Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 542

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн  Наранбулаг сумын  1 дүгээр багийн 5-21 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ66052101, Борлууд овогтой Лхагвын Дуламжавын,  

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Дуламжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Л.Дуламжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1980 онд 7 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Улаан үзүүр бригадад аав ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Улмаар тус бригадад мал хувьчлах хүртэл хонь, ямаа маллаж, амьдарч байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ бичүүлж авч чадаагүй байтал нэгдэл тарсан учраас шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний 1981 оны 6 дугаар сараас 1992 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.     

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Л.Дуламжав нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

      Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан Лхагва овогтой Дуламжавын 1981 оны 6 дугаар сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

             Мөн 1989 онд авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт авагдсан байна.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Дүгэр, Б.Дүгэрсүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Дүгэр: “Миний бие нь 3 дугаар ангиа төгсөөд буюу 1973 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. Л.Дуламжав мөн 4 дүгээр анги төгсөөд аав, ээжийнхээ дэргэд мал маллаж байсан. Бид нэг баг бригадад айл саахалт амьдарч байсан хүмүүс учир нэгнээ сайн мэдэж байна. Л.Дуламжавын аавыг Лхагва, ээжийг нь Соль гэдэг ба Пионер нэгдлийн малчин иргэд байсан. Л.Дуламжав бид хамтдаа л нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг хүртэл мал малласан. Тухайн үед нэгдлийн даргаар н.Цэвээн, н.Доржсүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Б.Дүгэрсүрэн: “Миний бие нь 1973 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчин болон мал маллаж байгаад 3 жилийн хугацаатай цэргийн албанд явж ирээд үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал тус нэгдэлдээ мал малласан. Л.Дуламжавын аав, ээж нь тухайн нэгдэлд мал малладаг малчин хүмүүс байсан. Л.Дуламжав нь 1981 оноос 1992 оныг дуустал хугацаанд Пионер нэгдэлдээ мал малласан. Би аав, ээжийг нь сайн мэддэг байсан учраас Л.Дуламжавын ажиллаж байсан байдлыг мэднэ” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн хуулбар авагджээ.

         Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Дуламжавын 1981 оны 6 дугаар сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Дуламжав нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1626 тоот захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борлууд овогтой Лхагвын Дуламжавын 1981 оны 6 дугаар сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Дуламжав нь  улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА