Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/276

 

2018.02.26

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Соёд овогт Энхтуяагийн Э.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0058 90155 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Соёд овогт Энхтуяагийн Э.Б, 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, **************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/*************/,

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнүүн” хотхоны зүүн талын 3 давхар нийтийн байрны 303 тоотод 18 цагийн орчимд хохирогч Р.Наранчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, улсын яллагчаас сонсгосон торгуулын ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.

Хохирогч Р.Наранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байх манай гэрт хүргэн Э.Б, охин Пүрэвсүрэн, хүү Лхагвадорж бид дөрөв хөзөр тоглож байтал зээ охин Мөнхзул гаднаас орж ирэхдээ хаалгаар дүү Саруулыг түлхэж унагаахад Саруул уйлсан. Би тэр үед Э.Бөд “чи ойрхон байж хүүхдээ авчихгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Гэтэл Э.Б “би авах албатай юм уу” гээд уурлсан. Би мөн “чиний хүүхэд юм байгаа бие дээ” гээд уурласан. Э.Б босож ирээд нүүр рүү зангидсан гараараа цохиж, ор руу түлхэж унагаасан. Охин Пүрэвсүрэн салгатал Э.Б гараад явсан. Тэгээд би өөрөө 10-т дуудлага өгсөн. Э.Бөөс нэхэмжлэх зүйл төлбөр тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг. /хх11-12/,

 

Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 18 цагийн 18 цагийн орчим манай эхнэр, хадам ээж, эхнэрийн дүү бид хэд хадамын гэрт хөзөр тоглоод сууж байсан. Тэгтэл манай том охин гаднаас орж ирэхдээ дүүгээ хаалгаар түлхээд унагаасан. Тэгтэл хадам ээж Наранчимэг намайг хүүхдээ авахгүй унагаачихлаа гэж уурлаад намайг ажилгүй, арчаагүй юм, гээд над руу дайрахаар нь би боль гээд түлхэх гэтэл гараараа баруун нүдний дээд хэсэгт нь цохьсон...” гэх мэдүүлэг. /хх-27/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1171 тоот дүгнэлтэд: 

  1. Р.Наранчимэгийн биед дух, баруун хөмсөг, нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-15/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнүүн” хотхоны зүүн талын 3 давхар нийтийн байрны 303 тоотод 18 цагийн орчимд хохирогч Р.Наранчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Р.Наранчимэг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Соёд овогт Энхтуяагийн Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бийг оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бөд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР