Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 77

 


ШИЙТГЭХТОГТООЛ
                          
2016.7.18                            77

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0085/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг  даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга:            А.Цэрэндулам,
Улсын яллагч:                    Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Д.Оюунцэцэг, 
Шүүгдэгч:                    Т.Мөнхзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Мөнхзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201623000101 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн  биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1966 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн,  26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын аварга багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 1231-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2002 оны 11 сарын 11-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  155-р зүйлийн 155.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2011 оны 09 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  126 дугаар 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон овогт Түвдэнгийн Мөнхзориг /РД:СЛ66081817/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Мөнхзориг нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Ж.Батсайханы байшингийн баруун цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хурган дотортой дээл 2 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, эмэгтэй хүний буриад гутал 1 хосыг хулгайлж 4050000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Мөнхзориг нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Ж.Батсайханы байшингийн баруун цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хурган дотортой дээл 2 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, эмэгтэй хүний буриад гутал 1 хосыг хулгайлж 4050000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
       
           Хохирогч Ж.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: Манай гэрээс хурган дотортой 4 ширхэг дээл, мөн байшинд байсан эмэгтэй хүний буриад гутал алга болсон байсан. Харин одоо хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор гомдолгүй гэсэн мэдүүлэг /хх- 18-19 х/
           Хохирогч Г.Цэцгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 10 кг ноолуур өгсөн хүнээсээ 556000 төгрөг юм уу эсвэл 10 кг ноолуураа нэхэмжилсэн. Шүүгдэгч Мөнхзориг нь надад 2016 оны 6 сарын 20-ны өдөр миний хохирлын мөнгө болох 556000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан шилжүүлсэн тул одоо надад гомдолтой зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлэг. /хх- 21 х/
Иргэний хариуцагч Б.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай ах Мөнхзориг эхнэр хүүхэдтэй болж байгаад баяр хүргэе гээд 2 ширхэг хурган дотортой дээл өгсөн. Би түүнийг нь 10 кг ноолуураар өгсөн. Надад хэлэхдээ өөрийнхөө юмыг өгч байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх- 106х/
Гэрч Г.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 сарын 10-ны өдөр  хотод байж байхад манай дүү Нарангоо утсаар Дэлгэрхаан сумын төвд байдаг танай байшингийн цонх хагарсан байна гэж хэлэхээр нь би нөхөр Басайхан руу яриад хэлсэн. Тэгээд байшингаас дөрвөн хурган дээл, эмэгтэй хүний буриад гутал алга болсон байсан. /хх -23 х/
Гэрч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 04 сарын 10-ны өдөр 7 цагийн орчим босоод бие засах гээд гэрээсээ гартал хажуу талын байшингийн цонх хагарсан байсан. Урд орой нь зүгээр байсан. Батзоригийн байшингаас дөрвөн  хурган дээл, буриад гутал алдагдсан байсан...гэсэн мэдүүлэг /хх- 24х/
Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Хүрлээ ахын гэрээр ороход Зоригоо гэх хүн байсан. Тэгээд бид нар хоол хийж идээд байж байхад Хүрлээ ахад хурган дотортой 2 ширхэг эрэгтэй эмэгтэй дээл бэлэглэсэн...гэсэн мэдүүлэг /хх- 26 х/
Гэрч А.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Мөнхзоригт ахад хоол хийж өгөөд байж байтал нөхөрт маань цагаан саарал өнгийн 2 ширхэг хурган дээлийг дүүдээ бэлгэнд өгьё гэж хэлээд өгсөн. ...Баянжаргалан сумаас зүүн тийш явж байгаад танихгүй айлд орж хурган дотортой дээл авах уу гэсэн чинь авья гээд тэр айлын хөгшинд 10 кг ноолуураар 2 хурган дотортой дээлийг өгсөн гэсэн мэдүүлэг. /хх- 30 х/
Шүүгдэгч  Т.Мөнхзоригийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Батсайханы байшингийн дээр очиход цоожтой байсан. Тэгээд улаан өнгийн тоосго аваад цохиж хагалаад дотогшоо ороод харанхуй байсан болохоор асаагуурны гэрэл асаагаад 2 хаалгатай модон шүүгээ байхаар нь 4 ширхэг хурган дээл мөн гутал байхаар нь хулгайлсан. Би бүх хохирлоо төлсөн. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг. /хх 54х/
Эд зүйлийн үнэлгээ /хх- 99 х/
Эд зүйлс хураан авсан тэмдэглэл болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 111 
х/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Мөнхзоригийн бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд зүйлүүдийг нь хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, 
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Батсайханд 4050000 төгрөгийн, хохирогч Г.Цэцгээд 556000 төгрөгийн шууд бус хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Мөнхзоригийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нарын гомдол, саналгүй гэсэн байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Түвдэнгийн Мөнхзоригийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхзоригийн  эд хөрөнгийг хураахгүйгээр 04 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь  хэсэгт зааснаар ялтан Т.Мөнхзоригийн цагдан хоригдсон 94 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
    4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Мөнхзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Д.ГАНЗОРИГ