Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0158

 

Л.О-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Л.О-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай захирамжийн хавсралтын 2-т заасан Б.Д-ийн 1025 м газраас тодорхой хэмжээний газрыг, Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр захирамжийн 80-т заасан Б.Д-ийн 1025 м эзэмшлийн газраас тодорхой хэмжээний газрыг хүчингүй болгуулж, хуульд заасан I хэмжээнд эзэмшүүлэх, өмчлүүлэхийг Сумын Засаг даргад даалгах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...сумын Засаг даргын 2009 оны 79 дүгээр захирамжаар Б.Д-д тухайн газрыг эзэмшүүлж, 2010 оны 05 дугаар захирамжаар өмчлүүлсэн. Нэхэмжлэгчийг Ардчилсан намаас байшинг худалдаж авахад газрыг өмчлүүлээгүй байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Б.Д-ийн нэрээр бүртгэгдсэн. Тухайн үед гуравдагч этгээд маргаан бүхий газарт амьдарч байсан тул газрыг өмчлүүлсэн.” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Я.Г-оос уг газарт байрлах 3 байшингийн 2-ыг нь хашааны хамт худалдаж авсан. Үлдсэн байшинг Л.О зөөж барих зорилгоор худалдан авсан. 2009 онд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Засаг даргын 2009 оны 79 дүгээр захирамжаар газар эзэмшиж, 2010 оны 05 дугаар захирамжаар өмчлөн авсан. Энэ захирамж нь хэн нэгний эрхийг зөрчөөгүй, хуулийн үндэслэлтэй гарсан." гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1- д заасныг баримтлан Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр захирамжийн хавсралтын 80-д заасан Б.Д-д эзэмшүүлэх хэсэгт хуульд заасан 0,07 га буюу 700 м2 газрыг гэж мөн сумын Засаг даргын 2010 оны 01 сарын 28-ны өдрийн 05 [тоот захирамжийн хавсралтын 2-т заасан Б.Д-д газар өмчлүүлэх тухай хэсэгт заасныг 700 м2 гэж өөрчлөлт оруулахыг Хангай сумын Засаг даргад даалгаж,

  1. Иргэн Д.Д-ийн эзэмшлийн болон өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээнд шүүхийн шийдвэрийн дагуу Хангай сумын Засаг даргын захирамжийг үндэслэн нэмэлт өөрчлөлт хийхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үүрэг болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “1.Шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үг болон тайлбарт итгэж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн явдал болсон. Тухайлбал нэхэмжлэгч Л.О нь 2013.12.24-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 1 -р шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ Д намайг хөгшин настай улсыг хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулан банкны зээл авах нэрээр халхавчилж, газрыг минь хууль бусаар авсан мэтээр дурдсан байдаг. Гэтэл Б.Д нь 2014.01.24-ны өдөр гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтээ өөрөө бичгээр гаргахад шүүгч Ц.Б нь "чи яагаад хөгшин настай хүмүүсийг хуурч, газрыг нь авчихсан юм" гэх мэтээр хэлж байсан юм. Шүүгч аливаа хэргийг шийдвэрлэхдээ хараат бус, хөндлөнгийн байр суурьтайгаар шүүх хуралдааныг даргалж, ямар ч тохиолдолд шүүхээс гарах шийдвэр нь ёс зүйн болоод хууль зүйн агуулгаараа хэнд ч урьдчилан таамаглагдахааргүй, мэдэгдэхээргүй байх ёстой атал иргэн Б.Д-г илт буруутгаж харьцсан байна. Мөн 2014 оны 2 дугаар сард Архангай аймгийн Хангай суманд нотлох баримтад үзлэг хийх зорилгоор явсан бөгөөд тус сумын засаг даргын өрөөнд байхад нь Б гэгч хүн ирж хэргийн талаар ярилцсан байдаг. Буянтогтох бол уг хэргийн нэхэмжлэгч Л.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж нартай садан төрлийн холбоотой, хэрэгт хамааралгүй, уг хэрэгт хувийн сонирхолтой этгээд юм. Мөн Б нь хариуцагч болох Хангай сумын засаг даргыг шахаж газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болго гэж дайрч байсан удаатай. 2.Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-дэх хэсгийн заалтыг буруу хэрэглэж Б.Д-д газар өмчлүүлсэн захирамжид өөрчлөлт оруулсан. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 -д /Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 00,7 га-гаас илүүгүй байна./ Гэтэл гуравдагч этгээд Б.Д нь уг хашаагаа 1025 мкв газрын хамт 2003 онд хүнээс худалдаж авсан байхад иргэнд шинээр газар эзэмшүүлэхэд баримтлах хуулийн заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д /Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ сумын төв, тосгонд 0,5 га/ гэж заасан байдаг. Б.Д-ийн өмчилсөн газрын хэмжээ нь хууль зөрчөөгүй байхад Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохицуулсан хуулийг хэрэглэж гуравдагч этгээд Д-ийн өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

  1. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, Д нь бусдыг хууран мэхэлж газрыг нь өмчилж авсан талаар хангалттай нотлох баримт авагдаагүй байхад үүнийг нотлогдсон (( гэж шийдвэр гаргасан нь нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй, хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт нотлох үүргийг шүүх өөрөө биелүүлээгүй гэж үзэж байна. Иймээс захиргааны хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 03 сарын 14-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр захирамжаар тус сумын Ноёнхангай багийн Түмэнсант хорооллын 1-18 тоотод байрлалтай, 6525000352 нэгж талбарын дугаар бүхий 1025 м.кв газрыг Б.Д-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, улмаар 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжаар тухайн хэмжээгээр өмчлүүлсэн. Энэ нь иргэн Л.О-гийн 2009 оноос хойш амьдарч байсан газартай нь давхардсанаар ‘‘Б.Д-д эзэмшүүлж, өмчлүүлсэн газрын зарим хэсгийг хүчингүй болгуулж, хуульд заасан хэмжээний газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг даалгах” агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ уг газарт орших байшинг 2009 онд сумын Ардчилсан намаас худалдан авч, түүнээс хойш амьдарч байхад газрыг зөвхөн

Б.Д-д эзэмшүүлж, өмчлүүлсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн Б.Д нь газар өмчлүүлэх тухай хүсэлт гаргахдаа түүний нөхөр Ч.Т-ыг хууран мэхэлж зөвшөөрөл авсан гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд маргаан бүхий газрыг Б.Д-д эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэрийг гаргах үед тухайн газар дээр Ч.Т, Л.О нарын үл хөдлөх эд хөрөнгө буюу 35 м.кв талбай бүхий хувийн орон сууц оршиж, тэдгээр иргэд амьдарч байсныг хариуцагч тодорхой мэдэж байсан нь тогтоогдож байна. Ийн атал хариуцагч Б.Д-д газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх захирамжуудыг гаргахдаа хуульд заасан баримтуудыг бүрдүүлж, холбогдох судалгааг хийлгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх/ дахь заалтыг зөрчжээ.

Түүнчлэн 2010 оны 05 дугаар захирамж буюу газар өмчлүүлэх шийдвэр гаргах үндэслэл болсон 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр захирамжийг гаргахдаа Хангай сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1/Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна./-д/ заасан хэмжээг хэтрүүлэн 1025 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Тиймээс Б.Д-д 1025 м.кв газрыг эзэмших эрх Газрын тухай хуульд заасны дагуу үүсээгүй тохиолдолд түүнд тухайн хэмжээгээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч албан тушаалтны 2010 оны 05 дугаар захирамж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3, 21 дүгээр зүйлийг зөрчжээ.

Архангай аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас Ч.Тогтохбаяр, Л.О нарт 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай баг, Түмэнсант хороолол, 1 дүгээр гудамж, 18 тоот хаягт байршилтай 35 м.кв хувийн сууцны байшин буюу үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болжээ.

Нэгэнт газар, түүнээс салгавал зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баталгаажуулсан тохиолдолд өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож байшингийн суурийн болон түүний орчны газрыг Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгсөн хэдий ч Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр захирамжийн 80, 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай захирамжийн хавсралтын 2-т тус тус заасан Б.Д-д эзэмшүүлж, эмчлүүлсэн газрын хэмжээг 700 м.кв гэж өөрчлөхийг даалгасан агуулгатай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн сэргээж чадаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар нөхцөл байдлыг цаашид тодруулан Л.О, Б.Д нарын үл хөдлөх эд хөрөнгүүд оршиж буй газрын хэмжээг бодит байдал дээр нь хэмжин тогтоосны эцэст Б.Д-д хууль заасан хэмжээгээр газрыг эзэмшүүлж, өмчлүүлэн, үлдэх газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, өмчлүүлэх агуулгатай актыг дахин гаргахыг хариуцагчид даалгаж, үүнтэй холбогдуулан уг шийдвэрийг гаргах хүртэл Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 79, 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжуудын Б.Д-д холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан агуулгаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх хэрэгт хариуцагчаар татагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэсэгт үүрэг болгосон шийдвэрийг гаргасан нь бурууг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 79, 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжуудын Б.Д-д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрт хамаарах газрын хэмжээг нягтлан шалгаж, хэмжиж тогтоосны үндсэн дээр Б.Д-д хуульд заасан хэмжээгээр, Л.Од үлдэх хэсгийг нь эзэмшүүлж, өмчлүүлэх захирамжийг шинээр гаргахыг хариуцагч Архангай аймгийн Хангай сумын Засаг даргад даалгасугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ц.цогт

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Д.БАТБААТАР