Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2017/00848

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, 7 хэсэг, Зайсан 5 байр, 9 тоот, /РД:5443067/, “Монголиан метал майнинг холдинг” ХХК-д холбогдох, дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн, хариуцагчийн төлөөлөгч Т.Төгөлдөр, хэрэг гүйцэтгэгч Л.Банзрагч, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус татварын хэлтэстэй харьцдаг 5443067 тоот регистрийн дугаартай, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа ажил үйлчилгээ эрхэлдэг “Монголиан метал майнинг холдинг” ХХК нь шүүхэд Дампуурлын тухай дугаар зүйлийн 5.1.2 дах заалтаар төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож татан буулгуулах хүсэлт өгчээ. Тус хуулийн этгээд нь татварын албанд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг 2016 оны 2 дугаар улирлын байдлаар Хувь хүний орлогын албан татвар /цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого Суутган-1/ тайлангийн 6.722.582 төгрөгийн татварын өртэй болно. Дампуурлын тухай хуулийн 15.1-д заасан хугацаанд багтаж тус хэлтэс нь дээрх татварын өрийг шаардан нэхэмжилж байх тул татварын өрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх өмнө нь дампуурах хүсэлтийг дэмжиж байсан боловч манай удирлага зөвшөөрөөгүй. Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтүүдийн хангасан атлаа манай хүсэлтийг хангасангүй. Гол нь татан буулгахыг зөвшөөрч байгаа болоч хэрэв хариуцагч нь их хэмжээний татвар ноогдох орлогоо нуун дарагдуулсан нь шалгалтаар тогтоогдвол ИХШХШтХ-ийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжтой байсанд гомдолтой байна. Шүүхэд гаргасан татварын өр төлбөрт 6.722.582 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Монголиан метал майнинг холдинг” ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон тул дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргаж байна. Тус компани нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын уулын хөрс тээвэрлэлтийн ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж ирсэн операторын үйлчилгээ үзүүлэгч нэг гишүүнтэй компани ба 2013 оноос төлөвлөгдөөгүй гэнэтийн бэрхшээлүүдээс шалтгаалж үйл ажиллагааг тогтвортой явуулж чадалгүй их хэмжээний алдагдалд орсон, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, манай улсаас экспортолдог уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр хэд дахин буурч, дотоодод эдийн засгийн хямрал нүүрлэснээс бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Компанийн 2016 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлангаар “Шань Дун И Бань” ХХК, “Шунхлай групп” ХХК, “Моннис моторс” ХХК, “Эм Эм И Кью” ХХК, “Майнс ап” ХХК, Австралийн “Гекко Системс” компаниудад нийт дүнгээр 946,739,832.32 төгрөгийн өртэй, “МММГрупп” ХХК, “Транс Маш” ХХК, “Хөх шаргачин” ХХК, “Эм Жи Ти Жи” ХХК-иас нийт 127,135,975.11 төгрөгийн авлагатай бөгөөд өглөг авлагын энэхүү зөрүү компанийг төлбөрийн чадваргүй болж, компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон, дахин хөрөнгөжүүлж үйл ажиллагаа явуулах боломжгүй тул компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх татварын өр 6.722.852 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, бусдаас авах авлагаас төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Дампуурлын тухай хуулиар 2 санал гаргах эрхтэй ба дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй тул дампуурахыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Хариуцагч нь 4.946.739.832 төгрөгийн өр, 127.135.975 төгрөгийн авлагатай. 2013 оноос гадаад дотоодын хүчин зүйлсээс шалтгаалан оператор компаниудын үйл ажиллагаа бүрэн зогссон тул хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

Хэрэг гүйцэтгэгчээс шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2016 оны 9 сарын 20-ны өдрийн 3694 дугаар захирамжаар хариуцагч “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Хариуцагч нь 2016 оны 6 сарын 30-ны өдрийн санхүүгийн тайлан, Б энд С аудит ХХК-ийн аудитын дүгнэлтэд 157.025,74 төгрөг, дансны авлага 161.542.438,95 төгрөг, эзэмшигчдийн өмчийн дүн 668.848.610,05 төгрөг, өр төлбөрийн дүн 8.289.814.265,61 төгрөг байна. Санхүүгийн тайланд зааснаар 2013 оноос компаний алдагдал 519.545.891,54 төгрөг, өр төлбөрийн хэмжээ 8.288.916.899,22 төгрөг болж өссөн нь хариуцагчийг төлбөрийн чадваргүй болоход нөлөөлсөн байна. Компани төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан нь удирдлагын буруутай үйл ажиллагаа буюу компанийг ямар ч бизнес, маркетинг, менежментийн төлөвлөгөөгүйгээр үйл ажиллагааг нь явуулсан, хийж гүйцэтгэх ажлаа эдийн засгийн тооцоо, суурь судалгаанд үндэслэхгүй, компаний нөөц бололцоогоо тооцоолохгүй хийж гүйцэтгэснээс болсон байна. Учир нь анх “Монголиан метал майнинг холдинг” ХХК нь үүсгэн байгуулагдахдаа гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн ч операторын үйл ажиллагаа буюу үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж явуулж байсан байна. 2013-2014 онд хийж гүйцэтгэх байсан операторын ажлаа гүйцэтгэж чадаагүйгээс бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, өөрийн хөрөнгө, өр төлбөрийн харьцаа 12.39 хувь болсноос гол гэрээний төлбөрүүд буюу “Шан Дун И Бань” ХХК, “Шунхлай говь” ХХК, “Моннис моторс” ХХК, “Эм Эм И Кью” ХХК, “Майнс Ап” ХХК, “Гекко системс” ХХК-иас зээлээр болон түрээсээр авсан шатахуун, тоног төхөөрөмж, машин механизмын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөх боломжгүйд хүрчээ. Хэргийн баримт, компанийн санхүүгийн баримт бичиг, аудитын байгууллагын гаргасан санхүүгийн дүгнэлтийг үндэслэн “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийг 2013 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөр төлөх боломжгүйгээс компанийг дахин хөрөнгөжүүлснээр нэхэмжлэгчийн шаардлагыг татан буугдсанаас илүү хангаж чадахгүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах санал оруулж байна гэв.

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Монголиан метал майнинг холдинг” ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр дампуурсанд тооцуулах, татан буулгуулахаар гаргасан нэхэмжлэлд шүүх 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэж, 5.7-д зааснаар түр хэрэг гүйцэтгэгчээр Л.Банзрагчийг томилжээ.

 

Түр хэрэг гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтэд өөрийн хөрөнгөөс 42 дахин их хэмжээний өр төлбөртэй гэснийг үндэслэн 9 дүгээр сарын 20-ны өдрийн 3694 дүгээр шүүгчийн захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна.

 

Шүүх 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Өнөөдөр” сониноор нийтэд энэ тухай мэдээлсний дагуу нэхэмжлэгчээр Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацаанд буюу 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчаас 6.722.582 төгрөгийг татварын өр төлбөрт гаргуулах нэхэмжлэл гаргаснаас өөр авлагатай иргэн, аж ахуй нэгж байгууллага нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаж, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дампуурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан “урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс төлбөр гаргуулах” буюу “Шунхлай групп” ХХК-д 568.629.000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 2.776.460 төгрөг, “Моннис моторс” ХХК болон “Эм Эм И Кью” ХХК-д 1.784.872.472 төгрөг, тэмдэгтийн хураамжид 4.451.156 төгрөг буюу нийт 2.360.729.088 төгрөгийг хариуцагч “Монголиан метал майнинг холдинг” ХХК-иас гаргуулах гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлжээ.

 

Түр хэрэг гүйцэтгэгч нь 3694 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчдийн хурлыг хуралдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хэрэг гүйцэтгэгч батлуулах саналыг Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар гаргасныг баталж, шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэрэг гүйцэтгэгчээр Л.Банзрагчийг томилсон байна. 

 

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан асуудлыг нэхэмжлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулсан ба 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар нэхэмжлэгч нь 8.3.1-т заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлаагүй буюу энэ талаар санал гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийн 2011 оны 1 сараас шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлсэн эсэхийг шалгах шаардлагатай байгаа, улсын төсөвт төлөх их хэмжээний татвар ноогдох орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй үндэслэлээр Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.8-т заасны дагуу гаргасан татварын хяналт, шалгалт оруулахыг нэхэмжлэгч байгууллагад даалгах хүсэлт болон үүнтэй холбоотойгоор нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулах хүсэлтүүдийг шүүх хангаагүй байна.

 

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т нэхэмжлэгчийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх буюу хариуцагчийг дахин хөрөгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх, биелэлтэд хяналт тавих, хариуцагчийн санхүүгийн тайлан, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх, хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх саналыг шүүхэд тавих, түүний ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах, хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн оролцоогүйгээр биелүүлэх эсэх асуудлыг тусгасан байна.

 

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргаж буй хүсэлт нь тухайн нэхэмжлэгч байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой ба Дампуурлын тухай хуулиар нэхэмжлэгчид энэ талаар хүсэлт гаргах эрхийг зохицуулаагүй байна.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг гүйцэтгэгчээс дүгнэлт гаргахад шаардлагатай баримтууд гаргуулах хүсэлтийг Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.9-д зааснаар гаргасныг шүүх хангаж, тэдгээр баримтуудыг үндэслэн хэрэг гүйцэтэтгэгч нь “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийг 2013 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөр төлөх боломжгүйгээс компанийг дахин хөрөнгөжүүлснээр нэхэмжлэгчийн шаардлагыг татан буугдсанаас илүү хангаж чадахгүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах дүгнэлтийг гаргажээ.

 

“Монголиан метал майнинг холдинг” ХХК нь нэг гишүүнтэйгээр, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2011 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр шийдвэр болон дүрмийн дагуу байгуулагдаж, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн 9011270027 дугаарт бүртгэгдэж, 5443067 регистрийн дугаар авсан байна.

 

Хариуцагч нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж, операторын чиглэлийн үйл ажиллагааг удирдлагын буруутай үйл ажиллагаа буюу компанийг ямар ч бизнес, маркетинг, менежментийн төлөвлөгөөгүй, гүйцэтгэх ажлыг эдийн засгийн тооцоо, суурь судалгаанд үндэслэхгүй, компаний нөөц бололцоог тооцоолохгүй гүйцэтгэснээс бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, төлбөрийн чадваргүй болсон, санхүүгийн тайлан, “Б энд С аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтээр авлага 161.542.438,95 төгрөг, өр 8.289.814.265,61 төгрөг байна.

 

Хариуцагч компанийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, арилжааны банкуудад өр, зээлгүй болох нь албан бичиг, бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй талаархи лавлагаа, зохигчийн тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн баримт болон бусад нотлох баримтаар тогтоогджээ.

 

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д “хариуцагч өөрөө, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч дахин хөрөнгүүжүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй бол шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийвэр гаргана” гэж заасан ба “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх талаар нэхэмжлэгчдийн хурлаас хүсэлт шүүхэд ирүүлээгүй тул дампуурсанд тооцож, татан буулгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ” гэж зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй.

 

Дампуурлын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1-д “хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасан байна.

 

Иймд “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийн эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 6.722.852 төгрөг болон урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу “Шунхлай групп” ХХК-д, “Моннис моторс” ХХК, “Эм Эм И Кью” ХХК-иудад хуваарилалт хийхийг болон Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулахыг хэрэг гүйцэтгэгчид даалгалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан /РД:5443067/, “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргад даалгасугай.

 

3. Дампуурлын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1, 34, 35, 36 дугаар зүйлд заасныг баримтлан “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийн эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 6.722.852 төгрөг болон урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу “Шунхлай групп” ХХК-д 571.405.460 төгрөг, “Моннис моторс” ХХК, “Эм Эм И Кью” ХХК-иудад 1.789.323.628 төгрөг хуваарилалт хийхийг хэрэг гүйцэтгэгч Л.Банзрагчид даалгасугай.

 

4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг баримтлан “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулахыг хэрэг гүйцэтгэгчид даалгасугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.      

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ