Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2017/00104

 

Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 418 дугаар шийдвэртэй, Е-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б, орчуулагч А.Е нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““С”” ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Би аймгийн ““С”” ХХК-ны захирал Ш-ын шийдвэрээр 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус компанид манаач болон 3 дугаар бохир усны насосны станцын машинистын ажилд томилогдон 2 жил 4 сар ажиллаж сард бэлнээр 350,000 төгрөгийн хөлс авч байсан.  Намайг анх ажилд томилогдон орох үед байгууллагын дарга болон удирдлагаас ажилд орсон талаар тушаал шийдвэр өгөөгүй бөгөөд мөн өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Би дарга болох Ш-т хандаж ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгөхийг удаа дараа шаардахад “чи энэ манаач болон насосны станцын машинистын албан тушаалд бүр тушаалаар орсон бөгөөд хэл ам гаргалгүй зүгээр л ажлаа хийж бай, цаг нь болохоор чамд тушаал, хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгнө” гэж хэлж явуулсан тул би дахин очиж нэхээгүй. Энэ тухай компанийн орлогч гэх Н тушаалын нэг хувь, хөдөлмөрийн гэрээг шаардахад “дарга нар мэднэ” гэж хэлж ач холбогдол өгөөгүй тул би тушаал болон хөдөлмөрийн гэрээг байгууллагын дарга үзэмжээрээ бичдэг мөн нэг хувийг өгөх эсэхийг дарга өөрөө шийддэг юм байна гэж бодоод дуугүй ажлаа хийж ирсэн. 

Манай компани манаач болон 3 дугаар бохир усны насосны станцын машинистын үүрэгт ажлыг Б, Т бид гурав 24 цагаар ээлжлэн хийдэг. Өөрөөр хэлбэл байгууллагад манаач хийж байхад 2 цаг тутам насосны ажиллагааг хянах, цэвэрлэх, ажиллуулах үүрэгтэй ажилласан. Манаач болон машинистын орон тоо, бүтэц хасагдаагүй бөгөөд хасагдах, цомтгогдох талаар би огт сонсоогүй. Гэтэл ““С”” ХХК-ны захирал А дуудсаны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагт албан өрөөнд нь очиход “ажлаас чөлөөлсөн тухай” 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 тоот тушаалыг надад өгсөн тул би ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан “С” ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: ““С” ХХК нь 2012 оноос орон нутгийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгчээр ажилласан учраас тухайн үед ажлын шаардлагаар Е-ыг захирлын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаалаар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тус компани бетон цехийн туслах ажилчнаар ажиллуулж байгаад 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах ажилтнаас чөлөөлж, захиргаа аж ахуйн хашааны ээлжийн манаачаар түр томилжээ. Тус компани нь аймгийн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний найдвартай хангалтыг хариуцаж ажилладаг тул хүн, хүчний дутмаг байдал, ажлын шаардлагаар ажилчдыг өөр ажил хавсран гүйцэтгүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар, улирлын чанартай ажиллуулдаг тохиолдол гардаг. Энэхүү ажлын шаардлагаар Е-ыг 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр манаачийн ажлаас чөлөөлөн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 хүний халуун усны уурын зуухны машинист, сахиулаар томилон ажиллуулж байгаад 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистаар томилсон байна. 

Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэсэн байдал нь компанийн санхүүгийн чадавх, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж үүнээс болж төсөл, хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон, цалингийн фонд хэтэрсэн зэрэг байдлыг харгалзан тус компани Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж ажилчдын тоог цөөрүүлэх, орон тоо цомхотгож, цомхон бүтэцтэй ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захирал А надад үүрэг болгосон. Тус компани ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор компани бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоож, 51 орон тоогоор баталж, энэхүү 51 орон тооны хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгасны дагуу гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай тушаалаар компани албан тушаал, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлсэн. 

 

Нэхэмжлэгч Е-ын ажиллаж байсан захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистын орон тоо нь дээрх ТУЗ-ийн тогтоолын дагуу цомхотголд орсон учраас Е-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэгэнт Е-ын орон тоо нь цомхотголд орсон учраас түүнийг цаашид ажиллуулах боломжгүй болсон. 

Нэхэмжлэгч Е-ын нэхэмжлэлдээ дурдсанчлан тушаал нь байгууллагын дарга үзэмжээрээ бичдэг зүйл биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан эрхийнхээ дагуу ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалыг шаардах, танилцах эрх нь ажилтны хувьд нээлттэй. Нөгөө талаар хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш тул Е-ын нэхэмжлэлдээ бичсэн зарим зүйл нь зүйд нийцэхгүй байна. Иймд Е-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 418 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Е-г “С” ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Е-ын нэхэмжлэлтэй “С” ХХК-нд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 418 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч тус компанийн захирал А би дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 

 

1. “С” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай “Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож 51 орон тоотойгоор ажиллахыг захирал А надад үүрэг болгосон. Төлөөлөн Удирдах зөвлөлийн энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг, 2 дугаар хавсралтаар компанийн нийт орон тоог нэг бүрчлэн нэрлэн зааж тогтоож өгсөн. Энэхүү тогтоолыг хавсралтын хамт хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. 

 

Шүүх “С” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтыг нотлох баримтаар үнэлсэн атлаа цомхотгол хийж нэхэмжлэгч Е-ын орон тоог хасаж баталсан 2 дугаар хавсралтыг яагаад үнэлээгүй талаар шийдвэртээ тусгаагүй төдийгүй цомхотгол хийгдээгүй байхад Е-д мэдэгдэх хуудас өгч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: “С” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани учраас Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн Удирдах зөвлөл нь компанийн бүтэц, орон тоог баталж, гүйцэтгэх захирал уг тогтоолыг мөрдөн ажиллах үүрэгтэй. Нэгэнт Төлөөлөн Удирдах зөвлөлөөс цомхотгол хийж Е-ын ажиллаж байсан орон тоо болох захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны станцын машинистын орон тоог хасаж баталсан учраас энэхүү тогтоолыг цомхотгол хийсэн эрхийн акт гэж үзэх ёстой байтал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тухайн үед зөвхөн Е биш захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны станцын машинистын 3 орон тоонд ажиллаж байсан бусад ажилтнуудыг цомхотгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх нотлох баримтууд буюу тушаалуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

Иймд хариуцагч талаас өөрийн татгалзлаа үндэслэж байгаа “С” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай Компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг 1, 2 дугаар хавсралтын хамт нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад шүүх тогтоолын 2 дугаар хавсралтыг нотлох баримтаар үнэлээгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гаргасан гэдэгт эргэлзээ төрүүлж байна. 

 

2. Хариуцагч талаас өмгөөлөгч Ө.Бийг шүүх хуралдаанд заавал оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд оролцуулах, хуульд заасан үндэслэлээр нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах эрхээр хангаагүй шүүх хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөнд гомдолтой байна. БНХАУ-аас тус компанид шаардагдах тоног төхөөрөмж худалдаж авах үнийн санал авах, гэрээний төсөл бэлтгэх ажилд өмгөөлөгчийн туслалцаа шаардлага гарсан ба өмгөөлөгч Ө.Б нь тухайн үед Улаанбаатар хотод шүүх хуралдаанд оролцож байсан. Түүнтэй хэлэлцэн тохиролцож, Эрээн хотод худалдагчтай компанийг төлөөлөн уулзахаар явуулсан ба энэхүү байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж шүүх хуралдаанд өмгөөлөгчийг заавал оролцуулах зорилгоор хуульд заасан нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах эрхийнхээ дагуу шүүхэд хүсэлт гаргасан байхад хэргийг хариуцагч талыг, өмгөөлөгчийг оролцуулахгүй хянан шийдвэрлэсэн нь хариуцагч талыг хуульд заасан эрхээр хангаагүй гэж үзэж байна. Иймд шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 418 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн тайлбарт: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 418 дугаар шийдвэр нь үнэн зөв, шударга шийдвэр тул хэвээр үлдээж өгнө үү. Е надад ажил олгогч нь цомхотголоор ажлаас чөлөөлөх болсон гэж мэдэгдэх хуудас өгсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч би мэдэгдэх хуудас аваагүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дэвтэр болон ажил хүлээлцэх тухай журналд миний гарын үсэг олон байгаа болохоор түүнээс харж байгаад мэдэгдэх хуудсанд дуурайлган зурсан гэж бодож байна. “С” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай тогтоолоор компанийн орон тоо  бүтцийг шинээр тогтоосон гэх ба ажилчид бидэнд энэ талаар танилцуулаагүй. Тэр цомхотгосон орон тоо гэх дотор нь миний ажиллаж байсан тус компанийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач болон 3 дугаар бохир усны насосны станцын машинистын албан тушаал орон тоо хасагдаагүй нь дээрх 5 дугаар тушаалаар батлагдана. 

 

Би шүүхэд хариуцагчийн гаргаж өгсөн тайлбар, нотлох баримттай танилцаж байхад өөрийгөө түр орон тоогоор 2014 оноос эхлэн ажиллаж байсныг мэдсэн. Надад өгсөн гэх мэдэгдэх хуудсанд хариуцагч тал мөн “түр орон тоогоор ажиллаж байсан” гэж бичсэн байх юм. Хэрэв би хэн нэгний орон тоонд ажиллаж байсан юм бол мэдэгдэх хуудас өгч чирэгдэл бололгүй “хугацаа чинь дууссан, эсвэл оронд нь жинхэнэ эзэн нь ирсэн” гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөх байсан. Надтай ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Олон дахин хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд урьд байсан дарга Ш, одоогийн дарга А, боловсон хүчин аль аль нь хийгээгүй. Хэрэв хөдөлмөрийн гэрээ хийсэн бол ямар албан тушаалд, ямар хугацаагаар, ямар эрх үүрэг хүлээн ажиллах ёстойгоо мэдэх байсан. 

 

Шүүх хурал болдгоороо болж хуралдсан. Хариуцагч тал хэд хэдэн удаа шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхийг үл хүндэтгэсэн. Шүүх хуралд оролцоно гэж хурлын товд гарын үсэг зурчхаад ирээгүй нь хариуцагчийн буруу. Иймд анхан шатны шүүхийн 418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах ноцтой зөрчлүүд гаргасан байх тул шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна. Үүнд:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 220 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжээч Х.Б гаргажээ. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Е-оос “шинжээчээс мэдүүлэг авах” тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 722 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т зааснаар хэргийн оролцогч нь шинжээч томилуулах эрхтэй, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 86 дугаар зүйлийн 86.2.3, 90 дүгээр зүйлийн 90.5, 96 дугаар зүйлийн 96.1, 103 дугаар зүйлийн 103.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.2, 111 дүгээр зүйлийн 111.2.-т зааснаас үзвэл, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулсан тохиолдолд шүүх хуралдаанд оролцогчоос түүнд асуулт тавих, шүүх шинжээчээс тайлбар, мэдүүлэг авах боломжтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд шүүх хуралдааны бусад үед шинжээчээс тайлбар, мэдүүлэг авах журмыг тусгайлан зохицуулаагүй байна. Гэхдээ, хэргийн оролцогчийн шинжээчид асуулт тавих боломжийг хангаж, тэдгээрийг байлцуулан шүүх хуралдааны бусад үед шинжээчээс тайлбар, мэдүүлэг авах нь талуудын зарчимд нийцэх тул энэ ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамааруулах үндэслэлгүй гэж үзнэ. 

 

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн “шинжээчээс тайлбар, мэдүүлэг авах” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа уг захирамжийн биелэлтийг хэрэгжүүлээгүй, шинжээчээс хуульд заасан журмын дагуу тайлбар, мэдүүлэг аваагүй, хэргийн оролцогчийн шинжээчээс асуулт асуух эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахаар байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1081 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүх тухайн асуудлаар дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгч Е-ын “шинжээч Х.Бгаас мэдүүлэг авах” тухай хүсэлтийг хангаагүй, эсхүл хангах шаардлагагүй гэж үзвэл, нэхэмжлэгчээс уг хүсэлтийг дэмжиж байгаа эсэхийг тодруулсны эцэст 2017 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 722 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох байжээ. 

 

2. Анхан шатны шүүх хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчиж маргааныг хянан шийдвэрлэжээ. 

 

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 24 минутад хариуцагчаас “Шүүх хуралдаанд өмгөөлөгч Ө.Бийг оролцуулах”, “Өмгөөлөгч Ө.Б нь гадаад улсад байгаа учраас түүнийг ирэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлт гаргажээ. Гэтэл шүүх хуралдаан даргалагч хариуцагчийн дээрх хүсэлтийг шүүх хуралдаанаас /хэргийн 112 дугаар тал/ “...ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй талаар мэдэгдээгүй. Мөн хаягаа өөрчилсөн бол энэ тухай шүүхэд мэдэгдэх ёстой байсан. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй гэж үзэх боломжгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах”-аар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3.-т заасан журмыг зөрчиж, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Хариуцагчаас түүний өмгөөлөгч гадаад улсад зорчсон учраас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй талаар бичгээр мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасан байхад “ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй талаар мэдэгдээгүй” гэж буруу дүгнэсэн, “хаягаа өөрчилсөн бол энэ тухай шүүхэд мэдэгдэх ёстой байсан” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д заасан зохицуулалтыг үүссэн нөхцөл байдалд буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжийг бичгээр гаргах журмыг тус тус зөрчсөн байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа бүхий л асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргахаар хуульчилсан нь иргэдийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг хангаж буй хэлбэр юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК