Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 543

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын  4 дүгээр багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ67051801, Зөөд овогтой, Басандайгийн Оюунгэрэлийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1967 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 50 настай. Би Өмнөговь сумын 8-н жилийн сургуулийг 1983 оны 6 дугаар сард төгсөж, улмаар 1983 оны 7 дугаар сараас эхлэн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар орж, нэгдлийн хонь, ямаа маллаж байгаад 1968 оны 1 дүгээр сараас үргэлжлүүлэн тус нэгдэлд үхэрчин саальчнаар ажиллах болсон. Түүнээс хойш тасралтгүй тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Миний бие анх тус нэгдлийн малчин, Энхсүрэгтэн З.Дэжидийн суурьт илгээлтээр малчин болж улмаар “Цог” нэгдлийг тарах хүртэл буюу 1993 оны 3 дугаар сарыг дуустал тасралтгүй малчнаар ажиллаж байсан бөгөөд одоо ч сумандаа мал маллан амьдарч байна. Тухайн үед Цог нэгдэлд малчнаар ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрүүд байгаа боловч холбогдох тушаал шийдвэрүүд нь олдохгүй байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Миний бие тус нэгдэлд малчнаар ажиллах хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэрэг шагнал авч байсан ба нэгдэлдээ нэр хүндтэй малчин саальчин байсан билээ. Одоо би 50 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн юм. Миний бие нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулиар 1993 оны 4 дугээр сараас 2000 оныг дуустал 7 жил 8 сарын хугацааг нөхөн тооцуулж авсан. Иймд миний 1983 оны 7 дугаар сараас 1993 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.    

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Оюунгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Харин Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1881 тоот лавлагаанд Цог нэгдэл нь 1991-1992 онд, “Цог” ХК нь 1993-1994 онд Увс аймгийн Өмнөговь суманд үйл ажиллагаа явуулж, цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн Б.Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд, 1993 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

       Хэрэгт 1986 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Цог нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба уг дэвтэрт Б.Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг бичсэн, мөн 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр авагдсан ба уг дэвтэрт 1991 оны 1 дүгээр сараас 1993 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд цалин авсан тухай бичилттэй байна.

        Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан ба уг тодорхойлолтод Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн малчин Басандай овогтой Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

          Түүнчлэн 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон 2/17 тоот “Үнэмлэх”-д “Басандай овогтой Оюунгэрэл сумын Энхсүрэгтэн З.Дэжидийн туршлагыг эзэмшихээр шавь орсон тул үнэмлэх олгов” гэж, 1986 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноос олгосон “Хүндэт үнэмлэх”-д “Эх орныхоо социалист байгуулалтын хэрэгт оюун ухаан, хүч чадал, авьяас билгээ зориулж, Хөдөлмөр, сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасныг үнэлж, Басандайн Оюунгэрэл таныг Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны хүндэт үнэмлэхээр сайшаан шагнав” гэж, 1987 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Увс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс олгосон “Дурсгалын мандат”-д “Монголын үйлдвэрчний эвлэлийн XIII дугаар их хурал, тус улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулагдсаны 60 жилийн ой угтсан өндөр бүтээл, гавшгай хөдөлмөрийн уралдаанд өндөр амжилт гаргаж, шалгарсан тул их хурлын нэрэмжит дурсгалын мандат, үнэ бүхий зүйлээр шагнав” гэж, 1987 оны 1 дүгээр сард Монгол ардын хувьсгалт намын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноос олгосон “Хүндэт жуух бичиг”-т “Малын хорогдол гаргахгүй байх, төлийг бүрэн бойжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улсад нийлүүлэх төлөвлөгөөг тоо, чанараар амжилттай биелүүлэхийн төлөө социалист уралдаанд шалгарсан Өмнөговь сумын үхэрчин Б.Оюунгэрэлийн суурийг хүндэт жуух бичгээр шагнав” гэж, 1986-1990 оны VIII таван жилийн гавшгайчийн үнэмлэхэд “Басандай овогтой Оюунгэрэл нь VIII таван жилийн төлөвлөгөөг 4 жил 6 сарын хугацаанд биелүүлж, социалист уралдаанд гарамгай амжилт гаргасан учир Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолоор “VIII таван жилийн гавшгайч” цол тэмдэгээр шагнав” гэж дурдсан баримтууд эх хувиар хэрэгт авагдсан байна.

      Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн А.Сонинхүү, А.Нямсүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх    ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч А.Сонинхүү: “Миний бие нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1984 оноос 1991 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл хугацаанд мал маллаж байсан. Б.Оюунгэрэл нь намайг тус нэгдэлд ажилд ороход нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Бид нэг баг бригадад хамт мал маллаж байсан, үе тэнгийн хүмүүс ба орой, өглөөд саалийн сүүгээ заводад хамтдаа хүргэдэг байсан. Би 1991 онд нэгдэл тарахад хувьдаа мал аваад гарсан. Харин Б.Оюунгэрэл нь Цог нэгдлийг компани болоход үргэлжлүүлэн мал маллаад үлдсэн. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж, гэрч А.Нямсүрэн: “Би 1981 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж байсан. Б.Оюунгэрэл нь 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болж, аав, ээжийн хамтаар мал маллаж байсан. Тухайн үед би Б.Оюунгэрэлийн аав Басандайгаар байнга орж, гардаг байсан ба бид хамтдаа малаа хариулдаг байсан учраас сайн мэдэж байна. Б.Оюунгэрэл нь нэгдэл тараад компани болоход үргэлжлүүлэн компани тарах хүртэл мал маллаж байсан. Тухайн үед Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагджээ.

          Харин Цог нэгдэл нь 1991-1992 онд, “Цог” ХК нь 1993-1994 онд Увс аймгийн Өмнөговь суманд үйл ажиллагаа явуулж, цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан хэмээн Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1881 тоот лавлагаанд дурдагдсан байх тул нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийг 1993 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарыг дуустал хугацаанд “Цог” ХК-нд ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

       Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд, 1993 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зөөд овогтой, Басандайгийн Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд, 1993 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА