Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 69

 

“Мөнгөн маргад” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Очирбат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 737 дугаар магадлалтай, “Мөнгөн маргад” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мөнгөн маргад” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан “Мөнгөн маргад” ХХК-ийн /ХА-19750-001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Файсон” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 737 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь хууль буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Магадлалын хянах хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгогдоогүй байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн” гэж дүгнэж буруутгасан нь давж заалдах гомдолд тусгагдаагүй энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ч яригдаж хэлэлцэгдээгүй байхад анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна.

Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд оролцсон бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой маргаагүй, нөгөө талаар шүүх ч өөрийн санаачилгаар шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх зарчмын үүднээс гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон захиргааны шийдвэрийн талаар маргаж байгаа эсэхийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байдаг. Энэ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогч тал хэн аль нь нэхэмжлэл гаргах этгээд гаргасан эсэхтэй маргаагүй, асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хүрээнээс хальж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь хэрэг маргааны хугацааг сунжруулах, нэхэмжлэгч талд ашигтай байдал олгосон гэж үзэж байна.

Мөн нотлох баримтыг дутуу цуглуулсан талаар “нэхэмжлэгчээс хуульд заасан масштабын дагуу хайгуулын талбайн солбицлыг гаргасан гэх бөгөөд харин 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт чухам ямар масштабын зургаар уг шүүлтийг хийж 0,99 га давхцалтай болохыг тогтоосон болох нь тодорхойгүй, гэтэл хариуцагчаас шүүхэд ирүүлсэн дээр дурдсан ашигт малтмалын кадастрын тойм зураг 1:273936 масштабаас даруй 2.7 дахин их нарийвчлалтай гарсан байхад уг зурагт давхцал харагдахгүй байх тул энэ талаар дахин тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримт тухайлбал хариуцагч талаас гаргаж өгсөн баримт нотолгоо тайлбаруудыг бүрэн гүйцэд биш дутуу танилцаж нэхэмжлэгч талын гомдолд хэт итгэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хурал дээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Ш.Мандахжаргалаас зураг зүйн шүүлтийг хэрхэн хийдэг талаар шүүх хуралдаан даргалагч болон хэргийн оролцогчид асууж тодруулсан, тэгэхэд компаниудаас ирүүлсэн зураг зүйн шүүлтийг Кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т заасанчлан “...уул уурхайн талбайд 1:100000 нарийвчлалтайгаар” шүүдэг гэж тайлбарласан, энэ нь тухайн маргаан бүхий талбай 10230.61 га талбайгаас улсын хамгаалалттай талбайтай 0.99 га-р давхцаж байна.

Энэ ойролцоогоор 1 га буюу 9900 м.кв талбайгаар давхцаж, өргөн 3-4 м уртаашаа 3 км гаран /3300 м/ урт байдлаар сунасан талбай гэж тайлбарласан. Энэ нь зураг зүйн шүүлтээр “нийт давхацсан талбайн хэмжээ 0.99 га” гэж тодорхойлогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үг юм.

Магадлалд “...зураг зүйн шүүлт хийсэн тухай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтод дурдсан улсын хамгаалалттай газартай 0.99 га-р давхцалтай гэдэг нь харагдахааргүй, харин ч уг газартай хил залгаа байдлаар харагдах бөгөөд шүүхийн үзлэгээр авагдсан зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний компьютероос авсан зургаас үзэхэд давхцалтай байдлаар харагдаж байна, үүнийг дахин тодруулах шаардлагатай” гэсэн тухайд: Тусгай зөвшөөрөл хүссэн газрын зурганд хариуцагч байгууллага нэг л арга, нэг л нарийвчлал хэмжээгээр зураг зүйн шүүлт хийдэг ба харин тэр нь давхацсан байдлаасаа шалтгаалаад давхцалтай хэсэг нь энгийн нүдээр харагдах байдал ондоо байх магадлалтай.

Харин нэхэмжлэгч “Мөнгөн маргад” ХХК-ийн хүссэн маргаан бүхий талбайн хувьд хориглосон газартай хиллэж, давхцал нь сунаж байрласан байгаа. Энэ нь 10230,61 газрыг 10 см-т багтааж цаасан дээр гаргаж байгаа, 3 м өргөн газар нь энгийн нүдээр давхцал нь харагдах боломжгүй, өргөн зураас шиг л харагдана. Харин үүнийг анхан шатны шүүхээс мэргэжилтний компьютер дээр хэд дахин томруулж давхцлын нэгээхэн хэсгийг харуулсан байдлаар хэрэгт авсныг дахин тодруулах ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх нь хэрэгт хамааралгүй бусад компанийн хууль бусаар хайгуулын тусгай зөвшөөрөл авсан талбайг Кадастрын албаны зураг зүйн шүүлтээр давхцалтай давхцалгүй болохыг хариуцагчаас тодруулсны үндсэн дээр харьцуулах байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдсэн нь ойлгомжгүй байна.

Тухайн тохиолдлуудад яагаад хориглосон болон хязгаарласан талбайтай ямар нэгэн байдлаар давхцалтай байхад Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг мэдэхгүй, шүүхээс ч үүнийг хэргээс хуулбарлан авсан байна, нотлох баримтын шаардлага хангаагүй, шийдвэр хэрхэн гарсныг мэдэх боломжгүй, хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон баримтыг шүүх харьцуулан үнэлж үзэх боломжгүй гэдгээр нотлох баримтаар үнэлээгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй зүйлийг харьцуул гэж даалгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байгаа хууль зүйн үндэслэлгүй үйлдэл юм.

Харин давж заалдах шатны шүүхийн хуралдаан дээр нэхэмжлэгч “Мөнгөн маргад” ХХК-ийн өргөдлийн хариуг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр давхацсан, боломжгүй гэж буцаагаад гуравдагч этгээд “Файсан” ХХК-ийн өргөдлийг мөн өдөр хүлээж авсан талаар олон дахин асууж тодруулж байсан. Бид давж заалдах шатны шүүхийн магадлалыг энэ байдлыг тодруулах үүднээс буцаалаа гэж ойлгож байсан билээ. Үүнийг ч бас анхан шатны шүүх өргөдөл бүртгэлийн программд үзлэг хийж тогтоосон байдаг. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тусгай зөвшөөрлийн өргөдөл өгөх программ руу 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу даваа гаригийн өглөө зэрэг хандаад, нийт 120 өргөдөл хүлээж авснаас нэхэмжлэгч “Мөнгөн маргад” ХХК нь 27-ны өдөр буюу мягмар гаригт, гуравдагч этгээд “Файсон” ХХК нь 30-ны өдөр буюу баасан гаригт 30, 30 өргөдлөөр хуваахад хуваарилагдсан байна.

Эхний компанийн талбай давхцалтай байсан учир дараагийн компанийн өргөдлийг хянаж үзэж хариу өгсөн л асуудал. Ийнхүү өргөдлөө бүртгүүлэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн координатуудыг оруулсан байдаг. Тэрнээс биш “Мөнгөн маргад ХХК нь давхцалтай гарлаа, манайх координатуудаа сольё гэсэн боломж бололцоо хаалттай байдаг. Нэхэмжлэгч “Мөнгөн маргад” ХХК нь ч давхцалтай байдлаа засаад координатуудаа өөрчлөөд дахин нээлттэй талбай дээр өрсөлдөх боломжтой. Бүгд л энэ зарчмын дагуу явж байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, хэрэгт хамааралгүй хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжид гомдол гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр удаашруулж байсан болно. Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 737 дугаар магадлалыг хүчингүй болгож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Маргааны үйл баримт нотлох баримтаар хангалттай батлагдаагүй, шинжлэн судлагдсан баримтууд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх тэдгээрийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.3, 121.3.4-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь “0.99 га-г давхцалд тооцох үндэслэлгүй, уг давхцал нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар ...кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0.1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна /10 м/ гэснийг зөрчөөгүй” гэж, хариуцагч нь “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5.4-т заасныг... кадастрын зураглалаар нарийвчлал нь тухайн масштабын 1 метрт ногдох хэмжээнээс ихгүй байна гэж тайлбарлан зураг зүйн шүүлтэд хэрэглэдэг, ...0.99 га-нь давхцалд тооцогдоно” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тухай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтод “улсын тусгай хамгаалалттай газрын 0.99 га-д давхацсан” гэж бичигдсэн боловч уг давхцлыг тогтоосон буюу нэхэмжлэгчийн хүсэлт болгосон талбайн /7 солбицол бүхий/ тойм зургийг баталгаажуулж, шүүлтийг ямар масштабтай зургаар гүйцэтгэж хийсэн баримт нь авагдаагүй, нэхэмжлэгчийн хүсэлт болгосон талбайн тойм зураг нь кадастрын зураглалын 1:137220 масштабаар үйлдэгдсэн, харин хариуцагчаас ирүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн кадастрын тойм зураг нь 1:273936 масштабаар үйлдэгдсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлт болгосон талбайн тойм зурагт үзүүлснээр “тусгай хамгаалалттай газартай” хиллэж буй хэсгээрээ буюу тухайн талбайн байршлын булангийн 1, 7, 6, 5 дугаар цэгээр тэмдэглэгдсэн хэсэг нь шулуун шугамаар зурагдаагүй байгаагаас үзвэл “давхцал” аль хэсэгт гарсан нь ойлгомжгүй, “давхцлаас” сэргийлж шулуун биш шугамаар зурагдсан уг талбайн солбицлыг ямар масштабаар үйлдэгдсэн кадастрын зургаар шалгасан нь тодорхойгүй байх тул “зураг зүйн шүүлтээр 0.99 га нь давхцалтай гаргахгүй, ийм хэмжээг давхцалд тооцож Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.

Дээрх байдлаас үзвэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйлтэй холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж дүгнээгүй, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэсэн зохицуулалтыг мөн зүйлийн 5.3-т “кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараах масштабаар тус тус үйлдэнэ; ...5.3.2 ..., геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар” гэж заасантай уялдуулж хэрэглэх ёстойг анхаараагүй нь буруу болсон байна.

Иймд, гуравдагч этгээдийн гомдолд дурдагдсан “зураг зүйн шүүлтээр нийт давхацсан талбайн хэмжээ 0.99 га гэж тодорхойлогдсон, давхцал сунаж байрласан, анхан шатны шүүхээс мэргэжилтний компьютер дээр хэд дахин томруулж давхцлын нэгээхэн хэсгийг харуулсан байдлаар хэрэгт авсныг дахин тодруулах шаардлагагүй” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн NE-025139 дугаартай өргөдлийн талбайд хийгдсэн зураг зүйн шүүлтээр  0.01, 0.22 га хэмжээтэй давхцлыг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан зохицуулалтын дагуу “давхцал”-д тооцоогүй байдлыг хариуцагчаас тодруулах нь энэ хэрэгт шууд хамааралгүй боловч хариуцагч нь энэ зүйл, заалтыг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж харьцуулан дүгнэлт хийлгэх магадлалын заалтыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх байдалд үндэслэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 737 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН           

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ