| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2022/00022Э |
| Дугаар | 154/2022/00021 |
| Огноо | 2022-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 154/2022/00021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч А.Батсуурь нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайртынхан овогт Анкаагийн Батсуурьд холбогдох эрүүгийн 2237000000021 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суудаг,*******, Хайртынхан овогт Анкаагийн Батсуурь
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Анкаагийн Батсуурь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Батсүхтэй маргалдах явцдаа Б.Батсүхийн хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Батсуурь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11-12 цагийн орчимд М.Батхуяг, Б.Батсүх нар М.Батхуягийн гадна зогсож байхаар яваад очсон юм. Б.Батсүх нь надад нэг шил архи байна хуваагаад уучих уу гэхээр нь чамд ямар архи байдаг юм бэ? гэж хэлэхэд М.Батхуягийн машинаас 1 шил Ерөөл нэртэй, 0.75 граммын архи гаргаж ирсэн. Тэгээд Б.Батсүх үүнийг хаана уух бэ? танайд очиж уух уу гэхээр зөвшөөрч манай гэрт очсон. Би М.Ганзоригийг дуудсан. Тэгээд архиа уугаад сууж байхад Б.Батсүх намайг уучилчих гэсэн юм. Тэгэхээр нь би чи уучхаад битгий агсам тавиад бай гэж хэлсэн. Б.Батсүх надад би чамтай зодолдоход бэлэн байна гэж хэлээд өөрөө за за хаяа гэж хэлээд байсан. Тэр хооронд 2-3 удаа тэгж байгаад архи дуусахаар надад би чамтай зодолдоход бэлэн байна. Морио эмээллэчих явъя гэж хэлсэн юм. Би морио эмээллэж унаад бид хоёр гэрээс хойш яваад Хотгор гэх газарт очсон. Тэнд очиж бид хоёр зодолдож байгаад би түрийндээ байсан цагаан иштэй балиузаар гэдэс рүү нь хутгалчихсан. Тэгээд Б.Батсүх зугтаад явсан. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу цагаан сарын шинийн 03-ны өдөр Б.Батсүх над руу хутга гаргаж дайраад бид хоёр зодолдсон. Тэрнээс урьд 2019 оны хавар Баянголын аманд мал төллөж байхад Б.Батсүх согтуу надтай маргалдаж зодолдоод, хутга гаргаж дайраад хүмүүс салгаж авч байсан юм. Юунаас болж зодолддог талаар асуухад надад ямар нэг зүйл ярьдаггүй. Архи уучхаад согтсон миний буруу гээд явчихдаг юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өглөө 11-12 цагийн орчимд М.Ганхуягийн гэрт очиж машины эд анги асуугаад байж байхад А.Батсуурь ирсэн. А.Батсуурь юу байна уу гээд тоглохоор нь М.Ганхуягийн машинд нэг шил архи байна гэж хэлээд би Ганхуягаас машинд байгаа архи өгчих гээд архийг нь аваад А.Батсуурийн гэрт очиж уухаар болоод бид гурав А.Батсуурийн гэрт очсон. Бид нарыг архи ууж байхад М.Ганзориг ирсэн. Тэгээд бид 4 нэг шил “Ерөөл” нэртэй 0.75 граммын архийг ууж дуусгасан. Бид нарыг архи ууж байхад М.Ганзориг унтчихсан. М. Ганхуяг гадаа гараад согтоод унтсан байсан. А.Батсуурь бид хоёр тамхи татаад сууж байхад А.Батсуурь надад зодолдох уу гэхээр би танитай зодолдохгүй гэхэд зодолдоно морио тохоод гараад ир гэж хэлсэн. Би морио эмээллэж унаад хөдөө гарсан. А.Батсуурь бид хоёр Хотгор гэх газарт очиж мориноос буугаад А.Батсуурь намайг түлхэж байгаад, заамдаж барьж аваад хэвлийн тус газар нэг удаа хутгалсан юм. Би зугтаад гэртээ ирсэн. Би А.Батсуурийг цохиж зодоогүй. Ховд аймаг руу явж үзүүлсэн замын зардлыг А.Батсуурь гаргасан. Гомдол саналгүй ” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бат-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай ээж над руу утсаар яриад Б.Батсүх, А.Батсуурь хоёр хээр гараад нэгнийгээ хутгалсан байна цагдаад дуудлага өгөөд дагуулаад ир гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутагт манай хөрш айл болох А.Батсуурийн гэрт Б.Батсүх, М.Батхуяг, А.Батсуурь бид 4 нэг шил архи хувааж уусан. Тэгээд М.Батхуяг ах бид хоёр тэднийд унтаж байтал Б.Батсүхийн ээж бид хоёрыг ирж сэрээгээд Б.Батсүхийг А.Батсуурь хутгалсан байна гэж хэлсэн. Тэгэхээр би М.Батхуяг ахыг аваад гэртээ харьсан. Архи ууж байхад бид нар хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Намайг унтаж байхад тэр хоёр гараад явсан байна лээ, хаана очиж нэгнийгээ хутгалсаныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батсүх, Батхуяг, Ганзориг манай нөхөр А.Батсуурь нар манай гэрт нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд миний нойр хүрээд унтаж байгаад сэрэхэд Ганзориг манай гэрт, Батхуяг гэрийн гадна унтаж байсан. Удаагүй байж байтал Батсүхийн ээж ирээд танай нөхөр манай хүүг хутгалсан байна гэж хэлсэн. Түүний дараа манай нөхөр гэртээ ирээд би Б.Батсүхийг хутгалчихлаа гэхээр нь гутлын түрийнд байсан хутгыг нь авч нуусан. Б.Батсүх манай нөхөр лүү урьд нь хутга шөвөг бариад ална гээд байдаг байсан. Сая өнгөрсөн цагаан сараар манай нөхрийг Хандсүрэн эгчийнд байхад нь хутга гаргаж ална гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн орчимд А.Батсуурийн гэрт М.Ганзориг, А.Батсуурь, Б.Батсүх бид дөрөв нэг шил 0,75 граммын архи уусан. Би согтоод гэрийн гадна гараад унтсан байсан. А.Батсуурь нь хөдөө гарч зодолдож байгаад Б.Батсүхийг хутгалсан гэж сонссон...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Батсүхийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Батсүхийн биед хэвлийн доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Б.Батсүхийн биед учирсан дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Б.Батсүхийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний 254 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт
- архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл
- хэргийн газрын үзлэгийн зураг
- эд зүйлийг хураан авсан тэмдэглэл
- эд мөрийн баримтаар тооцох тогтоол
- хохирлын тооцоо
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч А.Батсуурь нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Батсүхтэй маргалдах явцдаа Б.Батсүхийн хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон, түүний үйлдсэн гэмт үйлдэл нь хохирогч Б.Батсүхийн “А.Батсуурь бид хоёр Хотгор гэх газарт очиж мориноос буугаад А.Батсуурь намайг түлхэж байгаад, заамдаж барьж аваад хэвлийн тус газар нэг удаа хутгалсан юм” гэх мэдүүлэг, гэрч Б.Бат-Оюуны “... Манай ээж над руу утсаар яриад Б.Батсүх, А.Батсуурь хоёр хээр гараад нэгнийгээ хутгалсан байна цагдаад дуудлага өгөөд дагуулаад ир гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, С.Энхтуяагийн “...Батсүхийн ээж ирээд танай нөхөр манай хүүг хутгалсан байна гэж хэлсэн. Түүний дараа манай нөхөр гэртээ ирээд би Б.Батсүхийг хутгалчихлаа гэхээр нь гутлын түрийнд байсан хутгыг нь авч нуусан...” гэх мэдүүлэг, М.Ганзориг, М.Батхуяг нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 254 дугаартай дүгнэлт, шүүгдэгч А.Батсуурийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Батсуурь нь хохирогч Б.Батсүхийн хэвлийн тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд “хэвлийн зүүн доод хэсэгт шарх” гэмтэл учруулсан ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 254 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч А.Батсуурь нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.Батсүхийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас А.Батсуурийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч А.Батсуурь нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батсүхэд хохирлын 138.000 төгрөг төлсөн болох нь хохирогч Б.Батсүхийн “Ховд аймаг руу явж үзүүлсэн замын зардлыг А.Батсуурь гаргасан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч А.Батсуурь нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нь хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Батсуурь нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 12 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч А.Батсуурь нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.Батсуурь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хутга, ерөөл нэртэй архины шил зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Батсуурьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хайртынхан овогт Анкаагийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Батсуурийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батсуурьд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Батсуурь нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Батсуурьд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч А.Батсуурь нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй, ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг 11.5 см, нийт урт нь 26.5 см урттай хутга, 0.75 литрийн ерөөл нэртэй бөглөөгүй, архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч А.Батсуурийн ПБ71111774 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Батсуурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
-ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ