Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 1456

 

 

 

    2021        12          21                                 2021/ШЦТ/1456

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Ганцэцэг /цахимаар/,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ийн Бд холбогдох эрүүгийн 2106 03896 2666 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ын орон сууц, 2 дугаар гудамж, 19 тоотод оршин суух иргэн Б.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн 21-р шүдний булгарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус дарвалт, баруун нүдний гадна булан, хүзүү, баруун дал, хоёр тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мэдүүлэг /хх-12-13/, гэрч Д.Цэен-Ойдовын мэдүүлэг /хх-21-22/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10862 дугаартай дүгнэлт /хх-23-24/, яллагдагч Б.Баттулгын мэдүүлэг/хх-34-35/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирол төлсөн баримт /хх-52-53/, яллагдагч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, Б.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-38-39/, хохирогч, яллагдагч нараас гаргасан гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-54-55/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ын орон сууц, 2 дугаар гудамж, 19 тоотод оршин суух иргэн Б.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн 21-р шүдний булгарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус дарвалт, баруун нүдний гадна булан, хүзүү, баруун дал, хоёр тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

 

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э-ийн “Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС-ын 2-19 тоотод гэртээ ганцаараа байж байхад манай найз болох Б.Б ирээд хоол унд идэж, ууж байгаад гэрт байсан 0.5 литрийн Экс нэртэй архи байсныг гаргаж уусан. Удалгүй архи дуусаад дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил архи авч Б.Б бид хоёр хувааж уугаад сууж байхад гэнэт Б.Б агсан тавиад намайг цохиж эхэлсэн. Миний цамцнаас боож аваад зүүн нүд рүү нэг удаа эрүү хэсэгт нэг удаа үүдэн шүд рүү нэг удаа тус тус цохисон.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэен-Ойдовын өгсөн “2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС-ын 2-19 тоотод нөхөр нөхөр Б, найз Э-ийн хамт байна гэхээр нь би хүүхдээ авах гээд очсон. Б удахгүй гэртээ харина гэж хэлсэн. Орой залгахад Б утсаа авахгүй байсан. Э рүү залгахад бид хоёр маргалдаад намайг зодчихлоо цагдаа явуулсан гэж хэлсэн. Б-н биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Маргааш нь очиж уулзахад Эийн шүд хугарсан байсан” /хх-21-22/ гэх мэдүүлэг

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 10862 дугаартай “Б.Э-ийн биед зүүн 21-р шүдний булгарал, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, баруун нүдний гадна булан, хүзүү, баруун дал, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” /хх-23-24/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Б-н: “Архи ууж байхдаа Э бид хоёр хүргэлтийн ажпынхаа талаар ярьж байсан. 2 шил архи уусны дараагаар нэг мэдэхэд согтсон, юу болсон талаар санахгүй байна, маргааш нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Этэй уулзаж уучлалт гуйсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-34-35/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирол төлсөн баримт /хх-52-53/ зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Б.Баттулгын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Б-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

             8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА