Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2017/00105

 

Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаар шийдвэртэй, Ж-гийн нэхэмжлэлтэй, Б аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б аймгийн Ө сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ж тус аймгийн Ө суманд оршин суудаг. Ам бүл 4. Миний бие улсад нийтдээ 19 жил ажилласан ахмад багш нарын нэг бөгөөд 2016 оны 5 дугаар  сард үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үр дүнгээр Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Миний бие ажиллах хугацаандаа ажлын үр бүтээлээр шат дарааллаар туслах багшаас эхлэн дэвшин ажиллаж өдий зэрэгт хүрсэн тэргүүлэх зэрэгтэй багш юм. Энэ бүгдийг миний урьд урьдын ажиллаж байсан цэцэрлэгүүдийн хамт олон сайн мэдэж байгаа. 

Миний ажиллаж байсан хугацаанд тус цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил жигд сайжирч жил бүрийн хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байсан. Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон засаг дарга буюу шинэ Засаг дарга болон Боловсролын газрын дарга нар намайг өөрийн хүсэлтээр ажлаа өг гэж хэлдэг байсан. Үүний учрыг асуухад "бид чамтай ажиллаж чадахгүй. Бид өөрсдийн багаа бүрдүүлж байгаа болно" гэж хэлдэг. Надад гаргасан алдаа дутагдал байхгүй учир "өгөхгүй" гэж хэлж байсан. Ингээд л бүх юм эхэлсэн. 

Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга надад 2 хүнийг ажилд авахыг үүрэг болгосон тухай албан бичиг ирүүлсэн. Миний бие аргагүй байдалд орж Засаг даргын үүрэг болгосны дагуу тэдгээр хүмүүсийг ажилд авсан. Гэтэл дараа нь аймгийн Боловсрол, урлагийн газрын дарга З нь надад нэмж хүн авч ажиллуулах тухай хууль бус шаардлага тавьж эхэлсэн. Миний бие татгалзахад аймгийн Боловсрол, урлагийн газрын дарга З нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр С гэдэг хүнийг манай цэцэрлэгт ажиллуулах тухай 60 дугаар тушаал гаргаж байсан. Өөрөөр хэлбэл Боловсрол, урлагийн газар эрх мэдлээ хэтрүүлж буюу миний хуульд заасан эрх мэдэлд халдаж миний ажиллаж байсан цэцэрлэгийн боловсон хүчний буюу дотоод асуудалд оролцож эхэлсэн. Миний бие ажилгүй болохоос эмээсэн тул дуугүй яваад байсан. Гэтэл асуудал үүгээр дуусаагүй. Дахиад хүн нэмж авахыг шаардсан. Энэ удаа миний бие зүй ёсоор тэмцэж хууль бус шаардлагыг биелүүлэхийг татгалзаж эхэлсэн. Ингэснээр Боловсрол, урлагийн газрын дарга намайг дарамталж эхэлсэн. Гэлээ ч гэсэн би тэвчиж байсан. 

Шинэ он гараад Боловсрол урлагийн газрын дарга миний үр дүнгийн гэрээг нэр төдий дүгнэсэн болоод үндэслэлгүйгээр 50 гэсэн оноо өгсөн. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөөгүй ба энэ талаар холбогдох газруудад хандаж явж байгаа. Засаг дарга миний хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар боогдуулсан. Тухайлбал, захирамжийн үндэслэлдээ намайг удирдах дээд газраас тавьсан шаардлагуудыг удаа дараа хугацаандаа биелүүлээгүй гэжээ. Гэтэл бодит байдал дээр миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн. Үүнд түүний /хариуцагч/ хууль бусаар 2 хүнийг ажилд авах тухай үүргийг биелүүлсэн тухай асуудал багтаж байгаа болно. Гэхдээ сүүлдээ хууль бус шаардлагуудыг биелүүлэхээс татгалзсан нь үнэн. Үүнийг дээр дэлгэрэнгүй тайлбарласан болно. Нөхөр маань эрхэлсэн тодорхой ажилгүй тахир дутуугийн тэтгэмж авдаг. 2 хүүхдийн том нь оюутан, бага нь энэ хавар бүрэн дунд сургуулиа төгсөх гэж байгаа. 

2016 оны зун болсон байгалийн гамшиг /үер усны/-аас болж ихээхэн хэмжээний материаллаг хохирол амссан. Одоо ажилгүй болсон надад цаашид амьдрахад үнэхээрийн хэцүү байна. Ялангуяа над шиг хүнд ажил олдох бараг боломжгүй юм. Улсад 19 гаруй жил ажиллахдаа үр бүтээлтэй ажлуудыг зөндөө хийж байсан. Тухайлбал өөрийн мэргэжлийн ур чадварын тэмцээнээс аймгийн хэмжээнд 1 дүгээр байр эзэлж улсад зохиогдсон тэмцээнээс тусгай байр эзэлж байлаа. 

Энэ бүхнийг шинээр томилогдсон Боловсрол, урлагийн газрын дарга З сайн мэдэж байгаа. Шаардлагатай бол дараа нь эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгөх болно. Эцэст нь дүгнэж хэлэхэд миний бие улс төрөөс болж буюу хэдхэн хүний үзэмжээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа. 

 

Иймд Б аймгийн Засаг даргын 2017 оны  3 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 тоот захирамжийг хүчингүй болгож, Б аймгийн Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Тус аймгийн Ө сумын иргэн Ж-гийн нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Ж нь нэхэмжлэлдээ миний бие Ө сумын ** дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байхад аймгийн Засаг дарга намайг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б/115 дугаар захирамжаар үндэслэлгүй ажлаас минь халсан гэсэн байна. Ж-гийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж байсан. 

Мөн 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн удирдах дээд байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа хугацаанд нь биелүүлээгүй. Ж-гийн ажиллаж байсан ** дугаар цэцэрлэгийн гал тогоонд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд гал тогоонд байгаа махнаас хулганын баас гарч бохирдсон махыг хүнсний зүйлд хэрэглэж байсан нь тогтоогдож торгуулийн арга хэмжээ авсан. 

Мөн ** дугаар цэцэрлэгийн хамт олноос Ж нь ёс зүйн зөрчилтэй, хамт олны дотор хагарал үүсгэж ажилтан, албан хаагч нараа ялгаварлан гадуурхдаг гэсэн гомдол, мэдээлэл ирсний дагуу Ж-г Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгүүдийг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан болно. Ж нь ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж мэргэжлийн дагуу өөр ажилд томилж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан ба уг санал хүсэлтийг нь харгалзан үзэж, Ө сумын 3 дугаар цэцэрлэгт багшаар томилуулан ажиллаж байгаа тул Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр: 

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай Ж-ийг ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгож, Ж-ийг Б аймгийн Ө сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. ” гэж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

 

Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж байсан. Ж нь 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн удирдах дээд байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа хугацаанд нь биелүүлээгүй. 

 

Ж-гийн ажиллаж байсан ** дугаар цэцэрлэгийн гал тогоонд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд гал тогоонд байгаа махнаас хулганын  баас гарч бохирдсон махыг хүнсний зүйлд хэрэглэж байсан нь тогтоогдож торгуулийн арга хэмжээ авч байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын торгуулийн хуудас, тэмдэглэлээр бүрэн нотлогдож байна.

 Мөн ** дугаар цэцэрлэгийн хамт олноос Ж нь ёс зүйн зөрчилтэй, хамт олны дотор хагарал үүсгэж ажилтан албан хаагч нараа ялгаварлан гадуурхдаг гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу Ж-ийг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгүүдийг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан болно. Ж нь албан хаагч нартай зүй бусаар харьцаж, ёс зүйн зөрчил гаргаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан ** дугаар цэцэрлэгийн ажилтнуудаас ирсэн гомдлоор нотлогдож байна. 

 

Ж нь ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж мэргэжлийн дагуу өөр ажилд томилж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан ба уг санал хүсэлтийг нь харгалзан үзэж Ө сумын 3 дугаар цэцэрлэгт багшаар томилуулан ажиллаж байгаа ба уг хүсэлт нь мөн адил хавтаст хэрэгт авагдсан болно. Тухайн үед арга зүйчийн орон тоо байгаагүй тул 3 дугаар цэцэрлэгт багшаар томилуулан ажиллуулсан ба одоо Ө сумын 16 дугаар цэцэрлэгт арга зүйчийн орон тоонд томилох бүрэн боломжтой тул Ж-гийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчид эгүулэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

 

Баян-Өлгий аймаг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ. 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж нь Б аймгийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай “Ж-ийг ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын хүүхдийн ** дугаар  цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгоч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн Ө сумын хүүхдийн ** дугаар  цэцэрлэгийн эрхлэгч Ж нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдах дээд байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа хугацаанд нь биелүүлээгүй тул хөдөлмөрийн хугацаагүй гэрээг цуцлаж, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгочийн ажилтныг ажлаас чөлөөлсөн захирамж нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч Б аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/115 дугаартай “Ж-ийг ажлаас халах тухай” захирамж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчжээ.

 

Ажил олгоч нэхэмжлэгч Ж-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй ба Хөдөлмөрийн гэрээний 6.3-т “үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 69 хувиас доош биелүүлсэн” бол хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцсон боловч 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, ** дугаар цэцэрлэг Ж нийт оноо 50% буюу F гэж үнэлсэн боловч үр дүнгийн гэрээг яаж үнэлсэн нь тодорхойгүй, уг үнэлгээг Ж-д танилцуулаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “...** дугаар цэцэрлэгийн гал тогоонд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд гал тогоонд байсан махнаас хулганын баас гарч бохирдсон махыг хүнсний зүйлд хэрэглэж байсан нь тогтоогдож торгуулийн арга хэмжээ авагдсан, үүнийг ажлаас халах үндэслэл болгосон” гэж тайлбарлах боловч энэ талаар ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлд тусгаагүй байна.

 

Иймд  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 

Игэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ