| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2018/1392/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.2., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 88
Э.Б- холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Э.Б- ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, Д.Батсүх,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1519 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б- , түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Б- холбогдох 1802002790170 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э Б , 19.. оны ..дугаар сарын ..-ны өдөр ....... тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:........../;
Э.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий нийт 32,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор уг “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан нийт 32,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг 2018 оны 7 дугаар сарын 3-наас 4-ний өдрийг хүртэл буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Б- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б- ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б- ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б- оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б- оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б- ийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээх, Е201854 дугаартай гадаад паспортыг Э.Б- буцаан олгож, энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №12 дугаартай гялгар уутны хамт нийт 9,1 грамм метамфетамины агууламж бүхий бодис, №13 дугаартай гялгар уутны хамт нийт 13 грамм, №15 дугаартай гялгар уутны хамт метамфетамины агууламж бүхий бодис, №14 гэж дугаарлан авсан шилэн гаанс мэт зүйл нэг ширхэг, зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-д зааснаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Энхбатын Баянмөнхөд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б- авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн 2 хэргийнхээ зүйлчлэлийг зөвшөөрч, гэм буруугийн хувьд анхнаасаа маргаагүй, үйлдсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээсэн. Тиймээс улсын яллагч шүүх хуралдаан дээр надад хорих ялын доод хэмжээг санал болгож, мөн нэмж торгуулийн ял өгөхөөр санал болгосон боловч намайг торгуулийн ял эдлэхэд төлбөр төлөх баримт өгөөгүй хэмээн нийт 4 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах шатны шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна.
Үүнд:
1. Э.Б- миний бие гэм буруугаа огт хүлээгээгүй юм биш, өөрийн буруутай үйлдлээсээ болж ийм хэрэгт холбогдсон гэдгээ 100 хувь зөвшөөрсөн юм.
2. Хэрэгт шалгагдаж байсан хүнд өдрүүдийг ардаа орхиж айл гэр авч явж байгаагийн хувьд зүрхний өвчтэй настай ээждээ ачаа үүрүүлэн, дөнгөж энэ жил сургуульд орсон хүүдээ мэдэгдэхгүйгээр давж гарах гэж хичээсэн боловч үнэхээр хүнд байсан. ...Эрээн хотоос Бээжин хот руу явах замд сууж явсан таксины жолоочид жингийн илүүдлээс болоод эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд байгаа, эмч намайг хурдан турах хэрэгтэй талаар ярихдаа хурдан тураадаг эм байгаа талаар асууж, таксины жолооч заалгаад гялгар ууттай зүйлийг авч хэрхэн яаж хэрэглэх талаар заалгуулж анх удаа өөрийн биеэр хэрэглэж үзсэн. Шүүх хуралдаанд болсон хэргийн талаар бүгдийг мэдүүлж хэлсэн байгаа. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байгаа.
3. Миний урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт орж шалгагдаж байгаагүй. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод Шүүх сэтгэцийн эмгэг судлалын эмчид үзүүлсэн өдрөөс эхлэн хар тамхи, өвс гэх зүйлийн хор уршиг шинж чанар, үйлчлэлийг үнэн бодитойгоор ойлгож ухаарч авсан. ...Энэ хэрэгт холбогдсоноор өөрийнхөө чадах хэмжээгээр мансууруулах бодис хар тамхины хэрэглээний хор уршгийн талаар судалж, бусдад таниулж, цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулж байгаа.
4. Надад миний ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгуулийн ялыг оногдуулж 3 жилийн хугацаатай төлөхөөр мөн хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж, энэхүү өргөдлийг гаргаж байгаа болно. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдэлж дуусгасны дараа торгуулийн ялыг эдлэхээр ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Э.Б- ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б- оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой талаар дараах гомдлыг гаргаж байна.
1. Э.Б- нь өөрт холбогдох хэргийг шалгуулахдаа анх 2018 оны 7 сарын 4-ний өдөр Цагдаагийн албан хаагчид саатуулан шалгаж эхлэх үеэс эхлэн мөрдөн шалгах ажиллагаанд ямар ч саад учруулаагүй болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ямар зорилгоор явж хаанаас авч хэрэглэсэн талаар бүгдийг үнэн зөвөөр ярьж, бүх гэм буруугаа эхнээсээ хүлээсэн байгаа. Түүнд гардуулсан прокурорын яллах дүгнэлтэд тусгасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Э.Б- торгууль төлөх орлогоо нотолсон баримт байхгүй учир торгуулийн ялыг оногдуулах боломжгүй гэсэн үндэслэлээр 2 жилийн хорих ял оногдуулж, хоёр зүйлчлэлээр тус тус оногдуулсан хорих ялыг хооронд нь нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
2. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулинд ял шийтгэлийн бодлогын хувьд өмнөх хуулиудаас ялын бодлогыг илүү зөөлрүүлэх уян хатан болгох ялтнуудын эрх зүйн байдлыг дээрдүүлэх бодлого баримталсан.
Тодруулбал: Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг гэр бүл хамт олны дунд нийгэмшүүлэх энэрэнгүй ёсны зарчмыг шингээж хорихоос өөр сонгох олон төрлийн ял шийтгэлийн хэлбэрүүдтэй зохицуулалт хийж шоронжуулах явдлыг эрс багасгах, хорих ял эдэлж байгаагүй анх удаа шүүхээр орж байгаа хүмүүст хорих ял оногдуулах явдлаас аль болох зайлсхийж хорих ялыг дангаар бус харин албадан ажил хийлгэх, торгох болон бусад хөнгөн төрлийн ялыг сонгох байдлаар хослуулан тогтоон эрс шинэчлэл хийсэн хуулийг баталсан.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ хэмээн” гэж заасан.
Мөн хуулийн 6.7 “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх” заалтад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн бол, хорих уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж ...хэрэглэж болно.
1.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын ...доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон байгааг хэлэх бөгөөд Э.Б- ийн хувьд нотлох баримтуудын хувьд болон үйл баримтуудаар мөрдөн шалгах ажиллагааны шат, шүүхийн шатанд аль алинд нь хүлээн зөвшөөрсөн.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал:
Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, үйлдсэн хэргийнхээ хор холбогдлыг ойлгон буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч улмаар хууль биелүүлэх гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх сэтгэл зүйн бэлтгэлтэй болохоо харуулсан, өөрийн санаачлагаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр тус дэмжлэг үзүүлж гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч ярьж тодруулахад идэвхтэй оролцсон.
Миний үйлчлүүлэгч нь ийм хохирол учруулаагүй бөгөөд түүний хилээр оруулсан эд зүйл нь шууд хураагдсан.
Хор уршгийн шинж чанар нь “Эрх зүйн зөрчил түүний аюултай хэлбэр болох сөрөг үр дагавар юм. Э.Б- нь гэм хороо арилгахын тулд гэм буруутай болохоо ухамсарлан гэмшиж, хар тамхи сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хор уршиг нийгэмд учруулах хор хөнөөлийн талаар олон нийтийн байгууллагуудад хандаж, зөвлөгөө авч, мөн өөрөө бие даан судалж өөрийн идэвхтэй үйлдлээр сургалтын лекц боловсруулж Төрийн бус байгууллагатай хамтран хар тамхи мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, түүний хор холбогдлын талаар их дээд сургуулиудын болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 430 гаруй оюутан залуучуудад лекц уншиж өөрийн алдсан алдаагаа жишээ болгон ярьж ийм зүйлд холбогдохгүй байхыг сургамж болгох арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээний зардлыг өөрөөсөө гарган сурталчилгааны материалыг хэвлүүлэн сургуулиудад байршуулсан. Сургалтанд хамрагдсан их сургуулийн оюутны байгууллага талархал илэрхийлсэн байдаг.
Хувийн байдал нь “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон хойно үйлдсэний дараах үеийн ажил хөдөлмөр сургалт иргэний болон нийтийн хүрээнд хандах хандлага зан төлөв, дадал зуршил нас, хүйс, биеийн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар, гэр бүлийн байдал, асрамжинд байгаа хүний тоо, гэр бүлд эзлэх байр суурь, нэр хүнд авч байсан шагнал урамшуулал урьд нь хүлээж байсан шийтгэл зэрэг өргөн хүрээтэй асуудал хамрагддаг. Э.Б- ийн энэ талаарх баримт хэрэгт авагдсан.
Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон боловч шүүхээс Э.Б- ял оногдуулахдаа хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан ялыг нэмж нэгтгэн 4 жилээр хорих ял оногдуулж ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн заалтыг буруу хэрэглэж өөрөөр хэлбэл шүүх баян ядуу хүнд ялгамжтай ял оногдуулж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулж байна. Өөрөөр хэлбэл, дээрхи заалт нь ялтны хөрөнгө орлогын байдлыг харгалзаж үзэх нь торгууль төлөх хугацааг тогтоох нөхцөл үндэслэх болохоос торгууль төлөх чадвартай эсэхийг тогтоох шалгуур ойлголт биш юм.
Түүнчлэн хорих ялыг эдэлж дууссаны дараа торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн байна.
Шүүх миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон дээрхи Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийг харгалзахгүйгээр хорих ял оногдуулж байгаа нь мөнгөтэй мөнгөгүй хүнд ялгамжтай ял оногдуулж болохоор нөхцөл байдал үүсгэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болох ял оногдуулахад хөрөнгө чинээ боловсрол зэргээр ялгаварлан гадуурхахгүй гэсэн зарчимтай зөрчилдсөн гэж үзэж байна.
3. Олон төрлийн ял хэрэглэх боломжит хувилбаруудыг шинэ Эрүүгийн хуулинд оруулж өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс анхааралдаа авна уу.
Шүүхийн практикт хэд хэдэн гэмт хэргийг санаатай үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д өөр өөр байдлаар хэрэглэж байгаа боловч шүүгдэгч нь нэгэнт гэм буруугаа хүлээсэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл 2 дахь заалтад “Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан зарчмын дагуу ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж Э.Б- оногдуулсан 4 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийн хүрээнд дараах байдлын аль нэгээр:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хоёрны нэгээс багагүй хэмжээгээр буюу нэг жилийн хорих ял болгуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журамлан тухайн тусгай ангийн торгуулийн доод хэмжээ болох 10 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар өөрчилж тус тусад нь эдлүүлэхээр.
2. Э.Б- шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан нийт эдлэх ялыг хуульд заасны дагуу багасгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.Б- ийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзэх эрх хэмжээ байдаг. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 6.8 дугаар зүйлийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүхэд мөн ийм эрх хэмжээ байсан боловч хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэнд маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэхтэй холбоотой заалтууд байдаг.
Шүүгдэгч Э.Б- ийн үйлдэлд хамаарах гурван диспозиц нөхцөл байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь анхны өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хязгаарлагдаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс гадна хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүний хувьд үүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар тодорхой үйлдлүүд хийсэн. Тус хэрэгт шалгагдах явцдаа 20 орчим хоног цагдан хоригдсон. Гарч ирээд, хэрэг шүүхэд шилжтэл 1 сар гаруй хугацаанд дээрх ажлыг зохион байгуулсан. Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү.
Шүүгдэгч Э.Б- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэргийг харгалзан үзэж, гэмт хэргийн 2 үйлдэлд нь хөнгөрүүлэх боломжтой
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт торгох ял, мөн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял санал болгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан. Эдгээр зүйл заалтуудыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэж, боломж олгох зохицуулалт байгаа. Энэ боломжуудыг шүүхээс олгож өгнө үү.
Мөн Э.Б- ийн 2 үйлдэлд хорих ял оногдуулахгүй байх хууль зүйн боломжтой. Шүүх торгох ял оногдуулах боломжгүй талаар тайлбарлахдаа “торгох ялыг төлөх боломжтой эсэх нь баримтаар нотлогдохгүй байна” гэж тайлбарласан. Хууль зүйн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ямар үндэслэлээр ял шийтгэл оногдуулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгах ёстой байсан ч тусгаагүй. Торгох ялын хувьд төлбөрийн чадвартай эсэх, үүнийгээ нотолсон эсэхээс хамаарч шүүх хэрэглэх боломжтой. Торгуулийн ялыг төлөхгүй бол хорих ялаар солих зохицуулалт байхад, энэ зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймд шүүгдэгч Э.Б- , өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан гомдлуудыг миний дурдсан тайлбар, үндэслэлүүдийг үндэслэж, хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар, санал гаргаж байна...” гэв.
Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Б- шүүх хуралдааны явцад гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй. Шүүгдэгч Э.Б- ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт нь хорих ял, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх хэрэгт нь торгуулийн ял оногдуулах санал тавьсан. Хэргийн нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулах санал тавьсан.
Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ял оногдуулах боломжгүй, харин хорих ялын хамгийн доод хэмжээнд заасан хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 6.8 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд хэрэглэх эрх нь нээлттэй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн
нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Э.Б- нь:
2018 оны 7 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчин явахдаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий нийт 32,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан,
2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор уг “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
улмаар худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан нийт 32,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг 2018 оны 7 дугаар сарын 3-наас 4-ний өдрийг хүртэл буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл хугацаанд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Э.Б- ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Бээжин хотод ...би таксины жолоочид байсан 3 боодол мөсийг 18,000 юаниар худалдан аваад ...Эрээн хот руу буцаж ирсэн. Тэгээд хүүхдийн тоглоом дотор 3 хэсэг ууттай мөсөө хийгээд боосон. Тэгээд хүүхдийн тоглоомоо буудал дотор байсан жолоочид монгол руу хил гаргачихаарай, Замын-Үүдээс хүн тосч авна гээд дүү болох Төгөлдөрийн дугаарыг өгсөн. ...ачаа орж ирлээ гэхээр нь ачаагаа аваад Төгөлдөрийн машинд ачиж байхдаа 3 боодол “мөс”-ийг авч, өөрийн өмсөж явсан гутлын түрий рүү хийсэн. ...2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн авто замын хяналтын цэг дээр цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 157-158/,
БНХАУ-ын Эрээн, Монгол Улсын Замын-үүд сумын хооронд хүн болон ачааг тээвэрлэх ажлыг хувиараа эрхэлдэг, 2018 оны 7 дугаар сарын 3-ний өдөр хүүхдийн гулсуур 150 юанийн хөлсөөр тээвэрлэж Монгол Улсын Замын-Үүд суманд уг ачааг хүлээлгэн өгсөн гэж мэдүүлсэн гэрч Ч.Эрхэмбаатарын мэдүүлэг /1 хх 94-95/,
БНХАУ-ын Эрээнээс зорчигч авч, Монгол Улсын хилээр 2018 оны 7 дугаар сарын 3-ний өдөр орж ирсэн. Тэгэхэд танил жолооч Ч.Эрхэмбаатар хүүхдийн гулсуурны зарим хэсгийг өөрийнх нь машинд багтахгүй байна гэж машинд нь тавьж оруулж ирсэн. Монгол Улсын Замын-Үүд суманд нэг хүн ирж уг хүүхдийн гулсуурыг өөрөөс нь авсан болохыг мэдүүлсэн гэрч Б.Гансүхийн мэдүүлэг /хх 96-97/,
Гаалийн улсын байцаагчийн үзлэгийг Монгол Улсын хилээр 2018 оны 7 дугаар сарын 3-ний өдөр орж ирсэн 64-46 УНГ улсын дугаартай автомашинд хийсэн, шалгалтаар хайрцаг сав, баглаа боодолгүй хүүхдийн гулсуурыг тээвэрлэж явсанд хяналт шалгалт хийсэн, шалгалтаар хар тамхи илрээгүй гэж мэдүүлсэн гэрч Б.Базарсадын мэдүүлэг /1 хх 98-99/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “12” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. “13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. “15” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. “14” гэсэн хаягтай шилэн гаанснаас метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 7120 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 104-107/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 12-19/,
хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1 хх 36-37/,
шүүгдэгч Э.Б- ийн гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 38-39/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Э.Б- ийн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий нийт 32,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлүүдийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Э.Б- , түүний өмгөөлөгч нар “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б- хорих ялыг сонгон хэрэглэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Гэхдээ анхан шатны шүүх Э.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүйгээс гадна Э.Б- ийн уг бодисыг өөрөө хэрэглэснээс гадна, Замын Үүд сумаас тосож авсан Б.Төгөлдөр, Л.Мэнгхэбаянэр нарт хэрэглүүлсэн, 32,7 граммын хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор БНХАУ-аас худалдан авсан зэрэг гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэм бурууд тохироогүй байна гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх ...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно...” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс Э.Б- ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг 3 жил хорих ял болгон хүндрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Б- оногдуулсан ялыг хүндрүүлж шийдвэрлэсэн тул ял хөнгөрүүлсэн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол улсын иргэн ...гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн зарчмыг Э.Б- ийн БНХАУ-д үйлдсэн “...2018 оны 7 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий нийт 32,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан...” гэмт хэрэгт баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт баримтлах хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1519 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Энхбатын Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоосугай...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Э.Б- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Энхбатын Баянмөнхийн нийт эдлэх ялыг 5 жил /таван жил/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б- , түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ