга хоорондын зай 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-ын 3.1-д нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байна гэж тус тус заажээ.

Барилгын хөгжлийн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтэд Гуравдагч этгээд О-ын барихаар төлөвлөж байгаа барилгаас нэхэмжлэгчдийн оршин сууж буй орон сууцны барилга хүртэлх зай нь байршлын схем зургийн дагуу 13.2 метр байгаа нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм-д заасан барилга хоорондын зайг хангасан гэж...тухайн газарт батлагдсан төлөвлөгөөний дагуу барилга баригдсанаар нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа 2.45 цаг байхаар байгаа нь Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД-д нийцсэн гэж, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шинжээчийн дүгнэлтэд инженерийн шугам сүлжээг нэгтгэн хонгилын системд байрлуулсанаар ашиглалтын байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, авто зам талбай, ногоон байгууламж, эвдэгдэхгүй байх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж, шуурхай засварлах, иргэд оршин суугчдын тав тухтай байдлыг алдагдуулахгүйгээр засвар үйлчилгээ хийх боломжтой зэрэг давуу талтай болохыг тэмдэглээд, хонгилын системийн болон түүн доторх дулааны шугам сүлжээний зураг, төслийг мэргэжлийн байгууллагаар стандарт норм дүрмийн дагуу тооцож эрх бүхий холбогдох байгууллагатай зөвшөөрөлцсөн тохиолдолд технологийн дагуу угсарч монтажлан ашиглах нь зүйтэй[1] гэж дүгнэсэн, улмаар 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн барилгын хөгжлийн төвийн бүрэлдэхүүнтэй нэмэлт шинжээчдийн дүгнэлт[2]-д энэ талаар дахин бататгаж дүгнэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Барилгын хөгжлийн төв-ийг тус тус нэмэлт шинжээчээр томилсон, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/117 дугаар Шинжээч томилох тухай тушаалаар Инженерийн албаны Шинэ хэрэглэгчийн холболтын инженер М.УуГ-ыг томилж, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2, 255 дугаар зүйлийн 255.1 дэх заалтыг танилцуулж, гарын үсэг зуруулсан[3], шинжээч шүүхийн тавьсан асуултаар дүгнэлт гаргуулж ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээчийн дүгнэлт холбогдох хууль ба дүрэмд заасны дагуу гарч чадаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн, дүгнэлтэд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэг тусгагдаагүй тул дүгнэлт нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр гараагүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж заасан байна.

Гуравдагч этгээд Ч.Оын эзэмшлийн газарт баригдах Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 219 тоот мэдэгдэл олгож, баталсан байх ба эзэмшил газрын 60 орчим хувь буюу 600 м.кв талбайд орон сууц барихыг Нийслэлийн Засаг даргаас зөвшөөрсөн байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч нар Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөөгүй, мөн маргаан бүхий актаар Ч.От эзэмшүүлсэн газрыг эзэмших, ашиглах талаар ямар нэгэн зөвшөөрөл хүсч төрийн захиргааны байгуулагад хандаж байгаагүй... гэж тайлбарлажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан.

Нэхэмжлэгч нар нь Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж нэхэмжлэл гаргаагүй байх тул гуравдагч этгээдийн эзэмшил газар сууц өмчлөгчдийн холбооны газартай давхцалтай эсэх талаар шүүх шалгаж дүгнэх шаардлагагүйн дээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх болон бусад асуудлаар үндэслэлтэй зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ